Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1775

 

Ц.Ганзоригийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Ганзориг,

Хариуцагч Г.Батсуурь, Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарт холбогдох,

 

Орон сууцнаас албадан гаргуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Ганзориг,

Хариуцагч  Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь  улсын бүртгэлийн Ү-2204034069 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 дүгээр байр, 144 тоот орон сууцыг Г.Батсууриас 55 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Анх уг орон сууцыг худалдан авахаар Г.Эрдэнэтогтохтой уулзахад тодорхой хэмжээний маргаан байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу шилжүүлэхэд таны өмчлөлийн эд хөрөнгө болно гэдгийг тайлбарлаж байсан. Ингээд уг орон сууцны өмчлөгч болох Г.Батсуурьтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 55 000 000 төгрөгөөр худалдан авч, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох баримтыг өгснөөр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө бүртгэлийн хэлтсээс асууж тодруулахад Г.Батсуурийн өмчлөлийн орон сууц, ямар нэгэн барьцаа бүртгэгдээгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч дээр очоод гэрээгээ байгуулахад нотариатч уг орон сууцны эрх шилжүүлэхийг хориглосон талаарх урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн байна гэж хэлээгүй, харин ч ямар нэгэн дарамт, шахалтгүй, өөрсдийн хүслээр гэрээ хэлцэл хийж байгааг биднээс тодруулж асууж байсан. Уг байранд одоо хууль бусаар оршин сууж байгаа Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар дулаан орохоор суллаж өгнө гэсэн боловч байраа суллаж өгөхгүй байна.

Г.Батсуурь уг байранд оршин суудаггүй боловч тэрээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлж, байрыг суллаж хүлээлгэж өгөөгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй. Орон сууцыг худалдаж авахаас өмнө Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтохын хамт очиж, бүх өрөөгөөр явж үзсэн. Тэгэхэд Г.Дуламсүрэн гэдэг настай хүн байсан бөгөөд гэрт Т.Банзрагчийн охин, нөхөр байсан.

Г.Дуламсүрэн, Г.Эрдэнэтогтох 2 муудалцаж Г.Дуламсүрэн нь Т.Банзрагчаас болж орох оронгүй боллоо гээд уурлаад байсан. Дараа нь өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан хойно өөрөө оройн цагаар очсон боловч гэрт хүнтэй байж хаалгаа тайлж өгөхгүй байсан учраас тэнд амьдарч байгаа хүмүүстэй уулзаж чадаагүй. Миний бие хуулийн дагуу дээрх орон сууцны өмчлөгч болсон бөгөөд үүнийхээ дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан болохоос эдгээр хүмүүсийн өмнөх асуудал надад хамааралгүй гэж үзэж байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа учраас өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлж байна. Уг орон сууцыг би худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгийг нь төлөөд худалдан авсан учраас өмчлөгчийн эрх хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргасан. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот 63.9 м.кв байрыг хууль бусаар эзэмшиж байгаа Г.Батсуурь, Т.Банзрагч, Г.Дуламханд нарыг уг байрнаас албадан гаргуулж, тэдний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Батсуурь шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны үед Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох бидэнтэй уулзаад байрыг Бид ББСБ-д зээлийн өрөнд хураагдаж зарагдах гээд байгаа тул яаралтай мөнгөний хэрэг байна, 1 сарын дараа найдвартай төлнө гэж 10 хоног гуйсаар байгаад авсан. Тухайн үед Т.Банзрагч нь Г.Дуламсүрэнгээс олгосон итгэмжлэлтэй байсан бөгөөд хамтран өмчлөх байраа бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж өгье гэсэн. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Батсуурийн нэр дээр шилжүүлж өгөөд надаас мөнгө авсан, ингэхдээ мөнгөө төлөхгүй бол байрыг аваарай, бусдад худалдаж болно гэсэн болзол тавьсан гэрээ, хэлцэл хийсэн.

Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар зээлийн гэрээний дагуу мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 70 095 169 төгрөгийг хариуцагч Т.Банзрагчаас гаргуулан нэхэмжлэгч Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох нарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн боловч Т.Банзрагч нь төлбөрийн чадваргүй учир 57 000 000 төгрөгөөр дээрх байр 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн санал болгох комиссын хурлын 154 тогтоолоор Т.Банзрагчийн төлөх ёстой 70 095 169 төгрөгийН төлбөрт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот орон сууцыг Г.Эрдэнэтогтох, Г.Батсуурь нарт шилжүүлэхээр шийдвэрлэж, уг орон сууцны захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байсныг сэргээснээр хууль ёсны өмчлөгч Г.Батсуурь болсон. Дээрх орон сууц нь 2 жилийн өмнө бэлэглэлийн гэрээгээр Г.Батсуурийн өмчлөлд шилжсэн боловч шүүхийн 761 тоот шийдвэрийн дагуу Т.Банзрагчийн төлөх ёстой байсан 70 095 169 төгрөгийн өр төлбөрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 154 тоот шийдвэрээр тооцож Г.Батсуурьт ирсэн тул тэрээр бусдад худалдах эрхтэй.

Өнгөрсөн хугацаанд ээж Г.Дуламсүрэн, охин Т.Банзрагч, хүргэн Д.Ганбат нар удаа дараа амаар болон бичгээр зээл авсан нь үнэн, зээлээ төлөөгүй нөхцөлд байраа суллаж өгнө гэж амлаж өөрсдийн гараар бичиж өгч байсан ба НШГА-нд хүртэл цаг дулаарахаар байрыг суллаж өгнө гэж нотариатаар батлуулсан амлалтаа өгсөн боловч үүргээ сайн дураар биелүүлэхгүй байнга худлаа ярьж залилсаар өнөөдрийг хүрсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох болон Т.Банзрагч, Г.Дуламсүрэн бид 4 хүний хийсэн эвлэрлийн гэрээгээр тэд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ төлнө, зээлээ төлөөгүй нөхцөлд бэлэглэсэн байранд маргаан гаргахгүй өгнө гэж тохирсныг нотариатаар батлуулсан.

Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 07 дугаар сард байрыг дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэхэд Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05463 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 412 дугаар байрны 144 тоот 2 өрөө, Ү-2204034069 бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Г.Батсуурийн өмчлөлд шилжүүлсэн асуудлаар маргахгүй гэж Т.Банзрагч, Г.Дуламсүрэн, Г.Батсуурь бид гурав харилцан тохиролцож, Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар уг байраа 70 095 169 төгрөгний өрөнд өгсөн үнэн, зээлсэн мөнгөө төлөөгүй нөхцөлд бэлэглэлийн гэрээг буцаахгүй, зөвхөн мөнгөө төлж дууссаны дараа буцааж болохгүй гэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, тэднийг дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсан шийдвэр гаргасан юм.

Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нар дахин 2017 оны 01 дүгээр сард дахин бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасныг урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гээд хүлээж авахаас татгалзахад нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар өөрчилж, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэн бэлэглэсэн байраа буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00556 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингээд дээр дурдсан шүүхийн шийдвэр, 154 дүгээр тогтоол зэргээр дээрх орон сууцыг Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын 70 095 169 төгрөгийн өрөнд тооцож, захиран зарцуулах эрхийг сэргээсэн ба бэлэглэлийн гэрээний дагуу болон өр төлбөрт тооцож шилжсэн гэх аль ч утгаараа Г.Батсуурийн хувьд захиран зарцуулах хууль ёсны эрхтэй болсон.

 Миний зүгээс Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарт орон сууцны зөрүү мөнгөөр хашаа, байшин авч өгье гэтэл зөвшөөрөөгүй, өөрсдөө байраа 130-140 сая төгрөгөөр үнэлээд байсан. Г.Эрдэнэтогтох миний бие нь ээж Г.Батсуурь нь өндөр настай, хорт хавдартай, эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна, өр төлбөрөө барагдуулаач гэж 2 жилийн турш гуйхад Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нар намайг хэл амаар доромжлох, худлаа ярих, утсаа салгах, хаалгаа тайлж өгөхгүй байх, эсхүл хариуцагчаар татаж 4 удаа шүүхэд өгөх зэргээр цаг хугацаа хожиж байсан бөгөөд өдийг хүртэл байраа суллаж өгөхгүй чирэгдүүлж байна. Ц.Ганзоригтой орон сууц худалдах гэрээ хийхээр нотариатч дээр очиход шүүхэд ямар ч маргаан байхгүй байсан, хэрэв нотариатчдын танхимаас нь мэдэгдсээр байтал энэ гэрээг баталсан гэж байгаа бол тэрээр өөрөө хариуцлагаа хүлээх учиртай гэж үзэж байна. Г.Дуламсүрэн нь өндөр насаараа түрий барьж дулаан орохоор суллана энэ тэр гэж гуйсан мөртлөө одоо болохоор байрыг суллаж өгөхгүй байгаа тул хуулийн дагуу худалдаж авсан иргэн Ц.Ганзоригт байрыг чөлөөлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Г.Батсуурь уг байранд амьдардаггүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргааны зүйл болох байртай холбогдолтой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Г.Дуламсүрэн, Т.Банзрагч болон Г.Батсуурь, Г.Эрдэнэтогтох нарын эвлэрлийн гэрээ, үүн дээр үндэслэсэн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан.

Дээрх шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээгээр Г.Батсуурь нь бусдад маргаантай байгаа байрыг худалдах эрхгүй бөгөөд зээлийн мөнгийг буцааж өгөхөөр зээлийн дүн, хугацааны талаар талууд тусад нь бичгээр харилцан тохиролцож, тэрхүү гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хадгалуулах, Г.Батсуурь байрыг зарах, зээлийн барьцаанд тавихгүй байх, Г.Батсуурь нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Шүүх уг гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Г.Батсуурь нь дээрх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, эцэст нь бидэнд мэдэгдэхгүйгээр бусдад худалдаж одоо биднийг нүүлгэн гаргах асуудлыг тавьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Бид Баянзүрх дүүргийн шүүхэд Г.Батсуурь, Т.Банзрагч нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Т.Банзрагч, Г.Батсуурь нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болох нь тогтоогдлоо гэж үзэж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрээр Г.Батсуурь нь бэлэглэлээр шилжсэн байрыг худалдан борлуулах эрхгүй болсон юм.

Өөрөөр хэлбэл байр зээлийн гэрээний барьцааны зүйл тул Г.Батсуурь барьцааны зүйлийг дур мэдэн борлуулдаг эрх бүхий этгээд биш. Ц.Ганзориг нь байрыг чөлөөлөх асуудлаар урьд нь уулзаж байгаагүй, бид өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэдгийг энэ нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба түүнийг Г.Батсуурьтай хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, дээр нь орон сууцанд амьдран суудаггүй түүнийг нүүлгэн гаргуулахаар хариуцагчаар татсан зэрэг байдлыг биднийг хууран мэхэлж, бидний өмчийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байна гэж үзэж байна. Энэ хүнд дулаан орохоор суллаж өгнө гэж хэлээгүй байхад тэгж хэлсэн мэтээр хүнийг гүтгэж хуурамч гэрээгээр бидний эрхэнд халдаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 60 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож дууссанаар дуусгавар болсон. Түүнээс биш Г.Эрдэнэтогтохын тайлбарлаад байгаа шиг орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад бусдын өмчлөлд шилжүүлснийг хууль бус гэж үзэж байна. Бид Монголын нотариатчдын танхимд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хандаж, маргаантай байгаа орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасаар байтал Баянзүрх тойргийн нотариатч Г.Мэндбаяр худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн байгааг хууль бус гэж үзэж байна. Энэ талаарх гомдлоо нотариатын танхимд 10 гаруй хоногийн өмнө гаргасан, хариуг өгөөгүй байна. Эдгээр баримтыг шүүхэд өгөөгүй. Ийм байтал Г.Батсуурь нь Ц.Ганзоригийн өмчлөлд орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байгааг хууль бус гэж үзэж байна. Ц.Ганзоригийн өмчлөлд орон сууц шилжсэн талаар зохих газар, байгууллагад гомдол гаргаагүй. Иймд Ц.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034069 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 63.6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Батсуурьт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Дуламсүрэн, Т.Банзрагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ганзоригт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хариуцагч миний хариу тайлбар болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн нь шүүх хууль зүйн талаас болон хууль хэрэглэх ажиллагаандаа ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Маргааны зүйл болох байртай холбогдолтой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба Г.Батсуурь нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эвлэрлийн гэрээнд заасан зээлийг хэрхэн төлөх талаарх хэлцлийг байгуулахаас зайлсхийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дуламсүрэнд хүлээлгэн өгөөгүй ба бусдад байрыг зарахгүй гэсэн үүргээ үл биелүүлэн Ц.Ганзоригт байрыг худалдан борлуулсан байна.

Бид Баянзүрх дүүргийн шүүхэд Г.Батсуурь, Т.Банзрагч нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Т.Банзрагч, Г.Батсуурь нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болох нь тогтоогдлоо гэж шүүх үзэж 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 101/ШШ2017/00556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрээр Г.Батсуурь нь бэлэглэлээр шилжсэн байрыг худалдан борлуулах эрхгүй болсон юм.

Өөрөөр хэлбэл байр зээлийн гэрээний барьцааны зүйл тул Г.Батсуурь барьцааны зүйлийг дур мэдэн борлуулдаг эрх бүхий этгээд биш. Нөгөө талаас бид өөрийн эрхээ зөрчигдсөнөө Ц.Ганзоригийн нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба энэхүү нэхэмжлэлийн агуулга, тэдгээрийн хооронд хийсэн хэлцэлд орон сууцыг хэтэрхий бага үнээр үнэлсэн байгаа байдал нь Г.Батсуурь нь Ц.Ганзоригтой хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийснийг нотолж байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэл болон шүүхэд гаргасан бидний нотлох баримтад зөв дүгнэлтийг өгч Ц.Ганзоригийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь хариуцагч Г.Батсуурь, Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нарт холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ миний бие орон сууцны хууль ёсны өмчлөгч учраас дээрх шаардлагыг гаргах эрхтэй гэж тайлбарласныг хариуцагч нар эс зөвшөөрч уг орон сууц бидний өмчлөлд байсан бөгөөд Ц.Ганзориг нь өмчлөлийг хууль бусаар шилжүүлж авсан гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Батсуурьт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Ц.Ганзориг нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр /хх 3/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж 412 дугаар байр, 144 тоот 63.6 м.кв талбайтай Ү-2204034069 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Батсууриас шилжүүлэн авч,  өмчлөх эрхээ бүртгэлийн газарт бүртгүүлж баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 4/ хэрэгт авагджээ.

Хариуцагчаас орон сууцны өмчлөх эрхийг Ц.Ганзориг хууль бусаар шилжүүлэн авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түүнчлэн бүртгэл хууль бус гэж эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарлажээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Ганзоригийг маргаж буй байрны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Хариуцагч Т.Банзрагч, Г.Дуламсүрэн нар нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж уг орон сууцанд амьдарч байгаагаа зөвшөөрсөн, харин уг орон сууцыг хууль ёсоор эзэмшдэг гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/000761 дүгээр шийдвэр, уг шийдвэрийг гүйцэтгэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагааны баримтууд, Т.Банзрагчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлбөрөө дуусгаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөөр гаргасан баталгаа, шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/000556 дугаар шийдвэр зэргээс үзвэл хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй тул орон сууцыг хууль ёсоор эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байх тул орон сууцны өмчлөгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасны дагуу өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Б.НАРМАНДАХ

                                                                                                         А.ОТГОНЦЭЦЭГ