Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/803

 

 

 

 

 

 

 

2021           12            07                                           803      

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяа,

хохирогч Б.Ён өмгөөлөгч Т.Баярцэцэг /1298/,

шүүгдэгч: Ж.Мө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2105000001261 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Скай сервис” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, 1 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Мө.

Шүүгдэгч Ж.Мө нь 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хохирогч Б.Ёныг зодож, биед нь доод эрүүнд шарх, цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, бүсэлхий, нуруу, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мө мэдүүлэхдээ:

Би тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас үүдэн энэ гэмт хэргийг үйлдсэн. Би болсон үйл явдлыг санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ноолууран цамцыг түүнтэй зууралдаж байх явцад урсан. Ногоон иштэй заазуур, ишгүй отвёркийг найзынхаа гэрээс авсан байх. Тэр өдөр найзуудтайгаа хэрэлдэж маргалдах болов уу гээд урьдчилан сэргийлээд айлаас аваад гарсан байх. Манай аав “Таван толгой түлш” ХХК-д том машинаар нүүрс тээвэрлэдэг. Одоо аавтайгаа хамт ажилд явах гэж байгаа. Хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Ажлаа хийгээд хохирлын мөнгийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулна. Дахиж ийм асуудал гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч -Б.Ён мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө үүргийн 4-5 цагийн үед би Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байр буюу гэр рүүгээ орох гээд дүү Утай хамт явж байтал орцны үүдэнд үл таних 2-3 хүн байх шиг байсан. Тэгээд би орцны үүдэнд очиход нэг үл таних залуу орцны хаалга өшиглөөд зогсож байсан. Би “чи наад үүд хаалга болиоч” гэтэл миний өөдөөс дайраад толгой, нүүр, гар, хөл рүү цохиод, миний эрүү хэсэг рүү гартаа барьсан зүйлээрээ зүссэн. Тэгээд гартаа барьсан зүйлээ газар унагачихаад дахид нэг зүйл гаргаж ирээд над руу дайрсан. Тэгтэл надтай хамт явсан У ирээд тэр залууг холдуулж салгасан. Тухайн үед тэр үл таних цэнхэр яактай залуутай хамт байсан нөгөө залуу нь зугтчихсан. Тэгээд манай эхнэр гарч ирээд цагдаа дуудсаны дараа тэр залуугийн гартаа барьж байсан зүйлийг харахад ишгүй отвёрканы төмөр, бас нэг заазуур байсан. Тухайн үед би 4-5 лааз пиво уусан байсан. Эд хөрөнгө болон гоо сайхнаараа хохирсондоо гомдолтой байна.

Миний хүзүүнд байсан алтан гинж тасарсан. Миний гинж 4 200 000 төгрөгийн үнэтэй. Тасарсан гинжээ авсан газартаа буцаагаад зарсан чинь 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Дахин ашиглах боломжгүй гэхээр нь зарсан юм. Надад эмчилгээ хийлгэсэн зардал гэх зүйл байхгүй. Баримт аваагүй. Эм тариа нийлээд 100 000 төгрөг болсон. Ноолууран цамц дахиж ашиглах боломжгүй болж урагдсан. Өмд хилэн шаргал өмгийн өмд урагдаж, цоорсон. Энэ өмд нь хуучин өмд байсан болохоор нэхэмжлэхгүй гэв. (хэргийн 8-9, 11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.У мэдүүлэхдээ:

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 03 цагийн үед хуурай ах Б.Ёныг аваад Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 5 дугаар орцонд байх гэр лүү нь ирэхэд тус байрны 5 дугаар орцны гадаа байх сандал бүхий хэсэг дээр 5 цагийн үед цайвар өмд, яактай залуу, бор саарал өнгийн хүрэмтэй 2 залуу байсан. Тэр 2 орцны хаалгыг гараараа нүдээд зогсож байсан. Тэгээд ах түрүүлээд машинаасаа буугаад орцны гаднах шат дээр ирэх үед үл таних 2 залуу ах руу шууд дайраад хүзүүний доод хэсэгт нь отвёркаар хатгаж гэмтээж байсан. Цайвар өнгийн хувцастай залуу гэмтээсэн. Тэгэхээр нь би гүйж очоод салгах гээд тэр 2 залууг түлхэж холдуулах гэтэл тэр залуу өмднийхөө арын халааснаас ногоон өнгийн заазуур гаргаж ирээд ах Б.Ён руу дахиад дайраад байсан. Тэгэхээр нь ах Ён тэр залууг 1-2 удаа цохиж холдуулсан. Улмаар Ён ахын эхнэр гарч ирээд цагдаа дуудсан. Тэр үл таних залуу Ён ахын хүзүү хэсэгт отвёркаар нэг удаа зүссэн. Тэгээд дахиад дайраад байсан. Би очиж тэр хоёрыг салгасан гэжээ. (хэргийн 18-19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Т.Сэ мэдүүлэхдээ:

Уг доод эрүүнд үүссэн шарх нь зах ирмэг тэгш бус, оёдолтой шарх байна. Тийм учраас мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл гэж үзэж дүгнэлт гаргасан. Мохоо зүйл нь отвёрка орно. Зах ирмэг нь тэгш бус гэдэг нь мохоо зүйлээр үүсгэгдсэн. Хэрэв уг шарх нь заазуураар үүсгэгдсэн бол шархны зах ирмэг тэгш байх ёстой. Энэ шархны хувьд зах ирмэг нь тэгш бус учраас мохоо зүйлийн үйлчлэл буюу отвёркаар үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хэргийн газрын үзлэгээр уг хэрэг учрал үйлдэгдсэн гэх газар ямар нэгэн цусны мөр, толбо байхгүй байх бөгөөд халдсан зэвсгийг жижүүрийн эргүүлийн офицер хураан авч, битүүмжилсэн байв. Тус халдлагын зэвсэг нь цагаан өнгийн оруулга бүхий ногоон өнгийн ахуйн хэрэглээний заазуур, мөн ахуйн хэрэглээнд ашиглах боломжтой хасах отвёрка 1 ширхэг тус тус байв. Уг халдлагын зэвсэгт ил харагдах цус болон шингэн зүйл байхгүй байв гэжээ. (хэргийн 2-3 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 4 179 200 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний 7974 дугаар дүгнэлтэд:

1. Б.Ён биед доод эрүүнд шарх, цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, бүсэлхийн нуруу, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Мө нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 59 дүгээр хуудас)                                                         

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Мө нь архи ууж согтуурсан үедээ 2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны 5 дугаар орцны үүдэнд хохирогч Б.Ёныг зодож, биед нь доод эрүүнд шарх, цус хуралт, цээжинд зулгаралт, цус хуралт, хэвлий, бүсэлхий, нуруу, зүүн гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ён, гэрч Н.У, шинжээч Т.Сэ нарын мэдүүлэг, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний 7974 тоот дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Мөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй болно.

 

Хохирогч Б.Ён нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт гаргаагүй боловч ноолууран цамц урагдсан, алтан гинж тасарсан хохиролд 2 679 200 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Мө хүлээн зөвшөөрч, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Ж.Мөэс 2 679 200 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ёнад олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй 1 ширхэг заазуур, бариулгүй 1 ширхэг отвёркийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

цэнхэр ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч Б.Ён авна гэсэн тул түүнд буцаан өгөх нь зүйтэй.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Мө-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Мө-ийг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Ж.Мө-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 112 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, Ж.Мөнх-Эрдэнийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 608 цагаар тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Мө 608 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Мө-эс 2 679 200 төгрөг гаргуулж, хохирогч Б.Ёнад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон иштэй 1 ширхэг заазуур, бариулгүй 1 ширхэг отвёркийг устгаж,

цэнхэр ягаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэгийг хохирогч Б.Ён-ад буцаан олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН