Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/699

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар, 

шүүгдэгч: Э.Ча, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан /0726/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Манхи овогт Энэбишийн Чад холбогдох эрүүгийн 2109009021124 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

Шүүгдэгч Э.Ча нь хохирогч Э.Мяд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг нь аргалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 2 300 000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.Ча мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Мягээс сайн өмгөөлөгч олж өгнө гэж мөнгө авсан. Авсан мөнгөө хувьдаа зарцуулсан. Цагдаагийн албан хаагчтай уулзаж, хэргийг аргалж өгөх талаар яриагүй. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлыг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн даруйд нь төлж барагдуулсан. Улсын яллагчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар тохирсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Мя мэдүүлэхдээ:

Би 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш цагдаа дээр асуудалтай болчихлоо гээд айж сандарч явах болсон. Тайван гэж танилтайгаа хамт 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явж байх үед Тайван таньдаг хүнээсээ асуугаад өгье гэж хэлээд надад Ча гэж хүний 88307000 гэсэн дугаарыг өгсөн. Тайван миний хажууд Чатэй утсаар ярихад Ча нь “туслаад өгье, байцаагч нь хэн юм, зодуулсан цагдаа нь хэн юм, утасны дугаар нь хэд юм” гээд Тайванаар дамжуулан надаас асуусан. Би тухайн үед нь Эр гэж мөрдөгч дээр шалгагдаж байгаа, зодуулсан цагдаа нь дэслэгч Бя гэж хүн байгаа юм гээд хэлсэн. Ча Тайвантай утсаар ярьж өгөөд “аргалаад өгье” гэж хэлсэн. Би маргааш нь буюу 2021 оны 6 дугаар сарны 22-ны өдөр Ча рүү утсаар ярихад одоо 1 000 000 төгрөг хэрэгтэй байна, байцаагч Эрод нь 1 000 000 төгрөг өгнө, бэлдчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгийг бэлдчихээд 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед Чандмань-Эрдэний ажилладаг Модны 2-ын “Вайт хаус” төвийн үүдэнд уулзаж бэлнээр 1 000 000 төгрөг авахдаа “би 1 000 000 төгрөгийг байцаагч нарт нь өгөөд чиний хэргийг ямар ч асуудалгүй болгоно. Чи цагдаа дээр очих хэрэггүй боллоо” гэж хэлээд авсан. Би бараг өдөр болгон шахуу Чатэй утсаар ярихад Ча надад “чиний хэрэг болчихсон, одоо санаа зовоод байх юм байхгүй” гэж хэлдэг байсан. 2021 оны 7 дугаар сарын 04-ний орой Ча над руу залгаад одоо 1 000 000 төгрөгийг хохирогч цагдаа Бяд өгөх хэрэгтэй байна, би 2 000 000 төгрөг авна гээд байхаар нь яриулсаар байгаад 1 000 000 төгрөг өгөхөөр боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаа Бяг хохирлын мөнгө гэж 1 000 000 төгрөг авах гэж байгаа юм байна гэж бодоод 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 43 минутын үед Чандмань-Эрдэнийг Модны 2-н “Сэтгэшгүй” нэртэй эмнэлгийн 4 давхарт Чад 1 000 000 төгрөг өгөхийг манай найз охин А харсан. Надтай хамт явж байсан юм. Тэрний дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед Эр ахлах дэслэгч дээр ирээд ялагдагчаар татсан тогтоол танилцахдаа Ча гэж хүн миний хэргийг аргалж өгнө гэж хэлээд 1 000 000 төгрөг, хохирогч Бяд өгнө гэж хэлээд 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг надаас залилж авсан гэдгийг мэдээд цагдаад хандаж байна. Намайг Эр мөрдөгчтэй уулзаж яллагдагчаар татсан тогтоол танилцаж байхад Бя орж ирээд хохирлын нэг ч төгрөг аваагүй, гомдолтой байна гэдгээ надад хэлсэн. Ча надтай утсаар ярихдаа “өө болно, чиний хэргийг болгосон, асуудалгүй” гээд байдаг болохоор мундаг хүн гэж бодсон. Ча 1 000 000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн байцаагч Эрод өгнө, сүүлийн 1 000 000 төгрөгийг хохирогч Бяд өгнө гэж хэлээд надаас авсан. Би Чаэс хууль зүйн зөвлөгөө өгөөч гэж нэг ч удаа гуйж байгаагүй. Ча надад би хэргийг аргалж өгнө гэж л надаас мөнгө авсан.

Ча цагдаа дээр ирэхдээ надаас уучлалт гуйж надаас залилсан 2 000 000 төгрөгөө 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний 5756012851 дугаартай данс руу шилжүүлж, намайг гомдолгүй болгосон гэжээ. (хэргийн 8, 12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Бя мэдүүлэхдээ:

2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шинэ үе” сургуулийн зүүн талд согтуу жолоочийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж байх үед Энхтайваны Мя нь миний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, намайг хэл амаар доромжилж, миний биед халдаж зодсон. 2109000000856 дугаартай хэрэгт надад хохирлын мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй. Миний хохирлыг барагдуулж өгөх талаар хэн ч надтай холбогдоогүй. Намайг зодсон Э.Мя ч гэсэн надтай холбогдож миний хохирлыг барагдуулаагүй. Энэ хэрэгт намайг гомдолгүй болоод өгөөч, мөнгө өгье гэж хэн ч гуйгаагүй. Ямар ч албан тушаалтан энэ талаар надаас асуугаагүй. Би Ча гэж хүнийг танихгүй. Ямар ч харилцаа холбоо байхгүй гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Эр мэдүүлэхдээ:

Эрүүгийн 2109000000856 дугаартай хэрэгт холбогдуулан шалгаж байгаа эдгээр хүмүүсийг би танихгүй. Хэрэгт шалгаж эхэлснээс хойш Э.Мя, С.Бя нарыг мэднэ. Э.Ча гэж хүнийг огт таньж мэдэхгүй. Би 2109000000856 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол танилцуулж мэдүүлэг авахад буюу хохирол төлсөн эсэх талаар тодруулж асуухад хохирогч талд таньдаг хүнээрээ дамжуулан 2 300 000 төгрөг өгсөн гэсэн ба энэ талаар хохирогч С.Бягээс асууж тодруулахад би нэг ч төгрөг аваагүй гэх ба дахин асууж тодруулахад танил найзаараа дамжуулан нэг хүнд нийт 2 300 000 төгрөг өгсөн. Өнөөдөр сая тань руу ирэхээс өмнө тэр хүнтэй уулзаж таныг аргалаад өгнө өршөөлийн хуульд оруулж өгнө гэж таныг 1 000 000 төгрөг бэлдэж авчир гэсний дагуу тэр хүнд би мөнгөө бэлнээр өгчөөд ирсэн гэж хэлсэн. Үүний дагуу шалгаж үзэхэд Э.Ча гэх хүн нь намайг аргалж өгөх нэрээр цагдаагийн алба хаагч мөнгө нэмж нэхсэн мэтээр ярьж мөнгө авсан байна гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.А мэдүүлэхдээ:

Ча гэх залуу Мягийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эр мөрдөгч дээр шалгагдаж байгаа хэргийг нь аргалж өгнө, хэрэгт холбогдолгүй болгож өгье, чи цагдаа дээр очих шаардлагагүй болно гэж хэлээд 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг бэлнээр авсан. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэргийг чинь хааж, өршөөлд хамруулж өгөх гээд байна, хохирогч цагдаад 1 000 000 төгрөг өгөх хэрэгтэй байна. 2 000 000 төгрөг нэхэхэд нь би 1 000 000 төгрөг болгож өглөө гэж хэлээд 1 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Би сүүлийн өгсөн 1 000 000 төгрөгийг өгөхөд нь хамт байсан юм. 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ча манай найз залуу Мя рүү утсаар яриад “1 дэх өдөр 09 цаг гэхэд 2 000 000 төгрөг авчирч өг, тэгээд хэргийг чинь аргалаад дуусгаж өгье, хохирогч Бя нь гоншигноод байна” гэж хэлэхийг хажуунаас нь сонссон. Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Мяг шилний цаанаас 1 000 000 төгрөгийг өгөхөд хараад зогсож байсан. Ча манай нөхрөөс 1 000 000 төгрөг авахдаа цүнхнээс нь гаргуулаад цаасанд боолгуулаад өөртөө авсан гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудасд:

Э.Ча нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Ча нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэргийг нь аргалж өгнө хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч Э.Мяг хуурч 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр нийт 2 300 000 төгрөг шилжүүлэн авч, хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Мя, гэрч С.Бя, П.Эр, А.А нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Чандмань-Эрдэнийн гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ча, түүний өмгөөлөгч Ж.Баяржаргал нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хохирогч Э.Мя нь “Ча цагдаа дээр ирэхдээ надаас уучлалт гуйж надаас залилсан 2 000 000 төгрөгөө 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр миний 5756012851 дугаартай данс руу шилжүүлж намайг гомдолгүй болгосон” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Ча-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчйг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Чад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Ча нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.Ча цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Чад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН