Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/821

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэл,

шүүгдэгч: М.Хү, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн холбогдох эрүүгийн 1705009731687 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 

 

Шүүгдэгч М.Хү нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3-43 тоотод байх монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгон нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бүрмэл зэс аяга 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Энд 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- М.Хү мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тэр үед манай найз гадуур тэнэдэг байсан ба хулгай хийдэг хүмүүстэй цуг яваад надад ирээд хулгай хийх үү гэсэн юм. Тэгээд бид хоёр тэр айлын хаалгыг эвдэж ороод 7 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Мөнгөн аягануудыг зарж, мөнгөөр нь тоглоомын газар тоглоод, хоол авч идсэн. Хохирогчийн гэрт орохдоо эхлээд Од-Эрдэнэ ороод, би хойноос нь орсон. Хохирогч хохирлын мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн боловч хохирлыг төлнө. Би өдрийн 50 000 төгрөгийн цалин авдаг. Олсон орлогоо би гэртээ зарцуулдаг. Цаашдаа ажил хийгээд ээждээ тусална. Хохирлоо төлнө. Дахиж хулгай хийхгүй гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Эн мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өглөө гэрээсээ гарсан ба манай гэрт хүн үлдээгүй, хаалгаа түгжээд явсан юм. Тэгсэн чинь 13 цагийн орчимд манай хөрш Э, хүү Нямбаяр руу залгаад танай монгол гэрийн хаалга онгорхой байна, цагдаа дуудчихлаа гэж хэлсэн. Гэрийнхээ эд зүйлсийг шалгатал гэрийн зүүн талд гал тогооны тавиур дээр ил байсан 7 ширхэг мөнгөн аяганууд байхгүй байсан. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй.

 Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 40, 112 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Э мэдүүлэхдээ:

Би өнөөдөр цахилгааны төлбөр төлөхөөр гэрээс гарч яваад 13:50 цагт ирэхэд манай хажуу айлын гэрийн хаалга онгорхой байхаар нь хартал цоож нь байсан мөртлөө хөшиж орхисон байхаар нь би нөхөртөө хэлээд, цагдаад мэдэгдсэн гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.П мэдүүлэхдээ:

2017 оны 10 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байсан чинь ...хүү Од-Эрдэнэ надад “согтуу хүн шуудай барьж яваад, унагаагаад Хү бид 2 шуудайг нь үзсэн чинь 5 ширхэг мөнгөн аяга байсан, тэгэхээр нь бид 2 аваад ирлээ” гэж хэлсэн. Би Хү, Од-Эрдэнэ хоёрыг та 2 хулгай хийгээгүй биздээ гэсэн чинь хийгээгүй согтуу хүн явж байхаар нь авсан гэж л хэлсэн. Таксины жолоочид “эгч нь мөнгөн аяга зарах гэж яваа, зарахаараа мөнгөө өгье” гэж хэлсэн. Тэгсэн таксины жолооч сонирхъё гээд харснаа надад 186 000 төгрөг байна гэсэн. Тэгээд 5 ширхэг мөнгөн аягаа 186 000 төгрөгөөр зарсан. Од-Эрдэнэ 2 мөнгөн аягыг Хархорин зах дээр хүнд 90 000 төгрөгөөр зарсан гэсэн гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Мө мэдүүлэхдээ:

Нэг өвөө, хоёр хүүхэд дагуулаад 2 ширхэг мөнгөн аяга зарах гээд явж байсан. ...Нийт 90 000 төгрөгөөр авъя, та настай хүн байна, хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуусан чинь тэр өвөө, үгүй тийм зүйл байхгүй гэсэн. Би тэр хоёр ширхэг мөнгөн аягыг худалдаж авсан. Мөнгөн аягыг хайлуулаад ээмэг, бөгж хийсэн, зарим нь зарагдсан, зарим ээмэг, бөгж нь байгаа, одоо 30 гр орчим мөнгөн аяга үлдсэн гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээнд:

Их гарын мөнгөн аяга 1 ширхэг, 130 000 төгрөг,

Дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг 550 000 төгрөг,

Бүрмэл зэс аяга 1 ширхэг, 20 000 төгрөгөөр тус тус үнэлэв гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Хү нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 76 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч М.Хү нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 3 дугаар гудамж, 43 тоотод байрлах, хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожийг хөшиж, гэрт нэвтэрч, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, бүрмэл зэс аяга 1 ширхэгийг, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Энд 700 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Эн, гэрч Д.Э, С.П, Г.Мө нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Хүд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Хү, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа “хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, тус гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Энхжаргалд учирсан хохирлыг 700 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Хохирогч Б.Эн нь хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч нь 700 000 төгрөг төлөхөө илэрхийлж байх тул түүнээс 700 000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

М.Хү-д холбогдох хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т хамаарч байх тул түүнд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар Улаанбаатарын хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгов.

шүүгдэгч М.Хү-тэй бүлэглэн хулгай хийсэн хэргийн холбогдогч Д.Од-Эрдэнэ нас барсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Хү- бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Хү-г 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч М.Хү-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар Улаанбаатарын хотын бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан М.Хү нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. М.Хү нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Хүд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Хү-гээс 700 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Энд олгосугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Хүд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН