Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00460

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2256 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М К” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг   

Нэхэмжлэгч Г.Г-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уянга, О.Өмөрбек, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргаар Г.Сувд-Эрдэнэ  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би “М К” ХХК-ийг үүсгэн байгуулагдахад удирдлагын багт орж ажиллан, 2014 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан. Гүйцэтгэх захирал хийсэн сүүлийн 4 жилийн хугацаанд “М К” ХХК-ийн зах зээл, бизнесийн салбар, брэнд зэргийг олон салбарт таниулж үйл ажиллагааг жигдэлсэн.

Гэтэл ТУЗ-ийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18/02 дугаар тогтоолд намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байсан мэт тусгасан. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаар тогтоолоор дахин урьд гаргасан 18/02 дугаартай тушаалаас өөр буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл заан, намайг ажлаас чөлөөлсний дараа дотоод аудитын шалгалт хийж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр дахин хөдөлмөрийн гэрээг цуцалсан. 

Дээрх тушаалуудад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас халсан үндэслэлийг өөрөөр заасан. Би гэрээгээ дүгнүүлэх саналыг Тацуяа Хамада захиралд тавьсан боловч авч хэлэлцээгүй. Ажил олгогчоос гүйцэтгэх захиралтай цахим шуудангаар харилцахдаа ажлаа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан ба ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр гэрээг цуцалсан. Иймд дээрх үндэслэлээр “М К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Тус компанийн ТУЗ-ийн дарга Тацуяа Хамада нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г.Г-тай байгуулсан гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах контрактын гэрээг сунгахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Г.Г- нь мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай уулзан, харилцан тохиролцож, өөрийн хүсэлтээр контрактын гэрээг сунгахгүй дуусгавар болгохоо илэрхийлсэн мэдэгдлийг 03 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуяа Хамадад бичгээр буюу өөрийн цахим хаягаар хүргүүлсэн.

Үүний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгохоор талууд шийдвэрлэсэн. Ингэхдээ Г.Г-тай харилцан тохиролцон 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал компанийн зөвлөхийн албан тушаалд өмнөх цалин хөлс, нөхцөлийг хэвээр үргэлжлүүлэн ажиллах байсан бөгөөд энэ нь Г.Г-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүйг илтгэнэ.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.

...2018 оны 04 дүгээр сарын 18-нд компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын дүгнэлтээр Г.Г- нь контрактын гэрээний хугацаанд компанийн дүрэм болон гэрээний тодорхой зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан. Ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул компанийн зүгээс гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Үүнд Г.Г- нь компанитай байгуулсан контрактын гэрээний 4.19.1, 4.19.7, 4.19.8-ыг зөрчиж 4.19-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргээ биелүүлэлгүйгээр хэд, хэдэн гэрээ байгуулсан. Тухайлбал өөрийн төрсөн дүү Г.Отгонтуяа, түүний нөхөр Г.Цэрэнжав нарын 100 хувь эзэмшлийн “Күүлстар” ХХК-тай 2015-2017 оны хооронд нийт 102 962 057 төгрөгийн үнийн дүн бүхий үндсэн болон нэмэлт гэрээнүүдийг байгуулсан.

Дээрх зөрчлүүд нь гэрээний 2.4.10, 2.4.9-т заасанчлан гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох тул компанийн зүгээс гэрээг цуцалсан нь гэрээ болон хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл контрактыг цуцлах үндэслэл бий болсон тул заавал дүгнэх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-г хариуцагч М К ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М К ХХК-аас 48 948 708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч М К ХХК-аас 402 694 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2256 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч М К ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 694 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Давж заалдах шатны шүүхээс "... нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Тацуяа Хамада нарын хооронд харилцсан цахим шуудангаас үзвэл, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үндсэн цалин авах, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох, 2017 онд батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу 4 сарын урамшуулал олгох санал болгосныг нэхэмжлэгч Г.Г- хүлээн зөвшөөрсөн...” гэж хэргийн үйл баримтын талаар зөв тодорхойлсон боловч хариуцагчийн зүгээс энэхүү тохиролцооноосоо буцаж, анхнаасаа Г.Г-г хуурч ажлаас халсан байдлыг анхаарч үзээгүй байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

... “М К” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18/02 дугаар ээлжит бус хурлын тогтоолоор Г.Г-гийн ажлаас халагдах хүсэлтийг хүлээн авч, гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөллөө гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нар Г.Г- ажлаас халагдах өргөдөл өгөөгүй талаар тодорхой дурдсан бөгөөд дээрх үндэслэлээр ажлаас халсан үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм.

... ТУЗ-ын дарга Тацуяа Хамадагийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн цахим захиа болон толгой компанийн Хүний нөөц хариуцсан захирал С.Мөнгөнчимэгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн цахим захианд нэхэмжлэгч Г.Г-г ажлаас халагдах өргөдөл 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргах мэтээр түүний хүсэл зоригийг урьдчилан тайлбарлаж, урьдчилан тогтоолын үндэслэлийг танилцуулж, ажлаас халагдах өргөдлөө өгөх талаар шахалт, дарамт, зүй бус нөлөөлөл үзүүлж, түүний хүсэл зоригт нөлөөлөхийг оролджээ.

Иймд Г.Г- нь хөдөлмөрийн гэрээг цуцлахаар өргөдөл гаргаагүй бөгөөд ажилтны санаачилгаар ажил олгогч тушаал гаргаагүй байна. Энэ талаарх 18/02 дугаар тушаал үндэслэлгүй байна.

... Давж заалдах шатны шүүхээс “...Уг баримтуудын агуулгаас дүгнэвэл, хариуцагч компани нь Маамуу үндэсний брендийн “Аами”, “Таами” дүр бүхий пластик тоглоомтой холбоотой асуудал огт шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулахдаа гэрээний 4.19.7-д заасан үүргээ зөрчижээ...” гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй, талуудын мэтгэлцээний агуулгыг ойлгоогүй дүгнэлт хийсэн байна.

... Зохигчид 2018 оны бизнес төлөвлөгөөнд “Аами, Таами” дүр бүхий пластик тоглоом худалдан авах асуудал тусгагдсан талаар огт маргаагүй.

... Харин хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулсан 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 18/01 тогтоол гарахаас өмнө худалдан авалт хийсэн нь ТУЗ-ын зөвшөөрөл авагдаагүй л гэж маргасан.

... “М К” ХХК нь жил бүрийн бизнес төлөвлөгөөг тухайн жилийн эхний улиралд баталдаг бөгөөд 2018 оны бизнес төлөвлөгөөг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ТУЗ-ын 45 дахь удаагийн хурлаар баталж, ТУЗ-ын гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

... Иймд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

... Давж заалдах шатны шүүхээс “ ... Компанийн тухай хуулийн 89.1, 91.1, бизнесийн ёс зүйн дүрмийн 4.2.2-т заасныг зөрчиж сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэсэн нь мөн үндэслэлгүй болжээ.

... Нэхэмжлэгч “Г.Г- нь Компанитай байгуулсан контрактийн гэрээний 4.19.1, 4.19.7, 4.19.8 дахь заалтуудыг зөрчиж 4.19-д заасны дагуу ТУЗ-д мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргээ биелүүлэлгүйгээр хэд хэдэн гэрээ байгуулсан.

... “М К” ХХК-ийн зүгээс “Күүлстар” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа хууль заасан шаардлагыг хангасан байдлыг нь харгалзан, тухайн ажлыг хийх чадварт нь үндэслэсэн. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчмаар тодорхойлогдоно. Энэхүү компанид нэхэмжлэгчийн дүү хувьцаа эзэмшдэггүй бөгөөд Компанийн тухай хуулийн 89.2.2-т зааснаар нэгдмэл сонирхолтой этгээд биш юм. Мөн хуулийн 89.1.1-д заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн тооцогдохгүй юм.

... Энэ талаар ажил олгогч ажлаас халах шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн дүү Г.Отгонтуяа “Күүлстар” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэж тааж шийдвэр гаргасан бөгөөд шүүхээр нотлох баримт бүрдүүлээд Г.Отгонтуяа тухайн компанид хамааралгүй болох нь тогтоогдсон.

... давж заалдах шатны шүүх "... Хариуцагч компани гэрээний хугацааг цаашид сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Г-д гардуулан өгөхөд тэрээр уг мэдэгдлийн агуулгыг зөвшөөрч, гарын үсгээ зуржээ” гэсэн нь юуг тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байхаас гадна хэрэв ажил олгогчийн санаачилгаар мэдэгдлээр ажлаас чөлөөлсөн гэж үзвэл хууль болон гэрээнд заасан 30 хоногийн хугацаа шаардлагатай бөгөөд энэ хугацааг баримтлаагүй байна.

Дээрх үндэслэлүүдээр ажлаас халсан үндэслэл нь тогтоогдохгүй байхад ажилтантай байгуулсан гэрээг дүгнэхгүйгээр шууд дуусгавар болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг үндэслэл бүхий хянан шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Харин давж заалдах шатны шүүх ийнхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Г- “М К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар хариуцагч “М К” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “М К” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, контрактын гэрээг цаашид сунгахгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж, компанид зөвлөхөөр ажиллуулахаар өөртэй нь тохиролцсоноор ТУЗ анх тогтоол гаргасан боловч ажил хүлээлцэх явцад дотоод аудитын тайлангаар гүйцэтгэх захирлын ажилд ноцтой зөрчил илэрсэн тул тогтоолоо өөрчилж, гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр,  тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд дүгнэлт хийжээ.

Зохигч талууд 2015 онд Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан контрактын гэрээ байгуулж, ажил олгогч нь нэхэмжлэгч Г.Г-г “М К” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллуулсан байна.

Ажил олгогчийн зүгээс гэрээний хугацаа дуусч буй байдалтай холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгон контрактыг дахин сунгахгүй болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж, ажилтан ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, түүнийг шинээр томилогдох гүйцэтгэх захирлын зөвлөхөөр 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллуулах, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох талаар нэхэмжлэгч Г.Г-  компанийн ТУЗ-ийн даргатай харилцан хэлэлцсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Дээрх хэлэлцээний дагуу хариуцагч “М К” ХХК-ийн ТУЗ 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18\02 дугаар тогтоол гаргаж, нэхэмжлэгч Г.Г-г гэрээний хугацаа сунгагдахгүй болсонтой холбоотойгоор ажлаас чөлөөлж, түүнийг уг компанид зөвлөхөөр ажиллуулах, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

Харин гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэх ажиллагааны явцад компанийн дотоод аудитын тайлангаар Г.Г- компанийн дүрэм, контрактын гэрээг ноцтой зөрчсөн байдал илэрсэн тул “М К” ХХК-ийн ТУЗ 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18\03 дугаар тогтоол гаргаж, урд гаргасан 18\02 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Г-тай байгуулсан гэрээг ноцтой зөрчил гаргасны улмаас тэтгэмж олгохгүйгээр  цуцлахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг компанийн дүрэм, гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан явуулах, нэг жилд тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй, 20 000 000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нэг удаагийн болон хоорондоо холбоотой цуврал аливаа гэрээ, хэлцэл байгуулах тохиолдолд ТУЗ-өөс зөвшөөрөл авах үүргээ биелүүлээгүй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Г.Г- “М К” ХХК-ийг төлөөлж, БНХАУ-ын “Лонг Чин” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, “Күүлстар” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 07 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үнийн дүн, “Күүлстар” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, хувьцаа эзэмшигч зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар давж заалдах шатны шүүх тодорхой дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг бүрэн эрхээ хэтрүүлэн ТУЗ-ийн зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийснээр Компанийн тухай хууль, компанийн дүрэм, контрактын гэрээ компанийн бизнесийн ёс зүйн дүрэмд заасан холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон боловч шүүх ийнхүү шийдвэрлэсэн магадлалын тогтоох хэсэгт хууль баримтлаагүй нь алдаатай, хэрэгсэхгүй болгож буй нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой байна.

Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2256 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “М К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай хариуцагч “М К” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.        

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН