| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0784/и |
| Дугаар | 00784 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 00784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Улаанбаатар хот Сонгоно хайрхан дүүрэг 11 дүгээр хороо амины орон сууц 3-100 тоотод түр оршин суух, одоо түр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 10-25г тоотод оршин суух “Бархас” овогт Нямаагийн Мөнхнасан /РЮ-87111317/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, “Хөвсгөл зам” ХХК-ний хүний нөөцийн ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдрах, одоо тусдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг 24-05 тоотод оршин суух “Халзан” овогт Чимэдсэнгийн Лхагвадаш /РЭ-84031468/-д холбогдох,
Хариуцагчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 2329 дугаарын үнэмлэхтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 57-14 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Адъяагийн Ууганбаяр /РА-87032017/,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяажав, нэхэмжлэгч Н.Мөнхнасан, хариуцагч Ч.Лхагвадаш, А.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь эхнэр Ч.Лхагвадаштай 2010 онд танилцаж үерхэж байгаад 2013 оны 12 сарын 27 нд хүү Энхнасан төрсөн ба хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй миний хүүхэд мөн. Бид хоёр нэг гэрт орж хамт амьдраагүй ба бие биенийхээрээ ирэн очин амьдардаг байсан. Ажлын шаардлагаас болж би Улаанбаатар хотод ажлаар явсан эхнэр Мөрөнд ажилтай тул үлдсэн ба хоёр өөр газар байхлаар бие биенээ хардах буруугаар ойлгох явдал гардаг байснаас болоод салах шалтгаан болсон гэж бодож байгаа. Одоо нэгэнт л хамт амьдарч чадахгүйгээс хойш салсан нь дээр ба би ч гэсэн өөр хүнтэй холбоотой болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй юм.
Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүгээ эхийн асрамжинд үлдээж хуульд заасан хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн хувьд 7.527.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Ч.Лхагвадаш шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөртэйгөө 2010 онд танилцаад хүү Н.Энхнасанг 2013 оны 12 дугаар сарын 29-нд төрүүлсэн. Гэрлэлтээ 2013 оны 12 дугаар сарын 27-нд албан ёсоор батлуулсан. Н.Мөнхнасан 2013 онд хот руу шилжиж ажилласан би Мөрөнд ажилтай байсан тул явж чадаагүй хоёр тусдаа амьдрах болсон юм. Бид хоёр 3 жилийн хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд хүүгээ би өөрөө өсгөж хүмүүжүүлсэн. Миний зүгээс салахгүй гэж их тэвчиж хичээсэн боловч намайг Солонгост байх хугацаанд Н.Мөнхнасан нь өөр эмэгтэй хүнтэй болж одоо тэр эмэгтэй нь 9 сард төрөх гэж байгаа учир цаашдаа хамт амьдрах ямар ч боломжгүй.
Иймд гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин би хүүхдээ өөр дээрээ авч эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн байшин барихад зарцуулсан миний хөрөнгө болох 7.527.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Н.Мөнхнасан нь хариуцагч Ч.Лхагвадашид холбогдох гэрлэлт цуцлуулах, нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Мөнхнасан нь хариуцагч Ч.Лхагвадаш нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Анар төрсөн болох нь. Тухайлбал;
Гэрлэгчдийг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн газар № 6701000271 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба түүний хуулбар,
Тэдний дундаас 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү “Бархас” овогт Мөнхнасангийн Энхнасан /РЮ-13321917/-г төрүүлсэн ба түүнд олгосон төрсний бүртгэлийн гэрчилгээ болон эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байх тул гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:
Нэхэмжлэгч Н.Мөнхнасан: “....одоо нэгэнт л хамт амьдарч чадахгүйгээс хойш салсан нь дээр ба би ч гэсэн өөр хүнтэй холбоотой болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй....” гэх,
Хариуцагч Ч.Лхагвадаш: “....Н.Мөнхнасан нь өөр эмэгтэй хүнтэй болж одоо тэр эмэгтэй нь 9 сард төрөх гэж байгаа учир цаашдаа хамт амьдрах ямар ч боломжгүй....” гэх тайлбар, мэдүүлэг болон гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй тохиролцсон байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд Н.Мөнхнасан, Ч.Лхагвадаш нарын гэрлэлтийг цуцалж хүү М.Энхнасанг эх Ч.Лхагвадашийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд:
Хариуцагч Ч.Лхагвадаш: “....байшин барихад зарцуулсан миний хөрөнгө болох 7.527.000 төгрөг гаргуулж өгнө үү....” гэх,
Нэхэмжлэгчийн шүүхэд: “....эд хөрөнгийн хувьд 7.527.000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлгүүдийг үндэслэж нэхэмжлэгчээс 7.527.000 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон эд хөрөнгөнд төлсөн 139.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс 139.750 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Бархас” овогт Нямаагийн Мөнхнасан /РЮ-87111317/, “Халзан” овогт Чимэдсэнгийн Лхагвадаш /РЭ-84031468/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү “Бархас” овогт Мөнхнасангийн Энхнасан /РЮ-13321917/-г эх Ч.Лхагвадашид асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү М.Энхнасанг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Н.Мөнхнасангаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхнасангаас 7.527.000 /долоон сая таван зуун хорин долоон мянга/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Лхагвадашид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Лхагвадашаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Мөнхнасанд олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 139.750 /нэг зуун гучин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Н.Мөнхнасангаас 139.750 /нэг зуун гучин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ч.Лхагвадашид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ