Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/780

 

 

 

 

 

 

 

2021             12            02                                      780

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч: Д.Ба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ба-т холбогдох эрүүгийн 2105000001509 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, “Эрдэнэс Таван Толгой” ХХК-д хэлтсийн дарга ажилтай, сард 5 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Ба.

 

Шүүгдэгч Д.Ба нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ХХК-ийн “UG” палас рестораны гадна О.Бг цохиж, биед нь хамар ясны далд хугарал, дээд уруулд шарх, салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ба мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Тухайн үед хохирогч миний уруул руу цохихоор нь түүнийг нэг удаа цохисон. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Хохиролд 2 000 000 төгрөг төлсөн. Улсын яллагчтай 500 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг сайн дураар тохиролцсон байна. Торгуулийн ялыг маргааш төлөх боломжтой. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Б мэдүүлэхдээ:

Тэгэхэд үүднээс холдож байгаад мөн ажлын газрын залуу болох Батай муудалцахад Ба нь миний хамар руу гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед хамраас цус гараад хамгаалагч нар салгаад би цагдаагийн байгууллагад хандсан. Батай ямар шалтгааны улмаас маргалдсан талаараа мэдэхгүй байгаа бөгөөд би тухайн үед ууртай, согтуу байсан учраас Батай үл ойлголцоод маргасан байсан. Тэрнээс бид хоёрын дунд ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаа, маргалдах зүйл байхгүй бөгөөд нэг нэгнээ зүс мэдэхээс харилцаж байгаагүй. Би Баыг цохисон үгүйгээ сайн санахгүй байгаа бөгөөд Ба хэлэхдээ “чи намайг бас цохисон” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Г мэдүүлэхдээ:

2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ХХК-ийн “UG” палас нэртэй ресторанд манай хэлтсийн ажилтан Баттөрийн хуриманд уригдан очсон. Улмаар шөнийн 00 цаг өнгөрч байх үед уг ресторанаас гараад үүдэнд байж байхад манай нэг хэлтсийн залуучууд болох Б, О нар муудалцаж, маргалдсан байдалтай гараад ирсэн юм. Тэгэхэд би тэр хоёр руу юу болов гэж хэлээд очиход Б нь “чи бас юу вэ” гэж хэлээд дайрахаар нь би “чи зүгээр байгаарай” гэж хэлээд бид хоёр заамдалцаж, зууралдсан. Энэ үед О болон рестораны хамгаалагч бид хоёрыг салгаад намайг О аваад явсан. Бг хамгаалагч нь аваад явсан бөгөөд Отай юм яриад зогсож байсан. Энэ үед О нь “хүүе Бг цохичихлоо шүү дээ” гэж хэлэхээр нь би эргээд харахад Б нь газар унасан байдалтай хажууд нь Ба гэх мөн манай ажлын газрын залуу байсан. Тухайн үед Б нь биеэ хянах чадвартай байсан гэж бодож байна. Бид нар руу ямар нэгэн шалтгаангүй дайрч, давшлаад байсан. Бгийн биед Ба гэмтэл учруулсан. Газар унатал нь цохисон. Гэхдээ би Баыг Бг цохиж байхыг хараагүй гэжээ. (хэргийн 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О мэдүүлэхдээ:

Шөнийн 00 цаг өнгөрч байх үед уг ресторанаас гараад үүдэнд байж байхад манай нэг хэлтсийн залуу болох Б нь нэлээн согтуу над дээр ирээд, ажил хэргийн талаар гомдол санал мэдүүлсэн. Тэгэхээр нь би ажилтай холбоотой зүйлээ эрүүлдээ хэлж бай гэж хэлэхэд над руу дайрах гээд согтуурхаад байхаар нь би тухайн үед ажилтантайгаа маргаан үүсгэж болохгүй гэж өөрийгөө дарж, Бг орхиод явсан. Тэгэхэд Б нь цаана мөн манай хэлтсийн мэргэжилтэн Гтэй муудалцаад, зууралдсан байдалтай, хүмүүс салгах гээд татаад зогсож байхаар нь би очоод Гг салгаж аваад машин руу явж байсан юм. Энэ үед мөн дуу чимээ гараад байхаар нь эргээд харахад Б нь “UG” палас рестораны үүдний машины замын хэсэгт газар сууж байсан. Очоод юу болсон талаар асуухад “Ба намайг цохичихлоо” гэж хэлээд хамраас нь цус гарсан, нүүр нь цус болсон байдалтай байсан. Б, Ба хоёрын дунд ямар маргаан үүссэнийг би мэдэхгүй. Мөн Бгийн өөрийнх нь буруутай үйлдэл байгаа бөгөөд Гончигсүрэн, Ба бид гурав руу агсам тавьж, өөрөө өдсөн юм. Би ч мөн маргаан үүсгэх гээд байхаар нь хэлтсийн даргын хувиар тэвчээд өнгөрүүлсэн. Б нь архи уухаараа олон зүйл ярьдаг, тавьтаргүй, агсам зантай, хүнд эхлэж гар хүрэх гээд байдаг залуу юм гэжээ. (хэргийн 20-21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 9251 дугаар дүгнэлтэд:

1. О.Бгийн биед хамар ясны далд хугарал, дээд уруулд шарх, салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Ба нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Д.Ба нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” ХХК-ийн “UG” палас рестораны гадна О.Бг цохиж, биед нь хамар ясны далд хугарал, дээд уруулд шарх, салстад цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Б, гэрч Ц.Гочигцэрэн, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 9251 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 2 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн тул Д.Баыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ба-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ба-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Бат даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Ба нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Ба цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН