Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2019/0670

 

Ч.Л-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д, Ж.Ч нарыг оролцуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Ч.Л-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс гаргасан “... 633 м.кв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас нөхөн гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүйгээс гуравдагч этгээдийн эрх, ашгийг зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаар шинжээчийн дүгнэлтийн 7 дахь заалтаар “....үндэслэлгүй олгогдсон гэх 38 м.кв талбай нь 633 м.кв талбайтай газрын зүүн талд байрлаж байна" гэсэн дүгнэлт гарч, үндэслэлгүй олгогдсон, маргаан бүхий 38 м.кв газрын байршлыг тодорхой болгосон.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий “одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх 32 м.кв” газар нь “Тогтохмандал” ХХК-ний эзэмшил газар гэдэг нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Маргаан бүхий 38 м.кв талбайтай газар нь 480 м.кв болон 4517,5 м.кв талбайтай 2 газрын зааг /хил зааг/ газар байгаа. Маргаан бүхий “одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх газар” нь гуравдагч этгээд "Тогтохмандал” ХХК-ийн газар болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар талд авагдсан “М Х" ХХК-аас хөрөнгө хүлээлцсэн акт, гэрчүүдийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны А/12 дугаар тушаалаар томилогдсон шинжээчдийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Элбэгзаяагийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байхад дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

Гуравдагч этгээдийн “С.О-ийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн иргэн Ч.Л-ийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 м.кв газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл Ч.Л нь С.О-өөр кадастрын хэмжилт дахин хийлгүүлж эзэмшил газраа 633 м.кв болгохдоо Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.1.1, 2.1.3-2.1.6, 2.1.8-2.1.11, 6.2.4 дэх заалтуудыг зөрчиж кадастрын зураглал үйлдэж, Ч.Л-ийн эзэмшил зохих 595 м кв газрыг 6ЗЗм.кв-аар кадастрын мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 208 дугаар талд авагдсан Ч.Л-ийн эзэмшил газрын кадастрын эураг, гэрч Г.Маналсүрэнгийн мэдүүлдэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогддог.

Анхан шатны шүүхээс Ч.Лг 6ЗЗм.кв газар эзэмших ёстой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 38 м.кв газрыг илүү эзэмших эрхтэй гэдэг нь нотлогдохгүй байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Харин нэхэмжлэгч эрх зүйн харилцаа үүсээгүй газруудыг эзэмшдэг болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, буруу үнэлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү”,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэгч Ч Лхагвасүрэн нь аймгийн Засаг даргын 32 дугаар захирамжаар 480 м.кв газарт эзэмших эрхтэй байсан бөгөөд дээрх газарт маргаан бүхий "одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх газар багтаж байгаа гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, кадастрын зураг байхгүй байхад шүүх маргаан бүхий 38 м.кв газрыг Ч.Л-ийн эзэмшил газар” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 321 дүгээр тогтоолоор өмнөх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ аймгийн Засаг даргын 2004 оны 32 дугаар захирамжаар Ч.Лд эзэмших эрх үүссэн 480 м.кв газар хаана байршилтай эсэх, энэ нь 2013 оны А/566 дугаар захирамжаар 633 м.кв болж нэмэгдэхдээ “Тогтохмандал” ХХК-ний 2004 онд эзэмших эрх үүссэн 3961 м.кв газартай давхацсан эсэх, уг давхцал нь маргаан бүхий актаар хасагдсан 38 м.кв газартай таарч буй эсэхэд дүгнэлт өгсний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаар шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтаар “ ... Ч.Лд эзэмшүүлсэн 480 м.кв талбайтай газрын кадастрын зураг дахь солбицлын утга нь шаардлага хангахгүй байх тул боловсруулалт хийх боломжгүй тул маргаан бүхий 38 м.кв газар 480 м.кв газарт хамаарч байгаа эсэхийг тогтоох боломжгүй, дүгнэлтийн 3 дахь заалтаар “Ч.Лд эзэмшүүлсэн 480 м.кв газар, “Тогтохмандал” ХХК-д эзэмшүүлсэн 4517.5 м.кв талбайтай газар нь боловсруулалт хийх боломжгүйн үндсэн дээр контейнерын болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх газрыг аль хэсэгт хамаарахыг тодорхойлох боломжгүй” гэсэн дүгнэлт тус тус гаргасан байхад маргаан бүхий 3 8м.кв газрыг Ч.Л-ийн эзэмшил газар гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр шүүх хуралдааны танхимд тогтоолыг уншиж танилцуулахдаа шинжээч нарын хяналтын ажлын өртөг болох 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулах тухай дурдаагүй боловч Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 3 дахь заалтад бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлсэн талаарх үйл баримтыг цаг хугацааны дарааллаар авч үзвэл:

1. Анх Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Лд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 480 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар эзэмших эрхийн 0009777 дугаар гэрчилгээ олгосон байх бөгөөд Ч.Л, Л.М нар нь 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ц.Уранчимэгтэй 185 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг, 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдөр А.Өтэй 84 м.кв газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, мөн аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Ц.Уранчимэгийн эзэмшиж байсан 185 м.кв газрыг, мөн өдрийн А/610 дугаар захирамжаар А.Өгийн эзэмшиж байсан 84 м.кв газрыг тус тус Л.М, хамтран эзэмшигч Ч.Л нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсний дараа мөн аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 дугаар захирамжаар уг газрын хэмжээг дахин нэмэгдүүлж 633 м.кв болгож, дээрх 2004 оны 32 дугаар захирамжийн Ч.Лд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улмаар Л.М нь тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүнсний захын баруун талд байрлах үйлчилгээний зориулалттай 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэн одоо байгаа кадастрын зургийн хэмжээг 153 м.кв-аар гаргаж өгнө үү хэмээн хүсэлт гаргасны дагуу мөн аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар дээрх 185 м.кв, 84 м.кв газруудыг нэгтгэж, газрын хэмжээг одоо байгаа 154 м.кв газраар тооцон 28 жилийн хугацаатайгаар Л.М, Ч.Л нарт эзэмшүүлэн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших эрхийн 000531169 дүгээр гэрчилгээ олгосон үйл баримтууд тогтоогдож байна.

Харин дараа нь маргаан бүхий Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар Сайнцагаан сумын төвийн 07 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай Ч.Л-ийн 633 м.кв газрын хэмжээг багасгаж, анх 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 480 м.кв газрын хэмжээгээр нь олгож, үлдсэн 153 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба мөн ондоо А/385 дугаар захирамж гаргаж, 2013 оны А566, 2017 оны А/254 дүгээр захирамжуудаа “633 м.кв болгож, эзэмшил газрын хэмжээг тогтоож баталгаажуулахдаа газрын хэмжээг буруу тогтоож 38 м.кв газрыг үндэслэлгүйгээр нэмсэн байна” гэж хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Л-ийн эзэмших газрын хэмжээг 595 м.кв-аар тогтоон эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “...Ч.Лд эзэмшүүлсэн 633 м.кв газраас 38 м.кв газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчид хуулиар олгосон газар эзэмших эрхэд халдсан” хэмээн дүгнэхдээ маргааны гол үйл баримт болох 38 м.кв газрын эзэмших эрх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд хэн алинд нь үүсээгүй болохыг анхаарч үзээгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд анх 480 м.кв газар эзэмшсэн, А.Ө, Ц.Унараас худалдан авсан 185, 84 м.кв газраа нэгтгэн 154 м.кв эзэмшсэнтэй маргаагүй, харин 480 м.кв газарт дотор 38 м.кв газар багтаж байгаа хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаар шинжээчийн дүгнэлтээр 633 м.кв газар дотор маргаан бүхий 38 м.кв газар бүхэлдээ багтан байрлаж байгааг тогтоосон байх бөгөөд уг 38 м.кв газар нь нэхэмжлэгчийн 480 м.кв газарт багтаж байгаа болохыг тогтоосон нотлох баримт болж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, А/254 дүгээр захирамжаар Ч.Л-ийн эзэмшил газрыг 153 м.кв-аар багасгасан бол А/385 дугаар захирамжаар тухайн газрын хэмжээнээс 38 м.кв газрыг хасч шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч өөрийн өмнө гаргасан үндэслэлгүй захирамжаа А/385 дугаар захирамжаар зөвтгөж, 595 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан үйл баримтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь бодит байдалд /185+84/-154=115, /115+480/=595 м.кв газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна.

Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Л-ийн эзэмшиж байсан 633 м.кв газраас 38 м.кв газрыг хасч шийдвэрлэхдээ газрыг үндэслэлгүйгээр хасаагүй харин нэхэмжлэгчийн анхнаасаа эзэмшиж байсан 480 м.кв газар дээр А/24 дүгээр захирамжаар нэгтгэн эзэмшүүлсэн газраас үлдсэн 115 м.кв газрыг нэмж, хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн газрын хэмжээг зөвтгөн, өөрийн гаргасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэхгүй.

2. Түүнчлэн мөн аймгийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамжаар “Тогтохмандал” ХХК-д 3800 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн 0208470 дугаар гэрчилгээг олгосон уг газарт контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар /38 м.кв/ нь хамаарахгүй байгаа талаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, “Тогтохмандал” ХХК-ийн эзэмшиж буй уг газарт маргаан бүхий 38 м.кв газар мөн багтаж байгаа нь нотлогдохгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь уг газрыг эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул уг газрыг эзэмших эрхгүй бөгөөд тэдгээрийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Лгээс Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, 3 дахь заалтад “...шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас нөхөн гаргуулсугай” гэснийг “...шүүхийн зардалд нийт 2,485,637 төгрөгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр хувь тэнцүүлэн нөхөн гаргуулсугай” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ