Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/779

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндорж,

өсвөр насны шүүгдэгч: Т.Ши, түүний хууль ёсны төлөөлөгч: Т.Шг,

тэдгээрийн өмгөөлөгч  Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2105018211496 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Ши нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг 22 минутад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны Б1 давхарын гражаас хохирогч Н.Эгийн “Алтон” загварын 425 000 төгрөгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч-Т.Ши мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Түвшинсайхантай тоглож байгаад түүнийг тэр дугуйг авъя гэхээр нь хохирогчийн унадаг дугуйг унаж, ашиглах гэж авсан. Гэхдээ Түвшинсайхан унадаг дугуйг авахад оролцоогүй. Дугуйг буцааж өгсөн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, хулгай хийх ямар хор уршигтайг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч-Т.Шг мэдүүлэхдээ:

Манай хүүхэд үгэнд сайн ордог, даруухан, одоо боксын бэлтгэл хийж, хичээллэдэг. Гэмт хэргийн хор уршиг, үр дагаврыг сайн ойлгосон. Цаашид хүүхэддээ хараа хяналт сайн тавьж, дахиж гэмт хэрэг холбогдуулахгүй. Нөхөр хөдөө ажиллаж, би өглөө гараад орой ирдэг байсан болохоор хүүхэддээ тавих хараа хяналт суларсан байна. Одоо нөхөр маань хөдөө ажиллахгүй, хүүхдүүдээ харж, хичээл сургуульд нь зөөж байгаа. Хэрэг гарах үед эмээ нь харж байсан. Цаашид өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу секц, дугуйланд хамруулна. Аав нь хичээл сургуульд хүргэх гээд ажлаасаа гарсан байгаа гэв. 

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Э мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 30-ны 19 цагийн үед ажлаасаа дугуйтайгаа ирээд 122 дугаар байрны Б1 давхарын зогсоолд “Алтон” гэх дугуйгаа цоожлоод, гэртээ орж амраад 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08 цагийн үед ажилдаа явах гээд ундаг дугуйгаа авах гэтэл дугуй маань байгаагүй. Тэгээд би харуул дээр очиж, камер шүүж үзэхэд хоёр хүүхэд 2 дугуйг тус тусдаа хулгайлж байсан. Би байрны гадаа гараад цагдаа дуудчихаад зогсож байтал дугуйг маань авсан хоёр хүүхэд байрны хажуугаар явж таарсан. Тэгээд би тэр хүүхдийг барьж авахад удалгүй цагдаа нар ирсэн.

Өөрийн дугуйгаа ТШиаас хүлээн авсан, гомдол саналгүй гэжээ. (хэргийн 18-19, 72 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Л мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 122 дугаар байранд амьдардаг юм. Тус байрны танил ах Батбаатар над руу залгаад “миний ундаг дугуй алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд би манаач дээр ирэхэд дугуйгаа алдсан Э гэх хүн дугуй хулгайлсан хүүхдийг барьсан, хяналтын камерт бичигдсэн байна гэж хэлсэн. Тус грашаас хоёр ширхэг дугуй алга болсон байсан. Баярбаатарын алдсан дугуй нь Герман улсад үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн дугуй байсан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ийн БГ2-21-756 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 425 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Бичлэгийг 321 player тоглуулагчаар тоглуулахад хүлээн авах хэсэг, дэлгэцийн баруун талд 2021-08-31 00:23:03 гэх цагийн бичиглэлтэй хар, цагаан гражийн дотор талын бичлэг байв.

Бичлэгт 4 ширхэг дугуй, хар өнгийн приус загварын машин, түүний ард хар өнгийн тээврийн хэрэгсэл байв. Камерийн доод хэсэгт хар өнгийн дугуй унасан, цагаан масктай, цагаан цамцтай эрэгтэй хүүхэд, түүний урд талд хэвтүүлсэн, цагаан өнгийн рамтай унадаг дугуйн суудал хэсгээс баруун гараараа барьсан, хүрэм өмссөн эрэгтэй хүн байв.

2021-08-31 00:23:33 секунтэд цагаан өнгийн рамтай дугуйг хүрэм өмссөн эрэгтэй хүн суудлын түгжээг тайлахаар оролдож байв.

2021-08-31 00:23:40 секунтэд хүрэмтэй эрэгтэй хүн дугуйг өргөж босгож байв.

2021-08.31 00:23:45 секунтэд хар өнгийн рамтай дугуйг цагаан өнгийн масктай эрэгтэй хүн хар рамтай дугуйг унаж, түүний араас цагаан рамтай дугуйг хүрэмтэй хүн түрж байв.

2021-08-31 00:23:54 секунтэд хар өнгийн рамтай дугуйг цагаан өнгийн масктай эрэгтэй хүн хар рамтай дугуйг унаж, түүний араас цагаан рамтай дугуйг хүрэмтэй хүн унаж гарав.

2021-08-31 00:23:57 секунтэд хар өнгийн рамтай дугуйг цагаан өнгийн масктай эрэгтэй хүн хар рамтай дугуйг унаж, түүний араас цагаан рамтай дугуйг хүрэмтэй хүн унаж гарч, камерийн үзэгдэх орчноос гарав гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

ТШи нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Өсвөр насны шүүгдэгч Т.Ши нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 00 цаг 22 минутад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны Б1 давхарын гражаас хохирогч Н.Эгийн “Алтон” загварын 425 000 төгрөгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээний 425 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Э, гэрч Ц.Л нарын мэдүүлэг, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Дамно” ХХК-ийн БГ2-21-756 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Т.Ши-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хулгайлсан эд зүйл болох унадаг дугуйг хохирогчид буцаан өгч хохирлыг барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, өсвөр насны зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч ТШиын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Өсвөр насны шүүгдэгч ТШи, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч Н.Э нь “өөрийн ундаг дугуйгаа хүлээн авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Ши-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ангийн 8.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасган 3 сарын хугацаагаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Ши нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч Т.Ши-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ши-ыг 3 (гурав) сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Т.Ши нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Т.Ши нь оршин суух газраа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Ши-ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Т.Ши цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ши-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН