Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/633

 

 

 

 

 

 

 

   2021         11            22                                       2021/ШЦТ/633

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч Э.Бадрал /томилолтоор/,   

хохирогч М.Р-,

шүүгдэгч М.С- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 21100 1224 0832 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..../.  

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч М.С- нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэмүүлэн хотхоны 43-А тоотод өөрийн салсан эхнэр М.Р-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч М.С-оос: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй” гэв.

 

Хохирогч М.Р- мэдүүлэхдээ: “Тэр өдөр би ажлаа дуусаад гэр лүүгээ ороход энэ хүн орцны үүдэнд ирсэн байсан. Яасан гэж асуухад гэр лүүгээ оръё гэхэд нь би айгаад гэр лүүгээ ороогүй. Бидний салсан шалтгаан М.С- архи ууж намайг зоддог байснаас болсон. М.С- намайг гэрээ цоожилж байгаад зоддог байсан. Салсны дараа олон удаа намайг зодож байсан. Дандаа толгой, нүүр лүү цохиж зоддог 5, 6 удаа шүүх эмнэлэгт үзүүлж шалгуулж байсан. Тэр өдөр ирэхэд нь айгаад гэртээ оруулж чадаагүй. М.С- Баян-Өлгий аймаг явна гэж байсан, ээж өвдсөн гэж хэлээгүй. Усанд ороод гаръя гэхээр нь айгаад хоёулаа цагдаа шүүх болоод яах юм бэ гэхэд үснээс зулгаагаад чирээд гэрт оруулах гэхэд би орохгүй  гэхэд үснээс зулгаагаад зодоод, яваад өгсөн.” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 1224 0832 дугаартай хэргээс оролцогчдын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

 

2. Хохирогч М.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим гэр лүүгээ орох гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Тэлмүүн” хотхоны 43-А байр руу явж байсан чинь салсан нөхөр М.С- гэрийн үүдэнд зогсож байсан. Танай гэрт орох гэсэн юм гэхээр нь гэртээ оруулахгүй, стресстмээргүй байна, хоёулаа дахиад цагдаа сэргийлэх болоод яах юм бэ гэсэн чинь намайг үсдэж зулгаагаад зууралдаад байсан. Зугтаасан чинь барьж аваад шууд нүүрэнд гараараа цохичхоод яваад өгсөн. Тэгэхээр нь би хорооны цагдаа дээр очсон чинь хэлтэс рүү очиж өргөдөл өг гэсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргаж  байна. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Манай нөхөр өмнө 2012, 2013, 2014, 2016, 2017 онд дандаа намайг зоддог байсан. Байнга архи ууж ирээд агсам тавьдаг байсан. Зодохдоо дандаа нүүр толгой руу зоддог байсан. Намайг зодоод шүүхээр 4-5 удаа орж байсан. Өнөөдөр бол эрүүл архи уугаагүй байсан. Гэртээ оруулсангүй гэж зодсон. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн. Хамар чихэгдсэн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- хохирогчоор дахин 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...Эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаараа хохирч байна. Би нүднээсээ санаа зовоод нэг сар ажилдаа яваагүй. Тиймээс 3.000.000 төгрөг М.С-аас нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5290 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

-М.Р-гийн зүүн хөмсөгний доод хэсэгт зулгарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

4. Шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би М.Р-д учруулсан бодит хохирлоо төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49/ болон бусад бичгийн зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч М.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.С- нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тэмүүлэн” хотхоны 43-А тоотод 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр салсан эхнэр М.Р-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж биед нь зүүн хөмсөгний доод хэсэгт зулгарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:  

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

 

- Хохирогч М.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим гэр лүүгээ орох гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Тэлмүүн хотхоны 43-А байр руу явж байсан чинь салсан нөхөр М.С- гэрийн үүдэнд зогсож байсан. Танай гэрт орох гэсэн юм гэхээр нь гэртээ оруулахгүй, стресстмээргүй байна, хоёулаа дахиад цагдаа сэргийлэх болоод яах юм бэ гэсэн чинь намайг үсдэж зулгаагаад зууралдаад байсан, ... зугтаасан чинь барьж аваад шууд нүүрэнд гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 5290 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлт /хх-ийн 27-28/,

 

- Шүүгдэгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч М.С- нь хохирогч М.Р-тай маргалдан бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Мөн шүүгдэгч, хохирогч нар нь эхнэр нөхрийн харилцаатай, дундаасаа нэг хүүхэдтэй байсан байх ба, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байсан зэрэг нь маргаан үүсэх нөхцөл болж, хохирогч М.Р-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарах шалтгааныг бий болгосон байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Р-гийн бие, эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба, хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч М.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгч М.С- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч М.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогч гомдолтой гэсэн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” этгээд тус хуулийн үйлчлэлд хамаарна гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

            -4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

 

            Шүүгдэгч М.С- нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ тогтоолоор хохирогчид баримтаар төлөх төлбөргүй тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна. Иймээс дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан тул түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

2. Бусад асуудлаар: Шүүгдэгч М.С-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон 

 

            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.  

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дугаар зүйлийн 1, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С-ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.С-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Р- нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч М.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч гардан авснаас эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН