Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/740

 

 

 

 

 

 

 

 2021         11            19                                     740

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э-т холбогдох эрүүгийн 210500000187 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн 1979 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Булнай суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 11-12 насны 2 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.

 

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарын борлуулалт үйлчилгээний ажилтны төлбөр тооцооны алдаатай хийсэн 410 000 төгрөгийн гүйлгээг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Хаан банкинд бага хэмжээнээс дээш буюу 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Э мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Орой над руу банкнаас залгахад нь илүү мөнгө авсанаа мэдсэн. Тэр үед түрээсийн байрны мөнгө өгөөд, нүүдэл суудал хийгээд үрсэн байсан. Мөнгө илүү гараад байхаар нь мэдсэн. Хохирлын мөнгийг өнөөдөр хохирогчид өгөх гээд авчирсан. Хохирлын мөнгийг гар утсаа ломбардад  тавиад зээл аваад авчирсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Т мэдүүлэхдээ:

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны Сонсголон салбарын тооцооны төв дээр ажлаа хийгээд байж байтал 10 цаг 43 минутанд Г.Э гэх харилцагч орж ирээд өөрийнхөө 5064549427 тоот данснаасаа мөнгө шилжүүлээд мөнгө авъя гэсэн. Тэгээд би шилжүүлгийг хийгээд бэлнээр авах 419 000 төгрөгийг өгөхдөө 10 000 төгрөгийн дэвсгэрт 41 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэгийг өгөх гэж байгаад мөнгөн дэвсгэртээ андуураад 20 000 төгрөгийн дэвсгэрт 41 ширхэг буюу 820 000 төгрөг дээр нь 1000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг буюу нийт 829 000 төгрөг андуурч өгч явуулаад тухайн үедээ мэдэхгүй байж байгаад орой нь ажил тарах дөхөөд касс тоолохдоо 17 цагийн үед мэдсэн. Тэгээд уг гүйлгээ хийсэн харилцагч Г.Эийн 80020190 дугаарын утсанд хэд хэдэн удаа залгахад огт авахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа нэг эрэгтэй хүн аваад эхнэр гараад явчихсан байна, орж ирэхээр нь яриулая гэж хэлээд хэсэг хугацааны дараа холбогдоход илүү мөнгө өгсөн байна гэхэд үрчихсэн, буцааж өгнө гэсэн. Тэгээд би дахин 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр холбогдоход сарын сүүлээр өгнө гэж хэлээд өгөхгүй байхаар нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Манай байгууллагад нийт 410 000 төгрөгийн хохирол учирсан байсан. Энэ талаар хяналтын камерын бичлэг байгаа. Хохирлын мөнгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг бичлэгийг тоглуулж эхлүүлэхэд камерын бичлэгт яллагдагч Г.Э нь гар утсаа оролдоод сууж байх бөгөөд эсрэг талд банкны ажилтан мөнгө тоологч машинд мөнгө хийхэд 40 ширхэг гэсэн тоо гарч араас нь дахин мөнгө хийхэд 41 гэсэн тоо гарч байх бөгөөд уг мөнгөө авч дахин мөнгө хийхэд 41 гэсэх тоо гарч байх бөгөөд араас нь дахин мөнгө хийхэд 11 гэсэн тоо гарч байх бөгөөд уг мөнгөө авч дахин хийхэд 9 гэсэн тоо гарсан бөгөөд банкны ажилтан 9 ширхэг мөнгөө аваад ахин мөнгө хийхэд 41 гэсэн тоо мөнгөний машин дээр гарав. Тэгээд банкны ажилтан Г.Эт шар өнгийн банкны цаас өгөөд араас нь мөнгө өгөөд түүний араас зурагтай лавлагаа өгөөд Г.Э мөнгөө тоолохгүй авч, босож явж байв гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбарын борлуулалт үйлчилгээний ажилтан А.Ты төлбөр тооцооны алдаатай хийсэн 410 000 төгрөгийн гүйлгээг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас Хаан банкинд бага хэмжээнээс дээш буюу 410 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Ты мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Г.Э нь хохирогчид шүүхийн хэлэлцүүлэгт 410 000 төгрөгийг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э-ийг алдаатай гүйлгээний улмаас бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 1 (нэг) сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Г.Э зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Г.Э нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН