Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/728

 

 

 

 

 

 

 

 

 2021         11            16                                     728        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Ам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Ба,

шүүгдэгч: Б.Го, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн (2700) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2105002521093 дугаартай, 2 хавтас хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт,

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар,

2020 оны 7 дугаар сарын 30-ны Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжээр буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Го.

 

  Шүүгдэгч Б.Го нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд “Марал-Од” финанс ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан ашиглаж 20 637 400 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан,

мөн 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн 2021 оны 7 дугаар сарын 01-нийг хүртлэх хугацаанд “Эм Эф Ай” ХХК-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан ашиглаж 1 150 000 төгрөгийг хувьдаа зарцуулж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.(яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Го мэдүүлэхдээ:

Би энэ 2 байгууллагад ажиллаж байхдаа хувьдаа мөнгө завшсан нь үнэн. Хийсэн үйлдэлдээ хүлээн зөвшөөрч байна. “Марал Од финанс” ХХК-д  20 337 400 төгрөг, мөн аудитын дүгнэлт гаргуулсан 700 000 төгрөгийн, нийт 21 337 400 төгрөгийн хохирол учруулснаас “Марал Од финанс” ХХК-д ажиллаж байхдаа 2 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Тухай үед хүний дансаар шилжүүлсэн болохоор дансны хуулгыг авах боломжгүй байсан. Мөн шүүх хуралдааны завсарлага авсан хугацаанд “Марал Од финанс” ХХК-д 5 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл хохирлыг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлж дуусгахаар тохиролцож, гэрээ байгуулсан. Эм Эф Ай” ХХК-нд төлөх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би энэ хэргийн улмаас хорих 461 дүгээр  хорих ангид 7 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд маш их зүйл ухаарч, ойлгосон. Хохироосон байгууллага болон хувь хүмүүсээс уучлалт гуйж, хохирлыг барагдуулна. Хорих байгууллагад 7 хоносон хугацаанд ээждээ санаа зовж, хийсэн үйлдлээ ухаарч байна. Надад нэг боломж олговол дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, шударгаар хөдөлмөрлөнө. Ээж маань хорт хавдартай учраас ээжийгээ асрах хэрэгтэй байгаа тул надад нэг удаа боломж олгож, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-С.Ба мэдүүлэхдээ:

            Би мөрдөн шалгах ажиллагааны явцад дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. “Марал Од финанс” ХХК нь Б.Готой хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, түүнийг ажилд авсан. Гэтэл Б.Го нь 5 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн эдийн засагчаар ажиллаж, ажиллаж байх хугацаандаа 9 иргэнээс 20 337 400 төгрөгийн хөрөнгийг завшсан. Мөн Б.Гоийн гэм буруутай үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул “Нью капитал” аудитын компанид төлөх 700 000 төгрөгийг байгууллагаас гаргасан. Шүүгдэгч 2 000 000 төгрөг төлсөн гэж байна. Урьд нь энэ талаар ярьж байгаагүй. Хэрэв 2 000 000 төгрөг төлсөн бол манай байгууллага төлбөрөөс нь хасаж тооцох боломжтой. Б.Го хохирлоо төлөх санаачилга гаргаагүй, одоо түүнээс 21 337 400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Ам мэдүүлэхдээ:

Б.Гоийг 2021 оны 3 дугаар сард “Эм Эф Ай” ХХК нь ажлын туршлага, ур чадварыг судалж үзээд ажилд авсан бөгөөд “Эм эф Ай” ХХК нь Б.Готой хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй. Гэтэл Б.Го нь 2021 оны 4 дүгээр сараас эхлээд 2 зээлдэгчээс мөнгө авсан үйлдэл гаргасан байсан. Нийт 1 150 000 төгрөгийн хохирол учруулсан тул үүнийг нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Сэ мэдүүлэхдээ:

Би зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан Б.Готой холбоотой асуудлаар дотооддоо шалгалт хийсэн. Го нь байгууллагын дансаар орох ёстой байсан мөнгийг хувийн дансаар болон бэлнээр авсан байсан. Шалгалт хийх үеэр 6 иргэн 2019 оны 11 сараас хойш зээлийн буцаан олголтыг хийгээгүй байсан болохоор харилцагч нартай зээлийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр холбогдоход бид зээлээ хааж төлбөрөө төлсөн гэх хариу өгсөн. Ямар байдлаар төлсөн талаар нь асуухад бэлнээр болон дансаар Го гэх зээлийн эдийн засагчид өгсөн гэж хэлсэн. Манай байгууллагаас тус иргэдтэй холбогдож зээл төлсөн талаарх холбогдох баримтыг цахим шуудангаар авсан. Үүнд дансны хуулга, тухайн иргэний өөрийнх нь бичиж өгсөн хүсэлт зэрэг багтсан байгаа...зарим тохиолдолд захирал Гэрэлжаргал гадуур ажил ихтэй байдаг тул хэдэн албан бланк дээр өөрийн гарын үсгээ зураад надад үлдээчихдэг байсан...тэгээд гарын үсэгтэй албан бланк дээр Го өөрөө албан тоотоо хэвлэж гаргаад авто тээврийн үндэсний төв рүү явуулах боломжтой гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 23, 51-52 дугаар хуудас)

           

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Ту мэдүүлэхдээ:

Би 2019 оны 12 сарын 25-ны өдөр “Марал-Од финанс” ББСБ-н зээлийн эдийн засагч Го руу залгаад “би зээлээ хаах гэсэн юм” гэж хэлсэн чинь “би хөдөө ажлаар явж байна, компанийн данс руу хийхээр би харж чадахгүй. Тэгэхээр та миний хувийн данс руу хийчих. Би маргааш нөгөөдрөөс ажил дээрээ очоод бичиг баримтыг чинь цэгцлээд машины чинь бичиг баримтыг бэлэн болгочихно” гэсэн. Тэгээд би тухайн өдрөө Го гэсэн нэртэй Хаан банкны 5007750110 дугаартай данс руу зээлийн үлдэгдэл 2 100 000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ.(хэргийн 1 дүгээр хавтас, 25-26 дугаар хуудас) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-З.Уу мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Го миний 96824848 гэсэн дугаар луу 80757575 гэсэн дугаараас залгаад “чи гялс зээлийн төлөлтөө хиймээр байна” гэхээр нь би мөнгөтэй байсан болохоор зээлээсээ 1 000 000 төгрөгийг хасна гэж бодоод “зээлийн данс руу чинь хийх үү” гэхэд Го “манай захирал хөдөө явчихсан, утас нь холбогдохгүй байна. Тэгэхээр орсон ороогүйг нь харж болохгүй байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “Драгон дээр явж байна, би танай байгууллага дээр яваад очьё” гэсэн чинь Го би ажлаас гараад явж байна ажил дээр ажилтнууд алга байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлнээр нь авчих юм уу гэсэн чинь за за тэгье гээд өөрөө Драгон дээр ирээд надаас бэлнээр 1 сая төгрөг аваад явсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.У мэдүүлэхдээ:

Би уг  байгууллагаас өөрийн нэрээр зээл авсан. 59-45 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж зээл авсан. Хоёр сарын дараа бөөнөөр нь төлөөд дуусгасан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ня мэдүүлэхдээ:

Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн эгч С.Дарьдуламаар өөрийнх нь эзэмшлийн 79-67 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь “Марал-Од финанс” ББСБ-д барьцаалж, 2 000 000 төгрөг зээлж авсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийг төлж дуусаад эгчийнхээ машиныг буцааж өөрийнх нь нэр дээр нь шилжүүлж өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Марал-Од” финансын зээлийн эдийн засагч Б.Го 80757575 гэсэн дугаараас залгаад та зээлийн төлөлтөө хийх үү гэхээр нь би хэд болж байна гэсэн чинь 264 700 төгрөг болж байна шилжүүлчих гээд 5007750110 гэсэн дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь би удалгүй шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Цэрэнбадам мэдүүлэхдээ:

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 16 цагаас эхлээд миний 80110353 дугаарын утас руу 80757575 гэсэн утаснаас залгаад захирал бид хоёр оффис түрээслэх гээд гадуур явж байна, бэлэн мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би данс руу чинь хийчихье гэхэд бэлнээр нь аваад ир гэсэн. Тэгэхээр нь би за хаана аваачиж өгөх вэ гэхэд хорооллын Номингийн урд аваад ир гэсэн. Би 375 000 төгрөгийг аваачиж Гоид өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 35-36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Да мэдүүлэхдээ:

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн эдийн засагч Го миний 99028945 дугаар луу 80757575 гэсэн дугаараас залгаад зээлээ төлөөрэй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явж байна, хотод байгаа ээжээрээ төлүүлж болох уу гэсэн чинь над руу холбогдуулж байгаад хийлгээрэй гэсэн. Тэгэхээр нь би ээжид Гоийн 80757575 гэсэн дугаарыг өгөөд миний зээлийн төлөлтийг  бүгдийг нь хийчих гэж хэлсэн. Ээж утсаар нь залгаад хэдэн төгрөг ямар дансанд хийх үү гэсэн чинь Го 5 085 000 төгрөгийг 5007750110 дугаартай өөрийн нэртэй дансаа өгөөд утга дээр нь 08-49 гээд машиныхаа дугаарыг бичээрэй гэсэн байсан. Тэгэхээр нь ээж миний авсан зээлийг бодоод 4 941 000 төгрөг болж байна гээд Гоид хэлсэн чинь за за таны бодсон зөв байна наад мөнгөө хийчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд ээж өөрийнхөө данснаас шилжүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 38-39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ма мэдүүлэхдээ:

2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “Марал-Од финанс” ББСБ-н зээлийн эдийн засагч Го руу залгаад би үлдэгдэл зээлээ бүгдийг нь төлөх гэсэн юм гэсэн чинь би маргааш ажил дээрээ очоод авъя гэсэн. Тэгээд би маргааш өглөө буюу 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 12 цагийн орчим Го руу яриад мөнгөө бэлдчихлээ, зээлээ хаалгая гэсэн чинь за ажил дээр чинь явж очоод авъя гэж хэлээд 13 цагийн үед манай ажлын гадаа ирчихлээ гараад ир гэж хэлсэн. Гарсан чинь Го цагаан өнгийн “Тоёота Сай” загварын авто машинтай ирсэн байсан. Би бэлнээр 1 960 000 төгрөгийг өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 41-42 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Бо Ту мэдүүлэхдээ:

Би Сансар худалдааны төвийн И мартад хувиараа лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Би 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эм Эф Ай” ББСБ-с 15 000 000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай авсан. Тэгээд миний дансанд мөнгө орсон өдөр зээлийн эдийн засагч Го гэх залуу залгаад та урьдчилгаа 1 сарын төлбөрөө хийнэ гэсэн яасан бэ, одоо хийчих үү, дүү нь данс руугаа хийгээд гарах гээд байна гэж хэлэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны 458057600 тоот Го гэх данс руу 800 000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус банк бусын зээлийн эдийн эдийн засагч Го эгч та мөнгө байвал дүүдээ 50 000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь за гээд Худалдаа хөгжлийн банкны 458057600 тоот Го гэх данс руу 50 000 төгрөг шилжүүлсэн. Би зээлийн төлөлтийн мөнгөө төлж байна гэж бодсон юм. Надаас Го мөнгө зээлсэн зүйл байхгүй. Харин урьдчилгаа зээлийн төлөлтийн мөнгөө хийгээрэй гээд байхаар нь би мөнгө хийсэн юм. Би сард 834 000 төгрөгийг зээлийн төлөлтөд хийдэг юм гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 44-45 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.- мэдүүлэхдээ:

Би 2021 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Эм Эф Ай” ББСБ-аас автомашин барьцаалж 3 000 000 төгрөгийн зээлийг сарын төлөлт нь 301 000 төгрөг байхаар 1 жилийн хугацаатай авсан юм. 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ББСБ-ын эдийн засагч Го мессеж бичихээр нь хэдэн төгрөг хэрэгтэй вэ гэхэд 300 000 төгрөг байхад болно гэж хэлэхээр нь эхнэр Ц.Цэен-Ойдовын Худалдаа хөгжлийн банкны данснаас 300 000 төгрөгийг Гоийн данс руу нь шилжүүлсэн. Го надад удахгүй цалин буухаар өгнө гэж хэлсэн. Уг мөнгийг би Гоид зээлсэн гэж бодсон гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас 49-50 дугаар хуудас)

 

            “Нью капитал тэнцэл аудит” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 04 дугаартай дүгнэлтэд:

Тухайн байгууллага нь сар бүр тооцоо хийдэг боловч хариуцсан зээлийн эдийн засагчид даатгаснаар дээрх хугацаанд холбогдогч Б.Гоид өөрийн хувийн дансаар буюу бэлэн очиж авах нөхцөл бүрдүүлсэн байна.

Шинжээчийн тогтоосноор холбогдогч Б.Го нь нийт 17 262 400 төгрөгийн төлбөрийн тооцоо хийхээс өөрийн Хаан банкны харилцах дансаар авч компанийн дансанд тушаагаагүй, мэдүүлэгт дурдсан бэлнээр өгсөн 3 375 000 төгрөг, нийт 20 637 400 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 54-57 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Го нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1355 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ялаар,

2020 оны 7 дугаар сарын 30-ны Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 225 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Го нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сараас эхлэн 2020 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд “Марал-Од финанс” ББСБ-д зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 20 637 400 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завшсан,

мөн 2021 оны 3 дугаар сарын 24-нөөс 2021 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд “Эм Эф Ай” ХХК-нд зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг урвуулан ашиглаж, 1 150 000 төгрөгийг хувьдаа зарцуулж хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ба, Ц.Ам, гэрч П.Сэ, Л.Ту, З.Уу, М.У, С.Ня, Н.Цэрэнбадам, Ж.Да, Б.Ма, С.БоТу, Б.Ба нарын мэдүүлэг, “Нью капитал тэнцэл аудит” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Гоид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Го, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд Б.Гоийн ар гэрийнхэн нь түүний “Марал-Од финанс” ХХК-д төлөх 20 637 400 төгрөгөөс 5 000 000 төгрөг, “Эм Эф Ай” ХХК-д 1 150 000 төгрөг төлснийг төлбөрөөс нь хасаж  тооцов.

 

Б.Го нь мөрдөн байцаалтад Марал-Од финанс” ХХК-д 2 000 000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлж байх боловч энэ талаар нотлох баримтгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн байцаалтад хохирол төлөөгүй гэж мэдүүлж байх тул Марал-Од финанс” ХХК-д 2 000 000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзээгүй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 864 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгжээр буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч уг ялыг эдлээгүй нь  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/18537 тоот албан тоотоор тогтоогдож байх ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Гоийн эдлээгүй дээрх ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ам, С.Ба нар хуралдаан завсарласны дараа шүүх хуралдаанд оролцохгүй гэж хүсэлт ирүүлсэн болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Го-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Го-ийг  2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Го-ийн эдлэх 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 864 дугаар шийтгэх тогтоолоор Б.Го-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550 000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Го-ийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Го-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Го-оос 16 337 400 төгрөг гаргуулж “Марал-Од” финанс ББСБ” ХХК-д олгосугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Го-ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН