Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/697

 

 

 

 

 

 

 

 

2021             11            04                                    697

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч: Ч.Мө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, уурхайд оператор ажилтай, сард 1 300 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан.

 

Шүүгдэгч Ч.Мө нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд Ц.Жатой замын хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр буруу эзэлснээс болж маргалдаж, хохирогчийн машины хаалгыг онгойлгон хөлөөрөө жийсний улмаас халуун савтай цай асган түүний биед баруун, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мө мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогч Жа туслах замаас орж ирэхээр нь би эхлээд зам тавьж өгсөн. Гэтэл дахиад хажуугаас шахаад, хажууд тулж орж ирээд хэл амаар доромжилж орилоод байсан. Замын хөдөлгөөнд хүлээцтэй хандаж, оролцоогүй нь миний буруу. Хохирогчид хохиролд 250 000 төрөг төлсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Жа мэдүүлэхдээ:

Би 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд 10 дугаар хорооллоос И март худалдааны төв рүү өгсөөд И март худалдааны төвийн баруун орох хаалга өнгөрөөд өөрийн 4161 УНЕ улсын дугаартай, “Адиа” загварын тээврийн хэрэгслээ жолоодоод замын хөдөлгөөнд оролцоод, 1 дүгээр эгнээгээр явж байтал уг эгнээнд машинууд тавьчихсан байсан учир хоёрдугаар эгнээ рүү дохио өгөөд орж байтал хар өнгөтэй “Старекс” загварын тээврийн хэрэгсэл дуут дохио өгөөд чихээд ороод ирсэн. Тэгэхээр нь би “сүртэй писдаа вэ” гэсэн чинь миний урд зам хашиж зогсоод бууж ирээд миний буруу талын хаалгыг уг “Старикс” машиныг жолоодож байсан залуу татаж онгойлгоод, хаалганаас гараараа барьж байгаад над руу баруун хөлөөрөө 3 удаа жийгээд, 2 жийлт нь миний гуя хэсэгт хөнгөн ирсэн. Харин гурав дахь жийлт нь миний машины голд байсан халуун савтай цайг өшиглөж хагалаад уг халуун цай над руу асгарч би түлэгдсэн. Тэгээд халуун цай асгарахад сандраад урагшаа хөдлөөд нөгөө залуугийн старекс машиныг араас нь мөргөсөн. Тэгсэн нөгөө залуу машиндаа суугаад машинаа бага зэрэг урагшлуулаад бууж ирсэн. Тэгэхээр нь би “ахаа хөл түлэгдчихлээ, цагдаа дуудъя” гэсэн чинь нөгөө ах шууд машинаа бариад яваад өгсөн. Тэр үед арын машины эгч ирэхээр нь би халуун цай асгараад түлэгдчихлээ гэсэн чинь машинаасаа 5 литрийн савтай хүйтэн ус авч ирж гуя руу хийж өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Эмчилгээ хийлгэхэд 250 000 төгрөгийн зардал гарсан. Ч.Мө 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 250 000 төгрөг шилжүүлж, миний хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан. Одоо надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7460 тоот дүгнэлтэд:

1. Ц.Жа-ийн биед баруун, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Мө нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 360 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Ч.Мө нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд замын хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр буруу эзэлснээс болж, Ц.Жа-той маргалдаж, хохирогч Ц.Жа-ийн машины хаалгыг онгойлгон хөлөөрөө жийсний улмаас халуун савтай цай асган түүний биед баруун, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Жа-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 7460 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Мө-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд Ч.Мө-аас 250 000 төгрөгийн хохирол авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Ч.Мө-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цагаан-Уул овогт Чимэдийн Мө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мө-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ч.Мө-т даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Мө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Мө цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мө-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН