| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00331/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 367
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 1-15 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, Эзэн овгийн Түгжвандангийн Гончигдоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 455 дугаар байрны 14 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, Уртынхан овгийн Сумъяагийн Чадраабалд холбогдох,
42 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Гончигдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Чадраабал нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос бараа материал оруулж ирэхэд замын зардал болон гаалийн татварт 30 000 000 төгрөг хэрэгтэй байна тус болооч гэж гуйхад нь Хас банкнаас 30 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэйгээр өөрийн нэр дээр хувийн орон сууцаа барьцаалан зээл авч өгсөн. Уг зээлийн барьцаанд Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 455 дугаар байрны 3 давхрын 14 тоот 58.45 мкв 2 өрөө байр, мөн 454 дүгээр байрны 1 давхрын 36.6 мкв байруудыг тус тус барьцаанд тавьж гэрээ байгуулсан болно. С.Чадраабал нь гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сараас 11 сар хүртэл зээлийн 5 сарын төлөлтөө хийсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сараас эхлэн одоо хүртэл 20 сар огт төлөлт хийгээгүй. Уг зээлийг анх авахдаа 4 сарын хугацаатай 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр тохирч гэрээ хийсэн. Гэтэл энэ хугацаанд зээлээ төлөөгүй бөгөөд утсаа авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон учир бид өөрийн болон гэр бүлийн хүний цалингаас, мөн ах дүү найз нараасаа ч мөнгө зээлж төлөлтийг хийж байсан. Хужирт суманд байхад нь 2016 оны 08 дугаар сард очиж уулзан бид өөрсдөө өрөнд ороод төлөхөд хэцүү байдалд орлоо тийм учраас барьцаалсан байраа бидэнд суллаж өгөөч бид зарж өрөө төлье гэсэн саналыг хэлэхэд С.Чадраабал зөвшөөрч би 7 хоногийн дараа аймаг орно тэгээд уулзаж байрыг суллаж өгье гэсэн. Гэвч 7 хоногийн дараа ирээгүй бөгөөд түүнээс хойш одоо хүртэл уулзахгүй байгаа. Бид банкны зээлд 2015 оны 12 дугаар сараас хойш нийт 26 028 218 төгрөг төлөөд байна. Хас банкинд одоогоор төлөгдөөгүй үлдэгдэл 10 285 714 төгрөг байгаа болно. Иймд С.Чадраабалаас үндсэн зээл 30 000 000 төгрөг, хүү 9 200 000 төгрөг, алданги 3 000 000 төгрөг нийт 42 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Чадраабал Т.Гончигдоржоос 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдагдсан 42 200 000 төгрөгийг маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Бидний зээлийн барьцаанд байгаа байрны үл хөдлөхийн бүртгэлийн гэрчилгээ нь өөр шүүхийн шийдвэр бүхий барьцаанд байгаа ба суллуулах боломжгүй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Т.Гончигдорж нь С.Чадраабалд 42 200 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.Чадраабал нь нэхэмжлэлийн шаардлага болох 42 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Гончигдоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 42 200 000 төгрөгийг хариуцагч С.Чадраабал төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Чадраабалаас 184475 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 184475 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 51050 төгрөгийг орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас буцаан нэхэмжлэгч Т.Гончигдоржид тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 368950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА