Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 138/ШШ2017/00613

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/ хүсэлттэй, Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

          Нэхэмжлэгч Ш.Намхай нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Намхай шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. 60 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор өөрийнхөө баримт бичгийг бүрдүүлэхэд Дорнод аймгийн Хэрлэнгийн Сангийн аж ахуйгаас 1973 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр миний эцгийн нэрийг “Цэрэндоржийн” гэж бичсэний улмаас миний иргэний үнэмлэхийн овогтой зөрж бичиг баримтын зөрчилтэй болсон учраас шүүхэд хандах болсон.

Миний бие 1973 онд 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн Хэрлэнгийн Сангийн аж ахуйд илгээлтээр очиж хоньчиноор ажиллаж эхэлсэн юм. Намайг бага байхад миний эцэг *******и нас барж, ээж маань сүүлд Цэрэндорж гэх хүнтэй гэр бүл болсон. Тэгээд л тэр үеийн боловсон хүчин нь надад хөдөлмөрийн дэвтэр нээж байхдаа миний хойд эцэг Цэрэндоржийн нэрийг дэвтэр дээр бичсэн байсан.  Үүнийг дараа нь зөрчил болно гэж бодоогүй юм. Энэ хөдөлмөрийн дэвтрээс бусад бүх бичиг баримт маань бүгд *******и гэсэн овгоор бичигдсэн байгаа. Иймд миний бие өндөр насны тэтгэвэртээ гарах шаардлагатай байгаа учраас Дорнод аймгийн Хэрлэнгийн Сангийн аж ахуйгаас 1973 оны 12 сарын 23-ны өдөр “Цэрэндоржийн Намхай” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Намхай нь эрх олгосон бичиг баримт буюу хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэх, №310533 дугаартай цэргийн батлах,№А059059 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1973 оны 12 сарын 31-ний өдөр Хэрлэнгийн Сангийн аж ахуйгаас нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан тушаалууд буюу “*******ийн Намхай” нэрээр гарсан тус Сангийн аж ахуйн даргын 1975 оны 5 сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №95, 1992 оны 4 сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” №135 тоот тушаалуудын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн Намхай нь Дорнод аймгийн Хэрлэнгийн Сангийн аж ахуйгаас 1973 оны 12 сарын 31-ний өдөр “Цэрэндоржийн Намхай” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь  батлагдаж байна.

Иймд дээрх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр нэхэмжлэгчийг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэрт гарахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овгийн *******ийн Намхай нь Дорнод аймгийн Хэрлэнгийн Сангийн аж ахуйгаас 1973 оны 12 сарын 31-ний өдөр “Цэрэндоржийн Намхай” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.УРТНАСАН