Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2019/0666

 

“Б С” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагч Д.О, Д.С, хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0644 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “Б С” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу “Б С” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0644 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.2, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” “Б С” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            “Б С” ХХК давж заалдах гомдолдоо: “... захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, “... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Д.О, Д.С нарын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 232018040 тоот “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэхдээ “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ”, 1.1-т “зөрчил үйлдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол” гэж  заасан байх бөгөөд дээрх баримтуудаас зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ...” гэж дүгнэсэн байх бөгөөд зөрчил үйлдсэн болохыг баримтаар нотлогдож тогтоогдоогүй асуудлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

            Учир нь ийнхүү дүгнэх болсон үндэслэлээ Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд уг албан бичигт дурдсанаас үзэхэд татварын улсын байцаагчийн дүгнэлтүүдэд шинжилгээ хийхэд Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй учир Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн албан бичиг байна.

            Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийсэн гэх дүгнэлтэд нэхэмжлэгч “Б С” ХХК нь татварын хууль зөрчсөн талаар огт дурдаагүй байх бөгөөд энэ талаар огт дүгнээгүй байхад энэхүү шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Цаашилбал, ийнхүү эрүүгийн журмаар шалгаж тогтоогоогүй асуудлаар шалгалтаа явуулж, зөрчил мөн болох нь тогтоогдсон тохиолдолд Татварын ерөнхий хуульд заасан арга хэмжээгээ ав гэсэн албан бичгийг үндэслэн зөрчил үйлдсэн нь тодорхой, шалгах шаардлагагүй гэж үзэж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байх бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн журмын дагуу шалгасан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь ... шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу мөн хуулийн 4.11-т заасан журмын дагуу шинжилгээ хийлгэх гэх мэт бусад хуульд заасан журмын дагуу эрхээ хэрэгжүүлж, хууль ёсоор татвар төлөхөөс зайлсхийх зөрчил гаргаагүй болохоо тогтоолгох боломжтой байсан.

            Гэтэл хариуцагч нарын зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, баримтаар тогтоогдоогүй асуудлаар зөрчлийг хялбаршуулсан  журмаар шалган шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, хуулийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байхад анхан шатны шүүхээс түүнийг зөвтгөн дүгнэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Мөн нэхэмжлэгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг гаргаж маргасан боловч анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийгээгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг зөрчсөн байна.

            Нөгөө талаар, нэхэмжлэгч компани болон бусад татвар төлөгч компанийг татвар төлөхөөс зайлсхийсэн, хий бичилттэй падаан гэх энэ асуудалд оруулсан “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр хариуцлагаас мултарсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байхад түүнээс болж, энэ олон компани хохироход хүрч байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.

            Мөн нэхэмжлэгчийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж, татварын тайлангаа цаг хугацаанд нь гаргаж өгч, холбогдох анхан шатны баримтуудаа бүрдүүлсний зэрэгцээ “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь ч манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар шингээсэн бараа материалыг худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тайлангаа гаргасан бөгөөд маргаан бүхий захиргааны актад дурдагдсан үнийн дүн бүхий нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг нь үүсчихсэн, үүнийхээ дагуу татвараа төлчихсөн ч байж болохоор нөхцөл байдал байгааг анхан шатны шүүхээс зөв үнэлж, дүгнээгүй, хуульд нийцэхгүй шийдвэр гаргасан.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0644 дүгээр шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, “Б С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 232018040 дугаар шийтгэлийн хуудсаар “Б С” ХХК-ийг 2015 оны 10 дугаар сард “Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас нийт 454,545,454.50 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “худалдан авалт” хэсэгт тусган төлбөл зохих татвараа бууруулсан” зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулжээ.

            Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн захирал Р.Батсуурьт холбогдуулж үүсгэсэн хэргийг хаасан ч, тэрбээр “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэрээр 2012, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, бараа худалдан аваагүй мөртлөө авсан мэтээр тайлагнасан, бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж, татвар ногдох орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болохыг тогтоосон байна.

            Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 10а3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт хандаж “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 340000949 дүгээр болон Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 250000817 дугаар дүгнэлтүүдэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд татвар тооцогдох зөрчлүүд нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авах”-ыг хүссэнээс гадна Татварын ерөнхий газраас Хан-Уул дүүргийн татварын хэлтэст хандсан нэр бүхий аж ахуйн нэгжийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгүүлэх тухай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07/778 дугаар албан бичгийн хавсралтад нэхэмжлэгч компани багтжээ.

            Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны ( болон 2006 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” (14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй) гэж заажээ.

            “Б С” ХХК-аас бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер, зарлагын баримт, бараа материал худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн боловч татварын хяналт шалгалтын үед уг баримтуудыг гаргаж өгөөгүй, үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй байна.

“Б С” ХХК-ийн төлөөлөгч нь ““Монгол гранд эйнжил инвест” ХХК-аас худалдан авсан гэх дээрх бараа, материалаар Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийг ... хийлгэсэн” гэж тайлбарласан байх боловч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2/2857 тоот албан бичигт “Б С” ХХК нь гэрээ байгуулан ажилласан ажлуудаа бүрэн хийж гүйцэтгээгүй тул байнгын ашиглалтад оруулаагүй гэж тайлбарласан, санхүүгийн анхан шатны баримтуудаар худалдан авалт нь үнэн зөв болох нь тогтоогдоогүй зэргээс үзвэл зөрчилд төлбөр төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “... зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах шаардлагагүй бол” зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр зохицуулсан. “Б С” ХХК нь төлбөл зохих татвараа бууруулсан эсэх, тайландаа бараа, материал худалдан авсан мэтээр бичсэн эсэх энэхүү маргааныг шийдвэрлэхэд нэгэнт татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон зөрчлийг дахин зөрчил гаргасан эсэхийг тогтоох, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэгт бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзэх үндэслэлгүй.

            Прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг хааснаас хойш Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу акт тогтоосон байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2019/0644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Б С” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ