Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 62

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Өлзийнасан,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

Шүүгдэгч: М.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганбатад холбогдох 201616000111 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

М.Ганбат нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газраас нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 9.8 кг-ийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклиор тээвэрлэн байгаль орчинд 637.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд  шинжлэн судлаад 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ганбатын мэдүүлсэн: “...Би Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагат багт мал маллан амьдардаг юм. Тэгээд Ноён сумаас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө эрт ганцаараа өөрийнхөө улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикльтой малд гоёо түүж тэжээл болгож өгөх зорилгоор Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газарт очиж бага зэрэг цагаан гоёо түүсэн юм. Тэгээд явах гээд байж байтал Баяндалай сумын цагдаа төлөөлөгч 2 хүрч ирсэн. Тэгээд түүсэн цагаан гоёог аваад аймгийн төв дээр ирээд хиллэн хураан авсан. Тэгэхэд миний түүсэн цагаан гоёо 9.8 килограмм болж байсан. ...Манай малын ишиг чацга алдаад байхаар нь цагаан гоёо хандалж өгөх зорилгоор бага зэрэг цагаан гоёо түүчихсэн юм. ...Надад цагаан гоёо түүж бэлтгэх зөвшөөрөл байхгүй. ...Би өөрөө цагаан гоёо ямар байдаг талаар мэднэ. Хараад шууд танина. Би багаасаа говьд өссөн учраас говийн ургамлуудыг танина. Улаан гоёо нь улаан мөлчгөр улаан өнгөтэйгөөс гадна толгой нь цэцэггүй байдаг. Цагаан гоёо бол цэцэгтэй толгойтойгоос гадна цагаан өнгөтэй байдаг. ...Миний өөрийн мотоцикль байгаа юм. Улсын дугаар номер нь байхгүй. Гаалийн бичигч байхгүй. Би дугаар номер авч чадаагүй хөдөө малдаа унадаг байсан мотоцикль байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганбат мэдүүлэхдээ: “...Би байгаль орчинд хохирол учруулсандаа гэмшиж байгаа. Цаашид дахин ийм үйлдэх хийхгүй, хэрэв би шүүхээс ял авчих юм бол хэдэн хүүхэд маань яах билээ гэсэн бодол төрж байна” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэлийн мэдүүлсэн: “...Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд хохирол учруулсан бол хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний  өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн аргамжин цэцэгийн /цагаан гоёо/ экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12-р зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг. Тиймээс дээрхи хууль тогтоомжийн дагуу хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд буюу 110051407 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй байна. ...Цөлийн аргамжинцэцэг нь нэн ховор ургамлын ангилалд багтадаг. Нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа шинжилгээний зориулалтаар ашигладаг. ...Экологи эдийн засгийн үнэлгээгээр цагаан гоёо нь 1 килограмм нь 65000 төгрөг Байгаль хамгаалах тухай хуулийн 49.4.3-д ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлж тогтооно гэж заасан байдаг боловч холбогдогч Ганбат нь Өмнөговь Аймгийн засаг даргад өргөдөл гаргасны үндсэн дээр хууль зүйн хэлтсээс манай байгууллагад Ганбат нь хууль тогтоомжийн талаар мэдлэггүйн зэрэгцээ амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой нэн ядуу өрх бөгөөд амьжиргаагаа залгуулдаг цөөн тооны малаа тэжээх зорилгоор цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн үйлдэл дээрээ хууль хяналтын байгууллагын албан хаагчид саатуулагдан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгагдаж байна. Иймээс тэрний амьдралын боломжгүй нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэх ашиг хонжоо олох санаа зорилгогүй байсан зэргийг харгалзан үзэж Ганбатын үйлдлийн улмаас ургамлын нөөцөд учруулсан хохирлыг экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр тооцож нэхэмжлэх асуудлыг судлан шийдвэрлэнэ үү гэсэн албан тоот ирүүлсэн. Үүний дагуу манай байгууллага ярилцаж байгаад хууль зүйн үүднээс болох бол Ганбатаас нөхөн төлбөрийг экологи эдийн засгийн суурь үнэлгээгээр тооцож нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл буруутай этгээдээр цагаан гоёоны нэг килрограмм тутамд зөвхөн экологи эдийн засгийн суурь үнэлгээ болох 65000 төгрөгөөр тооцож төлүүлэхээр нэхэмжлэлээ гаргаж байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 35 дугаар хуудас/

-  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/

-  Хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/

-  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/

-  Улсын байцаагчийн акт /хх-ийн 7-8 дугаар хуудас/

-  Хураагдсан эд зүйл устгах тухай акт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22 дугаар хуудас/

-  Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25, 26-29 дүгээр хуудас/

-  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “мэдээлэл хүргүүлэх тухай” /хх-ийн 32 дугаар хуудас/

-  Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал,  түүний хавсралт /хх-ийн 37-38 дугаар хуудас/

-  Ашид билгүүн ХХК-ны “үнэлгээний дүгнэлт”/хх-ийн 43-44 дүгээр хуудас/

-  Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дүгээр хуудас/

-  Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016.07.01-ний өдрийн 189 тоот албан бичиг, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 77-78 дугаар хуудас/

-  Өмнөговь аймгийн Ноён сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч М.Ганбат нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газраас нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 9.8 кг-ийг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклиор тээвэрлэн байгаль орчинд 637.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэлийн мэдүүлсэн: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт “Ургамлын аймагт учирсан хохиролыг тухайн ургамалын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр тогтоох ба Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 сарын 09-ний  өдрийн А-282 тоот тушаалын хавсралтаар Цөлийн аргамжин цэцэгийн /цагаан гоёо/ экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн үеийн жингийн нэг килограмм тутамд 65000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12-р зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг. Тиймээс дээрхи хууль тогтоомжийн дагуу хохиролыг гэм буруутай этгээдээс гаргуулж Аймгийн байгаль хамгаалах санд буюу 110051407 тоот дансанд төвлөрүүлэх нь зүйтэй байна.” гэх мэдүүлэг / хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч М.Ганбатын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ноён сумаас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө эрт ганцаараа өөрийнхөө улаан өнгийн, улсын дугааргүй мотоцикльтой малд гоёо түүж тэжээл болгож өгөх зорилгоор Баяндалай сумын Наран багийн нутаг Цувриа гэх газарт очиж бага зэрэг цагаан гоёо түүсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-25, 26-29 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “мэдээлэл хүргүүлэх тухай” /хх-ийн 32 дугаар хуудас/, Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын “экологи эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаал,  түүний хавсралт /хх-ийн 37-38 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016.07.01-ний өдрийн 189 тоот албан бичиг, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 77-78 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Ганбат нэн ховор ургамал болох Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо 9.8 килограммыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэн байгаль орчинд 637.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ганбат гэмт хэрэг үйлдэхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй мотоциклийг түүж бэлтгэсэн цагаан гоёог тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг журамлан хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтанд заасан Экологи эдийн засгийн үнэлгээгээр цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог 1 кг-ийг нь 65.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Ганбатын түүсэн 9,8 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ нь 637000 төгрөг болж байна. 

Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхгэрэл мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “аймгийн засаг дарга болон хууль зүйн хэлтсээс өгсөн чигийн дагуу цагаан гоёоны үнийг тав дахин нэмэгдүүлж нэхэмжлэхгүй байгаа” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч байх боловч эрх зүйн хүчин чадлын хувьд Монгол улсын хуулийг шүүх баримтлан уг асуудлыг шийдвэрлэх бөгөөд төрийн албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу тав дахин нэмэгдүүлэх хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм.

Шүүгдэгч М.Ганбат нь Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай нөхөн төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд зааснаар үлдэгдэл төлбөр болох 2548000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барагдуулж дуусахаар тохиролцжээ. Энэхүү гэрээг үндэслэн экологи эдийн засгийн нөхөн төлбөр барагдсан гэж үзэх хуульзүйн үндэслэлгүй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баримтлан шийдвэрлэх нь Монгол улсын Эрүүгийн хуулийн 5-р зүйлд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, 6-р зүйлд заасан шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзсэн болно.

Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн” төлүүлнэ гэж заасан ба 9,8 кг цагаан гоёоны экологи эдийн засгийн үнэлгээ болох 637000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлж шүүгдэгч М.Ганбатын нөхөн төлөх хохирлыг 3.185.000 төгрөг байхаар тогтоож Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах санд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ганбат нь Байгаль хамгаалах санд 637000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016.07.01-ний өдрийн 189 тоот албан бичиг, хохирол төлбөр төлсөн тухай баримт зэргээр тогтоогдож буйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ганбат нь анх удаа хүндэвтэр гэм хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийн ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Ганбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.