Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 732

 

           И.Э, Б.Л нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ё.Цогтзандан, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Э-гийн гаргасан давж заалдах гомдлоор И.Э, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201525030946 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн И.Э, 1976 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 1-29 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 38-ын задгайд оршин суудаг,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасч, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: УШ76022611/;   

 

2. Боржигин овгийн Б.Л, 1992 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хойд эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 20 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТЕ92022544/;

 

             И.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын саравчны хажууд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавилаа, аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу” хэмээн маргалдаж, түлхэн унагааж, зодож алсан гэмт хэрэгт,

            Мөн өөрийн төрсөн охин болох талийгаач Л.Энхцэцэгийг дутуу, бүтэлттэй төрсөн, нярайн шарлах эмгэгтэй, амьсгалын замын ханиад зэрэг өвчтэй байсныг мэдсээр байж, эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, эмчилгээг бүрэн хийгээгүйгээс тархины зөөлөн бүрхүүл болон тархины эдийн хурц үрэвслээр хүндэрч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу үр хүүхдээ асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Энхцэцэг нь 1 сар 20 хоногтой байхдаа нас барсан,

            Б.Л нь өөрийн төрсөн охин болох 1 сар 20 хоногтой талийгаач Л.Энхцэцэгийг дутуу, бүтэлттэй төрсөн, нярайн шарлах эмгэгтэй, амьсгалын замын ханиад зэрэг өвчтэй байсныг мэдсээр байж, эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, эмчилгээг бүрэн хийгээгүйгээс энэ нь тархины зөөлөн бүрхүүл болон тархины эдийн хурц үрэвслээр хүндэрч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу үр хүүхдээ асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Энхцэцэг нь 1 сар 20 хоногтой байхдаа нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: И.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, Б.Л-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос шүүгдэгч И.Э, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт И.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Б.Л-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нарын үйлдсэн эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч И.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-гийн цагдан хоригдсон 1045 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.5 литрийн “Бурхан халдун” нэртэй архины шил, саарал өнгийн аяга, бэлгэвч, хүүхдийн ягаан эрээн өнгийн өлгий зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 5 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нараас Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсөнд 420.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч И.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч Б.Мөнх-Үйлсийн өгсөн мэдүүлэгт “...аав хүү хоёр ийм байх ёстой юм уу гэж хэлээд байсан. Би яг зодож цохиж байхыг нь хараагүй юм аа...” гэсэн байдаг. Мөн дахин мэдүүлэг өгөхдөө “Тухайн үед угаасаа өшиглөөд, цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тэр хоёр хүн хоёулаа согтуу байсан бөгөөд архины шил хагарчихсан байсан гэдгийг хэлмээр байна...” гэсэн байдаг.

...Прокурор Д.Оюунгэрэл ...хэргийн гэм бурууг надад тохох гэж, намайг хэргийн газар байсан гэх цаг хугацаанд хэргийг болсон болгох гэж гэрч Мөнх-Үйлсээс дээрх мэдүүлгийг авсан байхыг үгүйсгэх аргагүй бөгөөд прокурор нь хэргийн бодит үнэнийг олж илрүүлэхийг хүсэхгүй байгаа гэж үзэх үндэслэл болж байна. Миний бие хэрэг гарсан газрын ойр орчмын камерыг шалгуулахыг удаа дараа хүсэж, хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариу өгч байсан. ...Миний хүсэлтийн дагуу камерыг шүүсэн бол хэргийн үнэн зөв бүрэн илрэх боломжтой байсан.

...Гэрч Тулгабаатар ...ямар учраас худал мэдүүлэг өгснийг шалгаж өгөхийг хүссэн боловч прокуророос шалгах шаардлагагүй гэх хариу өгч байсан бөгөөд уг гэрчийн этгээдийг зайлшгүй сэжигтнээр байцаах шаардлагатай хүн атал прокурор Оюунгэрэл нь ямар ч арга хэмжээ аваагүй, авахыг ч хүсэхгүй байгаад гомдолтой байна.

...Хүний амь эрсдэхээс өмнө таслан зогсоох боломжтой байсан гэрч Мөнх-Үйлс нь хуульд заасан иргэний үүргээ биелүүлэн цагдаа сэргийлэх, түргэн тусламж дуудсан бол нэг хүний амь, нэг өрхийн элэг бүтэн амьдралыг аварч болох байсан. Гэтэл хэрэг гарсан шөнийн үйл явдлыг зүгээр л хараад өнгөрсөн байдаг.

...Миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай зүйлсийг эцэслэн шалгах, нотолбол зохих зүйлсийг нотлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч прокурор нь ямар ч тодорхой үндэслэл дурдалгүйгээр боломжгүй буюу татгалзсан хариу өгч байсан. Иймдээ ч уг хэрэг шийдэгдэлгүй 3 жил болж байна. ...Дээр дурдсан үндэслэл болон хэргийн ээдрээтэй байдлыг харгалзан үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч И.Э-гийн өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулж магадгүй гэж үзээд ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэ хэрэгт түүнийг 3 жил гаруй хорьж шалгасан. Хэргийн хувьд цаашид нэмж шалгах шаардлага байхгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч И.Э нь талийгаачийг түлхэж унагаан тархинд нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Шүүх эмнэлгийн шинжээч эмч 2 удаагийнх гэж мэдүүлж байсан атлаа шүүх хуралдаан дээр 1 удаагийн үйлдлээр үүсч бас болох юм шүү гэж хэлсэн. Хохирогч гэмтэл авснаасаа хойш 11 цагийн дараа нас барсан. 1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 213 дугаар нэмэлт дүгнэлтээр, 5 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд талийгаачид учирсан гавал тархины гэмтлийг авсан даруйд нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ хэргийг гэрчилж байгаа гэр бүлийн хүн болох Л бол Э хол бай гэж хэлээд түлхэж Батцэнгэл ахыг унагаахад толгойны ар дагз хэсгээр цав суусан гэх мэдүүлгийг үндэслэхэд хүнд гэмтлийн улмаас хүн нас барсан гэх зүйлээр хөнгөрүүлж, зүйлчилж болмоор санагддаг. Гуталны хувьд би өөрт нь олон удаа тайлбарлаж хэлсэн. Гутал тайлж тавьсан зүйл байхгүй. Маргааш өглөө нь цагдаагийн байгууллагын шинжээч эмч олсон байдаг. Гэтэл тэр хүн гутал, хувцасны талаар огт хэлээгүй. Согтуу бололтой хүн түрүүлгээ хараад уначихсан байсан л гэж хэлдэг. Энэ байдлуудаас үзэхэд зүйлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь заалт болгон өөрчлөх боломжтой. Өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр байхгүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх 2 үндэслэл байгаа. Өмнөх 2 удаагийн ял шийтгэл нэгэнт ял эдлээд дууссан учраас анх удаагаа ял шийтгэж байна гэж үзэж болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэргийн хувьд байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, нэхэмжилсэн хохирол байхгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2 хүүхэд нь асрах газар байдаг зэргийг харгалзан үзэж, 1 удаа боломж олгоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгч 3 жил хоригдсон. Зайлшгүй нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлага байхгүй гэж үзэж байна. Шинжээчийн төлбөр гэж 420.000 төгрөгийн асуудал байгаа. Шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч хүсээд хийлгэсэн зүйл байхгүй. Хуулийн байгууллага хийлгэж байгаа учраас энэ төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ талаар анхаарч үзнэ үү” гэв.

 

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, шалгавал зохих асуудлууд бүрэн шалгагдсан. Мөнх-Үйлсийг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийн газрын үзлэгийн зураг алга болсон гэж шүүгдэгч И.Э гомдол гаргаж байгаа. 2017 оны 11 дүгээр сард болсон анхан шатны шүүх хуралдаан дээр зураг алга болсон гэдэг асуудлаар намайг олон газраар шалгуулсан боловч энэ байдал тогтоогдоогүй. Дараа нь хавтаст хэргийг үзэхэд, алга болсон гэх зураг байхгүй байсан. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.         

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

           

            Шүүгдэгч И.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны хойд талын саравчны хажууд иргэн Б.Батцэнгэлийг “агсам тавилаа, аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж маргалдаж, түүнийг түлхэн унагааж, улмаар зодож алсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт,

         

             Шүүгдэгч И.Э, Б.Л нар нь өөрийн төрсөн охин болох 1 сар 20 хоногтой талийгаач Л.Энхцэцэгийг дутуу, бүтэлттэй төрсөн, нярайн шарлах эмгэгтэй, амьсгалын замын ханиад зэрэг өвчтэй байсныг мэдсээр байж, эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, эмчилгээг бүрэн хийгээгүйгээс энэ нь тархины зөөлөн бүрхүүл болон тархины эдийн хурц үрэвслээр хүндэрч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу үр хүүхдээ асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Энхцэцэг нь 1 сар 20 хоногтой байхдаа нас барсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тус тус тогтоогдлоо.

 

            Шүүгдэгч И.Э нь “...Прокуророос хэргийн гэм бурууг надад тохох гэж, намайг хэргийн газар байсан гэх цаг хугацаанд хэргийг болсон болгох гэж гэрч Мөнх-Үйлсээс дээрх мэдүүлгийг авсан байхыг үгүйсгэх аргагүй. Би хэрэг гарсан газрын ойр орчмын камерыг шалгуулахыг удаа дараа хүсэж, хүсэлт гаргасан боловч боломжгүй гэх хариу өгч байсан. ...Миний хүсэлтийн дагуу камерыг шүүсэн бол хэргийн үнэн зөв бүрэн илрэх боломжтой байсан. ...Гэрч Тулгабаатар ...ямар учраас худал мэдүүлэг өгснийг шалгаж өгөхийг хүссэн боловч прокуророос шалгах шаардлагагүй гэх хариу өгч байсан бөгөөд уг гэрчийн этгээдийг зайлшгүй сэжигтнээр байцаах шаардлагатай хүн атал прокурор Оюунгэрэл нь ямар ч арга хэмжээ аваагүй, авахыг ч хүсэхгүй байгаад гомдолтой байна. ...Дээр дурдсан үндэслэл болон хэргийн ээдрээтэй байдлыг харгалзан үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч И.Э нь 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Батцэнгэлтэй “агсам тавилаа, аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж маргалдаж, түүнийг түлхэн унагааж, улмаар зодож алсан болох нь гэрч Б.Мөнх-Үйлсийн “...Саравчны урд хоёр хүн хоорондоо маргалдаад нэг нь газар хажуу тийш хараад хэвтчихсэн, нөгөө нь хажууд нь хагас суусан байдалтай “аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж чангаар дуугараад байсан. Миний харснаар хоорондоо маргалдаад нэг нь нэгнийхээ дээр нь гарчихсан байсан. Хоёулаа муухан хар бараан өнгийн хувцастай харагдаж байсан. Тэр хоёр хүний гадаад төрхийг анзаарч харж чадаагүй. ...Хөгшин настай хүн нь газар хажуу тийшээ харчихсан, нуруу юм уу бөгсний хэсэг нь ил гарчихсан, харин арай залуу хүн нь хажууд нь хагас суучихсан байрлалтай “аав, хүү хоёр ийм байх ёстой юм уу” гэж хэлээд байсан. Би яг цохиж зодож байгааг нь хараагүй юм. Тэр юм яриад байсан залуу нь архи уучихсан байдалтай орилж хэлж байсан. Тухайн үед угаасаа өшиглөөд цохиод байгаа дуу нь гараад байсан юм. Тэр хоёр хүн хоёулаа согтуу байсан бөгөөд архины шил хагарчихсан байсан гэдгийг хэлмээр байна. ...Бас нэг эмэгтэй хүн ирж очоод л яваад байсан гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг /1хх-49, 2хх-21/,

Гэрч Х.Тулгабаатарын “...Цэнгэл ах бид хоёр Байгалийн түүхийн музейн тэнд явж байхад сааданд Цэнгэл ахын таньдаг хоёр хүн архи уугаад сууж байсан. Тэр хоёр хүний нэг нь эмэгтэй ба бага насны өлгийтэй хүүхэд тэвэрчихсэн байсан, нөгөө эрэгтэй нь нөхөр нь гэсэн. Тэгээд тэр хоёр ууж байсан архинаасаа бид хоёрт хийж өгөөд архиа дуусгачихаад дахиад нэг шил 0.5 литрийн “Бурхан халдун” нэртэй архи авч задлаад уугаад сууж байхдаа Цэнгэл ахын таньдаг гэх залуу нь тэр хавиар бариа хийдэг, хамт бариа хийх үү гээд янз бүрийн юм яриад байхаар нь яриа нийлэхгүй юм байна гэж бодоод яваад өгсөн. ...Тэр хоёрын эрэгтэй нь 40 орчим насны, 170-173 см орчим нуруутай, хөх өнгийн фудволктой байсан. Харин эмэгтэй нь бараан өнгийн хувцастай байсан. Тэр хоёр гадуур тэнэмэл байдалтай амьдардаг бололтой зүс царайтай байсан. Тэнд байсан эрэгтэйгийнх нь нэрийг Амгаа /Амгалан/ гэсэн байх. Бид нар хэрүүл маргаан, зодоон цохион хийгээгүй. Харин тэнд байсан залуу над руу хандаж хэрүүл маргаан өдөх гээд байхаар нь би яваад өгсөн. Тэр залуу Цэнгэл ахыг аав гэж дуудаад байсан...” гэх мэдүүлэг /1хх-30/,  

Шүүгдэгч Б.Л-гийн “...Батцэнгэл ахыг ирэхээр нь манай нөхөр 0.5 литрийн “Бурхан халдун” архи аваад Байгалийн түүхийн музейн хажуу талын саадан дотор хувааж ууцгаасан. Тэр гороочинг урьд нь харж байгаагүй шинэ хүн байсан. ...Тэр архинаас би нэг татчихаад хоёр сар хүрээгүй хүүхдээ тэврээд тэд нараас холдоод суусан. Гэхдээ холгүй суусан. Тэр гурав архиа уугаад сууж байгаад аав агсам тавих гээд хоб хоб гээд хоёр гараа хооронд нь цохиод орилоод босоод ирэхээр нь Э хол бай гээд түлхээд унагаасан. Аав гэж Батцэнгэл ахыг хэлээд байгаа юм. Настай хүн болохоор нь хүндлээд аав гэж дууддаг болсон. ...Талийгаач Батцэнгэл бид нар дээр ирэх үедээ согтуу ирсэн ба биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Батцэнгэл ах газар унахдаа толгойныхоо ар дагз хэсгээрээ чулуун дээр саваад уначихсан юм. Талийгаач унахдаа ёо гэж дуугараад л унасан. Газар унаад дахиж хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /1хх-140, 148-149/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уртнасангийн мэдүүлэг /1хх-28-29/, гэрч Б.Эрдэнэхуягийн мэдүүлэг /3хх-116/, шинжээч эмч Б.Долгормаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1314, 213 дугаартай дүгнэлтүүд /1хх-116, 5хх-22/ зэргээр давхар нотлогдсон байна.

Мөн шүүгдэгч И.Э, Б.Л нар нь өөрийн төрсөн охин болох 1 сар 20 хоногтой талийгаач Л.Энхцэцэгийг дутуу, бүтэлттэй төрсөн, нярайн шарлах эмгэгтэй, амьсгалын замын ханиад зэрэг өвчтэй байсныг мэдсээр байж, эмнэлэгт хэвтүүлэхээс татгалзаж, эмчилгээг бүрэн хийгээгүйгээс энэ нь тархины зөөлөн бүрхүүл болон тархины эдийн хурц үрэвслээр хүндэрч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан буюу үр хүүхдээ асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Л.Энхцэцэг нь 1 сар 20 хоногтой байхдаа нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Л, И.Э нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн энэхүү хэргийг хүлээн өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэлүүд /1хх-140, 142-144, 148-149, 150-153, 154-163, 251, 168-169, 2хх-1-3, 4-5, 212-214/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Байгалмаагийн мэдүүлэг /3хх-169-170/, гэрч Б.Алтанцэцэгийн мэдүүлэг /2хх-215/, гэрч Б.Янжиндуламын мэдүүлэг /2хх-216/, гэрч Ж.Үүрийнтуяагийн мэдүүлэг /3хх-78-79/, гэрч Н.Мэндсайханы мэдүүлэг /3хх-113/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1353 дугаартай дүгнэлт /1хх-57/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 330 дугаартай дүгнэлт /5хх-11-14/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдагдсан гэрч Б.Мөнх-Үйлс, Х.Тулгабаатар нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч И.Э-г гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч И.Э, шүүгдэгч Б.Л нарыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч И.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс прокуророос И.Э, Б.Л нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэвч, хууль буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримталсан нь буруу байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасныг баримтлах нь зүйтэй. 

Мөн анхан шатны шүүхээс И.Эг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “хүнийг санаатай алсан” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шинжээр, мөн шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хуульд заагаагүй шинжээр тус тус гэм буруутайд тооцсон байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг засаж, шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлтүүд оруулж шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нараас Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсөнд 420.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан нь үндэслэлтэй байх боловч аль байгууллагад олгох талаар заагаагүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зардлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгохоор зааж, тодорхой болгов.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн;

1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт...” гэж,

2 дахь заалтын “Шүүгдэгч Боржигон овогт И.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Б.Л-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Боржигон овгийн И.Э-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овгийн Б.Л-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт заасан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

3 дахь заалтын “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нарын үйлдсэн эцэг, эх, хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шаардлагатай үед тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэснийг “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нарыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж,

8 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нараас Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсөнд 420.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э, Б.Л нараас Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлсөнд 420.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                    Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ