Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/748

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: Г.Га нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************** Га-т холбогдох эрүүгийн 2105018231487 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 

 

Шүүгдэгч Г.Га нь 2021 оны 8 дугаар сарын 30-наас 2021 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миланжэ Эм Жи Лоунж” караокены гадна хохирогч Ц.Баийг зодож, түүний биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохой, шуунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Га мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид 410 000 төгрөгийн хохирол төлсөн. Тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд бид маргалдсан. Цаашид биеэ зөв авч явна. Үр хүүхдээ харж, эцэг эхдээ тусална. Улсын яллагчтай 500 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг сайн дураар тохиролцсон. Энэ торгуулийн ялыг 2 сарын хугацаанд төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ба мэдүүлэхдээ:

Би 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгс Ялгуун” эмнэлгийн баруун талд байрлах караоке руу Ба, А, Мөнхбаатар нарын хамтаар орсон. Тэндээ архи, пиво ууж байгаад шөнө 00 цагийн үед гарсан. Би нэлээн согтсон байсан ба караокеноос гарахад А нь үл таних тарган залуутай маргалдаж байсан. Би согтсон байсан болохоор маргаан юунаас болсон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд би голоор нь салгах гэтэл Атай маргалдаж байсан залуу миний толгой хэсэг руү цохиод байсан. Би нэлээн согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед миний хацарны дотор тал язарсан, толгой нүүр хэсэг битүү хавдартай, зүүн талын хөмсөг сэтэрч 2 ширхэг оёдол тавьсан. Тухайн өдөр би өөр хэн нэгэнтэй маргалдаж, цохиж зодсон асуудал байхгүй. Намайг зодсон гэх хүн нь өндөр махлаг эрэгтэй хүн зодсон.

Уг асуудалд миний бие гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 12, 67 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.А мэдүүлэхдээ:

Хамгийн урд нь би гарч явсан. Үүд хэсэгт хэдэн залуучууд байхаар нь тамхи байна уу гэж асуусан чинь нэг залуу байхгүй халтар минь гэж хэлэхээр нь яагаад намайг халтар гэж байгаа юм гээд маргасан. Тэгтэл манай ажлын ах Ба голоор орж салгаад Ба намайг аваад тэдгээр залуучуудаас холдуултал Ба ах нөгөө залуучуудаас одоо больё уучлаарай гээд уулзаж байхаар нь явах гээд эргэж хараад алхатал ард түс тас гээд чимээ гарахаар нь эргээд хартал Ба ахыг зодож байсан гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ба мэдүүлэхдээ:

Тэгтэл манай ажлын ах Ба голоор орж салгаад Би Алтанбаганыг тэврээд тэдгээр залуучуудаас холдуултал Ба ах нөгөө залуучуудаас одоо больё, уучлаарай бид хэд явлаа гэж хэлж байсан. Би Алтанбаганыг тэврээд эргэж хараад алхатал ард түс тас гээд чимээ гарахаар нь эргээд хартал Ба ахыг зодож байсан. ...Би нэг их зодуулаагүй болохоор гэмтэл гээд байх зүйл байхгүй. Ба ахын хөмсөгнөөс нь цус гараад байх шиг байсан. Тэр махлаг өндөр залуу нь Ба ахыг унагачихсан өшиглөөд байсан. Аптанбаганыг би хэдэн оных юм бэ гэхэд Аптанбагана 98 оных гэсэн чинь нөгөө махлаг залуу өө бацаан чинь надаас 10 дүү юм байна гэж орилоод байсан. ...Баийг махлаг биеэрхүү залуу нь унагаад зодоод байх шиг байсан. Нөгөө хэдтэй нь бид хэд зууралдаад салгах гэж байсан гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Би мэдүүлэхдээ:

Га бид хоёр машиндаа суух гэтэл нэг бүдүүн залуу нь манай найзаас тамхи нэхсэн. Тэгээд байхгүй гэтэл байлгачихаач гэсэн. Тэрнээс болоод хоорондоо маргалдсан ба бүдүүн залуутай хамт явж байсан залуус нь манай найз руу дайраад байсан. Тэгэхээр нь би больцгоо гэхэд болихгүй дайраад байсан. Тэр хүмүүс манай найзыг цохиод, голоор нь би орж салгаад найзыгаа машинд нь суулгаад шууд явсан гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 8246 дугаар дүгнэлтэд:

1. Ц.Баийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохой, шуунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тус гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Га нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 66 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г.Га нь 2021 оны 8 дугаар сарын 30-наас 2021 оны 8 дугаар сарын 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миланжэ Эм Жи Лоунж” караокены гадна хохирогч Ц.Ба-ийг зодож, түүний биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр тохой, шуунд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ба, гэрч Ц.А, Б.Ба, Г.Би нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 8246 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Га-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Г.Га-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Га-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Га-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Га-т даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Га нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Га цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Га-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН