Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0835/З |
Дугаар | 221/МА2019/0635 |
Огноо | 2019-12-05 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 221/МА2019/0635
С.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уу, гуравдагч этгээд Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу С.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр сарын 40.1.6 дахь заалтыг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: С.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “газрыг 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр С.Б-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 360 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Нэхэмжлэгчид уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаар 15 жилээр сунгасан.
Нийслэлийн Засаг дарга нь 2015 онд газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан нь өөрөө нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзсэн тул үүнээс өмнөх хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй 2 жил болсон гэж үзэхгүй.
Мөн Нийслэлийн Засаг дарга 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаас хойш 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл газраа зориулалтын дагуу ашигласан. Учир нь нэхэмжлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд тухайн газар дээр барилга байгууламж барьсны үндсэн дээр үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой болох бөгөөд ингэхийн тулд барилга байгууламж барих эрхийг олж авсны үндсэн дээр барилгын ажил эхлэх боломжтой.
Энэхүү эрхийг олж авахын тулд шат дараалалтайгаар 2011 оноос хойш эрхийн зөвшөөрлийг олж авч хамгийн сүүлийн байдлаар 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатайгаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй болсон ба энэхүү зөвшөөрлийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгуулсан байдаг. Энэхүү хугацаанд өндөр хүчдэл барихаас эхлээд барилгын суурийн цутгалтын ажлыг хийх явцад барилгын ажлыг зогсоосон байдаг.
Нэхэмжлэгчийн барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчингүй болгосон байдаг бөгөөд үүнээс хойш Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болоод холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт удаа дараа, Нийслэлийн Газрын албанд тус тус хандаж өргөдөл, гомдол гаргаж байсан ба энэхүү зөвшөөрлийн асуудлаар хүсэлт гаргаж зохих хариунуудыг авч ирсэн.
Энэхүү барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон нөхцөл байдал нь өөрөө хүндэтгэн үзэх нөхцөл байдал мөн бөгөөд дээрх зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг хийснээр зориулалтын дагуу ашиглах боломжийг үүсгэх байсан юм.
Нөгөөтэйгүүр, бодит байдлыг нарийвчлан шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй, шийдвэр гаргах ажиллагаанд алдаа гаргасан. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит байдлыг тогтооно” гэсэн үүргээ биелүүлээгүй, бодит байдлыг тогтоогоогүй, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг судлахгүйгээр С.Б-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүй хүчингүй болгосон байхад анхан шатны шүүх зөвтгөөгүйд гомдолтой байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүчингүй болсон байх бөгөөд үүнээс хойш 2 жил буюу 24 сар өнгөрсөн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хугацаа хүрсэн байхыг шаардана. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хүртлэх хугацаа хуульд заасан 2 жилийн хугацааг хангахгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан С.Б-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 98 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 360 м.кв талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрхийг Б.Зоригтбаатараас С.Батсүхэд шилжүүлж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/376 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Б-ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгажээ.
Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хорооллын 80А, 80Б байрны “Бидний ирээдүй” СӨХ-ны гүйцэтгэх захирал, “Шинэ өглөө” СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Б нараас нэхэмжлэгч С.Батсүхэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь “иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрхийг зөрчсөн, орон сууцны хэвийн ашиглалтад сөргөөр нөлөөлж байгаа” талаар захиргааны байгууллагад гомдол гаргасны дагуу шалгаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн “тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч С.Б-ийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан 360 м.кв газрын эзэмших хүчингүй болгожээ.
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоохдоо нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон үеэс буюу энэ тохиолдолд газар эзэмших эрхийг сунгасан үеэс тоолохоор байна.
Хэрэгт авагдсан 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгавар, улмаар газар эзэмших эрхийг сунгасан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш олгогдсон барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл (2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар авсан уг зөвшөөрлийн хугацааг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан), 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр барилгын талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулах санал авч, барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулж, мэдээллийн санд хүлээлгэсэн өгсөн зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Батсүх нь маргаан бүхий газарт цэцэрлэгтэй орон сууцны барилга барихаар буюу зориулалтын дагуу ашиглахын тулд барилга, байгууламж барих эрхтэй холбоотой зөвшөөрлүүдийг авч байжээ.
Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 80Б тоот 88 айлын орон сууцны барилгын ажлыг 2014 оны 07 дугаар сард эхлүүлсэн талаар тус барилгын гүйцэтгэгч “Оймон” ХХК тодорхойлолт ирүүлсэн байх бөгөөд мөн тус барилгыг ашиглалтад оруулсан комиссын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 92/2016 тоот актад иргэн Г.Дорж-Идэнгийн үйлчилгээтэй, 14 авто машины дулаан зогсоолтой, 88 айлын орон сууцны барилгыг 2013 оны 03 дугаар сард барьж эхлэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьж дуусгасан гэжээ.
Түүнчлэн, “Визард констракшн” ХХК-ийн захирал Ф.Цогоо, иргэн Л.Дорж-Идэн, С.Батсүх нарын орон сууцнуудын барилгын ажил эхлэх болоход барилгын байршил болон газрын хилийн асуудлаар үүссэн үл ойлголцлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан хүсэлт, газар эзэмшигчийн уулзалтын тэмдэглэл болон зөвшөөрөлцсөн албан бичиг зэргээс үзвэл “Визард констракшн” ХХК (80А байр), иргэн Л.Дорж-Идэн (80Б байр) болон нэхэмжлэгч С.Батсүх нарын хооронд газраа зориулалтын дагуу ашиглах (батлагдсан зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар) талаар 80А, 80Б байр баригдаж дуусахаас өмнө маргаан үүсэж байжээ.
Энэ хугацаанд нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл хариуцагчаас батлагдсан зураг төслийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх явцад гарсан маргаан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад түрүүлж ашиглалтад орсон барилгын оршин суугчдын гомдлыг үндэслэж, газар эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлдээ дээрх нөхцөл байдлыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь буруу байна.
Гуравдагч этгээд сууц өмчлөгчдийн холбооны газар ашиглах эрх зөрчигдөнө гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Учир нь дээрх хоёр барилга нэг зэрэг төлөвлөгдөж, орчны төлөвлөлт нь хамт хийгдсэн байна.
2. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” шийдвэрлэнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч С.Б-ийн цэцэрлэгтэй орон сууцны барилга болон 80Б байр[1] залгаа баригдахаар төлөвлөгдсөн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн орчны төлөвлөлт, иргэн Г.Дорж-Идэнгийн үйлчилгээтэй орон сууцны барилга (80Б байр) нэхэмжлэгч С.Б-ийн цэцэрлэгтэй орон сууцны барилга баригдахаас өмнө ашиглалтад орсон үйл баримт нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөл болохгүйг үндэслэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зохимжтой.
Гуравдагч этгээд Б.Бгийн болон 80Б байрны бусад оршин суугчдын (цонх нь нэхэмжлэгчийн барилга барихаар төлөвлөсөн тал руу харсан) орон сууцаа зориулалтын дагуу ашиглах эрхийг хөндөхгүй байхуйцаар тухайн газрыг эзэмших нэхэмжлэгчийг эрхийг баталгаажуулах замаар дахин шинэ акт гаргатал Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/726 дугаар захирамжийг түдгэлзүүлэв.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамж хүчингүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамжийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан /6/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/726 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай” гэж нэмж, “2” дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ЦОГТ