Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/838

 

 

 

 

 

 

 

2021           12            14                                       838   

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч: Г.Ба, түүний өмгөөлөгч Р.Мөнхтариа /2605/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 2105000001712 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Доня” ХХК-д зөөгч, бармен ажилтай, сард 420 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, хамтран амьдрагч, хоёр хүүхдийн хамт,

2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн эдлэж дууссан, Ба.

 

Шүүгдэгч Г.Ба нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 47 тоотод байрлах нийтийн байрны 02 тоот өөрийн гэртээ архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Саын толгойн дагз руу аяга шидэж, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн өдөр 21 цагийн үед гэртээ дуудлагаар ирсэн хууль сахиулагч хохирогч Ц.Мөыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гарыг нь хазах байдлаар хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн Ц.Мөын биед зүүн шуунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ба мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Сат 30 000 төгрөг, хохирогч Ц.Мөд 500 000 төгрөг төлж, хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Манай том хүүхэд 6 дугаар анги,  бага  хүүхэд 4 дүгээр ангид тус тус сурдаг. Хохирогч нар цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилбэл төлбөрийг төлнө. Улсын яллагчтай тохиролцсон зорчих эрхийг хязгаарлах ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -А.Са мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний бие ажлаа тараад байж байтал манай найз От над руу залгаад хаана байгаа юм гэхээр нь би ажлынхаа гадаа байна гэтэл яваад очъё гээд От бид хоёр манай ажлын гадаа уулзтал От намайг машинаа барьчих, найз нь жоохон архи уух гэсэн юм гэхээр нь би зөвшөөрсөн. От машин дотор нэг шил Хараа нэртэй архийг ганцаараа уугаад, би машиныг нь бариад бид хоёр хороолол ороод Отын найз болох Идыг гэрээс нь очиж аваад, бид гурав Отын машинд нь Отын ууж байсан архийг нь хувааж уугаад, От дахиад нэг шил архи нэмж аваад уусан. Би Отын гэрт ороод, буцаж гарч ирэхдээ Отын эхнэр Батой хамт гарч ирээд, бид дөрөв Отын гэрт нь ороод үргэлжлүүлэн архиа ууж байтал Ба надад хандаж, “танай найзууд бүгд намайг оролддог” энэ тэр гээд агсам тавиад байхаар нь би хэрэлдээд байж байтал От эхнэрээ өмөөрөөд, намайг газар унагаагаад, миний толгой руу гараараа цохихоор нь би гараараа толгойгоо хамгаалсан. Тухайн үед хамт архи ууж байсан Ид, Отыг надаас салгахад Ба миний толгой руу одоо миний санаж байгаагаар аягаар цохитол миний толгойны дагз хэсэг хагараад цус гарахаар нь би цагдаад дуудлага өгөөд, дуудлагын дагуу хоёр цагдаа ирсэн. От, Ид нарыг цагдаагийн газар руу авч явах гэтэл Ба нь От, Ид нарыг явуулахгүй гээд цагдаа нартай ноцолдож, шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Цагдаа намайг ГССҮТөв рүү очиж толгойгоо эмчлүүлчихээд цагдаагийн газар буцаж ирэхийг зөвлөхөөр нь би ганцаараа ГССҮТөв орж толгойдоо 1 оёдол тавиулчихаад удалгүй цагдаагийн газар иртэл дуудлагын дагуу очсон цагдаа нарын нэгнийх нь гарыг Ба хазсан гэж байсан.

Манай найз Отын эхнэр Ба нь миний толгой руу шаазан аягаар нэг удаа цохиж, гэмтэл учруулсан. Би эмнэлгийн байгууллагад хандаагүй бөгөөд надаас ямар нэг зардал мөнгө гараагүй. Надад цаашид хийлгэх шаардлагатай эмчилгээ байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 32, 86 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч -Ц.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих хугацаанд миний бие Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хороодод авто эргүүлийн Бэгэр-114 чиглэлд үүрэг гүйцэтгэсэн ба 21 цаг өнгөрч байх үед Бэгэр-10 буюу жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Мөнхбатаас Бэгэр-112 чиглэл, дуудлага мэдээлэл шалгах явцдаа согтуу хүмүүс шаардлагыг нь биелүүлэхгүй байгаа тул манай чиглэлийг нэмэгдлээр очиж ажиллах үүрэг чиглэл өгсний дагуу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 619 дүгээр худгийн хажууд байрлах нийтийн байранд очиход дэслэгч Мөнх-Эрдэнэ, дэд ахлагч Наранбат нар нь тус нийтийн байрны гадна зогсож байсан. Би юу болсон талаар асууж тодруулахад тухайн нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн байгаа бөгөөд эмэгтэй нь шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэх үйлдэл гаргаж байгаа талаар хэлэхээр нь би болон дэслэгч Мөнх-Эрдэнэ, дэд ахлагч Наранбат, дэд ахлагч Ганбаяр нарын хамтаар орж зөрчил гаргасан гэх хоёр эрэгтэй хүнийг нь авч явах гэтэл тухайн хоёр эрэгтэй хүнтэй хамт байсан согтуу эмэгтэй нь бид нарын авч явах гэж байсан хоёр эрэгтэй хүнийг өгч явуулахгүй гэж бид нарыг “гөлөг, пизда” гэх мэт үг хэлээр доромжилсон. Улмаар миний хувцаснаас зууралцаж байгаад арай хийж нөгөө хоёр эрэгтэй хүнийг нь аваад коридорт гаргатал нөгөө эмэгтэй миний зүүн гарын шуунаас шүдээрээ нэлээн удаан хазсан. Тухайн үед тэрхүү нийтийн байранд өөр нэгэн эмэгтэй оршин суугч миний гарнаас хазсан эмэгтэйг надаас салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байж байгаад, арай хийж хазахаа болихоор нь тухайн эмэгтэйг авч явж эмэгтэйчүүдийн эрүүлжлүүлэх байранд хийсэн.

Г.Баоос хохирлын мөнгө 500 000 төгрөг авсан тул гомдол саналгүй гэжээ. (хэргийн 25, 133 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Ид мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 06-ны орой 17 цагийн орчимд миний бие гэртээ байж байтал найз От над руу залгаад намайг гэрийнхээ гадаа гараад ирээч, машин үзүүлэх гэсэн юм гэхээр нь би гэрийнхээ гадаа гартал Са, От хоёр манай гэрийн гадаа машинтай ирчихсэн байсан. Тэр хоёр машинд дотроо нэг шил архийг талд нь ортол хуваагаад уучихсан байсан. Тэгээд би тэр хоёрын машинд суугаад бид гурав хамтдаа үлдсэн архийг нь хувааж ууж дуустал От дэлгүүрээс дахин нэг шил архи худалдаж аваад тухайн архийг нь бид гурав хуваагаад уусан. Са, Отын гэрт нь орж ууя гэтэл От, Сат хандаж, манайх нийтийн байранд амьдардаг учир манай гэр лүү орж архи уугаад дэмий байх гэсэн чинь Са зүгээрээ гэсээр байгаад Отын гэр лүү нь орсо. Удалгүй Отын эхнэр Батой хамт гарч ирээд шалсаар байгаад Отын гэр лүү бид дөрөв орсон. Тухайн үед Отын эхнэр Ба нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байх шиг байсан бөгөөд бид дөрөв От, Са бид гурвын ууж байсан архийг үргэжпүүлэн хамтдаа ууж дуусгаад Ба дахиж дэлгүүр ороод нэг шил архи авчраад нэг, нэг хундага уугаад байж байтал Са, Ба хоёр маргалдаад эхэлтэл От уурлаад Сат хандаж “чи манай гэрийг байнга нийтийн байраар амьдардаг болхоор доромжлоод байгаа юм уу” гэхэд Са “доромжилсон юм байхгүй” гэж хэлтэл От, Саыг гэрээсээ гар гэж хөөгөөд хаалганы гадаа гаргатал Са хаалгыг нь түлхсээр байгаад буцаад ороод иртэл От, Саын нүүр лүү нь гараараа цохиж, газар унагаагаад дээр нь гарч сууж байгаад нүүр лүү нь гараараа цохиод байхаар нь би Отыг Сааас салгаад байж байтал Са газраас босч ирснээ амандаа зажилж байсан бохио шалан дээр хаяснаа намайг тухайн бохийг аваад хаячих гэтэл Ба Сат хандаж “чи манайхыг нийтийн байранд амьдардаг болохоор доромжиллоо, чи ер нь хүн бүрийг дээрэлхэж, доромжиллоо” гэж хэлээд Са луу явж очсон бөгөөд тухайн үед Са газар сууж байсан чинь Ба толгой руу нь ямар нэг зүйлээр цохисон. Би хол байсан болохоор сайн харж чадаагүй, ямар ч байсан Ба, Саын толгой руу нь 2-3 удаа цохиод байхаар нь би Баийг Сааас салгатал Саын толгойноос нь цус урсаад байж байтал гаднаас 2 цагдаагийн алба хаагч орж ирээд болсон үйл явдлын талаар тодруулаад Отыг хэлтэс рүүгээ авч явна гэтэл Ба нөхрийгөө явуулахгүй гээд цагдаа нартай маргалдаж, улмаар хоёр цагдаа болон От нартай зууралдаад байсан чинь нөгөө хоёр цагдаа намайг түрүүлж авч гараад машиндаа суулгасан. Би тухайн үед согтуу байдалтай гадаа салхинд гараад бүр их согтоод зарим зүйлсийг сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эхний орж ирсэн хоёр цагдаа дээр нэмэгдээд хоёр цагдаа ирээд нийт дөрвөн цагдаагийн алба хаагч байсан. Тэгээд тухайн цагдаа нар От бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад эрүүлжүүлэх байр луу авч ирээд, камерт хийсэн гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Минжинсор мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн орчимд манай нийтийн байрны 2 тоотод хүмүүс архидаад, хоорондоо зодолдоод байсан бөгөөд би хэсэг хугацаанд өрөөндөө чимээ сонсож байгаад гэрээсээ гараад иртэл тухайн агсам тавиад, хоорондоо зодолдоод байсан 2 тоот айлд хоёр цагдаагийн алба хаагч ирчихсэн байсан. Тухайн хоёр цагдаагийн алба хаагч тус тоотод согтуу зодолдоод байсан хоёр эрэгтэй хүнийг хэлтэс рүүгээ авч явах гэтэл тус тоотод амьдардаг эмэгтэй нэлээн согтчихсон хамт архи уусан хоёр эрэгтэй хүнээ цагдаа нарт өгч явуулахгүй гээд нөгөө хоёр эрэгтэй болон цагдаа нартай ноцолдож, зууралдаад анх дуудлагаар ирсэн хоёр цагдаа ноцолдоод дийлэлгүй нэмээд хоёр цагдаа дуудаад, дөрвүүлээ хамт 2 тоот руу ороод нэг эрэгтэй хүнийг нь гаргаж ирээд машин дотроо суулгаад буцаж орж ирээд 2 тоотод амьдардаг буюу нөгөө цагдаа нарт өгч явуулахгүй гээд байсан эмэгтэйн нөхрийг цагдаа нар авч явах гэтэл нөгөө эмэгтэй нөхрийгөө цагдаа нарт өгч явуулахгүй гээд хаалгаа хаагаад өөрөө үүдээ таглаж шалан дээр хэвтчихээд босохгүй цагдаа нарт хандаж “намайг цохь, зод, надад хэн дуудлага өгснийг хэл, дуудлага өгсөн хүнээ дууд, пизда” гээд байсан бөгөөд гурван цагдаа нь тухайн эмэгтэйн нөхрийг арай хийж авч гараад анх ирсэн цагдаа нарын нэг нь үлдээд тухайн эмэгтэйг газраас босгоод гэр лүү нь оруулах гэтэл тэр цагдаагийн алба хаагчийн зүүн гарын шуунаас миний санаж байгаагаар 5 орчим минут хазсан бөгөөд би тухайн эмэгтэйг цагдаагийн алба хаагчийн гарнаас нь хазаад тавихгүй байхаар нь цагдаад тусалхаар очоод нөгөө эмэгтэйг хазуулахыг болиулах гэсэн боловч огт чадаагүй. Тэгээд нэмж өөр хүмүүс тус болж байж арай хийж тухайн эмэгтэйг цагдаагийн гарыг хазахыг нь болиулсан. Тэгээд нэмж цагдаа нар орж ирээд нөгөө эмэгтэйг нийтийн байрнаас гаргаад, цагдаагийн машиндаа суулгах гэхэд гарыг нь хазсан цагдаагийн хөлнөөс нь бас хазах шиг болсон гэхдээ би яаг хазсан, үгүйг сайн мэдэхгүй байна. Тэгээд тухайн дөрвөн цагдаа нар 2 тоотоос хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг аваад явсан гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.От мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр миний бие ажлаа эрт тарсан болохоор найз Сатай уулзаад Сааар машинаа бариулаад нэг шил архи аваад тухайн архинаасаа хоёр хундага уучихаад хороолол ороод Идыг гэрийн гаднаас нь очиж аваад Са, Ид бид гурав миний ууж байсан архийг хувааж уугаад дуусчихаар нь би нэмж нэг шил архи аваад манай гэрийн гадаа очоод машинд уугаад сууж байтал Са манай гэр лүү орж байгаад архи ууя гэхээр нь би яах юм бэ, манай эхнэр Ковид-19 тусчихсан байгаа гэсэн чинь Са зүгээрээ танай гэрт оръё гээд шалж байснаа “би шээчихээд ирье” гээд манайх руу орсон. Удалгүй манай эхнэр Баийг дагуулаад гараад ирсэн. Манай эхнэр намайг гэр орондоо орооч гэхээр нь бид нар бөөндөө манай гэрт ороод ууж байсан архиа үргэлжлүүлэн ууж байгаад би нэлээн согтоод хэсэг унтаж байтал манай эхнэр Ба намайг дуудаж сэрээгээд “танай найз Са намайг хэл амаар доромжлоод байна” гэхээр нь хартал Са манай эхнэр Ба, Ид нартай хэрэлдэж байгаад манай эхнэрийг “янхан, гичий” гэх мэтээр доромжлоод байсан. Би тухайн үед тэвчээд Саыг чи зүгээр манай гэрээс явчих гээд гэрээс гаргасан боловч буцаж орж ирээд байхаар нь бид хоёр харилцан бие биенийхээ бие рүү түлхэлцэж байгаад Са намайг цохих гээд далайхаар нь би түрүүлээд түүнийг баруун гараараа, зүүн талын хацар луу нэг удаа цохитол толгойгоо дараад газар суучихаар нь би нуруу руу нь гараараа 2 удаа цохисон. Тухайн үед манай эхнэр Ба хажуу талаас орж ирээд надтай хамт Саын мөр лүү нь гараараа хоёр удаа цохиж байтал Ид намайг Сааас салгаад холдуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хартал Саын толгойноос нь цус гарч байсан бөгөөд би түүнийг гэрээс хөөж гаргаад удалгүй Са хоёр цагдаа дагуулаад манай гэрт орж ирээд тухайн хоёр цагдаа Идыг түрүүлээд авч гараад, дараа нь намайг авч явах гэтэл манай эхнэр Ба намайг цагдаа нарт өгч явуулахгүй гээд цагдаа нарын хувцаснаас зуураад гарыг нь надаас тавиулах гээд зууралдаад, хаалга үүд хаагаад байхаар нь би эхнэртээ хандаж чи гэртээ үлд, би явчихаад эргээд ирнэ гэж хэлтэл дуудлагаар ирсэн хоёр цагдаа ч гэсэн чамайг авч явна, эхнэрийг чинь авч явахгүй гэсэн. Эхнэр маань намайг явуулахгүй гээд тухайн цагдаа нарын шаардлагыг эсэргүүцээд байсан чинь нэмж хоёр цагдаагийн алба хаагч гэрт орж ирээд намайг гэрээс авч гараад цагдаагийн машинд суулгаж байсныг би санаж байна. Нэг мэдсэн чинь би эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би тухайн үед маш их согтсон байсан учир зарим зүйлсийг сайн санахгүй байгаа, цагдаа нар намайг гэрээс авч гадаа салхинд гараад би улам согтоод тасарчихсан байсан гэжээ. (хэргийн 47-48 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний 9629 дугаар дүгнэлтэд:

1. Ц.Мөын биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний 9784 дугаар дүгнэлтэд:

1. А.Саын биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ба нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 561 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүрэн эдлэж дууссан гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)                                                         

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Ба нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 1 дүгээр гудамжны 47 тоотод байрлах нийтийн байрны 02 тоот гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч А.Саын толгойн дагз руу аяга шидэж, шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн тухайн өдөр 21 цагийн үед гэртээ дуудлагаар ирсэн хууль сахиулагч хохирогч Ц.Мөыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан гарыг нь хазах байдлаар хүч хэрэглэн эсэргүүцсэн,

мөн Ц.Мөын биед зүүн шуунд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Са, Ц.Мө, гэрч Э.Ид, Д.Минжинсор, Б.От нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний 9629, 2021 оны 10 дугаар сарын 14-ний 9784 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Баид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Хохирогч А.Са, Ц.Мө нар нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч А.Са, Ц.Мө нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Баид холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авсан ба улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Баийг 2 (хоёр) сар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Баийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтэн нийт 8 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ба-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Ба-ийг 2 (хоёр) сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Баид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 (найм) сарын хугацаагаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан Г.Ба зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч А.Са, Ц.Мө нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогоч нар хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Баид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН