Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/623

 

 

 

 

 

 2021         11           17                                         2021/ШЦТ/623

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Соронзонболд,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,

хохирогч, шүүгдэгч У.Н-,  

хохирогч, шүүгдэгч Ж.Т- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Ж.Т-,

У.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0000 0866 дугаартай, нэг хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, ....

 

2. Монгол Улсын иргэн, ......

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Ж.Т- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн У.Н-ийн биед баруун нүдний зовхи, цээж, нуруу, зүүн өвдөгт цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч У.Н- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн Ж.Т-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, зүүн баруун нүдний зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

 

Ж.Т- шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн,

            -хохирогчоор мэдүүлэхдээ: “Миний биед Намнандорж гэмтэл учруулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн;   

 

У.Н- шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн,

-хохирогчоор мэдүүлэхдээ: “Миний биед Ж.Т- гэмтэл учруулсан байх, би сайн санахгүй байна. Ж.Т-оос өөр хүнтэй маргалдаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 0866 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудад:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 05/,

2. Хэргийн газар 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

3. 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16/,

4. Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ гарч найз М-н гэрт орж нэг шил архи уусан. 17 цагийн үед шиг санаж байна гэрээс нь гараад гэр лүүгээ орохоор явсан. Орцондоо ортол орцны үүдэнд нэг үл таних залуу бие засаж байхаар нь барьж аваад “яагаад энд шээгээд байгаа юм, энд чиний шээдэг газар биш гээд бид хоёр зууралдаад орцноос гарсан. Тухайн залууг “бариад цагдаа дуудна, цагдаад өгнө, чи дандаа энд шээдэг юм байна” гээд бариад урд талын хороо орохоор барьцалдаад явж байтал тухайн залуу хоёр машины голоор ороод намайг унагааж дээр сууж намайг нүүрэн тус газар цохисон, дээрээс цохиод байхаар нь одоо болио гэж хэлсэн. Тэгтэл болихгүй чамайг ална, гүйцээнэ гээд цохиод дээр суучхаад босохгүй байхаар нь босооч ээ гэж хэлтэл босохгүй дээрээс цохиод байж байтал манай хүү ирж таараад тухайн залууг татаж дээрээс босгосон. Тэгээд цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэн өгсөн. Би тухайн залууг цохиж зодоогүй. Тухайн залуу миний дээр суучхаад босохгүй байсан. Надад ямар ч цохих боломж байхгүй байсан. Би “Мөнгөн гүүр” эмнэлэг дээр томографын зураг авхуулсан. Мөн дүүргийнхээ эмнэлэгт үзүүлсэн. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

5. Хохирогч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад Кино үйлдвэрийн тэнд очиж таньдаг ахтай уулзаж нэг шил 0.5 литрийн архи уучхаад салсан. 17 цагийн үед ...18 дугаар байрны дэлгүүрээс 4 лааз пиво авчхаад байж байтал дэлгүүрт байсан хүүхдүүд зайрмаг аваад өг гэсэн. Худалдагч эмэгтэй тухайн хүүхдүүдийг гуйлга гуйлаа гэж хөөсөн. Тухайн хүүхдүүд гараад явчихсан. ...Би зайрмаг аваад гадаа гарсан чинь уг 3 хүүхэд тоглоомын сааданд байхаар нь гурван зайрмагаа өгчхөөд саадны сандал дээр сууж байсан. Тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Тухайн лаазтай пивоо уг ах хүүтэй уусан байх, ууж байгаад маргалдсан байх гэж бодож байна. Өөр тийшээ явах ямар ч тэнхэлгүй нэлээн муудчихсан байсан. Нэг мэдсэн нэг залуу миний дээрээс дарчихсан байсан. Цагдаа ирээд авч явсан, ирээд эрүүлжүүлэх байранд орсон. Би нэлээн согтуу байсан учир санахгүй байна. Тухайн залуу аавыгаа өмөөрч цохисон байх гэж бодож байна. Би хүнтэй зодолдоод байдаггүй. Тухайн ах хүү намайг эхэлж цохисон бол би зөрүүлээд цохисон байж магадгүй. Би эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

6. Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17.50 минутын үед гэрийнхээ гадаа ирээд байрны хажууд аавынхаа машины хажууд машинаа байрлуулаад буугаад явж байтал аавын дээр үл таних нэг согтуу хүн гарчихсан зодож байсан. ...аавын уруул, нүд нь хавдчихсан нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд би уг залууг холдуулсан. Тухайн залуугийн шанаа хэсэгт халцарчихсан байсан. Намайг очиход тэр хоёр хоёулаа байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

7. Гэрч М.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эргүүлийн офицер, ахмад Э.А-ийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад жижүүрээс ирсэн дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг 1 дүгээр хорооны байрны гадаа очиход байрны хойд хэсэгт 3 эрэгтэй хүн зогсож байсан. Нэг залуу энэ аавыг зодсон гэж хэлж байсан. Тухайн заасан залуугийн хамраас цус гарчихсан, нөгөө аав гэх хүнийх нь нүүр нь шороо болчихсон зулгарчихсан харагдаж байсан. Тухайн хоёр эрэгтэйн арай залууг нь машиндаа суулгаж хэлтэс дээр авч ирсэн. Нөгөө арай хөгшин ах араас дуудлага өгсөн гэх хүүгийнхээ хамт хэлтэс дээр ирсэн. Хэлтэс дээр ирж хамраас цус гарсан залууг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулсан. Нөгөө ахын хүү А- аавынхаа зургийг авхуулан шинжээч томилох тогтоол аваад явсан байх. Намайг очиход дуудлага өгсөн залуу эрүүл нөгөө хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу, хамаг хувцас нь шороо болчихсон нэгнийх нь хамраас цус гарсан, нөгөөх нь нүүр нь зулгарчихсан байдалтай байсан. Дуудлага өгсөн залуу тухайн согтуу залууг цохиж зодсон зүйл харагдаагүй. Нөгөө хоёр нь хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Хэрэг болсон газар очиход гурван эрэгтэй л байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9010 дугаартай дүгнэлтэд:

- Ж.Т-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, зүүн, баруун нүдний зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52/,

 

9. Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Ж.Т-ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

 

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9178 дугаартай дүгнэлтэд:

- У.Н-ийн биед баруун нүдний зовхи, цээж, нуруу, зүүн өвдөгт цус хуралт, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72/,

 

11. Шүүгдэгч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. ...Өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

12. Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. ...Өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шуурхай шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

13. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч У.Н-, Ж.Т- нарын гаргасан хүсэлт, Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 142-147/,

 

14. Шүүгдэгч Ж.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 96-100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-117/,

 

15. Шүүгдэгч У.Н-ийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 120-125/, эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 129/, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 132-133/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч У.Н-, Ж.Т- нар эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар тэдэнд танилцуулахад зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Т- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн У.Н-ийн биед баруун нүдний зовхи, цээж, нуруу, зүүн өвдөгт цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-шүүгдэгч У.Н- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн Ж.Т-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, зүүн баруун нүдний зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ж.Т- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн У.Н-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны  улмаас маргалдан, биед нь халдаж зодон, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхи, цээж, нуруу, зүүн өвдөгт цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У.Н- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны хажууд 2021 оны 09 сарын 18-ны өдөр 17 цагийн үед иргэн Ж.Т-той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, биед нь халдаж зодон эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, зүүн нүдний салст, зүүн баруун нүдний зовхи, дээд уруул, эрүүнд цус хуралт, язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 05/,

- Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16/,

- Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орцны үүдэнд үл таних залуу бие засаж байхаар нь ...яагаад энд шээгээд байгаа юм, энд  чиний шээдэг газар биш гээд бид хоёр зууралдаад орцноос гарсан. ...барьцалдаад явж байтал хоёр машины голоор ороод намайг унагааж дээр сууж нүүрэн тус газар цохисон, цохиод байхаар нь одоо болио гэж хэлэхэд ...болихгүй чамайг ална гүйцээнэ гээд цохиод дээр суучхаад босохгүй байсан. ...цохиод байж байтал манай хүү ирж таараад тухайн залууг татаж дээрээс босгосон. Тэгээд цагдаа дуудаж тухайн залууг хүлээлгэн өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

- Хохирогч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таньдаг ахтай уулзаж нэг шил 0,5 тай хараа архи уучхаад салсан. ...нэг мэдсэн нэг залуу миний дээрээс дарчихсан байсан, цагдаа ирээд авч явсан ...Би нэлээн согтуу байсан учир санахгүй байна. ...Тухайн ах хүү намайг эхэлж цохисон бол би зөрүүлээд цохисон байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

 

- Гэрч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...17:50 минутын үед гэрийнхээ гадаа ...аавынхаа машины хажууд машинаа байрлуулаад буугаад явж байтал аавын дээр үл таних нэг согтуу хүн гарчихсан зодож байсан. ...аавын уруул, нүд нь хавдчихсан нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. Тэгээд би уг залууг холдуулсан. Тухайн залуугийн шанаа хэсэгт халцарчихсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

- Гэрч М.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу Хан-Уул дүүрэг 1 дүгээр хорооны байрны гадаа очиход байрны хойд хэсэгт 3 эрэгтэй хүн зогсож байсан. Нэг залуу нь энэ аавыг зодсон гэж хэлж байсан. Тухайн заасан залуугийн хамраас цус гарчихсан, нөгөө аав гэх хүнийх нь нүүр нь шороо болчихсон зулгарчихсан харагдаж байсан. ...Намайг очиход дуудлага өгсөн залуу эрүүл, нөгөө хоёр нь согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтуу хамаг хувцас нь шороо болчихсон нэгнийх нь хамраас цус гарсан нөгөөх нь нүүр нь зулгарчихсан байдалтай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9010 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52/,

- Шинжээч эмч Т.Сэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “...Ж.Т-ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 9178 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72/,

 

- Шүүгдэгч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,

 Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.Т-, У.Н- нар нь согтуурсан  үедээ хоорондоо маргалдан хэн хэнийхээ бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тус гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр  хангасан байх тул шүүгдэгч нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-, У.Н- нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ж.Т-ыг хохирогч У.Н-ид, шүүгдэгч У.Н-ийг хохирогч Ж.Т-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарт ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Ж.Т- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд хоёр удаагийн ял шийтгэгдэж байсан, шүүгдэгч У.Н- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд нэг удаагийн ял шийтгэлтэй байх боловч нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгч нарын хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын санал нь хуулийн шаардлагад нийцжээ.

Иймд шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тус хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Тус хэрэгт шүүгдэгч Ж.Т-, У.Н- нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарыг тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-, У.Н- нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн хамт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Ж.Т- хохирогч У.Н-ид, шүүгдэгч У.Н- хохирогч Ж.Т-д тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Т-, У.Н- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН