Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 507

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, Д.Б-ын нэхэмжлэлтэй, НЗД, УБЕГ-т тус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээд Ц.Э, гуравдагч этгээд Л.Ц-ийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч Д.Б 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ[7]:

Д.Б би 2004 онд аавыгаа нас барсны дараа надад үлдээсэн гэрээслэлийг нээлгэсэн. Нэгэнт гэрээслэлийг нээлгэсэн учир намайг өвөөс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Миний бие гэрээслэлийг нээлгэсэний дараа өвлөх эрхийн гэрчилгээ авах гэтэл гэрээслэл дээр нэрийг нь Б гэж бичсэн гээд гэрээслэл бичсэн нотариат нь өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохгүй байсаар 2018 он гарсан. Энэ тухай баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан байгаа.

Би эхлээд иргэн Л.Ц-д хандан За би аавынхаа гэрээслэн үлдээсэн хөрөнгө болох хашаа байшинг авна шүү гэж хэлэхэд өө тэгэлгүй яах вэ бид амьдарч л байна, шаардлагатай үед суллаж өгнө гэдэг байсан.

Ийм учир итгэж 2006, 2013, 2014 онуудад газрын кадастрын бүртгэл хэний нэр дээр байгаа тухай лавлагаа авахад дандаа Д.Д гэсэн нэрээр гарч байсан учир миний эрх ашиг хөндөгдөөгүй байна, тэгж байгаад өөрийнхөө нэр дээр болгоно гэж бодсоор 2015 он гарсан.

2015 онд Л.Ц-д хандан хашаа байшинг суллаж өгөхийг шаардахад Одоо тэр өнгөрсөн, газар хашаа байшин миний болон хүүхдүүдийн нэр дээр бүртгэгдсэн чамд өгөх юм байхгүй гэсэн тул арга буюу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Энэ нэхэмжлэл гаргасан нь эрхээ хамгаалахгүй бол болохгүй юм байна гэж мэдсэн үеэс эхлэлтэй юм. Хэрвээ Л.Ц урьдын адил суллаж өгнө гэсэн бол би шүүхэд нэхэмжлэл гаргахгүй хүлээх байсан. Энэ үед газрын кадастрын бүртгэл миний аавын нэр дээр л байсан болно.

Би Иргэний хэргийн шүүх ажиллагааны явцад Л.Ц нь бүртгэлийн байгууллагад хэрхэн хуурамч баримт бүрдүүлэн бүртгэл хийлгэсэнг олж мэдсэн. Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн байдаг тул би эхлээд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, улмаар бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар эрх бүхий байгууллагад хандах нь хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Эрхийн улсын бүртгэлийн газар нь миний аавын надад гэрээслэн үлдээсэн өвлийн сууцны зориулалттай 32 м.кв байшинг иргэн Л.Ц-ийн хууль зөрчиж бүрдүүлсэн материалыг үндэслэн Л.Ц болон түүний үр хүүхдүүдийн нэр дээр миний аавыг нас барснаас хойш 3 сарын дараа 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр *******... бүртгэсэн байдаг. Ингэхдээ нас барсан хүний жолооны үнэмлэхний хуулбарыг нь ашигласан байдаг. Хэрвээ миний аавын гэрээслэлд заасны дагуу хашаан дотор байсан жижиг байшинг өмчлөн авсан бол би маргахгүй билээ.

Иргэн Л.Ц нь миний аавын гарын үсгийг дуурайлган зурж, насанд хүрсэн хүүхдүүдээ миний аавын нэрээр овоглон хуурамч баримт бүрдүүлэн, аавыг маань нас барахаас өмнөхөн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 295 м.кв талбайтай газрыг өмчлүүлэх шийдвэр гаргуулсан байсан. Мөн ямар ч бичиг баримтгүйгээр 2006 онд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан баримтыг Иргэний хэргийн шүүх ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтаас олж мэдсэн.

Хэдийгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *******... дугаартайгаар иргэн Л.Ц нарын нэр дээр гарсан боловч газрын кадастрын бүртгэл 2014 оныг дуустал аав Д.Д-ийн нэр дээр байсан нь бүртгэл хуурамч болохыг мөн батлах юм.

Би Иргэний хэргийн шүүх ажиллагааны явцад дээрх бүртгэлүүдийн талаар анх мэдсэн учир хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамж ..*тоотод байрлалтай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хашааны газрыг Л.Ц болон түүний хүүхдүүдэд өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хэрэгт авагдсан материалаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү.

Нотариат надад өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгохгүй байсан нь үүний үндэслэл болох юм. гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ[8]:

Нийслэлийн Засаг даргын болон Улсын бүртгэлийн газрын шийдвэр, бүртгэл хууль бус тул хүчингүйд тооцуулж, газар өмчлөх болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхийг даалгах тухай шийдвэр гаргах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна.

Д.Б би миний нэхэмжлэлтэй хэрэгт цугларсан нотлох баримттай танилцсаны үндсэн дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбарлаж байна.

2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр надад хурлын тов мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамж ..* тоот хашааны газрын өмчлөх /эзэмших/ шийдвэр гаргасантай холбоотой баримт хэрэгт хавсаргагдаагүй байна.

Улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийн үнэн зөвийг хувь хүн хариуцна гэдгээр хууль бус ажиллагаагаа хаацайлж байна.

Эрхийн улсын бүртгэлийн газар нь миний аавын надад гэрээслэн үлдээсэн өвлийн сууцны зориулалттай хашаа, байшин, газрыг иргэн Л.Ц-ийн хууль зөрчиж бүрдүүлсэн материалыг үндэслэн Л.Ц болон түүний үр хүүхдүүдийн нэр дээр бүртгэсэн байдаг тул Эрхийн улсын бүртгэл хууль бус байна. Тухайлбал:

1. 2006 оны 8 дугаар сард иргэн Л.Ц нь хүүхдүүдээ миний аав Д.Д-оор овоглон мэдүүлэг гаргасан ба хамгийн доод хэсэгт аав Д.Д-ийн нэрийг дууриалган амьд сэрүүн байгаа хүн өөрөө бичсэн мэт болгож харуулсан байна.

2. Гэтэл мэдүүлэг гаргасан хүмүүсийн овог нэр, мэдүүлэг гаргасан хүмүүсийн иргэний бичиг баримтын хуулбарт хүмүүсийн овог нэртэй зөрж байхад бүртгэл хийж өгсөн нь хууль бус юм.

3. Газар өмчлөлийн гэрчилгээний ард талд хамтран өмчлөгч нарын нэр бичигдсэн байх ба мөн л Монгол Улсад бүртгэлгүй овог нэртэй этгээдүүдэд газар өмчлөх эрх олгосон талаар улсын бүртгэл хийсэн нь хууль бус юм.

4. Бүртгэлийн байгууллага миний аавын надад гэрээслэн өгсөн газар үл хөдлөх хөрөнгийг Ц болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэхдээ эдгээр хүмүүс иргэн Д.Д-той ямар хамааралтай нь нотлох баримтаар тогтоогдож байгааг шалгаагүй бүртгэл хийсэн тул хууль бус байна.

5. Бүртгэлийн байгууллага нас барсан иргэний өв нээгдэх хугацаа болоогүй байхад үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших, өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь ч мөн тогтоогдсон.

Иргэн Ц нь миний аавын гарын үсгийг дууриалган зурж надад өвлүүлэн эзэмшүүлэхээр гэрээсэлсэн газрыг анх худалдан авахад хөрөнгө оруулсан мэт баримт үйлдсэн нь шүүхийн шинжилгээгээр тогтоогдсон билээ. гэжээ.

Хоёр. Хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

2.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн З.М 2019 оны 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа[9]:

Иргэн Д.Б-ыннийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Л.Ц, Д.Эб, Д.Э, Э.Х, Э.Б нарт өмчлүүлсэн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дараг 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 20 жилийн хугацаатай амины хашааны зориулалтаар 300 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Д-д 010402099 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож улмаар Д.Дийн хүсэлтээр 2003 онд Нийслэлийн Засаг даргын 344 тоот захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу газар өмчлүүлэх тухай шийдвэр гарч хамтран өмчлөгчөөр Л.Ц, Д.Эб, Д.Э, Э.Х, Э.Б нарыг бүртгүүлсэн байна.

Дээрх маргаан бүхий эрхийн акт нь нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, мөн Л.Ц түүний хүүхдэд өмчлүүлсэн шийдвэр нь Д.Д-ийн өөрийн хүсэлтээр байсан, холбогдох хууль дүрмийн дагуу гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа[10]:

Иргэн Д.Б-ын Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Газрын хувьд,

Иргэн Л.Ц /*********/ нь анх 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамжны ..* тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг нотлох баримтыг гаргасан байх бөгөөд мэдүүлэгт өргөдөл, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Д.Д-ийн нас барсаны гэрчилгээний хуулбар, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжаар олгосон шийдвэр, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарыг улсын хянан баталгааны дүгнэлт, газрын кадастрын зураг зэргийг үндэслэн иргэн Д.Д, Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын 6 иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *******... дугаарт бүртгэн өмчлөх эрхийн *******.. тоот гэрчилгээ олгосон байна.

2006 оны 05 дугаар сарын 5-ны өдөр 197 дугаартай нотариатын гэрчилсэн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын 5 иргэний өмчлөлд бүртгэн өмчлөх эрхийн *******... дугаартай, мөн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2006 оны 6/33 тоот, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2007 оны 8 тоот тогтоолыг үндэслэн 15 дугаар хороог 17 дугаар хороо болгон албан ёсны хаяг нь Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамжны ..* тоот болон өөрчилж өмчлөх эрхийн *******... тоот гэрчилгээг тус тус олгосон байна.

Хувийн сууцны хувьд:

Иргэн Л.Ц /*********/ нь анх 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамжны ..* тоот хувийн сууцаа бүртгүүлэхээр мэдүүлэг нотлох баримтыг гаргасан байх бөгөөд мэдүүлэгт өргөдөл, хамтран өмчлөгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, Д.Д-ийн нас барсаны гэрчилгээний хуулбар, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжаар олгосон шийдвэрийн хуулбар, эд хөрөнгийн план болон фото зураг гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газрын кадастрын зургийг үндэслэн иргэн Д.Д, Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын 6 иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн *******... дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000130... тоот гэрчилгээ олгосон байна.

2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өмчлөх эрхийн 000130... тоот гэрчилгээг гээгдүүлж үрэгдүүлсэн талаар мэдүүлэг, өргөдөл, гэрчилгээ хүчингүйд тооцсон сонингийн зар зэрэг нотлох баримтыг хавсарган өгснийг үндэслэл болгон Улсын ерөнхий бүртгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/296 тоот тушаалаар дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож шинээр *******... тоот гэрчилгээг олгосон байна. Өнөөдрийн байдлаар хаягт өөрчлөлт ороогүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлага хангасан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаах үндэслэлгүй байсан тул эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль, дүрэм, журам зөрчөөгүй байна. Иймд иргэн Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өнгө үү.

Дээрх хувийн хэрэг нотлох баримтанд гэрээслэл болон барьцаат зээлийн гэрээ бүртгэгдээгүй байна.

Гуравдагч этгээдээр иргэн Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарыг оролцуулж өнгө үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга[11]

3.1. Гуравдагч этгээд Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Бичсэн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэр бүлийн хэрэгцээний газрыг бүх айлд өгөхөд авсан. 23 жил энд амьдарч, бүхий л хүч хөдөлмөрөө зориулж ирсэн. Миний хоёр хүү энд төрж өссөн ба би гэр бүлийн хүнтэйгээ гал голомтоо асаасан. Энд миний 70 настай ээж, манай эгч, хоёр хүүхэд бүгд 3 айл амьдарч байгаа. Энэ хашаа байшин бидний хүч хөдөлмөрөөр боссон болно. Бид хэзээ ч өгч чадахгүй, үнэн гэж байдаг бол энэ үнэн гэжээ.

3.2. Гуравдагч этгээд Л.Ц шүүхэд гаргасан тайлбартаа[12]: Иргэн Д.Б-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Монгол Улсын иргэн улсад 34 жил ажиллан 1995 он амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ирсэн. Хүүхдүүд сургуульд суралцсан, Д.Д гуайтай 1995 онд гэр бүл болсон. Ингээд 1996 онд Д*******д харилцан ярилцаад хашаа 4х5 жижиг байшин 1 амбаарыг 1 сая төгрөгөөр авсан. Би 450.000 төгрөг өгсөн өөрөө бусдыг гаргасан. 450.000 төгрөгийг нутгийн ах н.Ж-ээс авч өгсөн. Тэгээд 9 жил хамт амьдарч байгаад хүнд өвчний улмаас нас барсан. Нас барахаас 2 хоногийн өмнө охин Д.Б, Д.М, бэр н.Ббид 4 хамт байхад тэр хөгшин наад 3 хүнээ гарга гэсэн бөгөөд гарсан хойно нь наад улсуудаа хөөж явуул, намайг үхэхээр чамаас наад юмыг авах гэж байгаа юм. Намайг уучлаарай гэсэн. Тэгэхэд бага охин Д.М юу гэж байна гэхэд үнэнийг хэлсэн бөгөөд тэд юу ч хэлээгүй. Энэ хашаанд 7х4 байшин шинээр барьсан. Хашаа, жорлон муу ус бүгдийг шинэчилсэн. Энд одоо 23 дах жилдээ амьдарч байна. Миний зээ охин, зээ хүү хоёр энд л өсөж өндийсөн гэжээ.

Гуравдагч этгээд Л.Ц-ийн өмгөөлөгч Э.Т шүүхэд гаргасан тайлбартаа[13]: Гуравдагч этгээд нь 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Өв залгамжлэх эрхийн гэрчилгээ-ний дагуу уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг улсын бүртгэлд бүртгүүлэн хуулийн дагуу олж авсан. Дээрх Өв залгамжлэх эрхийн гэрчилгээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа болно. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Д.Б-т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон боловч уг гэрчилгээгээр зөвхөн нотариатч Б.Ц-ийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилсэн 02 тоот гэрээслэлд дурьдагдсан өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай эрхийг олгосон. Харин уг эд хөрөнгөтэй холбоотой улсын бүртгэл болон газар өмчлүүлсэн шийдвэрийн талаар гомдол гаргах, маргах эрхгүй.

Нэхэмжпэгч Д.Б 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өвлөх эрхийн чилгээгээр нотариатч Б.Ц-ийн 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрчилсэн 02 тоот гэрээслэлд дурьдагдсан өвлөгч мөн болохыг тогтоолгох тухай эрхийг олж сан боловч өвлөгч мөн болохоо иргэний хэргийн шүүхээр тогтоолгоогүй. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 тоот захирамж нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Д.Д-ийн хүсэлтийг үндэслэн гарсан хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэж байна.

Маргаан бүхийн эд хөрөнгүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан баримт бичгүүдэд үндэслэн хийгдсэн хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Д.Б нэхэмжпэл гаргах эрхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбар, үндэслэлийг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгчээс анх Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамж ..*тоотод байрлалтай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, хашааны газрыг Ц болон түүний хүүхдүүдэд өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Б-ын нэр дээр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргаж, уг шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэжээ.[14]

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгийг иргэн Л.Ц нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус тул 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ү-2203000.. дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож одоогийн хаягаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамжны ..* тоот хаягт байрлалтай газар орон сууцыг иргэн Д.Б-ын нэр дээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. гэж тодруулжээ.[15]

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа мөн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр газар өмчлүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэж тодруулсан байна.

Хоёр. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Д.Б-аас өөрийн аав Д.Д-оос гэрээслэлээр өвлүүлэн үлдээсэн газар, хашаа байшинг маргаан бүхий захиргааны актуудаар хууль ёсны болон гэрээслэлээр өвлөн аваагүй этгүүдүүдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагч байгууллагуудын үйлдэл нь хууль бус бөгөөд уг хууль бус актуудын улмаас нэхэмжлэгчийн өвлөн авах хууль ёсны өвлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

2.2. Нэхэмжлэгч Д.Б нь Д.Д-ийн төрсөн охин, Д-оор овоглодог гэдэг нь төрсний бүртгэлийн лавлагаагаар[16] тогтоогдож байна.

2.3. Харин гуравдагч этгээд Ц-гийн Э, Д-ийн Эб, Эб-ийн Х нар нь Д овгоор овоглодоггүй, Д-ийн хүүхдүүд биш, овгоо солиулж байгаагүй гэдэг нь иргэний үнэмлэхийн лавлагаа[17], төрсний бүртгэлийн лавлагаа[18] зэргээр тогтоогдож байна.

2.4. Нэхэмжлэгчийн аав Д.Д нь 1997 оны 10 дугаар сарын 31-ны өдөр гэрээслэл буюу хувийн баталгаа үйлдэж, уг гэрээслэлийг нотариатаар батлуулсан, уг гэрээслэлд[19] нэхэмжлэгч Б, түүний нөхөр нарт СБД-ийн 15 дугаар хорооны Д*******гийн ..-р гудамжны ..* тоот хашаа өвлийн 11 м урттай байшинг өвүүлэхээр, харин гуравдагч этгээд Л.Ц-д өвлийн 4х6-гийн өвлийн байшинг өвлүүлэхээр заасан гэдэг нь тогтоогдож байна.

2.5. Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Д.Д-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 300 м2 газрыг 20 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрчилгээг 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр олгожээ.[20]

2.6. Маргаан бүхий 228 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжын хавсралтын 603 дахь хэсгээр Д.Д-ийн нэр дээр өмчлүүлж, Л.Ц, Д-ийн Эб, Д-ийн Э, Эб-ийн Х, Э-ын Б нарт уг газрыг хамтран өмчлүүлж[21], Нийслэлийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр маргаан бүхий 295,56м2 газарт гэрчилгээг олгожээ.[22]

2.7. Нэхэмжлэгчийн аав Д.Д нь 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нас барсан гэдэг нь тогтоогдож байна.[23]

2.8. Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Д*******гийн .. дугаар гудамжны ... тоот байрлалтай газрыг улсын бүртгэлд дор дурдсанаар нийт 3 удаа бүртгэж, гэрчилгээ олгожээ:

-анх маргаан бүхий газрыг эрхийн улсын бүртгэлийн *******... дугаартай бүртгэлд 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Л.Цгийн гаргасан хүсэлт, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамж, газар өмчлүүлэх шийдвэр, холбогдох бусад баримтыг үндэслэн бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Д.Д, Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нар буюу газрын хууль ёсны өмчлөгчөөр зургаан хүнийг бүртгэж, гэрчилгээ олгожээ[24];

-уг бүртгэлийг гэрээслэл болон өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдсөн үндэслэлээр Л.Ц-ийн 2006 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан мэдүүлэг, хүсэлт, өв залгамжлах эрхийн гэрчилгээ, Д.Д-ийн нас барсны бүртгэл, холбогдох бусад баримтыг үндэслэн хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын таван хүний өмчлөлд бүртгэж *******... гэрчилгээ олгожээ.[25];

-үүний дараа уг газрын бүртгэлийг хаягийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 6/33 тоот, Сүхбаатар дүүргийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 08 дугаар тогтоолыг үндэслэн 15 дугаар хороог 17 дугаар хороо болгон өөрчилснийг үндэслэн Л.Ц-ийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн хүчингүй болгож, газар өмчлөх эрхийн гэрчилгээг шинэчлэн Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын таван хүний өмчлөлд бүртгэж, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр олгожээ.[26]

2.9. Хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Д*******гийн .. дугаар гудамжны ..* тоот 32 м2 хувийн орон сууцны зориулалттай байшингийн бүртгэлийг дор дурдсанаар нийт 2 удаа бүртгэж гэрчилгээ олгожээ:

-анх 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Л.Цгийн мэдүүлэг, холбогдох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн *******... дугаарт маргаан бүхий байшинг бүртгэж, Д.Д, Л.Ц, Д.Эб, Ц.Э, Э.Х, Э.Б нарын зургаан хүнийг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгожээ;[27]

-үүний дараа 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Л.Цгийн гэрчилгээг гээгдүүлсэн талаарх мэдүүлэг, бусад баримтыг үндэслэн 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 000130... дугаар гэрчилгээг хүчингүйд тооцож, *******... дугаартай гэрчилгээг шинээр олгожээ.[28]

2.10. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар, байшингийн бүртгэлийн талаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 7/2807 дугаар албан бичгээр ...таны хүсэлтийн дагуу бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй... гэх хариуг өгсөн, хариуцагч Нийслэлийн Засаг даргад 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүсэлт гаргахад ...Танаас ирүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй... гэсэн хариуг тус тус өгчээ.[29]

Гурав. Хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1. Маргаан бүхий газартай холбоотой хариуцагчийн шийдвэрийн хувьд:

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т газар өмчилж авах эрх бүхий иргэн газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх үүрэгтэй байхаар заажээ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана: 20.1.1-т гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар; гэж заажээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэж тус тус заажээ.

Маргаан бүхий Нийслэл Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжаар Д.Д-д газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, улмаар гуравдагч этгээд Л.Ц, Д-ийн Эб, Д-ийн Э, Эб-ийн Х, Э-ын Б нарт уг газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл гуравдагч этгээд Эб, Э нар нь Д-оор овоглодоггүй, Ц-ийн Э, До-ийн Эбг овогтой, овгоо солиулж байгаагүй нөхцөл байдал хэргийн үйл баримтаас тогтоогдсон.

Үүнээс үзэхэд маргаан бүхий газар өмчилж авах эрх бүхий иргэн Д.Д болон тус газрыг хамтран өмчлөж авах иргэд нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан газар өмчилж авахтай холбогдсон уг хуулийн 20.1.1-д заасан өргөдөлд гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг үнэн зөв бүрдүүлэн өгөх шаардлагыг хангаагүй байна.

Гэтэл хариуцагч Нийслэл Засаг даргаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан шаардлагыг хангаагүй, хуульд зааснаар өргөдөл нь үнэн зөв байх шаардлагад нийцэхгүй баримтыг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргасан үйлдэл нь энэхүү хуулийн заалтууд болон мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана. гэсэн заалтыг тус тус зөрчжээ.

3.2. Маргаан бүхий бүртгэлтэй холбоотой хариуцагчийн шийдвэрийн хувьд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимд үндэслэхээр, 7 дугаар зүйлийн 7.1-д эрхийн улсын бүртгэл үнэн зөв байхаар зохицуулжээ.

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д мэдүүлэгт тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.3-д тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ, 13.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,... зэргийг хавсаргахаар, 13.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй... гэжээ.

Уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол, 14.1.6-д энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзахаар заажээ.

Маргаан бүхий газар болон байшингийн бүртгэлүүдийг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас үйлдэхдээ гуравдагч этгээд Э, Э нар нь Д-оор овоглодоггүй, Ц-ийн Э, До-ийн Эб овогтой, овгоо солиулж байгаагүй гэдгийг мэдүүлэг гаргагчаас гаргаж өгсөн баримтуудаар үзэхэд илтэд зөрүүтэй байдлыг мэдэх боломжтой байсан өөрөөр хэлбэл, мэдүүлэг гаргагч нарын хавсарган өгсөн иргэний үнэмлэхний овог нь хавсарган өгсөн газар өмчлөх шийдвэр, гэрчилгээнд дурдсан овогтой зөрүүтэй байдлыг нягтлан шалгаагүйгээс шалтгаалж дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд бүртгэл үнэн зөв байх хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий газар өмчлүүлэх шийдвэр, улсын бүртгэлүүд нь дээр дурдснаар хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаан бүхий газар, байшинг өвлөн авах өвлөгчийн эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж, түүний өвлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн хууль бус байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд хүчингүй болгох гэж заасны дагуу гуравдагч этгээдүүдэд эерэг нөлөөлөл бий болгосон хэдий ч маргаан бүхий шийдвэр, улсын бүртгэлүүд нь нэхэмжлэгчийн өвлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул уг шийдвэр, бүртгэлүүдийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Харин маргааны үйл баримтаас дүгнэхэд, бодит байдалд маргаан бүхий газар дээр хоёр байшин байрладаг, гэрээслэлээр нэхэмжлэгч Д.Б, гуравдагч этгээд Л.Ц нарт тус бүрт нь байшин өвлүүлэн эзэмшүүлэхээр бичсэн боловч маргаан бүхий газарт байгаа хоёр байшингийн аль байшинг нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт өвлүүлсэн байдал нь тогтоогдохгүй байна.

Иймээс нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг даалгах, маргаан бүхий газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн шаардлагыг хангах нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өөрт ногдох хэсгээ өвлөн авах эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна.

Энэхүү нөхцөл байдлыг тогтоолгох үндэслэлээр иргэний шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах боломжтой гэдгийг дурдах нь зүйтэй.

Гуравдагч этгээдийн өвийн гэрчилгээ авсан нөхцөл байдлыг хууль бус гэж дүгнэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй учир шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт өгөх шаардлагагүй болохыг мөн дурдах нь зүйтэй.

 

      3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.3, 13.5.7, 13.9, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр дээр газар өмчлүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож гэсэн хэсгийг хангаж, маргаан бүхий газрыг Д.Б-ын нэр газар өмчлүүлэхийг даалгах, газар, байшинг Д.Б-ын нэр дээр бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 344 дүгээр захирамжийн Д.Д-д газар өмчлүүлсэн хэсэг, улсын бүртгэлийн 2004 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэл, 2004 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн *******... дугаартай өмчлөх эрхийн бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгөөс 35.200 төгрөгийн хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус тус хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   А.С