Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/733

 

 

 

 

 

 

 

 

2021           11             17                                        733            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

иргэдийн төлөөлөгч:Б.Батдорж,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ч.Э,

шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн /3261/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001113 дугаар, 2 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт,

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137/а дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өмнөх ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар,

Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

 

   Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 1/60-59 тоотод амь хохирогч Ч.Энхжаргалтай маргалдан, түүний цээжин тус газар нь хайчны нэг талын хэсгийг ашиглан зоож алсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э.А мэдүүлэхдээ:

Би 3 дугаар сард Улаанбаатар хотод барилгын ажил хийх гэж ирсэн боловч хөл хорио тогтоосон тул ажиллах боломжгүй болсон. Мөтэй холбоо барьж Лхгийн гэрт очсон. Тэнд Лхтай танилцаж, тэднийд байх болсон. Тухайн өдөр Мө бид 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Бүтэн сайн өдөр байсан тул намайг ажил дээр маргааш өглөөний 07 цагт ир гэж  ажлаас хэлсэн. Оройн 19-20 цагийн үед гэрийн эзэн Лх, талийгаач, Эн 3  гаднаас халамцуу орж ирсэн. Эн гэр орноо цэгцэлнэ гээд ширээн дээр байсан архины шил, аяга тавгийг аваад хураасан. Тэр хооронд Лх, талийгаач 2 ганц шил архи авч уумаар байна гэж хоорондоо яриад намайг дэлгүүр лүү орж архи зээлчих гэхээр нь би дэлгүүрт зээлтэй гэхэд гар утсаа барьцаанд тавиад авчих гэсэн. Манай аав хүнд өвчтэй, гар утсаараа ярих хэрэгтэй, тавьж чадахгүй гэхэд намайг юм үзээгүй, сүртэй юм гээд байсан. Би нийтийн байранд амьдардаг байсан бөгөөд хугацаа дуусаад Лхгийн жижиг өрөөнд түр байрлаж байхад намайг юмаа аваад зайлаарай гээд байсан. Талийгаач их хорон үгтэй, намайг ёжлоод байсан. Сүүлдээ Мө, Лх нар талийгаачийг өмөөрч, намайг юмаа аваад яваарай гэхэд би бачимдаад хэрүүл хийсэн. Лх миний ах руу агсан тавилаа гээд над руу дайрч, цамцаа тайлаад, хоёулаа зодолдъё гээд байсан. Тэгээд Лх, талийгаач 2 над руу дайраад, хэрүүл даамжирсан. Би буйдангийн өнцөгт, талийгаач миний хажууханд сууж байсан. Тэгээд талийгаач босож ирэхэд бид хоёр барьцалдаж авсан. Талийгаач намайг хойшоо түлхэж, боосон. Тэгэхэд нь би гараа сунгаж, гарт баригдсан зүйлээрээ цохих шиг болсон. Тэгтэл талийгаач сөхрөөд унахад миний гарт хайчны гуя байсан. Тэр хайчны гуя нь гэрт байсан хайч юм. Би сандраад гарт байсан юмаа гал тогооны цонхоор шидчихээд, жижиг өрөөнд байсан цүнхтэй хувцсаа аваад гарч, орцны үүдэнд очоод цагдаа дуудсан. Тэгээд Мя руу залгаад болсон явдлаа хэлсэн. Мяын гэр нь хэрэг болсон газраас ойрхон байсан учраас гарч ирээд түргэн тусламж дуудаж, хэргийн газарт очсон. Тэр хайч том өрөөний үүдний шургуулгад байсныг гаргаж ирсэн ба 10 гаран хоног гэрийн цонхны хэсэгт байгаад байсан. Би мэдүүлэгтээ тухайн үед хайч цонхны тавцан дээр байхад нь хараад очоод авсан гэж мэдүүлсэн боловч эхний байцаалтад сандарсан, согтолттой байсан. Мэдүүлэгтээ цонхны тавцан дээр байсан, тэгээд гар хүрээд авсан гэж хэлсэн. Тэгэхэд мөрдөгч “намайг өөрөө очоод авсан юм биш үү гэж” асуусан. Би цонхны тавцан дээр байсан, тухайн үйл явдал богино хугацаанд болсон, би сандраад хойшоо болохдоо миний гарт баригдсан гэж хэлсэн. Тухайн өдөр гэгээтэй байх үед Мөтэй архи ууж сууж байхдаа цонхон дээр байгааг анзаарсан байх гэж мэдүүлэг өгсөн. Намайг гарын үсгээ зур гэхэд нь би эхний хэдэн мөрийг хараад үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж гарын үсгээ зурсан. Сүүлд хэргийн материалтай танилцахад намайг очиж авсан гэж бичсэн байсан. Тухайн өрөө нь том өрөө байсан боловч цонхны тавцантай залгуулаад буйдан байсан. Гараа сунгахад хүрч байсан. Би хүн алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, архи ууж, эрдэнэт хүний амь насыг хохирсондоо уучлалт гуйж байна. Манай аав Дархан аймагт амьдардаг. Аав маань хүнд өвчтэй. Хохирлын 14 832 299 төгрөгийг үнийн дүнг хүлээн зөвшөөрч байх боловч хохирлыг одоо төлөх боломжгүй. Хоригдож байх хугацаандаа ажил хийж төлнө. Талийгаач намайг хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж, эхлээд над руу хоёулаа зодолдъё гээд цамцаа тайлаад дайрсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ч.Э мэдүүлэхдээ:

Би хэргийн материалтай танилцаж, хэргийн газрын үзлэгийн зургийг харсан. Гэтэл өнөөдөр шүүгдэгч өөр зүйл ярьж байна. Хэргийн материалд авагдсан зурагт гар хүрээд хайчийг авчих зай байгаагүй. Манай ахыг хутгалчхаад түргэн дуудаагүй, анхны тусламж үзүүлээгүй, хаяад зугтсан.

Талийгаач нь миний төрсөн ах юм. Түүний ард бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдралын асуудал яригдаж байна. Энэ хэргээс болж ээж маань хүнд байдалтай болж, эрүүл мэндийн хувьд хэцүү болсон. Хэрэг болсон өдрөөс хойш энэ хүн нэг ч удаа утасдаж асууж, сураглаж яриагүй. Би түүнийг анх цагдаагийн газарт баригдсан байхад очиход хэлж байсан зүйл нь өнөөдөр ярьж байгаа мэдүүлгээс нь зөрүүтэй байна. Худал мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна. Хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгсөн боловч нийн дүнг сайн мэдэхгүй байна. Талийгаачийн ажил явдалд оролцохоор манай ах Энхбат Солонгос улсаас явдал болох өдрийн шөнө ирсэн нь үнэн. Хэрэгт түүний 9 дүгээр сарын 13-ны өдрийн нислэгийн тийз байгааг байгааг мэдэхгүй байна. Үүнийг манай эгч бүрдүүлж өгсөн. Оршуулгын зардалд  14 сая төгрөг нэхэмжилж байгаа. Гомдолтой байна гэв.

            Мөрдөн байцаалтад гэрч-А.Ма мэдүүлэхдээ:

            Намайг анх дуудлагын дагуу тухайн айлд ирэхэд нэг өндөр залуу хаалга тайлсан бөгөөд дуудлагын дагуу ирснээ хэлэхэд тухайн өндөр залуу нь “дуудлага өгөөгүй” гээд хаалгаа хаасан. Тэгээд дахин хаалгыг нүдэхэд хаалга онгойлгож өгөхөөр ороход зочны өрөө буюу том өрөөнд нэг ухаангүй байдалтай 48 орчим насны эрэгтэй хүн орох хэсгийн хаалганы урд матрасны хажууд хэвтэж байсан бөгөөд түүний баруун талын матрас дээр 2 согтуу залуу сууж байсан бөгөөд хаалга нээж өгсөн залуутай нийлээд гурван эрэгтэй байсан ба тухайн залуучуудаас хутгалсан хүн нь хэн бэ, хэзээ хутгалсан талаар нь асуухад тэд нар “хутгалсан хүн нь гараад явсан, 30 орчим минутын өмнө хутгалсан” гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 27-28 дугаар хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Мя мэдүүлэхдээ:

            2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 30 минутын үед манай найз Эрдэнэбатын А гэх залуу миний 89441515 дугаарын утас руу 99502775 дугаарын утаснаас хэд хэдэн удаа залгаад байхаар нь надаас архи дарс гуйж байна гэж бодоод утсаа авахгүй байж байгаад сүүлд нь утсаа аваад ярьсан чинь А нь танай орцны чинь гадаа байна, чи гараад ирээч ярих юм байна, би хүн хутгалчихлаа, намайг тайвшруулаад өгөөч гэхээр нь би ач холбогдол өгөөд ганцаараа гадагш гарсан чинь манай орцны хажуу орцны үүдэнд А нь ганцаараа сууж байхаар нь очиж уулзсан. А нь тухайн үедээ орцны довжоон дээр суусан, Монгол стандарт нэртэй архи барьчихсан хажуудаа цүнхтэй зүйл тавьсан байсан. Ингээд би Аод хандаж “чи архи уугаад л байна уу, хэдэн сар архи ууж байна” гэх мэтээр зандрангуй байдлаар хэлээд, юу болов гэж асуусан чинь “би хүн хутгалчихлаа, пизданууд оролдоод, зүрхнийх нь хажууд ганц л хатгасан” тэгээд утсаараа 102, 103 дугаарын утас руу залгаад хутгалуулсан хүн 60 айлын 59 тоотод байгаа, писда амьд л байгаасай гэх мэтээр хэлж дуудлага өгч чадахгүй байсан бөгөөд дуудлагыг нь хүлээж авахгүй, хүн ойлгохоор ярихгүй байсан. Тэгээд л архинаасаа уугаад би Дархан руу маргааш явж болохгүй, Дархан руу л буцмаар байна хэд хоног бүгж байгаад Дархан руу явмаар байна гээд байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 30-31 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Эн мэдүүлэхдээ:

            Би 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 09 цагийн үед Энхжаргал ах над руу 99419271 дугаараас залгаад “Санжаа ахын гэрт хүрээд ир” гэхээр нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 41 дүгээр байрны 3 дугаар орцны 2 давхарт зүүн гар талаасаа 2 дахь хаалганд Санжаа ахынд очсон. Намайг очиход Санжаа ах, Энхжаргал ах 2 гэрт нь элэг шараад, 1 шил 0,33 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Тэгээд тэр архинаас нь би 1 татаад гурвуулаа гараад Барилгын 7-н байранд Улаанаа гэх ахынд орсон. Замаасаа Энхжаргал ах дэлгүүрээс 1 шил архи аваад очсон. Тэнд Цоодол, Цэцэгмаа, Улаанаа нар байсан. Тэгээд бид нар 1 шил 0.75 литрийн архи аваад хувааж ууцгаасан. Тэгээд бүгдээрээ гараад Энхжаргал ах бид 2 Төмөр Замын дээд сургуулийн сааданд юм яриад орой 19 цаг хүртэл суусан. Тэгээд буцаад 41 дүгээр байрны гадаа очиход Энхжаргал ах “10 000 төгрөг байна, 1 юм аваад уучих уу” гээд дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн архи аваад сааданд ууж байхад таньдаг Лх ирээд гурвуулаа хувааж уусан. Тэгээд юм ярьж, сууж байгаад Энхжаргал ах хонох газар байхгүй, дахиад орцонд хононо гэхэд Лх манайд очъё гээд Ганданд байдаг 60-н айлын 1 дүгээр байрны 59 тоотод Лхгийн гэрт ирсэн. Гэрт нь ороход хамт ажиллаж байсан Мө, зүс таних А гэх залуутай архи уугаад дууссан байдалтай халамцуу сууж байсан. Тэгээд Энхжаргал ах, А нар орон дээр суугаад хоорондоо юм яриад суугаад байсан. Миний ам цангаад, босоод ариун цэврийн өрөө орж крантнаас ус уучхаад буцаад ороод ирэхэд Лх босоод ирсэн Аын баруун гарыг барьсан, А баруун гартаа хутга шиг хайч барьсан байхаар нь би хайчийг нь булааж аваад үүд рүү шидсэн. Тэгэхэд Энхжаргал ах орон дээр, харин Мө газар сууж байсан. Тэгэхэд А гүйгээд хаалгаар гараад явсан. Би 00-н өрөө орж, бие засаад гараад ирэхэд Энхжаргал газар шалан дээр унасан, цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би “Энхжаргал ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд Лх, Мөнх- Эрдэнэ рүү уурлаад “чиний дагуулж ирсэн хүн чинь дандаа гай болж байх юм” гээд маргалдаад байсан. Тэгээд би Энхжаргал ахын куртикний энгэрийг яраад, цамц, подволкийг нь ураад, гар нүүрийн алчуурыг усаар норгож байгаад цээжин дээр нь тавьсан. Тэгээд удалгүй гаднаас түргэн орж ирээд Энхжаргал ахад тариа, дусал хийгээд, өргөөд гаргаад өгөөч гээд түргэний эмч залуутай өргөөд коридорт гаргахад, түргэний эмч нар өөрсдөө өргөөд гаргасан. Тэгээд гаднаас цагдаа нар орж ирээд Лх, Мө бид гурвыг аваад гарсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 33-34 дүгээр хуудас)

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Б.Лх мэдүүлэхдээ:

            2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 19-20 цагийн үед Энхжаргал, Эн бид гурав Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 41 дүгээр байрны гадна уулзсан. Би өөрөө архи уучихсан байдалтай, харин Энхжаргал, Эн нар нь тухайн байрны гадаа уугаад сууж байсан. Тэгээд бид гурав Хараа нэртэй 0.33 литрийн архи хувааж уугаад, манай гэр буюу Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол 16 дугаар хороо, 1/60-59 тоотод очсон. Би Мө гэх найзынхаа хамт амьдардаг байсан бөгөөд Мөнх-Эрдэнийн дүү гэх Э.А нь Мө бид хоёртой 2-3 хоносон байсан юм. Тэгээд Энхжаргал, Эн бид гурав манай гэрт 21 цагийн үед очиход Э.А, Мө нар байсан бөгөөд бид нар юм яриад сууж байхад Энхжаргал, Э.А нар нь хоорондоо маргалдаад гэнэт Э.А нь хаанаас ч юм хар өнгийн иштэй хайч гаргаж ирээд, Ч.Энхжаргалын зүрхэн талд нь дүрсэн. Тэгээд Э.А гэрээс гараад зугтаагаад явсан. Тэр хооронд Ч.Энхжаргалын цээжнээс их цус гараад, түүнийг нь тогтоох гээд байж байхад түргэн тусламж ирсэн. Түргэн тусламжийг хэдэн цагт орж ирснийг мэдэхгүй, үйл явдал болсноос хойш ойролцоогоор 20-25 минутын дараа ирсэн байх. Түргэн тусламжийн эмч нар Ч.Энхжаргалын биеийг үзээд хүнд байна гээд авч гарах гэтэл насилк нь коридороор багтахгүй байхаар нь Эн, Ч.Энхжаргалыг үүрээд эмнэлгийн машинд хэвтүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 38-39 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Мө мэдүүлэхдээ:

            Лхагваагийн гэрт унтаж байхад Энхжаргал /Энжи/, Эн /Серелион Төрөө/ нар гаднаас орж ирсэн. Тэгээд Лх гаднаас 2 шил 0.75 литрийн Хараа архи авчирсан ба бид нар тавуулаа авчирсан архийг нь хувааж уусан юм. Би хөл муутай учраас газарт гудас дэвсээд хэвтэж байсан ба Лх, А, Эн, Энхжаргал нар зэрэгцээд богино ор шиг юм байдаг, түүн дээр сууцгааж байсан. Нэг өндийгөөд харсан чинь А, Энхжаргал хоёр хоорондоо маргалдаад байсан. Би газарт гудсан дээр хэвтэж байсан учраас ширээний цаанаас юу болоод байгаа нь харагдаагүй юм. Би больцгоо гэж хэлээд хэвтэж байсан. Тэгсэн чинь нөгөө хэд чинь хүүе хаая болоод явчихсан. Гэтэл Энхжаргалын царай нь сонин болж, царай нь хүрэнтээд, ам нь ангайсан газар сууж байсан. Тэгэхэд Энхжаргалын цээжний дээд хэсэгт А ширээн дээр байсан хайч шиг зүйлээр хатгачихсан байсан. Тэгээд юу болж байна аа гэхэд А юу юугүй хурдан жижиг өрөөнөөс цүнхтэй хувцсаа аваад гараад гүйчихсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 43 дугаар хуудас)

 

2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг цогцос нь 167 см урттай, толгойдоо 7 см буурал орж буй хүрэн шаргал өнгийн үстэй, доод эрүү, баруун, зүүн шанаагаар 0.5 см, дээд уруул 0.3 см цагаан сахалтай, гадна эрхтэн бүрэн, булчин болон арьсан доорх зөөлөн эдийн хөгжил зөв 48 настай гэх эрэгтэй хүний цогцос байна. Цээжний зүүн талд эгэмээс доош 6.7 см 4x1.4 см урттай, зах ирмэг нь тэгш, шархыг шалгахад дээрээс доошоо, зүүнээс баруун тийш чиглэлтэй 9.5 см гүн, зүүн талын зах ирмэг нь мохоо, баруун талынх нь хагас дугуйрсан шархтай. Уг шархны ойролцоо 9x4 см захаасаа шаргал ногоон туяатай бүдэг хөхөлбөр ягаан өнгийн зүүн хөхний дотор хэсэгт 8x1.5 см шаргал туяатай бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн тохойны урд уян зүүтэй, баруун өвдөгний доор 0.5x0.1, зүүн шилбэний урд дээд хэсэгт 1.8x0.5, 0.2x0.5 см ягаан өнгийн хуучны зулгаралттай, нас бараад 4-5 цаг болж байна, өөр гэмтлийн шархгүй байв гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 57-58 дугаар хуудас)

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цогцост хийсэн 1599 дугаар дүгнэлтэд:

1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680 мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлийг авсан даруйд богино хугацаанд хөдөлгөөн хийх боломжтой ба цагийг нарийвчлан тогтоохгүй.

4. Талийгаач нь дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, судас гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.

5. Талийгаач нь В бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд 3.5 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтыг харуулж байна. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна.

7. Талийгаачид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 64-65 дугаар хуудас)

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 767 тоот дүгнэлтэд:

1. Э.А нь архины шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэг, хараат байдал сэтгэцийн эмгэгтэй байна.

2. Э.Аын дээрх эмгэг нь олдмол эмгэг байна.

3. Э.А нь хэрэг хариуцах чадвартай байна.

4. Э.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирдон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна.

5. Э.А нь өмнө нь Архины шалтгаант дэмийрэл бүхий үгүйлэх хам шинжээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт 2020 оны 9 дүгээр сарын 05-наас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний хооронд 9 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх өвчний түүх байна. Харин СЭМҮТ-д хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.

5. Э.А үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас,174 дүгээр хуудас)

 

2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1/60 айл байрны 3 дугаар орцны 5 давхрын 59 тоот байх ба уг байр нь ертөнцийн зүгээр Гандангийн баруун урд байрлах таван давхар шар өнгийн, доод нэг давхрын хэсэг нь бор өнгөтэй ертөнцийн зүгээр баруун зүгт харсан 3 орцтой байр байх ба уг байрны 3-41-60 гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хаалгаар орж дээш шатаар 5 давхарт өгсөж гарахад ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан 59 гэсэн бичиглэлтэй бор модон хаалга байх ба хаалганы цоожинд ямар нэг эвдрэл гэмтэлгүй, хаалга дотроос гадагш чиглэлтэй онгорхой байх ба түүний дотор гаднаас дотогш чиглэлтэй онгойсон бор модон хаалга байх ба хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа. Уг хаалгаар дотогш нэвтэрч ороход зүүн зүгт харсан 2 өрөөтэй, урд зүгт харсан нэг өрөөтэй байлаа. Тухайн 1/60 дугаар байрны нар зөв бүтэн тойрч үзэхэд байрны зүүн урд булангаас зүүн тийш 3 метр 80 см, хойд зүгт 3 метр 20 см зайд хар цэнхэр өнгийн бариултай хайчны нэг гуя байх бөгөөд ажлын хэсгийн урт нь 11.5 см, бариул нь 20.5 см байх тул хураан авав. Гарын мөр илрүүлэх зорилгоор хэрэг учрал болсон гэх газрын том өрөөний гол хэсэгт байх архины шилнээс 4 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авав гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 6-10 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Э.А нь Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 137/а дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар өмнөх ялтай нэмж, нэгтгэн 3 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар,

Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 1 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 08-ны орой 21 цагийн орчимд Баянгол дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн 1/60 дугаар байрны 59 тоотод амь хохирогч Ч.Энхжаргалтай маргалдан, улмаар түүний цээжин тус газар хайчны нэг талын гуя хэсгээр дүрснээс цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680 мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Ч.Энхжаргал нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч судас гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг,

 

гэрч А.Ма-ийн

            ...зочны өрөө буюу том өрөөнд нэг ухаангүй байдалтай 48 орчим насны эрэгтэй хүн орох хэсгийн хаалганы урд матрасны хажууд хэвтэж байсан бөгөөд түүний баруун талын матрас дээр 2 согтуу залуу сууж байсан бөгөөд хаалга нээж өгсөн залуутай нийлээд гурван эрэгтэй байсан ба тухайн залуучуудаас хутгалсан хүн нь хэн болох мөн хэзээ хутгалсан талаар нь асуухад тэд нар “хутгалсан хүн нь гараад явсан, 30 орчим минутын өмнө хутгалсан” гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн зүйл яриагүй,

 

            гэрч С.Мя-ын

            ...А нь танай орцны чинь гадаа байна, чи гараад ирээч ярих юм байна, би хүн хутгалчихлаа, намайг тайвшруулаад өгөөч гэхээр нь би ач холбогдол өгөөд ганцаараа гадагш гарсан чинь манай орцны хажуу орцны үүдэнд А нь ганцаараа сууж байхаар нь очиж уулзсан. А нь тухайн үедээ орцны довжоон дээр сууж, Монгол стандарт нэртэй архи барьсан хажуудаа цүнхтэй зүйл тавьчихсан байсан. Ингээд би Аод хандаж чи архи уугаад л байна уу, хэдэн сар архи ууж байна гэх мэтээр зандрангуй байдлаар хэлээд юу болов гэж асуусан чинь “хүн хутгалчихлаа, пизданууд оролдоод, зүрхнийх нь хажууд ганц л хатгасан” тэгээд утсаараа 102, 103 дугаарын утас руу залгаад, хутгалуулсан хүн 60 айлын 59 тоотод байгаа, писда амьд л байгаасай гэх мэтээр хэлж дуудлага өгч чадахгүй байсан бөгөөд дуудлагыг нь хүлээж авахгүй, хүн ойлгохоор ярихгүй байсан,

 

            гэрч Ц.Эн-ийн

            ...Миний ам цангаад, босоод ариун цэврийн өрөө орж крантнаас ус уучхаад буцаад ороод ирэхэд Лх босоод ирсэн, Аын баруун гарыг барьсан, А баруун гартаа хутга шиг хайч барьсан байхаар нь би хайчийг нь булааж аваад үүд рүү шидсэн. Тэгэхэд Энхжаргал ах орон дээр, харин Мө газар сууж байсан. Тэгэхэд А гүйгээд хаалгаар гараад явсан. Би 00-н өрөө орж бие засаад, гараад ирэхэд, Энхжаргал газар шалан дээр унасан, цээжний зүрхэн талаас нь цус гараад байхаар нь би “Энхжаргал ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж хэлэхэд Лх Мөнх- Эрдэнэ рүү уурлаад “чиний дагуулж ирсэн хүн чинь дандаа гай болж байх юм” гээд маргалдаад байсан. Тэгээд би Энхжаргал ахын куртикний энгэрийг яраад, цамц, подволкийг нь ураад, гар нүүрийн алчуурыг усаар норгож байгаад цээжин дээр нь тавьсан. Тэгээд удалгүй гаднаас түргэн орж ирээд Энхжаргал ахад тариа, дусал хийгээд, өргөөд гаргаад өгөөч гээд түргэний эмч залуутай өргөөд коридорт гаргахад, түргэний эмч нар өөрсдөө өргөөд гаргасан,

 

            гэрч Б.Лх-гийн

            ...Энхжаргал, Э.А нар нь хоорондоо маргалдаад гэнэт Э.А нь хаанаас ч юм хар өнгийн иштэй хайч гаргаж ирээд Ч.Энхжаргалын зүрхэн талд нь дүрсэн. Тэгээд Э.А гэрээс гараад зугтаагаад явсан. Тэр хооронд Ч.Энхжаргалын цээжнээс их цус гараад түүнийг нь тогтоох гээд байж байхад түргэн тусламж орж ирсэн,

 

гэрч Б.Мөнх-Эрдэнийн

            ...А, Энхжаргал хоёр хоорондоо маргалдаад байсан. Би газарт гудсан дээр хэвтэж байсан учраас ширээний цаанаас юу болоод байгаа нь харагдаагүй юм. Би больцгоо гэж хэлээд хэвтэж байсан. Тэгсэн чинь нөгөө хэд чинь хүүе хаая болоод явчихсан. Гэтэл Энхжаргалын царай нь сонин болоод, царай нь хүрэнтээд ам нь ангайсан газар сууж байсан. Тэгэхэд Энхжаргалын цээжний дээд хэсэгт А ширээн дээр байсан хайч шиг зүйлээр хатгачихсан байсан. Тэгээд юу болж байна аа гэхэд А юу юугүй хурдан жижиг өрөөнөөс цүнхтэй хувцсаа аваад гараад гүйчихсэн гэсэн мэдүүлгүүд,

 

...талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680 мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач нь дээрх цээжний зүүн хөндий рүү нэвтэрч судас гэмтээсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Дээрх гэмтлийг авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр цогцост хийсэн 1599 тоот дүгнэлт,

 

...хаалгаар дотогш нэвтэрч ороход зүүн зүгт харсан 2 өрөөтэй, урд зүгт харсан нэг өрөөтэй байлаа. Тухайн 1/60 дугаар байрны нар зөв бүтэн тойрч үзэхэд байрны зүүн урд булангаас зүүн тийш 3 метр 80 см, хойд зүгт 3 метр 20 см зайд хар цэнхэр өнгийн бариултай хайчны нэг гуя байх бөгөөд ажлын хэсгийн урт нь 11.5 см, бариул нь 20.5 см байх тул хураан авав гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Шүүгдэгч нь амь хохирогчийн цээжин тус газар нь хайчны нэг талын хэсгийг ашиглан зоож, цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, дээд хөндийн хураагуур судас гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх цусан хураа /1680мл/, үнхэлцэг хальсанд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан,

уг цээжний зүүн хөндий рүү нэвтэрч судас гэмтээсэн хүнд гэмтлийн улмаас талийгаач нь цочмог цус алдаж нас барсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн үйл баримттай тохирч байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт гаргасан ба шүүгдэгч  болон түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэргийн улмаас оршуулгын зайлшгүй зардалд 14 842 299 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн ба талийгаач ахыг оршуулахын өмнөх шөнө миний төрсөн ах Ч.Энхбат, эхнэр Д.Ариунжаргалын хамт онгоцоор ирсэн гэж онгоцны тийзийн зардалд 6 399 200 төгрөг нэхэмжилж байна.

Амь хохирогч 2021 оны 8 дугаар сарын 08-ны орой нас барсан, түүний ажил явдал 8 сард болсон байхад Ч.Энхбат, Д.Ариунжаргал нар талийгаачийн ажил явдалд оролцохын тулд 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Станбулаас Улаанбаатарт ирсэн 6 399 200 төгрөгийн нислэгийн тийзийн баримт энэ хэрэгт хамаарахгүй байх тул уг төлбөрийг шүүгдэгчээр төлүүлэх боломжгүй. Харин тэдний 2021 оны 8 дугаар сард гадаадаас ирсэн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Иймд оршуулгын ажилд гарсан зайлшгүй зардал 8 443 099 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, оршуулгын зардлыг төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хэрэг болсны дараа амь хохирогчийн цусанд 3.5 промилли спиртийн зүйл илэрсэн, мөн шүүгдэгч 2.87%-ийн согтолттой байсан нь тогтоогдсон ба тэдний архидан согтуурсан нь  гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хайчны 1 ширхэг гуя хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй.

 

Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ НЬ:

 

            1. А-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Аыг 12 жилийн (арван хоёр) хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э.Аод оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар Э.А-оос гэм хорын хохиролд 8 459 599 төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-од олгосугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нь онгоцны тийзтэй холбоотой зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.А-ын 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хайчны 1 ширхэг гуяыг устгасугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.ОЮУН

 

 

                                    ШҮҮГЧИД                                А.АЛТАНХУЯГ

 

 

                                                                                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ