Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1776

 

Ц.Сарантуяагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01065 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Сарантуяа,

Хариуцагч Л.Бямбасүрэнд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 245 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Л.Бямбасүрэнд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөгийг, мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Гэтэл “амьдрал хүнд байна, хүүхдүүдэд мөнгө хэрэгтэй болоод байна” гэх мэтээр шалтаг хэлэн гуйгаад байхаар нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг нэмж өгөөд “ер нь хоёулаа гэрээ байгуулна” гэж хэлж байж өөрөөр нь бичүүлж бүгд зээлсэн мөнгийг нэгтгэн 9 500 000 төгрөгөөр сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн юм. Ингээд тохиролцсон ёсоор Л.Бямбасүрэн сарын хүүг өгч байсан. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “1 000 000 төгрөг нэмээд өгчих” гэсний дагуу өгч зээлийн гэрээндээ бичин гарын үсэг зурж баталгаажуулсан.

Л.Бямбасүрэн надаас бүгд  10 500 000 төгрөг зээлж авсан боловч эргүүлэн төлөхгүй байсан. 2014 оны дундуур “хүүхдүүд бизнес хийх гээд Солонгосоос ирээд байна” гэж гуйсаар байгаад 3 000 000 төгрөг, мөн “охин машин оруулж ирээд байгаа зарагдахгүй татварын мөнгө нэхэгдээд байна” гэж гудамжинд таарч шалсаар байгаад 2014 оны сүүлээр 2 000 000 төгрөг, “Цагаан сар болох гээд байна, охин Солонгосоос бараа оруулж ирж зарвал ашигтай байна, мөнгө нь дутаад  байна” гэж 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр  манайд ирээд гуйгаад байхаар нь “түрүүчийн мөнгөө өгөөгүй болохоор би итгэхэд бэрх байна” гэхэд “чи ямар найзыгаа мэдэхгүй биш, би бололцоотой хүн шүү дээ, Зурагтад хашаа байшин байгаа түүнийг зарсан ч мөнгө болно” гэхчлэн  шалтаг хэлэн гуйгаад байхаар нь түүнд нэмж өөрт бэлэн байсан 1 800 000 төгрөгийг өгч ойролцоо байдаг нотариатын газраас нэг зээлийн гэрээний загвар гуйж аваад түүн дээрээ бичин 4 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр гэрээ байгуулсан.

Гэрээнд заасан хугацаа хэтрүүлбэл 0.5 хувийн алданги төлөхөөр болж гэрээний нэг хувийг хувилан Л.Бямбасүрэнд өгсөн юм. Үүнээс хойш Л.Бямбасүрэн 2015 оны 6 дугаар сард манай гэрт 2 000 000 төгрөг авч ирж өгөөд “гэрээгээ сунгая” гэхээр нь би зөвшөөрөхгүй, мөнгөө авъя гэхэд элдэв зовлон тоочоод “би хүүтэй нь өгнө шүү дээ” гээд байсан боловч надад итгэл төрөхгүй байсан юм. Үүнээс хойш мөнгөө нэхэмжлэхээр өөдөөс “Солонгосоос охин мөнгө явуулна, тэгэхээр төлнө хүлээж бай” гэдэг байсан. Сүүлдээ 2016 оны 12 дугаар сард “чи итгэхгүй байгаа бол би чамд байрныхаа бичиг баримтыг өгье” гэж хэлээд гэртээ орж үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ эх хувиар нь авч ирж өгсөн.

Л.Бямбасүрэн өр авлагын тооцоог хийвэл үндсэн зээл 17 300 000 төгрөг, гэрээгээр тохиролцсон 4 сарын хүү 3 460 000 төгрөгөөс бэлнээр өгсөн 2 000 000 төгрөг, 7 дугаар сарын 02-ны өдөр 100 000 төгрөг, 8 дугаар сарын 01-ний өдөр  400 000 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 580 000 төгрөг, 9 дүгээр сарын 21-ний өдөр 650 000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 650 000 төгрөг, 10 дугаар сарын 03-ны өдөр 350 000 төгрөг тус тус миний ХААН банк дахь дансанд шилжүүлснийг  тооцоход бэлнээр 2 000 000 төгрөг, шилжүүлгээр 2 730 000 төгрөг, бүгд 4 730 000 төгрөг авсан.

Гэрээнд зааснаар 4 сарын хүүг хасахаар 1 270 000 төгрөгийн үлдэгдлийг үндсэн зээлээс хасахаар үндсэн зээл 16 030 000 төгрөг болж байна. Үүнээс алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар тооцоход 8 015 00 төгрөг болж байгаа юм. Мөн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу 1 200 000 төгрөгийг төлсөн болно. Иймд Л.Бямбасүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 16 030 000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөний алданги 8 015 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн нэмэгдэл зардал болох 1 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 175 төгрөг, бүгд 25 529 175 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Хариуцагч Л.Бямбасүрэн нь нэхэмжлэгч Ц.Сарантуяагаас удаа дараа мөнгө зээлж байсан бөгөөд мөнгөө шилжүүлсний дараагаар 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээ байгуулснаас хойш Л.Бямбасүрэн хүлээн зөвшөөрч хүүг нь төлж байсан. Гэтэл дахин мөнгө зээлж 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, гэрээндээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Л.Бямбасүрэн нь мөнгийг зохих хэмжээгээр төлж байсан, гэрээ байгуулснаа хүлээн зөвшөөрч байсан. Ц.Сарантуяа нь авсан мөнгөө хасаад гэрээний үлдэгдэл төлбөрт 16 030 000 төгрөг, алданги 8 150 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 200 000 төгрөг, нийт 25 245 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2011 оны 12 дугаар сарын сүүлээр Ц.Сарантуяагаас 200 000 төгрөг, 12 дугаар сарын эхээр 500 000 төгрөг, 2012 оны сүүлээр хамт дэлгүүр хэсэж яваад 500 000 төгрөг, 2013 онд 1 000 000 төгрөг гээд нийт 5 орчим сая төгрөг авсан. Энэ мөнгөө надад 5 хувийн хүүтэй зээлж байсан бөгөөд энэ авсан мөнгөний хүү гэж нэмээд намайг загнаж байгаад 9 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж бичүүлсэн. Би тухайн үедээ зээлж авсан мөнгөний хүү гэж сар бүр 500 000-600 000 төгрөг бэлнээр төлдөг байсан бөгөөд надаас энэ мөнгийг авдаг байсан мөртлөө зээлсэн мөнгө нь хасагдах биш улам л өсөөд байсан. Би гайхаад асуухаар зээл дуусаагүй гэдэг байсан. Ц.Сарантуяа нь найз нартаа байнга хүүтэй мөнгө зээлдэг байсан бөгөөд хэлсэн мөнгийг нь өгөхгүй гэхээр хүүхдийнх нь ажил дээр очиж орилж байгаад мөнгө авдаг, хүүхдүүдийг нь ажлаас халуулж байсан болохоор айгаад хэлсэн мөнгийг нь өгдөг байсан.

Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дээрх мөнгийг аваагүй, өмнө зээлж авсан бага хэмжээний мөнгийг хүү гэж нэмэгдүүлээд надаар бичүүлж авч байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зааж өгсөн.  Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл” гэжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байна. Ц.Сарантуяа нь 2012-2013 оны хооронд бичгээр байгуулаагүй зээлийн гэрээнд хүү тооцож тухайн сард гарсан хүүгээ үндсэн зээл дээр нэмж дахин хүү тооцож авсаар байгаа 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэх зээлийн гэрээнд Л.Бямбасүрэн нь нэг ч төгрөг аваагүй, өмнөх зээлүүдийн үндсэн зээл, хүү, хүүгийн тооцсон тооцооллыг нэгтгэсэн дүн юм.  

Мөн дээрх 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ ч мөн адил өмнөх гэрээний тооцоолол бөгөөд нэг ч төгрөг Ц.Сарантуяагаас нэмж зээлж аваагүй. Иймд нэгэнт хууль зөрчсөн төлбөр төлөөд дууссан хүү бодох эрхгүй зээлийн гэрээнд үндэслэж байгуулагдсан дээрх зээлийн гэрээнүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Ц.Сарантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.Бямбасүрэн нь Ц.Сарантуяагаас хамгийн анх 2011-2012 оны хооронд 3 удаа бага хэмжээгээр мөнгө зээлсэн байдаг. Хамгийн дээд тал нь 1 000 000 төгрөг зээлж байсан, 5 хувийн хүүтэй. Гэхдээ бичгээр тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй. Хэдийгээр бичгээр гэрээ байгуулаагүй ч гэсэн хүүг төлөөд явсан байдаг. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг авч байгаагүй. Өмнө нь авсан зээлийн хүү нь нэмэгдээд ийм их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчийг байнга дарамталж сүрдүүлдэг. Хүүнээс хүү бодогдож байгаа, өгөхгүй бол танай хүүхдийн ажил дээр очиж нэхнэ гэж айлгадаг байсан. 1 000 000 төгрөгийг нэмж зээлээгүй, мөн 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг хариуцагч Л.Бямбасүрэн нь мэддэггүй. Тухайн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, айлган сүрдүүлж гарын үсгийг нь зуруулсан байдаг. Хариуцагч нь 5 000 000 гаруй төгрөг зээлсэн, зээлийн хүүнд нь 50 000 000 гаруй төгрөг төлсөн учраас зээл төлөгдсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Бямбасүрэнгээс 18 966 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Сарантуяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 278 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252 783 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй болохоос хариуцагч талаас зээлийн төлбөрт оруулах эсэхийг асууж шийдвэрлэх ёсгүй гэж үзэж байна. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “мөн хариуцагчаас 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй мөнгө шилжүүлж аваагүй гэж марган хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр зээлийн гэрээнд зурсан гарын үсэг нь хариуцагч Л.Бямбасүрэнгийнх мөн эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон. Шүүхэд ирүүлсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1311 тоот шинжээчийн дүгнэлтэд гарын үсгийн загваруудтай тохирно иймд зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад цугласан 3 удаагийн зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудаар хариуцагч Л.Бямбасүрэн нь дээрх мөнгийг алийг нь ч хүлээн авч байгаагүй бөгөөд өмнөх бичмэл бус зээлийн харилцаанаас үүссэн зээлийн гэрээний үргэлжлэл болох нь нотлогддог. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 оны 01 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөг, 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ зээл нь өмнөх зээлиин харилцаа, бэлнээр хүлээн аваагүй болох нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор шилжүүлсэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан гэх 3 000 000 төгрөгийн хүү 150 000 төгрөг шилжүүлсэн.

2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн гэх 4 000 000 төгрөгийн хүү 225 000 төгрөг, 02 дугаар сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийн хүү 75 000 төгрөг өгсөн байгаа нь тухайн өдрүүдэд мөнгө хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна. 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн гэх 17 300 000 төгрөгийг өмнөх зээл дээрээ 2014 оны дундуур 3 000 000 төгрөг, 2014 оны сүүлээр 2 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1 800 000 төгрөг өгч зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан. Гэтэл дээрх мөнгийг өгсөн авсан баримт байхгүй бөгөөд охин н.Амаржаргал 2014 оны 03 дугаар сарын сүүлээр 3 000 000 төгрөг шилжүүлснийг яагаад төлбөрөөс хасалгүй 17 300 000 төгрөг болгосон нь тодорхойгүй.

Үнэхээр 17 300 000 төгрөг зээлэхээр гэрээ байгуулсан бол яагаад нэхэмжлэгчээс өмнөх 3 удаагийн зээлсэн гэх мөнгөнөөс хүү тооцож хариуцагчид бичиж өгсөн, яагаад хариуцагчаар хууль бус тооцооллоор зээлийн гэрээ гэж бичүүлсэн байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Ц.Сарантуяагийн бичиж
өгсөн 2 удаагийн тооцооллыг задалж тооцвол 01 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн гэх
4 000 000 төгрөг нь 12 000 000 төгрөг болсон байх бөгөөд энэ дүнгээс 5 хувиар хүү
тооцож 600 000 төгрөг нэмээд 12 600 000 төгрөг болсон. Үүн дээр өмнө сарын нийт
1 225 000 төгрөгийн хүүнээс 650 000 төгрөгийг 10 дугаар сарын 18-ны өдөр өгснийг хасаад
570 000 төгрөгийг нэмж 13 175 000 төгрөгийн 5 хувийн хүү тооцож, 658 750 төгрөг,
3 000 000 төгрөг нь 6 600 000 төгрөг болсон байх бөгөөд энэ дүнгээс 5 хувиар
тооцож 330 000 төгрөг нэмээд 6 930 000 төгрөг болсон бөгөөд энэ дүнгээс дахин 5 хувийн
хүү тооцож 346 500 төгрөгийн хүү нэмсэн, 2 000 000 төгрөг нь 5 900 000 төгрөг
болсон байх бөгөөд 5 хувийн хүү тооцож 295 000 төгрөг нэмээд 6 195 000 төгрөг
болсон энэ дүнгээс дахин 5 хувийн хүү тооцож 309 750 төгрөгийн хүү тооцож нийт
1 315 000 төгрөг дээр хүү тооцсон 575 000 төгрөгийг нэмээд 1 890 000           төгрөг болсон. Нийт

2 630 000 төгрөг болсныг хариуцагчаар бичүүлж авсан байна.

Энэ тооцоолол нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Хариуцагч талаас дээрх 2 баримтын тооцооллыг нотлох баримтгүй байсан бөгөөд харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтаар энэ 2 хуудас баримт нь бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Эцэст нь дүгнэн хэлэхэд 2011-2013 оны үед зээлж авсан мөнгийг хүүг нь төлсөөр байхад Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчиж бичгээр байгуулаагүй зээлэнд хүү тооцож цаашлаад хүүгээс хүү тооцож, cap бүр нэмэгдүүлж тооцсон тооцооллоор иргэнээс их хэмжээний мөнгө хүүлж хэд хэдэн удаа өөрөө зааж бичүүлж авсан, хариуцагчид өгөлгүй шүүх хуралдаанд нэг нэгээр нь гаргаж өгч байгаа баримтуудыг нотлох баримт болгон гаргаж бусдыг хохироож их хэмжээний үндэслэлгүй өрөнд оруулж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд шүүх зээлийн гэрээ хийгдсэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Ц.Сарантуяа нь Л.Бямбасүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 245 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ 17 300 000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэжээ.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлсэн 17 300 000 төгрөгийг эргүүлж төлөөгүй, хүү болон алдангийн хамт шаардана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан ба хариуцагч мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэж маргасан тул гэрээнд заасан 17 300 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөө нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. 

            Хэргийн 3 дугаар талд авагдсан зээлийн гэрээнд  хариуцагч Л.Бямбасүрэн гарын үсэг зурсны зэрэгцээ 4 500 000 төгрөгийг 01 дүгээр сарын 01, 3 000 000 төгрөгийг 01 дүгээр сарын 17, 2 000 000 төгрөгийг 01 дүгээр сарын 24, мөн 2014 оны 6 дугаар сарын 27-ний өдөр тус тус 1 000 000 төгрөгийг нэмж авч нийт 10 500 000 төгрөг зээлсэн гэж, мөн сунгалт хийсэн хэсэгт нэмэлт тэмдэглэл хийж, гарын үсгээ зуржээ. Уг баримтаар мөнгийг хүлээн авснаа баталгаажуулсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Ц.Сарантуяагийн “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 500 000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөгийг Л.Бямбасүрэнд зээлдүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичгээр гэрээ байгуулсан, мөн 2014 оны 6 дугаар сарын 27-ний өдөр 1 000 000 төгрөг нэмж зээлдүүлсэн, зээлийн нийт дүн  10 500 000 төгрөг болсон” гэх тайлбар үндэслэлтэй, баримтаар нотлогдож байна.

Харин үүний дараа 3 000 000 төгрөгийг, мөн 2 000 000 төгрөгийг, 1 800 000 төгрөгийг тус тус тодорхой шалтгаан хэлж гуйсны дагуу нэмж зээлдүүлсэн, нийт 17 300 000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр бичгээр байгуулсан гэж нэхэмжлэгч тайлбарласан ч нэмж зээлдүүлсэн гэх 6 800 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан ч шинжээчийн дүгнэлтээр түүний гарын үсэг мөн болохыг тогтоосон тул  мөн өдрийн зээлийн гэрээний нөхцөлийг талууд харилцан тохиролцсон гэж үзэж, бодитоор шилжүүлсэн 10 500 000 төгрөгт зээлийн хүү, алданги шаардах эрхтэй гэж үзэв.

Ийнхүү Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281. 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар тооцвол 10 500 000 төгрөгийн үндсэн зээл, сарын 5 хувиар 4 сараар тооцоход 2 100 000 төгрөгийн хүү, нийт 12 600 000 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч 2015 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрөө төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна. 

Иймд зээлдүүлэгч дээрх хугацаанд зээлийн төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс гэрээний 3-т зааснаар 0.5 хувийн алданги тооцож, 6 300 000 төгрөгийг /гүйцэтгээгүй үүргийн 50 хувь/ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. 

Дээрх байдлаар тооцоход нийт 18 900 000 төгрөгийн зээлийн төлбөрийг гэрээний дагуу төлөх үүрэгтэйгээс хариуцагч Л.Бямбасүрэн 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5 494 750 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдсон ба нэхэмжлэгч 6 000 000 төгрөгийн төлбөр төлснийг хүлээн авсан гэж зөвшөөрсөн тул төлбөрөөс хасч тооцно.

Хариуцагч Л.Бямбасүрэнгийн охин н.Амаржаргалаас Ц.Сарантуяагийн дансанд 3 000 000 төгрөг шилжүүлснийг өөр гэрээний үүрэг гэж тайлбарласан тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй тул түүний дансанд шилжсэн уг мөнгийг зээлийн төлбөрөөс хасах нь зүйтэй.

Харин өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, өмгөөллийн хөлсийг харилцан тохиролцож тогтоох нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоогүй, зайлшгүй гарах зардал гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Дээрхийг нэгтгэвэл 9 900 000 төгрөгийг /18 900 000-6 000 000-3 000 000/ хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 15 345 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Зээлдүүлэгч 17 300 000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгсөн нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байхад зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож, төлбөр гаргуулсан, мөн нэхэмжлэгчийн дансанд төлөгдсөн 3 000 000 төгрөгийг өөр гэрээний үүрэг гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байхад эргэлзээтэй тайлбарт үндэслэн уг төлбөрийг зээлийн эргэн төлөлтөд тооцоогүй болон үүрэг гүйцэтгэгчээс төлбөр гүйцэтгэсэн хугацаа хэтрэлтийг зөв тооцоогүй зэрэг нь буруу байх бөгөөд анхан шатны шүүх зохигчийн тайлбарыг хэргийн баримттай харьцуулан маргааны үйл баримтад хамааралтай, эргэлзээгүй талаас нь хуулиар тогтоосон журамд нийцүүлж үнэлээгүйг  хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх боломжтой байна.

Дээрх  дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “18 966 600 төгрөгийг” гэснийг ”9 900 000 төгрөгийг” гэж, “6 278 400 төгрөгийг” гэснийг “15 345 000 төгрөгийг” гэж, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “252 783 төгрөгийг” гэснийг “173 350 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 252 783 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

    А.ОТГОНЦЭЦЭГ