Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/802

 

 

 

 

 

 

 

2021         12          07                                        802    

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч, хохирогч: Б.Бу,

шүүгдэгч, хохирогч: Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б, Бу нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2105017441495 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа Нарантуул худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, сард 300 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 504 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлсөн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Б.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа алт мөнгөний дархан ажилтай, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Бу.

 

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Тумбааш нэртэй дэлгүүрийн гадна 23 цагийн үед хохирогч Б.Бутай маргалдан улмаар гараараа нүүр, биед нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Бу нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, Тумбааш нэртэй дэлгүүрийн гадна 23 цагийн үед хохирогч Х.Бтай маргалдан улмаар тоосгоор нүүрэн тус газар, гараараа толгойн тус газар нь цохиж зодон, эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх, зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Х.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Б.Буд 200 000 төгрөг төлсөн. Хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь миний буруу. Улсын яллагчтай 750 000 төгрөгөөр торгох ялыг өөрийн сайнд дураар тохиролцсон. Энэ торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд төлнө. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Бу мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч Х.Бын эрүүл мэндэд би гэмтэл учруулсан. Хохирогч Х.Бд 280 000 төгрөг төлсөн. Улсын яллагчтай 450 000 төгрөгөөр торгох торгуулийн ялыг сайн дураар тохиролцсон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Х.Б мэдүүлэхдээ:

Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Бу мэдүүлэхдээ:

Гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 31-ний орой 22 цаг орчимд ажлаа тараад нөхрийнхөө ажил дээр очсон. Манай нөхөр, миний төрсөн эгч хоёр бараагаа хураагаад байж байсан. Намайг очих үед зам дээр гурван залуу зодолдож байсан. Ер нь бол 30-40 минут орчим зодолдсон. Тэгээд байж байхад манай машины урд хамар дээр түс тас хийх чимээ гарах үед очиж хартал, хоёр залуу давхралдаад машины урд хамар дээр унасан байсан. Тэр хоёр залууд хандан машин эвдлээ гэж хэлэхэд тэр хоёр залуу цаашаа зодолдоод яваад өгсөн. Тэр хоёр залуугийн нэг туранхай залуу нь намайг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай нөхөр ирээд цаашаа яв гээд нөгөө залууг хоёр удаа түлхсэн. Цаашаа түлхчихээд цагдаа дуудаад байж байхад нөгөө залуу гараараа наашаа хүрээд ир гээд дуудаад байсан. Тэгээд очтол шууд газраас тоосго аваад толгойн зүүн тал руу нь цохисон. Тухайн үед толгой нь хагарсан бололтой маш их цус гарсан гэжээ. (хэргийн 81 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Мө мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Бу болон миний таньдаг ах Буян-Аривжих бид нар Баянгол дүүргийн 1000 нэрийн барааны дэлгүүрийн урд талд Буян-Аривжих ах, Маряа нартай маргалдсан. Тэр үед Маряа ах зугтаагаад яваад өгсөн. Маряа ах зугтахаар нь би араас хөөгөөд машин тойроод гүйж байсан. Бид хоёрыг Буян-Аривжих ах салгах гээд дарах үед миний цүнхэнд зүүлттэй байсан хаалганы түлхүүр, машины түлхүүр зэрэг байсан ба уг түлхүүрээр машины копут болон крылог зурсан нь үнэн гэжээ. (хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.О мэдүүлэхдээ:

Манай хүргэн очоод машин зурчихлаа гээд тэр хоёр хоорондоо маргалдаад нэг, хоёр удаа түлхсэн. Харааж байгаад манай хүргэнийг дуудаад байхаар нь хүргэн очтол хагархай тоосгоор шанаа хэсэгт нэг удаа цохисон. Цохисоны дараа хүргэн доош хараад толгойгоо дараад суусан. Бын толгой дээрээс Бу дарсан байх үед тавиулах гээд хоёр удаа цохисон. Бу дуудаж байгаад шанаа орчим тоосгоор цохисон. Мөн дээрээс нь дараад угзраад ганц хоёр мөргөх шиг болсон гэжээ. (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас)

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

1634273052 дугаартай бичлэг байх бөгөөд машин зам дээр буюу замын зорчих хэсэг дээр хоёр залуу зодолдож байгаа болон түүнийг салгаж байгаа хоёр залуугийн зодооны үеийн бичлэг байв.

01:10 секундэд хар өнгийн хувцастай эрэгтэй хүн багаж нь онгорхой, цагаан өнгийн машинаас гүйж ирсэн эрэгтэй хүн хар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүнийг баруун гараараа цохиж байгаа байдлыг 5 гэж дугаарлав.

01:22 секундэд хар өнгийн саравчтай малгайтай дээд талаараа хар өнгийн куртик, доод талаараа хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн зодолдож байгаад салсан, дээд талаараа хар өнгийн хувцастай, хувцасны доод талаар шар өнгийн фудболктай цухуйсан эрэгтэйг түлхээд ертөнцийн зүгээр зүүн тийш авч явж байгаа байдлыг 4 гэж дугаарлав.

02:30 секундэд хар өнгийн ардаа бичигтэй фудболка өмссөн цэнхэр өнгийн шорттой эрэгтэй хүн хар өнгийн саравчтай малгай өмссөн дээд талаараа хар өнгийн куртиктэй доод талаар хар өнгийн өмдтэй эрэгтэйг хэд хэдэн удаа цохиж байгаад зүүн гартаа гар утсаа бариад утсаар ярьж байгаа байдлыг 7 гэж харуулав гэжээ. (хавтаст хэргийн 163-169 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8279 тоот дүгнэлтэд:

  1. Б.Буын биед зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8310 тоот дүгнэлтэд:

  1. Х.Бын биед зүүн хацарт няцарсан шарх, зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Бу нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 123 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Х.Б нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 504 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлсөн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 144 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Тумбааш” дэлгүүрийн гадна 23 цагийн үед хохирогч Б.Бутай маргалдан, улмаар гараараа нүүр, биед нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн хөмсөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн хацарт зулгаралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.Бу нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Тумбааш” нэртэй дэлгүүрийн гадна 23 цагийн үед хохирогч Х.Бтай маргалдан улмаар тоосгоор нүүрэн тус газар нь, гараараа толгойн тус газар нь тус тус цохиж, зодон эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх, зулгаралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бу, Х.Б нарын мэдүүлэг, гэрч Б.А, А.Мө, Э.О нарын мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8279 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 8310 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бу, Х.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Бу, Х.Б нар нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Бу, Х.Б нарыг хэн алиндаа төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон Б.Буыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох,

Х.Быг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар тус тус зөвшөөрч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 Гөрөөчин овогт Баясгалангийн Бу-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний 750 000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бу-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Х.Б, Б.Бу нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Б, Б.Бу нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б, Б.Бу нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Б, Б.Бу нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН