Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 826

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.С даргалж, БЗД-ын ИТХ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Г, МУ-ын ЗГХЭГ, УБЕГ-ын ХЭУБГ-ттус тус холбогдох захиргааны хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н[1], өмгөөлөгч Д.О[2], хариуцагч Б.Г, хариуцагчийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч[3], хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Д.Б [4], өмгөөлөгч шүүх хуралдааны Э.Э, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн агуулга

1.1. Нэхэмжлэгч БЗД-ийн ИТХ нь 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ[6]:

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл:...2016 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр бий болсон БЗД-ын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн анхдугаар хуралдаанаас шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн хүлээн зөвшөөрч, дарга, тэргүүлэгчдийг сонгон батламжилсан. Улмаар эрхийн хугацаа нь дуусаж байгаа иргэдийн Төлөөлөгчийн Хурал, түүний дарга Ц.Б нь шинээр сонгогдсон дарга Ш.Г-т хурлын тамгыг хүлээлгэн өгсөн.

2016-2019 оны хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн хурал, түүний чөлөө цагт Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засгийн захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор иргэдийн Төлөөлөгчийн Хурал, Тэргүүлэгчдэд олгосон бүрэн эрхийг хуулийн хүрээнд хэвийн хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Гэтэл тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага ирсэн.

Уг албан шаардлагын 1 дүгээр заалтад 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр олгосон тамга хийлгэх тухай зөвшөөрөл, БЗД-ын ИТХ-ын 912184* регистртэй, 242005* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн өмнөх тамганы хяналтын дугаарыг Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дугаар тушаалаар батлагдсан Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журмын 1.4-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг энэ журмын 2.2.4, 2.2.5-д заасан үндэслэлээр дахин авах тохиолдолд анх олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин хяналтын дугаар олгоно." гэж, 2.2.3-т тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэр, иргэний хүсэлтийг үндэслэн өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож, хяналтын дугаар олгоно гэж тус тус заасны дагуу хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 111613345* хяналтын дугаарыг олгосон байх бөгөөд өнөөдрийг хүртэл БЗД-ийн ИТХ тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт өмнөх тамгыг хураалгаагүй байна" гээд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор УБЕГ-ын ХЭУБГ-төмнөх тамгыг хураалгах, 2 дугаар заалтаар тогтоосон хугацаанд тамгыг хураалгаагүй тохиолдолд холбогдох хууль хяналтын байгууллагад хандах талаар мэдэгдсэн.

Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс БЗД-ын ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, үйл ажиллагаагаа цаашид хэвийн явуулах нөхцөл, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д тус хуулийн зорилтыг хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино хэмээн тодорхойлсон.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-д Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн" хамаарна гэж заасан байна.

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хууль бус бөгөөд БЗД-ийн ИТХ /нэхэмжлэгч/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргав.

Улсын байцаагчаас ирүүлсэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хууль бус гэж үзээд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 албан тоотоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Га-д хандсан. Гэвч хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул харьяаллын дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага ба бүрэн эрхээ хэрэгжүүлж тогтоол, захирамж гаргадаг.

Тус байгууллагын зүгээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тамга тэмдэг гээгдүүлсэн, хуучирч муудсан зэрэг шалтгаанаар дахин авах тухай хүсэлтийг өнөөдрийг хүртэл албан ёсоор нэг ч удаа гаргаагүй улсын байцаагч байгууллагын тамгыг хураалгахыг шаардаж байгаа нь хууль бус гэж үзнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8, 8.9 дүгээр зүйлд тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгох үндэслэлүүдийг нэрлэн заасан. Үүнд:

8.8.Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно:

8.8.1.гэрчилгээ болон тамга, тэмдэг ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн;

8.8.2.тамга, тэмдгийн өнгө, загвар, хэлбэрийг өөрчлөх хүсэлт гаргасан;

8.8.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан;

8.8.4.гэрчилгээ болон тамга, тэмдгийг хаяж үрэгдүүлсэн;

8.8.5.гэрчилгээ болон тамга, тэмдэг устсан;

8.8.6. улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон.

8.9.Тамга, тэмдэг устсан, түүнийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно.

8.10.Энэ хуулийн 8.9-д зааснаас бусад тохиолдолд гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг улсын бүртгэгч ажлын 2 өдрийн дотор дахин олгоно гэж заасан болно.

Мөн түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/216 дугаар тушаалаар батлагдсан Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам батлах тухай журмын 5 дугаар зүйлд хяналтын дугаар дахин авах тухай өргөдөлд бүрдүүлэх материалуудыг нэрлэн заасан. Үүнд:

5.2.Хяналтын дугаар дахин авах өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

5.2.1.ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэмтсэн тамга, тэмдэг;

5.2.2.өнгө, загвар, хэлбэрийг өөрчлүүлэх тохиолдолд тухайн тамга, тэмдэг;

5.2.3.улсын бүртгэлийн гэрчилгээ;

5.2.4.улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;

5.2.5.хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг;

5.2.6.тамга, тэмдэг устсан, эсхүл хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, хүсэлт, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, оногдуулсан торгох шийтгэлийн хуудас /төлбөрийн баримт/-ын хуулбар;

5.2.7.тамга, тэмдгийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр;

5.2.8.төрийн байгууллага тамганы хяналтын дугаар дахин авахад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;

5.2.9.хяналтын дугаар бүхий маягтыг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;

5.2.10.энэ журмын 5.1.9, 5.1.10, 5.1.11-д заасан баримт бичиг, 5.1.10-д итгэмжлэлээр эрх олгогдсон этгээдийн хувьд итгэмжлэл гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл хууль тогтоомжид заасан үндэслэл бүрдээгүй байхад байгууллын тамгыг хураалгахыг шаардаж байгаа нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Уг хууль бус захиргааны актын дагуу тамгаа хураалгах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, нөгөө талаар иргэдийн сонголт үнэгүйдэх эрсдэлтэй байгаа тул уг хууль бус захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. гэжээ.

1.2.Нэхэмжлэгч БЗД-ийн ИТХ нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа[7]:

Нэхэмжлэгч БЗД-ын ИТХ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Гт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б би дор дурдсан асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд:

Хариуцагч Б.Г нь МУ-ын ЗГХЭгазраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэж албан шаардлага гаргасан гэж дурдсан.

БЗД-ийн ИТХ-аас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан тамга тэмдэг гээгдүүлсэн, хуучирч муудсан зэрэг шалтгаанаар тамга дахин авах тухай хүсэлтийг өнөөдрийг хүртэл албан ёсоор нэг ч удаа гаргаж байгаагүй, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8, 8.9 дүгээр зүйлд заасан тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгох үндэслэлүүдийн нэг нь ч бүрдээгүй байхад МУ-ын ЗГХЭгазраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр шинээр тамга хийлгэх тухай зөвшөөрөл, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ийн ИТХ-ын одоо байгаа тамгыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 111613345*хяналтын дугаарыг олгосон шийдвэрүүд нь үндэслэлгүй бөгөөд хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дор дурдсан байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот Тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах;

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ийн ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345*хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох;

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг хамтран хариуцагчаар татаж өгөхийг хүсье. гэжээ.

1.3.Нэхэмжлэгч БЗД-ийн ИТХ нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн огноотой 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлдээ:[8]

БЗД-ын ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б миний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах тухай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/Ш32019/4683 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж дор дурдсан тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүгч захирамждаа ЗГХЭГ-аас ХЭГ/2173 дугаар албан бичгээр шинээр тамга хийлгэх тухай зөвшөөрлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас БЗД-ын ИТХ-ын одоо ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин хийлгэх 111613345*хяналтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэл гаргагч нь дээрх шийдвэрийн талаар хэзээ, гомдол гаргаж байсан талаарх тайлбар болон баримтуудыг шүүхэд ирүүлсний дараа хэрэг үүсгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тул ... нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв... гэжээ.

2016 оны 10 дугаар сард орон нутгийн сонгууль явагдаж Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 22 суудал, Монгол ардын нам 19 суудал авч иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулж 41 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ш.Гийг сонгож 2012-2016 онд БЗД-ын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Б шинээр сонгогдсон даргад тамгаа гардуулж өгч шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэвийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Гэтэл Баянзүрх дүүргийн Монгол ардын нам болон Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо хамтран удаа дараа хууль бус үйл ажиллагаа явуулж дүүргийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, сонгуулийн дүнг будилаантуулах үйл ажиллагаа явуулж ирсэн нь тухай бүр шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдэж өнөөдрийг хүрч байна.

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Д.П-г сонгож томилуулахаар Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн боловч 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар Д.П г дүүргийн засаг даргаас чөлөөлж Д.Б гэдэг хүнийг хууль бусаар тус дүүргийн Засаг даргаар томилж дүүрэг дээр эмх замбараагүй байдал үүсгэсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Дээрх маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх явцад БЗД-ын ИТХ-ын төлөөлөгч Г.Ат иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэвлэмэл хуудсыг дуурайлган хийж өөрийгөө БЗД-ын ИТХ-ын дарга гэж гарын үсэг зурж хуурамч тогтоол үйлдэн түүн дээрээ БЗД-ийн ИТХ гэсэн тэмдэг дарсан тогтоол байгааг бид олж мэдсэн. Тухайн үед Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор тамга хийлгэх хүсэлт ямар ч байгууллагад гаргаж байгаагүй байхад Г.Ат-г төрийн байгууллагын тамга тэмдгийг хуурамчаар хийлгэж хуурамч бичиг баримт үйлдсэн нь эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон Прокурорын байгууллагад удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авалгүй өдий хүрсэн бөгөөд энэ асуудал намжсан.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг ирүүлж БЗД-ын ИТХ-ын одоо ашиглаж байгаа тамгыг хураалгах талаар мэдэгдсэн. Бид уг албан шаардлагыг хууль бус гэж үзээд холбогдох байгууллагад хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/6* дүгээр албан тоотоор Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Га-д хандсан бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул Улсын байцаагчийн дээрх албан шаардлагыг хүчингүй болгуулахаар харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид холбогдох нотлох баримт, материалыг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас гаргуулах хүсэлтийг гаргасан болно.

Манай байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий актын талаар албан ёсоор мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч, захиргааны байгууллага гаргасан уг актынхаа талаар манайд огт албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно.

2. Бид маргаж буй захиргааны актыг илт хууль бус гэж маргаж байгаа тул ЗХХШТХ-ийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж ойлгож байна. Уг захиргааны акт нь хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, уг актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй бөгөөд гарсан цагаасаа хойш эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэж байна.

Иймд тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

Хоёр. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Б.Гт-ын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

2.1.Хариуцагч Б.Гт 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа[9]: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Б.Г миний бие Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын дарга Ш.Г-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, дараах тайлбарыг өгч байна.

Тус газарт ирүүлсэн МУ-ын ЗГХЭгазрын 2019 оны ХЭГ/77 дугаар албан бичгийн дагуу Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын тамгын асуудлаар холбогдох хяналт шалгалтыг хийж, улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай албан шаардлагыг Нийслэлийн БЗД-ийн ИТХ-д хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 116133459 хяналтын дугаарыг олгохдоо зөвшөөрөл олгосон МУ-ын ЗГХЭгазрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгийг үндэслэсэн нь тухайн үед мөрдөж байсан Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-ын 1.4, 2.2, 2.2.3-т нийцсэн, мөн журмын 2.2.4 дэх заалтыг зөрчиж, хүчингүй болсон тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хураалгаагүй Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын эс үйлдэл тогтоогдсон.

Миний бие нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэж заасны дагуу хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийнхээ хүрээнд зөрчлийг арилгуулахаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай албан шаардлагыг Нийслэлийн БЗД-ийн ИТХ-д хүргүүлсэн.

Тиймээс хяналтын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага хуульд нийцсэн захиргааны акт болно.

Нэхэмжлэлд дурдсан Хяналт шалгалтын газарт ирүүлсэн Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт болон хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг нэгтгэж, хүчингүйд тооцсон тамгыг хураалгаагүй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул харьяаллын дагуу шалгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/2145 дугаартай албан бичгийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэгч Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2019 он 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гурав. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

3.1.Хариуцагч УБЕГ-ын ХЭУБГ нь 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн огноотой 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[10]:

Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн гаргасан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345* хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие танилцаж, дараах тайлбарыг өгч байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Нийслэлийн Баянзүрх дүүргийн: Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинээр тамга хийлгэх 111613345* хяналтын дугаар олгосон бүртгэлтэй холбоотой асуудлыг Хяналтын газар /хуучнаар/-ын хяналтын улсын байцаагч хянаг шалгаж, зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх ба уг асуудлаар хууль, журамд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар Нийслэлийн БЗД-ийн ИТХд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 дугаартай албан бичгээр хүргүүлж мэдэгдсэн.

Нийслэлийн БЗД-ийн ИТХ дээрх албан бичгийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад энэ талаар шүүхэд хандаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг зөрчиж байна.

Иймд Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345*хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Дөрөв. Хариуцагч МУ-ын ЗГХЭгазрын шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

3.1.Хариуцагч МУ-ын ЗГХЭГ нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа[11]:

БЗД-ын ИТХ-ын нэхэмжлэлтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УБЕГ-ын ХЭУБГ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын улсын байцаагч Б.Г-т тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас хариу тайлбар гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 дугаар албан бичгээр олгосон Тамга шинээр хийлгэх зөвшөөрөл-ийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах, нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 2-ын е, 16-гийн з-д заасныг тус тус үндэслэн БЗД-ын ИТХ-ын тамгыг шинээр хийлгэхийг зөвшөөрсөн.

Учир нь Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 40-д Тамга, тэмдэг алдагдвал цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж харьяа болон харьцдаг байгууллагадаа уг тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хүчингүй болсныг зарлана. Алдагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдэн, Өдрийн сонины 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 285-т хүчингүйд тооцсоныг зарлуулсан байсан.

Мөн Хууль зүйн сайдын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалаар батлагдсан Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-д заасны дагуу дахин тамга хийлгэх үндэслэл бүхий нотлох баримтуудыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн тул тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлгүй байсан болно.

Иймд Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 18-д Тамга хийлгэх зөвшөөрлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар... олгоно гэж заасан эрхийн дагуу зөвшөөрөл олгож, холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавих эрх бүхий байгууллага болох цагдаа, улсын бүртгэлийн байгууллагад хувийг явуулсан.

Харин улсын бүртгэлийн байгууллагаас БЗД-ын ИТХ-ын өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, шинээр хяналтын дугаар олгосон тул хүчингүй болгосон тамгыг ашиглах нь хууль бус юм.

Иймд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Тав. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга

5.1.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-ын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой шүүхэд гаргасан тайлбартаа[12]:

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Улсын байцаагч Б.Г-т холбогдуулж, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, хамтран хариуцагч татах тухай нэхэмжлэлийн шаардлагатай тус тус холбогдуулж, БЗД-ын ИТХ-ын эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хувьд дараах тайлбарыг үүгээр гаргаж байна. Үүнд:

Хурлын эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн Хурлын Төлөөлөгчийн хувиар нэхэмжлэгчид нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хүчингүй тамга ашиглагдаж байгаа талаар бүтэн 2 жил 6 сарын хугацаанд шаардлага хүргүүлэх, өдөр тутмын Өдрийн сонин-д ярилцлага өгөх, хэвлэлийн бага хурал зохион байгуулах зэргээр удаа дараа анхааруулж, сануулж ирсэн. Мөн түүнчлэн Сангийн яамнаас хийсэн аудитын хэсэгчилсэн шалгалтын үеэр холбогдох албаны хүмүүс хүчингүй тамгаар Баянзүрх дүүргийн төсвийг баталж байгаа нь хууль эрх зүйн хувьд маш ноцтой сөрөг дагавартай болохыг анхааруулж байсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4-д заасны дагуу Хурлын төлөөлөгчдийн тоо 41 байх ёстойгоос 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нийт 39 төлөөлөгч сонгогдож, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь улс төрийн хоёр намаас нэр дэвшиж сонгогдсон Хурлын төлөөлөгч нарын тооны харьцаа 20 ба 19 болж хуваагдсан. Сонгуулийн 2 тойрог дээрх сонгуулийн маргаантай асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй тул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь улс төрийн хоёр хүчний алинд нь ч дангаараа ИТХ-ыг эмхлэн байгуулах хууль эрх зүйн чадамж үүсээгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд өнөөдрийг хүртэл хүчингүй тамга ашиглаж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эрх зүйн чадамжгүй гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын аливаа тогтоол нь хамгийн багадаа 21-н Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдсан нөхцөлд л хүчин төгөлдөр болдог учраас Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэгч гэх Ш.Гийн хувьд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсний дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар (20/41=48.78%) сонгогдсон эсэх нь өнөөдрийг хүртэл маргаантай бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэж үзэх үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Г нь тамга хийгдсэн талаар, ашиглаж буй тамганы талаар цагдаагийн байгууллагад мэдүүлж шалгуулж байсан талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1016 тоот прокурорын тогтоолд тодорхой дурдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагаас хүчинтэй, хүчингүй тамганы асуудал нь гэмт хэргийн шинжгүй, цаашид хэрэг бүртгэлийн хэрэг нээх үндэслэлгүй болохыг дурдаж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон гомдлыг хаасан байдаг.

Өөрөөр хэлбэл прокурорын тогтоолоор маргаан бүхий захиргааны актуудаар БЗД-ын ИТХ-ын надад итгэмжлэл олгосон тамгыг хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрсөн.

Харин нэхэмжлэгчдийн хувьд өөрсдийнх нь ашиглаж буй тамгыг хүчингүй болгосон шийдвэрүүд 2016 оны 12 дугаар сарын 21-нд гарсан даруй мэдсэн боловч 2 жил гаруй хугацаанд тус шийдвэрүүдтэй холбогдуулан гомдол нэхэмжлэл гаргаагүй.

Даруй 2 жил орчим хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх байдлаар тус акттай холбогдуулж маргасан нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тус тус заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Хариуцагч байгууллагын зүгээс тамга хүчингүй болгосон шийдвэртэй нь холбогдуулж гомдол гараагүй хүчин төгөлдөр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 82.2.1-д заасны дагуу Захиргааны шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагааг явуулж үүний хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлага тавигдсан.

Хариуцагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 тоот албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасан бие даасан актын шинжийг агуулахгүй харин хүчин төгөлдөр акт биелүүлэх ажиллагааны нэг хэсэг тул үүнийг шүүх хянах ёсгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч байж чадахгүй этгээдийн нэхэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, захиргааны акт биш баримттай маргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй маргааныг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Б.Г, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргажээ:

            1.Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах;

2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах;

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345*хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа тайлбар, хариуцагч, гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байгаа тайлбаруудыг хэрэгт цугларсан баримттай харьцуулан шинжлэн судалж, үнэлж дүгнэн, маргаан бүхий 3 актын хууль зүйн үндэслэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан дор дурдсан үндэслэл, дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэв:

Хэргийн оролцогч талуудын шаардлага, татгалзал, няцаалтаа үндэслэж байгаа бичгээр гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбаруудыг судлан үзвэл: 1.маргаан бүхий актуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн 2.нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл (процесс)-ын талаархи ажиллагаа хуульд нийцсэн байдлын талаар тус тус маргажээ.

Үүний учир энэхүү шүүхийн шийдвэрээр хэргийг тал бүрээс дүгнэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэх зорилгоор талуудын маргаж байгаа шүүхийн процесс ажиллагааны хууль зүйн үндэслэл болон хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бодит үндэслэлд тулгуурлан маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Нэг. Маргааны үйл баримтын тухайд (үйл явдал болсон он дарааллаар):

Анх БЗД-ын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/5* тогтоолоор Анхдугаар хуралдаан хуралдуулах тухай тогтоол гарч, дарга Ц.Б гарын үсэг зуран, тамга даржээ.[13]

БЗД-ын ИТХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тогтоолоор Ш.Гийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгон баталж, хуралдаан даргалагч С.М гарын үсэг зуран, тамга даржээ.[14]

Улмаар БЗД-ын ИТХ-ын даргаар сонгогдсон Ш.Г-т дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хүлээлгэн өгсөн байна.[15]

Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ...БЗД-ын ИТХ-ын Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хуралдаж...Г.Ат-г БЗД-ын ИТХ-ын даргаар сонгосон...Хурлын дарга тамга тэмдэг болон өрөөгөө хүлээн авч чадахгүй байгаагаас үүдэн...Хурлын хэвийн үйл ажиллагаа алдагдан төрийн ажил цалгардаж...тамгыг хүлээлгэн өгөхийг хурлын ажлын албанаас Монгол Ардын намаас сонгогдсон 19 төлөөлөгч удаа дараа шаардсан боловч ...тамга, тэмдэг хэнд байгаа нь мэдэгдэхгүй байна. ...БЗД-ын ИТХ-ын хэвийн үйл ажиллагааг хангуулах үүднээс ...тамга, тэмдгийг шинээр хийлгэх зөвшөөрөл олгохыг хүсье. гэсэн агуулга бүхий 05 дугаартай албан бичгийг Г.Ат нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлжээ. Харин уг тоотод тамга дарагдаагүй[16] байна.

Уг албан бичигт Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын тамга гээгдүүлсэн тул хүчингүйд тооцов. гэсэн хэвлэлийн зар болон бусад материалыг хавсаргасан байна. 

Дээрхи албан бичгийн хариуд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаас Г.Ат-д хандан Тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгох тухай, ...Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэвийн явуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх үүднээс Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Тамга, тэмдэг баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар-ын 2-ын е, 16-гийн з-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын тамгыг шинээр хийлгэхээр зөвшөөрөв. Хувийг: Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт. гэсэн агуулгатай ХЭГ/2173 дугаар албан бичгийг[18] 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлжээ.

Энэхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцон, 111613345*гэх хяналтын дугаарыг БЗД-ийн ИТХд дахин олгосон гэдэг нь хариуцагч улсын байцаагч Б.Гийн хариу тайлбар, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, шүүхээс хийсэн баримт бичгийн үзлэгийн баримтуудаас[19] тогтоогдож байна.

Харин БЗД-ын ИТХ-ын дарга Ш.Гээс 2017 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 2/217, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/270, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/328 дугаар албан бичгүүдээр[20] тус тус Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газруудад БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж, тамга тэмдэг алдагдсан зүйл огт байхгүй байхад хуурамч тамга, хэвлэмэл хуудсыг ашиглаж Хурлыг төлөөлж шийдвэр гаргаж байгаа үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна гэсэн агуулгаар гомдлуудыг гаргасан байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас Төрийн тамганы тухай, Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын зарим төлөөлөгчдөөс тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хоёр тамга хэрэглэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүлсэн байна. ...БЗД-ын ИТХ-ын тамганы зөрчилтэй асуудлыг газар дээр нь шалган, Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэж хариу мэдэгдэнэ үү. Хувийг: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Б, БЗД-ийн ИТХд. гэсэн агуулга бүхий ХЭГ/77 дугаар албан бичгийг[21] Цагдаагийн ерөнхий газрын даргад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлжээ.

Уг албан бичгийн хариуг Цагдаагийн Ерөнхий газраас Улсын бүртгэлийн байгууллага нь тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, хүчингүй болгох чиг үүрэгтэй, тамга, тэмдэг хэрэглэх, хадгалах журам зөрчсөн бол хуульд заасны дагуу улсын бүртгэлийн хяналтын байцаагч зөрчлийг хянан шийдвэрлэх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгч нараас ирүүлсэн хүсэлтийн хариуг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэс өгөх болсныг танилцуулъя гэсэн агуулгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 01/75 дугаар албан бичгээр хүргүүлжээ.

Дээр дурдсан 2 албан бичгийн дагуу өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүйд тооцож, тамганы дугаар дахин олгосон асуудалтай холбогдуулан 01 дүгээр шаардлагыг улсын байцаагч Б.Г-оос 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргажээ. [22]

Уг шаардлагаар өмнөх тамганы хяналтын дугаарыг ... хүчингүй болгож, дахин тамга хийлгэх 111613345* хяналтын дугаарыг олгосон байх бөгөөд өнөөдрийг хүртэл БЗД-ийн ИТХ тус газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар өмнөх тамгыг хураалгаагүй байна...тамгыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор ...хураалгах... -ыг Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шаардсан байна.

Энэ шаардлагыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8/1338 дугаар албан бичгээр[23] БЗД-ийн ИТХ-д мэдэгджээ.

Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Га-д 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна.[24]

Улмаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай илт хууль бусад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан[25] ба шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 128/ШЗ2019/2146 дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай захирамж гарчээ.[26]

Захирамжид дурдсан бүрдүүлбэрийг улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хууль бус гэж үзээд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/6* албан тоотоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргад хандсан гэсэн үндэслэлийг тайлбарлажээ.

Уг тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2019/240* дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, 2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345* хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэсэн агуулгаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхээс маргаан бүхий шийдвэрүүдийн талаар хэзээ, хаана гомдол гаргаж байсан талаар тайлбар баримтуудыг ирүүлэх-ээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоожээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий актын талаар албан ёсоор мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч, захиргааны байгууллага гаргасан уг актынхаа талаар манайд огт албан ёсоор мэдэгдэж байгаагүй болно. гэсэн тайлбарыг өгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлжээ[30].

Хоёр.Маргаан бүхий 3 актын хууль зүйн үндэслэл, эрх зүйн үр дагаврын тухайд:

2.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна: 9.1.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д ..., дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: гэжээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:12 бүрэн эрхийн асуудлыг тусгайлан заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэжээ.

Дээрх хуулийн заалтуудыг маргаан бүхий 3 актын хувьд авч үзвэл:

Маргаан бүхий Засгийн газрын хэрэг эрхлэх газрын БЗД-ын ИТХ-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрлийг олгосон үйлдэл нь тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй нутгийн өөрөө удирдах байгууллага буюу төрийн хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор өмнөх тамгыг хүчингүй болгож, дахин тамга олгох харилцааг үүсгэж, тодруулбал, тухайн нутгийн захиргааны байгууллагад шинэ тамга хийлгэх боломжийг бүрдүүлсэн захиргааны акт байна.

Харин өмнөх тамганы дугаарыг хүчингүй болгож, дахин тамганы хяналтын дугаар олгосон хариуцагчийн үйлдэл нь нутгийн өөрөө удирдах байгууллага буюу төрийн хуулийн этгээдийн өмнөх тамгыг хүчингүй болгож, улмаар шинэ тамгыг олгосон эрх зүйн харилцааг үүсгэжээ.

Улсын байцаагчийн маргаан бүхий акт нь өмнөх тамганы дугаарыг хүчингүй болгож, шинэ тамга олгосонтой холбоотойгоор хариуцагч улсын байцаагчаас өмнө нь ашиглагдаж байсан тамгыг хураалгахыг шаардсан үйлдэл байна.

Маргаан бүхий 3 акт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын өмнө ашиглагдаж байсан тамгыг хүчингүй болгох, хураан авах, анх хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны Анхдугаар хуралдааны дараа хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Анхдугаар хуралдаанаар томилогдсон Хурлын дарга Г.Ат-д шинэ тамга олгох зорилготой буюу хуучин тамгыг хүчингүй болгож, хураах авах, шинэ тамга олгох тохиолдлыг зохицуулахаар гаргасан үргэлжилсэн шинжтэй үйлдлүүд буюу захиргааны актууд байна.

Иймээс гуравдагч этгээд талаас улсын байцаагчийн акт захиргааны актын гүйцэтгэлтэй холбоотой захиргааны акт биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2.2.Шүүхээс маргаан бүхий 3 актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөхдөө маргааны зүйл болох өмнөх тамгыг хүчингүй болгож, шинэ тамга олгосон шийдвэрүүдийг гаргасан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хууль (2015 он)-ийг баримталсан (хэрэглэсэн) болохыг дурдах нь зүйтэй.

Хуулийн этгээдийн тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгох, дахин шинэ тамга олгохтой холбоотой харилцаа нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 -д Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавьж, лавлагаа олгох, мөн хуулийн 9.2-т Энэ хуулийн 9.1.8...-д заасан харилцааг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмаар зохицуулна.гэсэн заалт, Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 тушаалаар батлагдсан Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам-аар зохицуулагдаж байжээ.

Уг журмын 1.2-т ...хуулийн этгээд...-ийн тамга тэмдэг, баталгааны тэмдэгт улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хяналтын дугаар олгож, нэгдсэн бүртгэл хөтөлнө., 1.4-т Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг энэ журмын 2.2.4, 2.2.5-д заасан үндэслэлээр дахин авах тохиолдолд анх олгосон хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин хяналтын дугаар олгоно. гэж заажээ.

Харин уг журмын 2.2.3-т Улсын бүртгэлийн байгууллага хяналт тавихтай холбоотой дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үрэгдүүлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт, торгуулийн хуудас эсхүл шийтгэвэр, хуулийн этгээд, ...-ийн хүсэлт, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэр, ...-ийг үндэслэн өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож, хяналтын дугаар олгоно., 2.2.4-т гэмтээсэн, оноосон нэр, хэлбэр өөрчилсөн бол тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг дахин олгохдоо тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг хураан авч өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгоно. гэж заасан байх ба 2.2.5 гэсэн заалт байхгүй байна.

Дээр дурдсан журмаас үзэхэд дор дурдсан тохиолдолд хуулийн этгээд, түүний эрх барих дээд байгууллагын шийдвэрийг үндэслэн тамгын өмнөх хяналтын дугаарыг хүчингүй болгож, шинэ хяналтын дугаар олгохоор заасан гэж ойлгогдож байна:

         Тамгыг үрэгдүүлсэн бол;

         Тамгыг гэмтээсэн бол;

         Хуулийн этгээдийн оноосон нэр, хэлбэр өөрчилсөн бол.

Гэтэл маргааны үйл баримт, хэрэгт хавсаргасан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн БЗД-ын ИТХ-ын тамга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш одоог хүртэл үрэгдээгүй, гэмтээгүй, БЗД-ын ИТХ-ын оноосон нэр, хэлбэр өөрчлөгдөөгүй, харин Хурлын даргаас тамгыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч улмаар өнөөдрийг хүртэл өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвийн байдлаар ашиглаж байна.

Тодруулбал, БЗД-ын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар Ш.Гийг томилж, Хурлын дарга тус Хурлын өмнөх даргаас тамгыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хүлээн авсан. Тамгыг хүлээн авснаас хойш Хурлаас гарах бүхий л шийдвэрүүдэд уг тамга дарагдсан байх бөгөөд Хуралд ирсэн бичгийн хариу явуулах болон Хурлаас гадагшаа явуулсан албан бичгийг энэ тамгыг дарж явуулжээ. Мөн Хурлын бодлогын шинжтэй болон тэр дундаа дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, дүүргийн төсөв батлах, төлөөлөгч, тэргүүлэгч, ажлын албаны цалин тавих, урамшуулал олгох зэрэг үйл ажиллагаанд уг тамгыг ашиглаж, Хурлын өдөр тутмын үйл ажиллагаа нь тасралтгүйгээр хэвийн явагдаж байгаагаас гадна, уг тамгыг анх шилжүүлэн авснаас хойш үрэгдэж, алдагдаагүй, ашиглах боломжгүй болж элдэгдэж хуучраагүй, гэмтээгүй, зориулалтын сав, хайрцганд хадгалж байгаа бодит нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байна.

Тиймээс БЗД-ын ИТХ-ын тамга үрэгдээгүй, гэмтээгүй, хуулийн этгээд оноосон нэрээ өөрчлөөгүй байхад уг тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож, улмаар тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, шинээр хяналтын дугаар өгсөн хариуцагч байгууллагуудын үйл ажиллагаа болон үрэгдээгүй, гэмтээгүй, хуулийн этгээд оноосон нэрээ өөрчлөөгүй тамгыг хураалгах тухай шаардлага зэрэг нь дээр дурдсан хууль болон хуулиар баталгаажуулсан журмын хэм хэмжээг тус тус зөрчсөн, хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2.3.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэжээ.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж зохицуулжээ.

Дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. гэж заажээ.

Хариуцагч нар нь маргаан бүхий 3 актыг гаргахдаа өмнө ашиглаж байсан тамга нь үрэгдээгүй, гэмтээгүй, хуулийн этгээд оноосон нэрээ өөрчлөөгүй бодит нөхцөл байдлыг шалган тогтоож, тухайн Хурлын өдөр тутмын үйл ажиллагаа ямар тамгыг үндэслэн явагдаж байгаа, шинээр тамга олгосноор тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд эерэг болон сөрөг ямар үр дагавар, нөлөөлөл үзүүлэх, улс төрийн 2 намын Анхдугаар хуралдааны хүчин төгөлдөр байдлын талаарх маргаан эрх бүхий байгууллагаар шийдэгдсэн эсэхтэй холбоотой асуудлыг судлан тогтоож, дүн шинжилгээ хийгээгүй байна. Мөн актуудыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох анх хуралдсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны Анхдугаар хуралдаанаас тамга шилжүүлэн авсан Хурлын дарга Ш.Г болон бусад Хурлын бусад төлөөлөгчдийг дахин тамга олгохтой холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй байна.

Иймээс маргаан бүхий 3 акт нь дээр дурдсан Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, бодит нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлэн тогтоох, бодит нөхцөл байдалд тохирсон байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах хуулийн заалтуудад нийцээгүй үйлдэл гэж үзэхээр байна.

2.4.Маргаан бүхий зөвшөөрөл болон өмнөх тамганы хяналтын дугаарыг хүчингүй болгож, дахин дугаар олгосон актууд гарснаас хойш даруй 3 жил орчмын хугацаа өнгөрсөн байх бөгөөд эдгээр актууд нь шинэ тамга олгох харилцааг үүсгэж, уг маргаан бүхий 2 акт гарсны улмаас бодит байдал дээр БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагаанд 2 тамга ашиглагдаж үүний улмаас нутгийн өөрөө удирдах байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан эрх зүйн сөрөг үр дагаврыг бий болгожээ.

Учир нь 2 тамгыг ашиглаж гаргасан баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгүүдээр БЗД-ийн ИТХ 2 тамга ашиглаж байгаа, 2 тамгыг ашиглаж олон арван шийдвэрүүд гарсан байгаа нь тогтоогдсон.

БЗД-ийн ИТХ 2 тамга ашигласнаас шалтгаалж тухайн 2 тамгыг ашиглаж гаргасан тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын талаархи /төсөв, санхүү, цалин урамшуулал зэрэг/ тус байгууллагын хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан олон арван шийдвэр, үйл ажиллагааны хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй байдалд хүрч, эдгээр шийдвэрээс үүсэх эрх, үүрэг, хариуцлагатай холбоотой үр дагавар, асуудлыг хэн хариуцах нь ойлгомжгүй байдалд хүрч улмаар олон жил дамнасан маргааныг дагуулсан эрх зүйн үр дагаврууд бодит байдал дээр бий болжээ.

Үүнээс дүгнэхэд хариуцагч байгууллагуудаас гаргасан маргаан бүхий 3 актын улмаас нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хэлбэрээр зөрчигдөж, эдгээр актууд нь тус байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн ноцтой үр дагаварыг бий болгосон байна.

Иймээс хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүх хуралдааны явцад маргаан бүхий актуудыг шүүхээс хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдэхгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гурав.Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийн тухайд:

3.1.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий хяналтын дугаар хүчингүй болгож, шинээр олгосон актыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 дугаар албан бичгээр нэхэмжлэгч мэдсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар, гуравдагч этгээд талуудаас мөн нэхэмжлэгч нь тамга шинээр хийлгэх зөвшөөрөл олгосон болон тамганы хяналтын дугаар хүчингүй болгож, дахин дугаар олгосон шийдвэрүүдийг цагдаа, прокурорт хандаж байсан 2 жилийн өмнө мэдсэн маргаан бүхий актуудыг мэдсэн учир нэхэмжлэл шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тус тус тайлбарлан маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэжээ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. гэж заажээ. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч нараас шинэ тамга олгох зөвшөөрөл олгох, өмнөх тамгын хяналтын дугаарыг хүчингүй болгож, шинэ тамганы хяналтын дугаар олгож, өмнөх тамгаа хураалгахыг шаардсан шаардлага зэрэг маргаан бүхий актуудыг гаргахаас өмнө эдгээр актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх нэхэмжлэгч талд урьдчилан мэдэгдэж, санал, тайлбар гаргах боломжоор хангаагүй гэдэг нь тогтоогдсон.

Мөн Нэхэмжлэгч талаас шинээр олгогдсон тамгыг Г.Атг хуурамчаар үйлдсэн гэж үзэж улмаар тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаархи гомдлыг холбогдох цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа хандаж байсан гэх нөхцөл байдал мөн тогтоогдож байна.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4/1811 дугаар албан бичиг нь захиргааны байгууллагаас маргаан бүхий хяналтын дугаар хүчингүй болгож, шинээр олгосон актыг мэдэгдсэн зорилго, шинжийг агуулаагүй харин шинээр олгогдсон тамгыг Г.Атг хуурамчаар үйлдсэн гэж үзэж улмаар тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаархи гомдлыг холбогдох цагдаа, прокурорын байгууллагад удаа дараа хандаж байсны дагуу цагдаа, прокурорын газраас гаргаж байсан шийдвэрүүдийн талаар дурдсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талд хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий актуудаа дээр дурдсан хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч талуудаас үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчээс Г.Ат-г хуурамч баримт бичиг бүрдүүлсний улмаас дахин тамга авсан гэж ойлгож байсан, уг маргаан бүхий актыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн, актуудын талаар бидэнд мэдэгдээгүй гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.

Үүний учир хяналтын дугаар хүчингүй болгож, шинээр олгосон маргаан бүхий актыг мэдэгдсэн зорилго, шинжийг агуулаагүй албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх, мөн хариуцагч талуудаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдээгүй нөхцөл байдал тогтоогдож байхад нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж буруутгаж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна.

3.2.Дээрхээс гадна хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч нараас улсын байцаагчийн маргаан бүхий шаардлагын талаар урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргаагүй, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 дүгээр албан бичиг нь гомдол гаргасан албан бичиг биш тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. гэж заажээ. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.2-д Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид улсын байцаагч гэх/ хэрэгжүүлнэ. гэжээ.

Хуулийн заалтуудыг маргаан тохиолдлын хувьд авч үзвэл, маргаан бүхий шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 8/133* дугаар албан бичгээр БЗД-ийн ИТХ-д мэдэгдэж, харин Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Гад 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/61 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

Уг албан бичиг нь ..Хурлын даргыг шинээр сонгож бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Хурлын дарга ...нь хурлын тамгыг шинээр сонгогдсон Хурлын даргад хүлээлгэн өгч БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хурлын тамгыг гээгдүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд ...Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тамга шинээр хийлгэх хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор хүргүүлээгүй болно. ... хуурамч тамга хийлгэсэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлнэ үү гэсэн агуулгатай байсан байна.

Нэхэмжлэгчээс ...Улсын байцаагчийн харьяалах дээд шатны байгууллагын албан тушаалтан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Б.Га-д Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдол гаргасан, дээд шатны албан тушаалтнаас 30 хоногийн доор хариу ирүүлээгүй тул шүүхэд хандсан гэсэн тайлбарыг өгчээ.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хэдийгээр улсын байцаагчийн дээд шатны байцаагч Б.Га-д хариу хүргүүлэх гэдэг утгаар албан бичгээ төлөвлөсөн боловч бичгийн агуулгаас үзэхэд хурлын тамгыг шинээр сонгогдсон Хурлын даргад хүлээлгэн өгч БЗД-ын ИТХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Хурлын тамгыг гээгдүүлсэн тохиолдол байхгүй бөгөөд ...Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тамга шинээр хийлгэх хүсэлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас албан ёсоор хүргүүлээгүй болно. ... хуурамч тамга хийлгэсэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлнэ үү зэрэг байдлаар улсын байцаачийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлаж, дээд шатны албан тушаалтанд хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс хариуцагч нараас хариу хүргүүлэх албан бичиг нь гомдол гаргах агуулгаар гараагүй гэж тайлбарлан маргаж байгаа үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны захиргааны байгууллагад хандаагүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй байна.

3.3.Мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар, улсын байцаагч талуудаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хяналтын дугаар хүчингүй болгож, дахин хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь урьдчилан шийдвэрлэх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлан маргажээ.

Захиргааны хэрэг үүсгэсэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн, тодруулсан шаардлагад нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх журам нь шүүхэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас өмнөх нөхцөл шаардлага байна.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тохиолдолд урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй, харин нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны үйлдэл, эс үйлдэхүйн талаар захиргааны байгууллага нь шүүхийн шатанд тайлбар өгөх замаар энэхүү урьдчилсан нөхцөлд тавигдах шаардлага хангагдах боломжтой.

3.4.Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж Хурлын даргаар Ш.Гийг томилсон шийдвэр болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Анхдугаар хуралдаанаас Хурлын даргаар Г.Атг томилсон шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж маргаагүй, нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуралдаж Хурлын даргаар Ш.Г-ийг томилсон шийдвэрийг шүүх, бусад эрх бүхий этгээдээс хүчингүй болгосон тухай хүчин төгөлдөр шийдвэр байгаа талаар үндэслэл бүхий тайлбарыг гуравдагч этгээдээс шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Үүний учир гуравдагч этгээд талаас ...сонгуулийн 2 тойрог дээрх сонгуулийн маргаантай асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй тул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь улсын төрийн хоёр хүчний алинд нь ч дангаараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг эмхлэх байгуулах хууль эрх зүйн чадамж үүсээгүй тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг эрх зүйн чадамжгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй иймээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.4, 54.1.5-д заасны дагуу эрх зүйн чадамжгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий 3 акт нь хууль бус бөгөөд тэдгээрийн улмаас нэхэмжлэгч БЗД-ын ИТХ-ын хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хэвийн үйл ажиллагаа алдагдсан буюу нэхэмжлэгч нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бодит нөхцөл байдал тогтоогдож байх тул маргаан бүхий 3 актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв.

 

              3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.4, 54.1.5, 54.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 9.2-т тус тус заасныг баримтлан БЗД-ын ИТХ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлагыг хүчингүй болгуулах, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345* хяналтын дугаар олгосон шийдвэрийг хүчингүй болгох гэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Б.Г, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр албан шаардлага, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХЭГ/2173 тоот тамга шинээр хийлгэх тухай зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн БЗД-ын ИТХ-ын өнөөдөр ашиглаж байгаа тамгыг хүчингүй болгож, дахин шинээр тамга хийлгэх 111613345* хяналтын дугаар олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               С.А