Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/742

 

 

 

 

 

 

 

2021             11            19                                      742

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганхөлөг,

шүүгдэгч: Л.Лх, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг (0505) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лх-д холбогдох эрүүгийн 2105000001711 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Монцемент ХХК-д ээлжийн засварчин ажилтай, сард 1 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******************оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *************,

 

Шүүгдэгч Л.Лх нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Багийн толгой руу 2-3 удаа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын, хамрын баруун хажуу ханын зөрөөгүй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Лх мэдүүлэхдээ:

Тухайн үед хохирогч Бан найз нь намайг хэл амаар доромжлоод байснаас үүдэн маргаан болсон. Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 500 000 төгрөг төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хэрвээ хохирогч уг гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэвэл гарсан зардлыг төлнө.  Цаашид дахиж ийм үйлдэл гаргахгүй. Прокурортой 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураар тохирсон. Энэ торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Ба мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 17-нд би найз Э /80123468/ Түшиг /96642829/ Түшигийн эхнэр Аги мөн Батдэлгэр нартай хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт караоке ороод хоёр цаг сууж байгаад 00 цагийн үед гараад, тамхи татаад хэсэг юм яриад зогссон. Би өөрөө гадаа тамхи татаж байгаад машиндаа суух гээд алхаж байхад өөр хэсэг хүмүүс байсны нэг эрэгтэй нь намайг шууд ирээд тэврээд авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм гэж хэлээд цааш түлхсэн чинь өөр нэг найз нь гэх өндөр залуу ирээд шууд нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд би нүүрээ дараад доош суусан. Энэ үед намайг нөгөө залуу энгэр заамнаас зуураад дахин хэд хэдэн удаа гараараа толгой, нүүр орчим цохисон бөгөөд энэ үед манай найз нар болон нөгөө залуугийн найз нар салгасан. Харин бид нар салаад маргаан болж байхад цагдаа нар ирсэн байсан. Намайг цохисон залууг хайхад тэр байхгүй байсан бөгөөд хамт байсан найз нараас нь хоорондоо учраа олъё, цагдаагаар шалгуулах зүйл байхгүй шүү дээ хөгшөөн гээд байхаар нь би тухайн үед больё гээд тэндээс Гэмтлийн эмнэлэг явсан бөгөөд тэнд хорио цээртэй байгаа гээд бусдыг нь оруулахгүй байсан тул би ганцаараа орж уулзсан. Намайг эмч хараад хамар чинь хугарсан байна, зураг авахуул гэж хариу өгсөн. Би буцаад гараад ирэх үед нөгөө залуусын найз нар нь ирсэн байсан бөгөөд намайг гэмтэл дээр байхад цагдаагаас Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтэст ирж заавал бүртгүүл гэсэн. Тэгээд бид Баянгол дүүргийн цагдаа дээр ирээд хоорондоо учраа олж байгаа тул гомдолгүй гэж хэлээд Мөнгөнгүүр эмнэлэг орж үзүүлэх гэсэн боловч тэнд эмч нар нь байхгүй байсан тул маргааш нь уулзахаар болсон. Тэгээд утас бичиг баримтаа өгчих гээд ер нь 1 000 000 төгрөг болох байх гэж хэлсэн чинь өө тийм их хэмжээний мөнгө байхгүй. Тэгвэл цагдаагаар шийдүүл гэж хэлээд манай найз нарт хоёр жолооны үнэмлэх үлдээгээд явсан. Харин дараа нь ярихгүй байхаар нь би цагдаад гомдол өгсөн чинь манай найзад дугаараа үлдээгээд бичиг баримтаа мөн өгсөн байсан. Би энэ талаар дараа нь мэдсэн. Намайг анх цохиод зугтаасан залуугийн нэрийг Лх гэдэг юм байна лээ. Би одоо харвал танина. Миний хамар хугарсан, баруун нүд хөхөрч хавдсан, заамдах үед хоолой хөхөрч хавдсан байсан. Эдгээр гэмтлийг зөвхөн Лх гэх залуу надад учруулсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Нөгөө залуутай уулзаад хохирол барагдуулсан тул эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 52-53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Тө мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 17-нд орой 21 цагийн үед манай хамт ажилладаг хүн болох Мөнх-Эрдэнийн /99025633/ төрсөн өдөр болоод хамт гарч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, хорооллын эцэст байдаг “Ану марал” гээд караоке орсон. Тухайн газар бид нартай хамт ажилладаг нэлээд олон хүн байсан бөгөөд ойролцоогоор 11-12 хүн байсан. Бид нар тухайн газар нэлээд удаан хугацаанд суусан бөгөөд шөнө 00 цаг болж, тухайн караоке хаахаар болоод бид нар гадаа гараад салж өгөхгүй хоорондоо юм яриад байж байсан. Би тухайн өдөр машин барьж байсан учир архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй юм. Бид нар гарч ирээд Ууганаа, Энхболд, Мөнх-Эрдэнэ нарыг машинд суулгаад Бо ах нөгөө хэдийг суулгаж байгаад тараагаад харина гэж хэлсэн. Тэгээд бид нар сууж байгаад хамт байсан хүмүүсээ унаанд суулгаж өгсөн эсэхийг шалгах гээд буугаад очих үед миний өөдөөс манай хамт ажилладаг Лх гээд ахыг Ганаа ах тэврээд гараад ирсэн байх. Тэгсэн цаанаас нь өөр нэг хэсэг хүмүүс наадах чинь намайг цохисон, наад залуугаа битгий явуул гэж хэлээд байсан. Харин энэ үед хажуугаар нэг эргүүлийн машин ирээд бид уулзсан бөгөөд нөгөө зодуулсан гэх залуу болон манай хамт явсан хүмүүс хоорондоо зохицоод салмаар байна гээд хамт гэмтэл орж, гэмтсэн газрыг нь тогтоолгохоор болсон. Ингээд бид нар нөгөө хүмүүстэй хамт гэмтэл орж уулзсан бөгөөд тухайн газар очсон чинь нөгөө хүмүүс хувийн эмнэлэг дээр очиж үзүүлэхээр болоод очсон чинь эмч нар нь байхгүй амарсан байгаа гэхээр нь бид нар гадаа нь гараад зодуулсан залуу болон хамт байсан найз нартай нь уулзаад ярилцах гэтэл хоорондоо учраа олоогүй тэндээсээ бид нар бичиг баримтаа үлдээгээд маргааш ярья гэж хэлээд гар утасны дугаараа үлдээсэн. Тэгээд байж байхад маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 18-нд нөгөө хүмүүс залгахгүй байсан бөгөөд өнөөдөр цагдаагийн байгууллагаас дуудахаар нь ирж мэдүүлэг өгч байна гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 17-нд манай хамт ажилладаг хүн болох Мөнх-Эрдэнийн төрсөн өдөр болоод бид нар уулзахаар болсон. Тухайн өдөр би орой найз Хонгорын хамт 22 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ану марал” гэх зочид буудал, караокед орсон. Тухайн үед би машин барьж байсан учир архи уугаагүй юм. Тэгээд тухайн орсон газар 00 цагийн үед хааж эхэлсэн. Бид гарч ирээд нэг хэсэг хоорондоо жаахан юм ярьж байгаад унаа машиндаа зарим нэг согтуу байгаа нэгнээ суулгасан. Ингээд явж байхад найз Лх гэнэт хүнтэй маргаан хийгээд муудалцаж байгаад гэнэт цохилцоод эхэлсэн бөгөөд энэ үед би холгүй байсан учир шууд очоод салгасан. Тухай үл таних нэг эрэгтэйн хамраас нь цус гараад эхэлсэн бөгөөд намайг хамардсан гэх зүйл хэлээд байсан. Лх нэлээд согтуу байсан учир шууд хүмүүсээс холдуулаад манай залуу болох Мөнх-Эрдэнэ гэх хүний машинд суулгасан. Энэ үед эргүүлийн машин ирээд маргаан хийсэн хүмүүс нь хаана байна гээд уулзсан бөгөөд би буцаж ирээд найз нараа учрыг нь олоод зохицуулахыг бодоорой гэж хэлээд Мөнх-эрдэнийн машин дотроос Лхг өөрийн машиндаа суулгаад гэрт нь буюу Баянзүрх дүүрэгт хүргэж өгсөн. Тэгээд замаараа үлдсэн найз нараасаа асуухад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна хэлсэн. Маргаан зодоон гэх зүйл бараг болоогүй. Манай найз Лх болон хохирогч залуу нар л хоорондоо ганц хоёр удаа гараараа цохилцсон. Тэгээд бид салгаад байж байхад эргүүлийн цагдаа нар ирсэн гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Оч мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 17-ны орой манай хамт ажилладаг хүн болох Мөнх-Эдэнийн /99025633/ төрсөн өдрийг тэмдэглэхээр орой ажил тараад уулзсан. Тэгээд хорооллын эцэст байдаг “Ану марал” караокед орсон. Тэндээ бид нар хүний хоёр шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уусан. Мөн 12 хүн байсан бөгөөд дундаа 1 литрийн Эдэн архи хоёр шил, 1 литрийн Жак данеллс гэх виски уусан. Тэгээд 23 цаг 30 минут болж байхад манай байгууллага хаах цаг болоод байна гэж хэлэхээр нь бид нар гарсан. Бид нар гадаа гараад хэсэг тамхи татаад, юм яриад зогсож байсан. Гэтэл хажууханд байсан машины зогсоол дээр эмэгтэй хүмүүс орилоод байхаар нь харсан чинь манай хамт ажилладаг залуу Лхг А аваад цаашаа явж байсан бөгөөд харин тэнд байсан хүмүүс нь наад өндөр залуу хүн зодсон гэх зүйл хэлээд байсан. Би лавлаад харсан чинь тэд манай найз Лхг хэлээд байсан юм билээ. Харин энэ үед эргүүлийн цагдаа нар ирээд гэмтэл авч яваад үзүүл гэж хэлсэн бөгөөд тухайн үед нөгөө зодуулсан гэх залуу бид нар хоорондоо учраа олохоор болсон юм. Бид нар тэндээс хөдлөөд ГССҮТ эмнэлэг орж нөгөө зодуулсан гэх залуугийн биеийг үзүүлсэн. Гэтэл хамар нь хугарсан байна гэж хэлсэн гээд хамт Баянголын цагдаа орж бүртгүүл гэж байна гэж хэлсэн. Бид нар тухайн үед манай найз Лх нэлээд согтуу байсан учир шууд гэрлүү нь явуулсан бөгөөд цагдаагийн газар ирээд хоорондоо зохицохоор болоод буцаж 1 дүгээр хороололд очиж Мөнгөнгүүр гээд эмнэлэгт үзүүлнэ, хувийн эмнэлэг орж үзүүлнэ гээд байсан тул хамт очсон боловч шөнө эмч нар байхгүй байна гээд хүлээж аваагүй. Ингээд манай найз Бо бид хоёрын утасны дугаар, регистрийн дугаар авсан бөгөөд өглөө ахиж уулзахаар болоод салсан юм. Харин маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 18-нд хэн нэг нь залгаагүй. Манай найз Бо бид хоёр хүлээгээд залгахгүй байхаар нь гайгүй юм байх гэж бодоод байж байхад өнөөдөр цагдаагийн байгуулагаас дуудахаар нь ирж мэдүүлэг өгч байна. Учир нь нөгөө залуу цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн байсан гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Бо мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 17-нд манай хуучин ажлын найз болох Мөнх-Эрдэнийн төрсөн өдөр болж байна гээд бид 21 цаг нэлээд өнгөрч байхад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ану марал” зочид буудлын караокед цугалсан юм. Бид нар тухайн газар нэлээд олуулаа байсан бөгөөд 23 цаг 30 минутын үед тухайн караоке хаахаар болсон тул бид нар гарч байна гэсээр байгаад 00 цаг хүргэсэн. Бид нар гарч ирээд тамхи татаад нэг хэсэг гадаа суусан бөгөөд манай ажлын залуу болох Тө гэх залуу архи уугаагүй байсан тул хамт гарч ирсэн зарим нэг хүмүүсээ машинд суулгаад байж байсан юм. Тухайн үед намайг машин луугаа явж байхад гэнэт хүмүүс шуугаад эхлэхээр нь яваад очсон чинь манай найз болох Лх, А нар хэдэн хүнтэй маргаан болсон бололтой хоёр тийш салаад, эргэж хэрүүл маргаан хийж дайраад байгаа харагдсан. Тэгээд нөгөө хүмүүсийн нэг өндөр залуу манай Лхг заагаад наад залуу чинь намайг цохиод хамар гэмтээсэн гэж хэлж байсан. Тухайн үед тэр хавиар цагдаагийн эргүүл явж байгаад таарсан бөгөөд бид нар дээр ирсэн юм. Бид нар хоорондоо учраа олно гэж тохироод хамт ГССҮТ-ийн эмнэлэг орно гээд найз Лх согтуу байсан тул гэрлүү нь явуулсан. Би А, Оч нартай хамт гэмтэл орсон. Тэгээд дотогшоо орох гэтэл хохирсон залуугаас бусдыг нь оруулахгүй гээд байсан бөгөөд би болон нөгөө хүний найз нар гадаа хүлээгээд байж чинь хохирогч гэх залуу гарч ирээд бид нарыг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиж бүртгүүл гэж хэлсэн гээд хамт цагдаагийн хэлтэс дээр очсон. Бид хоорондоо эвлэрч байгаа гээд тухайн үедээ хамт гараад нөгөө залууг улсын эмнэлэгт үзүүлэхгүй хувийн эмнэлэг дээр очиж үзүүлнэ гэхээр нь бид нар хамт Мөнгөнгүүр эмнэлэг орсон. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан бөгөөд эмч нар байхгүй одоо хүн хүлээж авахгүй гэж хариу хэлсэн. Бид нар нөгөө хүмүүсийн машин дотор нь орж уулзаад өглөө цаг тохироод уулзмаар байна гэж хэлсэн чинь надад итгэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл хохирол хэдэн төгрөг болох талаар нөгөө хохирогч залуугаас асуухад 1 000 000 төгрөг болно гэж хэлсэн. Би тухайн үед нь чихээс хийхэд 200 000 төгрөг орчим болдог байх гээд хэлсэн чинь тэгвэл цагдаагаар шийдүүлнэ гээд хохирогч залуу уурлаад байсан. Тэгээд бид нар явахдаа өглөө уулзаад учраа олъё гэж хэлээд өөрийн жолооны үнэмлэх болон гар утасны дугаараа үлдээсэн. Тэгээд ахиж холбоо бариагүй байж байгаад өнөөдөр манай найз нар цагдаа дээр дуудаж байна гэхээр нь ирж мэдүүлэг өгч байна гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Э мэдүүлэхдээ:

2021 оны 10 дугаар сарын 18-нд манай найз нар болох Ба, Түшиг, Батдэлгэр нартай уулзаад, жаахан ууж дуулахаар болоод хорооллын эцэст байдаг нэрийг нь санахгүй байна нэг караоке орох болсон. Би маргааш нь ажилтай байсан тул машин бариад явахаар болсон юм. Бид нар тухайн караоке ороод дундаа 1 шил 1 литрийн Эдэн гэх архи, хүний 2 шил 0.5 литрийн Сэнгүр гэх пиво уусан. Бид нар уулзахад манай найз нар огт архи уугаагүй байсан юм. Бид 22 цагийн үед караоке ороод 00 цаг гээд тус караоке дотроос гарсан. Үүдэнд гарч ирээд юм яриад зогсож байхад манай найз Ба гараад ирсэн. Тэгэхээр нь хөөе нааш ир гээд дуудсан чинь өөр нэг үл таних эрэгтэй манай найзыг гуйвж ирээд тэврээд авсан. Тэгээд нөгөө хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйгаад гараа цохилцоод эр улсууд гээд инээгээд байж байхад цаанаас нь өөр нэг үл таних өндөр эрэгтэй гарч ирээд хэл ам хийж явсаар байгаад тулаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хөөе боль гэж хэлээд дундуур нь орсон чинь миний хажууд байсан манай найз Баг нэг өндөр залуу нь гараараа цохиод авсан. Тэгээд цаанаас нь өөр хэдэн хүн гүйгээд хүрч ирсэн бөгөөд тэр хүмүүс нь салгаад хоёр тийш болсон. Би хамт байсан найз нараа хархад Багийн хамраас цус гараад, илт хажуу тийш мурийсан байсан. Харин нөгөө маргаан зодоон салгаад байсан хэдэн залуу Баг цохисон гэх залууг цаашаа аваад явсан. Энэ үед эргүүлийн цагдаа нар хүрч ирсэн бөгөөд араас нь яваад нөгөө залууг аваад ирсэн. Бид нар хоорондоо юм ярьж байгаад ахиад нэг хархад нөгөө хүн цохисон эрэгтэй бас алга болсон байсан. Харин хамт байсан найз нар нь хоорондоо учраа олно цагдаагаар шалгуулахгүй учраа олъё гээд байсан бөгөөд бид нар хамт Гэмтлийн эмнэлэг орохоор болоод ГССҮТ эмнэлэгт очсон чинь гэмтсэн хүнээс бусад нь орохгүй гэж эхлээд оруулахгүй байсан. Ингээд манай найз Ба дотогшоо орсон бөгөөд гарч ирээд цагдаагийн газар заавал бүртгүүлдэг юм байна гээд Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дуугаар хэлтэс дээр ирсэн бөгөөд эвлэрч байгаа, цагдаагаар шалгуулахгүй, ямар нэг гомдол санал байхгүй гэж хэлээд гарсан. Бид нар цагдаагаас гараад нөгөө хүмүүстэй хамт Мөнгөнгүүр эмнэлэг орж үзүүлэх гэтэл эмч нар нь байхгүй гээд хүлээж аваагүй нааш цааш явсаар байгаад 04 цаг болж байсан тул өглөө эрт уулзаж учраа олъё, эсвэл эмнэлэгт үзүүлэх болон эмчилгээний мөнгө нийлээд 1 000 000 төгрөг болох байх гэж хэлсэн чинь нөгөө хэд тийм мөнгө бид нарт байхгүй. Тэгвэл цагдаагаар шийдүүлнэ гээд бичиг баримтаа утасны дугаараа үлдээгээд салсан. Маргааш нь нөгөө залуус ярихгүй байсан чинь манай найз цагдаагийн байгуулга дээр ирж гомдол гаргасан байсан. Маргаан Ба болон нөгөө үл таних залуугийн хооронд л болсон гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10144 тоот дүгнэлтэд:

1. Э.Бан биед баруун нүдний ухархайн дотор ханын, хамрын баруун хажуу ханын зөрөөгүй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Л.Лх нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 73 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Л.Лх нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Бан толгой руу 2-3 удаа цохиж, биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын, хамрын баруун хажуу ханын зөрөөгүй, зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Ба, гэрч Г.Тө, Б.А, Х.Оч, Д.Бо, Г.Э нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10144 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Лх-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 338 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд Л.Лх-гээс 500 000 төгрөгийн хохирол авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Л.Лхг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Боржигон овогт Лх-гийн Лх-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Лх-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Л.Лх-д даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Лх нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Лх цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Л.Лх-гээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Лхд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН