Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/801

 

                              

 

 

 

 

                              

 

 

 

 

 

 2021         12           07                                             801

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг, 

шинжээч: Г.Цэвэгжав,

шинжээч:С.Мөнхдалай,

шинжээч:Т.Анхбаяр,

 

хохирогч:Г.Ма,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Н.Мя,

гэрч: М.Бу,

иргэний нэхэмжлэгч: Н.Отг,

шүүгдэгч: С.Ба, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, /0058/

шүүгдэгч: Н.От, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл /1943/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Ба,

От нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1939 0066 10176 дугаар, 5 хавтас хэргийг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа машин засварын ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ба.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа барилга барьдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, От.

 

Шүүгдэгч С.Ба нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Бенз Атего” маркийн, 92- 01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.Отын жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

 

                  шүүгдэгч Н.От нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Тоёота Приус-11” маркийн, 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дугуй хагарсан гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Н.От мэдүүлэхдээ:

 

2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө дугуй хагараад зайлшгүй зогсолт хийсэн. Н.Отг машиныхаа гэрлийг асаагаад, урсгал сөрж зогссон тул би гэрлийг нь унтраалгасан. Тухайн өдөр шөнийн 01 цагийн үед байсан болохоор үзэгдэх орчин тас харанхуй, гадаа их хүйтэн байсан. Би машиныхаа аваарын гэрлийг асааж, машинаас гарч нэлээд хол гүйгээд ослын гурвалжин тэмдэг  тавьсан байхад С.Ба араас ирж мөргөсөн. Одоо яг ямар зайнд гурвалжин тавьснаа санахгүй байна. Зам үл ялиг өгсүүр зам байсан. Тэр үед зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох боломж байгаагүй. Би машинаас буухад хөвөө нь метр өндөртэй байсан ч зорчих хэсгийг чөлөөлж зогссон. Хагархай дугуйтай тул өндөр рүү буух боломжгүй байсан. Миний  машинд зорчиж явсан Ба ах өвчтэй, байсан. Харин хол замд явж байгаа бусад хүмүүсийг нурууны чилээгээ гаргаад аваарай гэж би хэлж байсан.

Энэ ослын улмаас олон хүн бэртэж, хохирсон байхад С.Багийн өмгөөлөгч түүнийг цагаатгана гэж байгааг ойлгохгүй байна. Намайг тогтоосон хэмжээнээс бага зайд ослын гурвалжин тавьсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ба зогсож байсан машины араас ирж мөргөсөн учраас энэ осол болсон. Хэрэг гарахад миний буруутай үйлдэл байхгүй. Би 2013 оноос хойш тасралтгүй машин барьсан. Хохирогч Н.Нямбаяр миний төрсөн ах, биеийн байдал муу тул, ах дүү бид нар боломжоороо тусалдаг. Миний жолооны үнэмлэх мөрдөн шалгах ажиллагааны явцад алга болсон. Одоо миний тээврийн хэрэгсэл байхгүй. Үнэлгээ нь 4 сая төгрөг гэж гарсан. С.Багээс нийт 5 700 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-С.Ба мэдүүлэхдээ:

            Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би 1991 оноос хойш жолоо барьсан, хот хооронд тээвэр хийгээд 2-3 жил болсон. Тухайн осол болох үед би ойролцоогоор 70 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд гэнэт тээврийн хэрэгслээ янзалж байсан хүмүүсийг 12-13 метр зайд харсан. Ингээд би баруун гар тийш дарж, замаас гарсан. Хэрвээ чигээрээ явсан бол араас нь мөргөх байсан. Н.От аваар татаагүй, ослын тэмдэг тавиагүй байсан. Осол болсны дараа би машинаасаа буугаад, ослын газар очиж яагаад ослын тэмдгээ тавиагүй юм бэ гэж хэлсэн. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тоормос гишгээд хажуу тийш дараад замаас гарсан. Замын эрэг өндөр байгаагүй учраас замаас буусан. Шүүхээс завсарлага авсан хугацаанд хохирогч Н.Нямбаярт 1 572 900 төгрөг, Г.Мат 290 500 төгрөг, Н.Отт 2 809 800 төгрөг, Н.Отгт 494 550 төгрөг өгч, нийт 5 180 340 төгрөг төлсөн. Хохирогч нараас уучлалт гуйж байна гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Г.Ма мэдүүлэхдээ:

            Шөнийн 01 цагийн үед машины дугуй хагараад дугуйгаа янзалж байхад энэ осол болсон. Ослын тэмдэг зайтай тавьж, Н.От машиныхаа аваарын гэрлээ татсан байсан. Замын хөвөөгөө чөлөөлж ирмэг дээр нь зогссон байсан. Нөгөө талдаа уулархаг, эрэгтэй байсан учраас машин замаас гарах ямар ч боломжгүй байсан. Бид дугуй нөхөж байтал тас гээд буусан. Би осол болсны дараа замын голд ухаан алдсан, эмнэлэгт ухаан орсон. Миний хөлийн нарийн, бүдүүн шилбэ хугарсан. Зүүн хөлийн нарийн шилбэ 2 хугарч, бүдүүн шилбэ хугарч, урдуураа ясгүй болсон. Осол болсноос хойш одоо хүртэл суга таягтай явж байна. Энэ ослоос хойш ажил, орлогогүй, тархи толгой өвддөг болсон. Групп тогтоолгосон ч 1 жилийн хугацаанд аваад зогссон. Одоо эгч, дүү нараараа тэжээлгэж амьдардаг. Мөрдөгчид 2  жилийн өмнө 2 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилж мэдүүлэг өгсөн. Одоо эмчилгээ, эм тариа байнга хэрэглэдэг. С.Ба надад 1 010 000 төгрөгийн эмчилгээ хийлгэснээс өөр тусламж дэмжлэг үзүүлээгүй. Намайг нэг удаа эмэгтэйчүүдийн эмнэлэгт 10 хоног хэвтүүлсэн. Одоо С.Багээс 2 400 000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч С.Ба нь Н.Отыг ослын зогсолтын тэмдэг байгаагүй гэж байна. Гэтэл тэр машиныг маань ослын тэмдэгтэй нь хамт дайрсан болохоор ослын тэмдэг байхгүй байсан гээд байна. Н.От ослын тэмдгийг 20-30 метрт тавьсан байх. Н.Отг машиныхаа гэрлээ асаагаагүй, унтраасан, харин Н.От аваарын гэрлээ асаасан байсан. Надад учирсан хохирол баримтаар 1 400 000 төгрөг гарсныг хэргээс үзлээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Н.Мя мэдүүлэхдээ:

Миний дүү төрсөн дүү Н.Нямбаяр ослын улмаас хүнд гэмтэж, 2 жил хүний асаргаанд, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сарын 140 000 төгрөгийн группийн мөнгө авдаг болсон. Тухайн үед С.Ба нь гэмтлийн эмнэлэг дээр байхад эмчилгээний төлбөр өгч, хувийн эмнэлэгт Г.Матай хамт хэвтүүлж байсан. С.Ба өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруугүй гэж байгаад гомдолтой байна. Эмчилгээний  зардлын талаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сар хүртэлх баримтыг гаргаж өгсөн. Үүнээс хойш баримт гаргаж өгөөгүй. Миний дүү Н.Нямбаяр нь 17-23 насны 3 хүүхэдтэй. С.Ба нь хохирогч Н.Нямбаяртай уулзаж байгаагүй, харьцдаггүй, хүн чанар гаргадаггүй. Эмчилгээнд 8 сая төгрөгийн зардал гарсан. Өвчтэй байх үед нь С.Багийн эхнэр 850 000 төгрөг авчирч өгсөн. Би осол болох үед байгаагүй ч хэргийн газарт очиж танилцсан. Өгсүүр зам байсан. Н.Нямбаяр нь Н.Отын дүү болохоор тэр байнга тусламж, дэмжлэг үзүүлж байгаа.  Өнөөдрийн шүүх хуралдаанд 231 413 төгрөгийн баримтыг нэмж гаргаж байна. Бид Баг гэм буруутай гэж үзэж байгаа учраас С.Багээс хохирлоо нэхэмжилж байна. Сая хэрэгт авагдсан баримтыг үзэхэд 4 257 000 төгрөгийн эмчилгээний зардал нь нотлох баримттай байна. Үүнээс эмнэлэгт хэвтэж байх үед төлөгдсөн 2 сая төгрөгийг хасаж, одоо 2 247 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч-Н.Отг мэдүүлэхдээ:

            Би тухайн өдөр 57-75 улсын дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. От ах дугуй хагарсан гэхээр нь буцаж эргээд гэрлээ асаахад намайг гэрлээ унтраа гээд унтраалгасан. Намайг буухад Н.От ах машиныхаа аваараа татсан, ослын гурвалжнаа тавьсан байсан. Гэтэл  Ба осол болсны дараа машинаасаа буугаагүй атлаа машинаасаа буугаад бидэн дээр ирж яагаад ослын гурвалжнаа тавьж, аваараа татсангүй вэ гэж хэлсэн мэтээр худлаа ярьж байна. Тэр том машинаас нэг ч хүн бууж ирээгүй, бидэнд туслаагүй. Би хажуугаар явсан хүмүүсээс тусламж гуйсан. С.Ба гурвалжин тэмдгийг мөргөсөн, тэр нь машин доогуур ороод алга болсон. Би тухайн үед цонхоо онгойлгоод харахад Н.От ослын гурвалжнаа тавьсан байсан. Миний машинд 706 000 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг С.Багээс нэхэмжилж байна. Машины аккумлятор муу, унтраах юм бол асдаггүй байсан. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Би эхлээд урсгал сөрж зогсохдоо гэрлээ асаасан байсан. Тэгээд От машины гэрлээ унтраа гэхээр нь унтраасан гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-Н.Бу мэдүүлэхдээ:

            Би осол болох үед Н.Отын машинд сууж байсан. Манай машины дугуй хагараад замын хажууд дугуйгаа засаж байсан ба Отгын машин манай машины урд байсан. Н.Отгын машины гэрэл асаалттай байсан ба засаж байгаа дугуй дээрээ гэрлээ тусгасан байсан. Ослын гурвалжин харагдаж байсан. Н.От машинаа зам чөлөөлж, шороон зам дээр шахаад зогссон байсан. Замын байдал өгсөж байсан. Би 2 машины голд зогсож байсан. Машины дугуй хагараад, дугуйгаа янзалж эхэлснээс хойш ойролцоогоор 10 минутын дараа осол болсон гэв

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ц.Цэвэгжав мэдүүлэхдээ:

            Энэ хэрэгт ослын тэмдэг тавьсан, тавиагүй гэдэг маргаан байдаг. Хавтаст хэрэгт баримт болгох зүйл байхгүй байсан болохоор үүнд анхаарал хандуулаагүй.

            “Тоёота приус 11” маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон байдлаас харахад урсгал дээр зогссон байсан нь Замын хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт буюу хориглосон газар зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байсан.

            “Бенз Атего” маркийн, 92-01 УНС дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Ба нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдоогүй. 

            “Хьюндай Аксент” маркийн, 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Отг нь Замын Хөдөлгөөний дүрмийн 14.1 дүгээр заалт буюу жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаанаар зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсолтын талбайг ашиглана. Хэрэв ийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр зогсооно гэснийг зөрчсөн.

            Зам тээврийн осол нь “Тоёото Приус 11” маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.От нь Замын Хөдөлгөөний дүрмийн 14.10 дугаар заалт, “Хьюндай Аксент” маркийн, 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Отг нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 14.1 дүгээр заалт тус тус зөрчсөнөөс гарсан.

           

            Ослын зогсолтын тэмдгийг 50-71 УНТ тээврийн хэрэгслийн жолооч Замын Хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаарт зааснаар байрлуулсан бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан ба 50-71 УНТ тээврийн хэрэгслийн жолооч зорчих хэсгийг заавал чөлөөлж байж, автомашины дугуйг тайлан, задалж нөхөх ёстой. 50-71 УНТ улсын дугаартай, авто машиныг зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн гэж үзэхгүй.

            92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр шулуунаар тэмдэглэгдсэн байдаг. Энэ мөрийг тоормосны мөр гэж үзэх боломжгүй. 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Отг нь гэрлээ асааж зогссон бол бусад жолооч нарын анхаарлыг сарниулах, замын нөхцөл байдлыг зөв үнэлэхэд нөлөөлнө. С.Ба нь аюулыг зайлуулж дарсан нь аюулгүй байдлыг хангаж, учирч болох хохирлыг багасгасан гэж үзэж байна.

            Зам дээр хохирогч нар (зам засварын ажил хийхээс бусад тохиолдолд) зорчих хэсэг дээр байсан нь Замын Хөдөлгөөний дүрмийн 5.12б заалт буюу явган зорчигчид ... аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох саатахыг хориглоно гэснийг зөрчсөн гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Бид хавтаст хэрэгт авагдсан материалыг үндэслэн дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт хөвөөний өргөн хэмжээг заасан байдаг. Буруу талын дугуй 50 см буух боломжтой байсан. Замыг чөлөөлөх боломж байсан. Хориглосон газар зогсолт хийсэн. Хэрэв чөлөөлж зогсоож чадахгүй бол 50-100 метр яваад чөлөөлж зогсох боломжтой байсан. Хавтаст хэрэгт авагдсан материалаас харахад С.Баг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн талаар дүгнэлт гаргахад хангалттай нотлох баримт байгаагүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Т.Анхбаяр мэдүүлэхдээ:

            Хэрвээ ослын зогсолтын тэмдгийг 30 метрийн зайнд тавьсан тохиолдолд мөргөсөн бол жолооч С.Баг хөдөлгөөнд, аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй гэж болно. Жолооч С.Ба  автомашиныг хараад зайлуулах арга хэмжээ авсан гэж үзсэн.

            50-71 УНТ улсын дугаартай, Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.От нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 57-75 УНГ улсын дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэж заасныг зөрчсөн байна.

            Зорчих хэсгийн захыг тэмдэглэх 1.2 дугаар тэмдэглэл байхгүй байсан нь хөдөлгөөний горим, мэдээллийг тодорхойгүй болгож осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай. Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596  стандартын дүрэм байдаг. Хэргийн газрын үзлэгээс харахад тэмдэглэл байхгүй байсан. Ослын зогсолтын тэмдгийг Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байрлуулаагүй, зорчих хэсгийг чөлөөлөөгүй, мөн урсгал сөрж гэрэл асааж зогссон нь осол гарах үндэслэл болсон гэж үзсэн.

            Н.От, Н.Отг нар нь осол гарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Шүүгдэгч С.Баг замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн талаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. С.Багийн буруутай үйлдэл байгаагүй. Бид хавтаст хэрэгт авагдсан материалын хүрээнд дүгнэлт гаргасан гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-С.Мөнхдалай мэдүүлэхдээ:

            Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ослын гурвалжныг замын хөдөлгөөний дүрмийн заалтад заасан зохих зайд тавиагүй. Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн зогссон зогсолт нь зайлшгүй зогсолтод хамаарахгүй. Миний хувьд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаагүй, харин осол гарах шалтгаан нөхцөлийн талаар дүгнэлт гаргасан. Осол гарах шалтгаан нөхцөл нь Приус маркийн, тээврийн хэрэгслийн жолооч ослын тэмдгийг зүйл заалтын хэмжээнд тавиагүй.  Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Мөн би С.Ба саадыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй, мэдсэн, мэдээгүй гэдгийг нотлох шаардлага байхгүй. Зогсоох арга хэмжээг аваагүй гэж үзсэн. Ослын зогсолтын тэмдгийг тодорхой зайнд тавьсан гэдэг боловч мөргөсөн газар тэр тэмдгийн тодорхой хэсэг нь үлдсэн байсан гэв.  

             Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

            “Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Дорнод аймгийн Матад сумаас Улаанбаатар хот уруу явж байгаад авто осолд орж биедээ маш их гэмтэл авсан. ...миний хувьд машин маань замаар явж байсныг л санаж байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 22-23) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Т.М мэдүүлэхдээ:

            “...Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд жоншны уурхайд ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар сумаас Улаанбаатар хот уруу Н.Отг, От, Б, С.Отг бид 5 цагаан өнгийн Н.Отгын “Аксент” маркийн машинтай явсан. Замдаа би унтсан байсан, тухайн үед миний сууж байсан машин нэг   зүйлд мөргөгдөх шиг болоод хүмүүс буугаарай гээд бахираад байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 36) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Л.Ба мэдүүлэхдээ:

             “...осол болдог газарт Отын машины буруу талын урд дугуй хагараад От, Отг 2 машинаа замаас чөлөөлөөд зогссон. От, Нямбаяр, Ма 3 машиныхаа дугуйг тайлаад 2 машины голд дугуйгаа нөхөөд байж байхад Алтанцэцэг машинаас буучихсан тэдний хажууд зогсож байсан. Би болохоор Отын машины ард сууж байгаад машинаас буумаар санагдаад жолооч талын арын хаалгаар буугаад тэр машины урд талаар тойроод тэр хэд дээр очиж явтал машины араас “түр тар” хийх чимээ гараад тоос манараад явчихсан. Нэг сэрсэн чинь би замынхаа хойд талд уначихсан байсан, босоод харахад замын гол хэсэгт От, Нямбаяр, Бу, Ма нар зам дээр цувраад уначихсан ёолоод хэвтэж байсан. ...Отын машин замынхаа шороон хөвөөн дээр жолооч талынх нь дугуй гарчихсан, буруу талынх нь дугуй замынхаа хойд талын ирмэгийг унаад зогсчихсон байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 42) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Б мэдүүлэхдээ:

             “...”Приус-11” маркийн машины хойд багаж нь ачааны машинд мөргүүлээд цөмөрчихсөн байсан тул аваарын гэрэл нь харагдахгүй байсан, харин урд талынх нь аваарын гэрэл асаалттай байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 44-45) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.От мэдүүлэхдээ::           

            “...Цагаан хоолойноос хэдэн адуу Налайхад авчрах гээд хөлсний машин болох 92-01 УНС улсын дугаартай Ба гэх хүнтэй хамт 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймаг уруу гарсан. Тэгээд            тэр оройдоо Сүхбаатар аймгийн Цагаан хоолойд очиж хоночхоод маргааш нь буюу 15-ны өглөө нь худгийн хаалганд гагнуур хийж өгчхөөд 4 унагатай 16 тооны адуу ачаад хөлснийхөө машинтай 15-ны орой 20 цагт наашаа гарсан. Хэрэг болдог газрынх нь наана явж байхад эсрэг урсгалаар нэг машин зөрөөд өнгөрсөн. Тэр машиныг зөрөөд өнгөрсний дараах нь манай эгнээнд зам дээр нэг машин зогсож байсан. Тэгсэн жолооч маань зүүн тал руугаа дарснаа “өө амжихгүй яанаа” гээд баруун гар тал руугаа дараад нөгөө машины араас нь мөргөөд замаасаа гараад зогссон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 46-47) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Т.Х мэдүүлэхдээ:

             “...тэр өдөр хөдөөнөөс аймаг орж ирээд, өдөр нь ажил амжуулчхаад харих гээд шөнө аймгийн төвөөс өөрийн Портер маркийн машинтай ганцаараа гарсан. ...манай салдаг замаас наах нь зам тээврийн осол болсон байдалтай хэдэн хүмүүс байж байсан. Тэгээд би зам дагуу машинаа зогсоогоод тэр хүмүүсийн зарим хүнтэй нь хальт уулзаад “та нар дуудлага өгсөн үү” гэж асуухад өгсөн байхаа гэхээр нь “дахиад дуудлага өгөх үү” гэсэн чинь “тэгье” гэхээр нь би өөрийнхөө утсаар залгаад аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад дуулга өгсөн. ...осол болдог газрын зам нь ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтэй уруу байрлалтай зам байгаа юм, би ертөнцийн зүүгээр баруун талаасаа тонгойгоод ороод ирэхэд тухайн тээврийн хэрэгслүүд жоохон өгсүүр хэсэг дээр зогссон байсан. Ертөнцийн зүгээр зүүн урдаасаа баруун хойш чиглэл рүү явахад алсуур жоохон өгсүүр, тэрнээс бол тийм огцом өгсүүр бол биш гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 214-215) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-Д.Баз мэдүүлэхдээ:

 “...хэрэг учрал болсон замын ойр орчимд ямар нэгэн замын эвдрэл, гэмтэл байхгүй ертөнцийн зүгээр зүүн урдаасаа, баруун хойш чиглэлтэй зүүн урдаасаа баруун хойш өгсүүр зам байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 35) 

 

            Мөрдөн байцаалтад гэрч-С.Эн мэдүүлэхдээ:

             “...тухайн замын онцлог нь ертөнцийн зүгээр зүүн урдаасаа буюу баруун хойш чиглэлтэй өгсүүр зам байсан. Мөн эсрэгээрээ баруун хойноос зүүн урагш уруу зам байсан. Тухайн зам тээврийн осол нь өгсүүр газрынхаа төгсгөл хэсэгт буюу замынхаа өндөрлөг хэсэг дээр зам тээврийн осол гарсан байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 36) 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1426 дугаар дүгнэлтэд:

            1.“Т.Алтанцэцэгийн биед зүүн чамархай ясны хугарал, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн хугархайн дотор хананд хугарал, зүүн хацар, зовхи, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.

            3. Дээрх зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 75-76) 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн  13536 дугаар дүгнэлтэд:

            1. Н.Нямбаярын биед гавлын орой ясны салаалсан хугарал, зүүн талын хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, тархины эдийн цусархан няцрал, тархины хатуу бүрхүүлийн дээрх болон доорх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн, зулай, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,            ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 93-94) 

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар дүгнэлтэд:

            1.“Г.Маын биед зүүн шилбэний тахилзуур, шаант ясны хугарал, зүүн шилбэний шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.          4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 137-138) 

 

            2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 39 дугаартай дүгнэлтэд:

            ...2. 92- 01 УНС улсын дугаартай “Mercedes Benz Atego” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,        12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. .

            ..4. 50-71 УНТ улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.От нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 236-237) 

 

             Мөрдөн байцаалтад шинжээч-С.Пүрвээ мэдүүлэхдээ:

            “...миний гаргасан шинжээчийн дүгнэлтэд Mercedes Benz Atego маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 41-42) 

 

             Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  2 дугаар дүгнэлтэд:

             “...Н.Отг-Хьюндай Аксент маркийн, 57- 75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн урд талаасаа мөргөлдөж, урд 2 лонжром зүүнээс баруун тийш ханарч, зүүн шанаа чихэгдсэн, нүүрний хөндөл гажсан, урд буфер зүүн урд их гэрэл, дохио хагарсан, урд буферийн дотор суурь тахийсан, зүүн урд крыло үзүүр хэсгээрээ нугарсан, урд салхины шил хагарсан, усны радиатор чихэгдсэн, үнэлгээнд жагсаалтаар бичигдсэн эд ангиуд эвдэрсэн байв. 565.000 төгрөгийн шууд, 706.500 төгрөгийн нийт хохирол учирсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 58-62) 

 

             Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбооны шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн  1 дүгээр дүгнэлтэд:

            “...Н.От-Тоёота Приус-11 маркийн 50- 71 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун хойд талаасаа хүчтэй мөргүүлснээс кузовын ган каркас гажиж, орой овойсон, хойд лонжром гулзайсан, баруун хойд крыло, хойд багана чихэгдэн үрчийсэн, баруун хормой нугарч үрчийсэн, ар тал, багажны шал чихэгдэн үрчийсэн, баруун хормой нугарч үрчийсэн, ар тал, багаажны шал чихэгдэн үрчийж ханзарч урагдсан, зүүн хойд крыло дотогш мурийж татагдсан, баруун урд лонжром үзүүр хэсгээр нугарч, доош тахийсан, хойд суудал чихэгдсэн, баруун урд крыло чихэгдэн замаск хуурсан, капот хонхойсон гэмтлүүд гарсан. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4 014 000 төгрөг гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, хуудас 79-80) 

 

             Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 489 дугаар дүгнэлтэд:

            “...Н.Нямбаяр F07.2. Тархины доргилтын дараах хам шинж, “хойдох ойгүйдэл. Сэтгэц органик хам шинж эмгэг нь 2019 оны 10 дугаар сард авто осолд орсноос шалтгаалан үүссэн байх боломжтой олдмол эмгэг юм. Уг эмгэгт үе шат гэсэн ойлголт, ангилал байдаггүй болно. Н.Нямбаяр сэтгэцийн хувьд “хойдох ойгүйдлийн байдалтай /хам шинжтэй/ байгаа учир хэргийн талаар бодитоор илэрхийлэн мэдүүлэх чадваргүй байна гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, хуудас 25-26) 

 

            Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд. (хэргийн 1 дүгээр хавтас, хуудас 6-17) 

 

             Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. (хэргийн 3 дугаар хавтас, хуудас 4-21) 

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

С.Ба эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 160 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.От эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 232 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

            Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Отыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Тоёота приус-11” маркийн, 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  дугуй хагарсан гэх шалтгаанаар “зайлшгүй зогсолт” хийх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс, ...багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар             Н.От 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн замд “Тоёота Приус-11” маркийн, 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үед дугуй нь хагарсны улмаас осол болсон газарт хөдөлгөөнд оролцолгүй зогсож, машины дугуйгаа нөхөж байхад шүүгдэгч С.Ба нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед “Бенз Атего” маркийн, 92- 01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчиж, түүний машины араас мөргөсөн нь нотлогдож байна.

 

            Энэ үед Н.От нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ...суурин газрын гаднах замд 30 м-ээс ...багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн болох нь 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Хэнтий аймгийн Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 39 дугаартай дүгнэлт, шинжээч С.Пүрэв, С.Мөнхдалай нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдлоо.  

           

            Гэвч түүний авто машины дугуй хагарсны улмаас замын хөдөлгөөнд оролцоогүй, дугуйгаа нөхөж, зогссон, ослын зогсолтын тэмдгийг суурин газрын гаднах замд 30 м-ээс ...багагүй зайд байрлуулах заалтыг зөрчсөн үйлдэл нь  хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Отг болон түүний өөрийнх нь автомашинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй ба уг үйлдэлд цагдаагийн албан хаагч 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1-д зааснаар 20 000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл оногдуулжээ. Энэ нь Н.Отын гаргасан зөрчлийн шинж чанарт нь тохирсон байна.

            Иймд түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Харин шүүгдэгч С.Ба нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газар “Бенз Атего” маркийн, 92- 01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас машины дугуйгаа засахаар зогсолт хийж байсан Н.Отын жолоодон явсан “Тоёота Приус-11” маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөснөөс хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, хохирогч Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан нь

 

            хохирогч Г.Маын  ...шөнийн 01 цагийн үед машины дугуй хагараад дугуйгаа янзалж байхад энэ осол болсон. Ослын тэмдэг зайтай, Н.От машиныхаа аваарын гэрлээ татсан байсан. Замын хөвөөгөө чөлөөлж ирмэг дээр нь зогссон байсан. Нөгөө талдаа уулархаг, эрэгтэй байсан учраас машин замаас гарах ямар ч боломжгүй байсан. Би осол болсны дараа замын голд ухаан алдсан, эмнэлэгт ухаан орсон. С.Ба нь Н.Отыг ослын зогсолтын тэмдэг байгаагүй гэж байна. Гэтэл тэр машиныг маань ослын тэмдэгтэй нь дайрсан болохоор мэдэхгүй байна. Н.От ослын тэмдгийг 20-30 метрт тавьсан байх. Н.Отг машиныхаа гэрлээ асаагаагүй байсан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мяийн  ... Миний төрсөн дүү Н.Нямбаяр ослын улмаас хүнд гэмтэж, 2 жил хүний асаргаанд, 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, сарын 140 000 төгрөгийн группийн мөнгө авдаг болсон. С.Ба өөрийгөө замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, буруугүй гэж байгаад гомдолтой байна.

            иргэний нэхэмжлэгч-Н.Отгын ...Би тухайн өдөр 57-75 улсын дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. От ах дугуй хагарсан гэхээр нь буцаж эргээд гэрлээ асаахад гэрлээ унтраа гээд унтраалгасан. Намайг буухад От ах машиныхаа аваараа татсан, ослын гурвалжнаа тавьсан байсан. Гэтэл  Ба машинаас буугаад ослын гурвалжнаа тавь гэж хашхирсан гэж өнөөдөр мэдүүлж байна. Гэтэл том машинаас нэг ч хүн бууж ирээгүй. Би хажуугаар явсан хүмүүсээс тусламж гуйсан. С.Багийн мөргөсөн гурвалжин тэмдэг машин доогуур ороод алга болсон. Тухайн үед цонхоо онгойлгоод харахад ослын гурвалжин тавьсан байсан,

            гэрч Н.Буийн ...Би осол болох үед Н.Отын машинд сууж байсан. Манай машины дугуй хагараад замын хажууд дугуйгаа засаж байсан ба Н.Отгын машин манай машины урд байсан. Н.Отгын машины гэрэл асаалттай байсан ба засаж байгаа дугуй дээрээ гэрлээ тусгасан байсан. Ослын гурвалжин харагдаж байсан. Н.От машинаа зам чөлөөлж, шороон зам дээр шахаад зогссон байсан. Замын байдал өгсөж байсан. Би 2 машины голд зогсож байсан. Машины дугуй хагараад, дугуйгаа янзалж байхад ойролцоогоор 10 минутын дараа осол болсон,

            шинжээч С.Пүрвээгийн  “...Mercedes Benz Atego маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзсэн,

 

            шинжээч С.Мөнхдалайн  ...Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ослын гурвалжныг замын хөдөлгөөний дүрмийн заалтад заасан зохих зайд тавиагүй. Бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоочийн зогссон зогсолт нь зайлшгүй зогсолтод хамаарахгүй.  Мөн С.Ба саадыг хараад зогсоох арга хэмжээ аваагүй, мэдсэн, мэдээгүй гэдгийг нотлох шаардлага байхгүй. Зогсоох арга хэмжээг аваагүй гэдэгт тайлбар хийсэн. Ослын зогсолтын тэмдгийг тодорхой зайнд тавьсан гэдэг боловч мөргөсөн газар тодорхой хэсэг нь үлдсэн байдаг гэсэн мэдүүлгүүд,

Осол болсон газрын замын өргөн 7.10 метр, 2 эгнээтэй, асфалтан хучилттай, замын гадаргуу хуурай, осол болсон хэсгийн орчимд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш өгсүүр, шулуун, гэрэлтүүлэггүй тогтуун, суурингийн гаднах, хоёр талаараа шороон хөвөөтэй замын зорчих хэсгийн урд хөвөөний өргөн 2 метр, хойд хөвөөний өргөн 2 метр байв.

            Сүхбаатар, Дорнод аймгаас Улаанбаатар хот явах чиглэлийн эгнээнд 50-71 УНТ улсын дугаартай, цагаан өнгийн “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай зогсож байв. Тус тээврийн хэрэгслийн баруун талд 57-75 УНГ улсын дугаартай, цагаан өнгийн “Аксент” маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн хойш харсан байрлалтай зогсож байх ба тус тээврийн хэрэгслээс баруун хойш замын хойд талд 92-01 УНС улсын дугаартай, тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун хойш харсан байрлалтай зогсож байв. Сүхбаатар, Дорнодын чиглэлээс Улаанбаатар хот руу явах эгнээний шороон хөвөө, зам хоёрын гол хэсэгт зогсож байсан 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх мөргөсөн цэгийг замын зорчих хэсгийн хойд талын эгнээнд байх тээврийн хэрэгслийн хажуу тийш дарсан дугуйны мөрний байрлал болон, 50-71 УНТ улсын дугаартай, “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийн дугуй нөхөж байхад үлдсэн тээврийн хэрэгслийн дугуйн калбак, торцов, домократ болон хойд талын шороон хөвөөн дээр үлдсэн тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүд зэргийг харгалзан замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Д.Баз 92-01 УНС улсын дугаартай, Атего маркийн тээврийн хэрэгсэл нь замын зорчих хэсэг дээр зогсож байсан 50-71 УНТ улсын дугаартай, Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг анх мөргөсөн цэгийг тодорхойлж тус цэгийг “10” гэсэн тоогоор тэмдэглэж шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв. 10 цэг нь үл хөдлөх цэгээс ертөнцийн зүгээр баруун тийш 200 метр, баруун тийш харалдаа 14 метр зайд, замын хойд талын шороон хөвөөн дээр байх ба “10” дугаартай цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш замын хойд ирмэг дээр тээврийн хэрэгслийн дугуйны мөр үүссэн байсныг шинжээч “3” гэсэн дугаараар дугаарлаж гэрэл зургаар бэхжүүлэн авав. 10 цэгээс 3 дугаар луу хэмжихэд 2.50 метр, 3 дугаараас мөн ертөнцийн зүгээр зүүн тийш замын хойд хэсгийн ирмэг дээр үүссэн мөрийг замын байцаагч Д.Баз 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн замаас гарсан мөр байна гэж тодорхойлон уг мөрийг шинжээч “2" гэсэн тоогоор дугаарлаж, 3 дугаартай цэгээс 2 дугаар цэг рүү хэмжихэд 23.30 метр байх ба мөн 2 дугаартай цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш замын хойд зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийн мөр үүссэнийг замын байцаагч дэслэгч Д.Баз 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун дугуйн даралтын мөр байна гэж тодорхойлон мөр эхэлсэн газарт шинжээч 7 дугаараар дугаарлаж, 2 дугаар цэгээс 7 дугаар цэг рүү хэмжихэд 25.10 метр байсныг шинжээч гэрэл зургаар баримтжуулан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн анх тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх 10 дугаартай цэгээс Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гуперын булан хүртэл 7.10 метр байх ба осол болох үед Приус-11 болон Аксент маркийн тээврийн хэрэгслүүдийн голд дугуй нөхөж байгаад осолд орсон гэх 5 хүний хэвтэж байсан газруудыг хэрэг болох үед байсан О.Отгаар заалгаж 3, 9, 11, 12, 13 гэсэн тоогоор шинжээч тэмдэглэж гэрэл зургаар баримтжуулан авч замын байцаагч анх мөргөлдсөн 10 дугаартай цэгээс явган зорчигч хэвтэж байсан 9 дүгээр цэг рүү хэмжихэд 11.10 метр, харалдаа 1.60 метр, 10 дугаар цэгээс 3 дугаар цэг рүү 13.40 метр, харалдаа 4.40 метр, мөн 10 дугаар цэгээс явган зорчигч хэвтэж байсан гэх 11 дүгээр цэг рүү хэмжихэд 10.40 метр харалдаа 1.4 метр, мөн 10 дугаар цэгээс явган зорчигч хэвтэж байсан гэх 12 дугаар цэг рүү хэмжихэд 9.10 метр, мөн 10 дугаар цэгээс замын хойд талд хэвтэж байсан гэх 13 дугаар цэг рүү хэмжихэд 10.40 метр байв. Үзлэгийг үргэлжлүүлэн анх мөргөлдсөн 10 дугаартай цэгээс 57-75 УНГ дугаартай, Аксент маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд гуперын булан хүртэл хэмжихэд 16 метр, харалдаа 4.20 метр, мөн анх мөргөлдсөн “10” дугаартай цэгээс 92-01 улсын дугаартай, Бенз Aтего маркийн тээврийн хэрэгслийн баруун урд гупер хүртэл хэмжихэд 39 метр, харалдаа 4 метр байх ба 92-01 дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 5.50 метр, зүүн урд дугуйнаас замын хойд ирмэг хүртэл 7.30 метр байх, 50-71 дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 6.20 метр, зүүн урд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 4.20 метр байх ба Аксент маркийн тээврийн хэрэгслийн баруун урд дугуйнаас замын урд имрэг хүртэл 7.20 метр, баруун хойд дугуйнаас замын урд ирмэг хүртэл 6.90 метр байх ба зам тээврийн осолд холбогдсон жолоочийг байлцуулан хэмжилтүүдийг хийв.

            Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд приус-11 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын дугуй байхгүй, зүүн урд талын гупер дотогш хонхойж чихэгдсэн, зүүн урд гуперын доогуур дугуй чихэгдэж орсон, урд талын салхины шил хагарч бутарсан, хойд талын багааж хэсэг их хэмжээний эвдрэлтэй дотогш чихэгдэж хэлбэрээ алдсан байх уг тээврийн хэрэгслийн баруун талд замын зорчих хэсэг дээр эрэгтэй хүн дээгүүрээ юм бүтээсэн байдалтай хэвтэж байх ба уг тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйны урьд хэсэгт хагарч бутарсан ослын гурвалжин байх уг тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр зүүн талд нь буюу хойд эгнээнд дугуйны торцов, данкрат, калбак, боолт зэрэг зүйл байсныг бэхжүүлэв.

             Приус-11 маркийн хойд талын шороон хөвөөны далан хэсэгт 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөр үүссэн байсныг шинжээч гэрэл зургаар баримтжуулан авав. 92-01 дугаартай тээврийн хэрэгслийн ачааг шалгаж үзэхэд адуунууд ачсан байв гэсэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

Уг хэрэг учрал болсон гэх газар нь Хэнтий аймгийн Баян нутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаартай магистрал замын 22/326 км дэх тэмдэгт газраас ертөнцийн зүгээр зүүн тийш 2.13 метр газарт үйлдэгдсэн байв. Бенз Атего маркийн, 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Тоёота приус 11 маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг анх мөргөсөн гэх хэргийн газрын үзлэгээр авсан 10 тоог үл хөдлөх цэгээс хэмжилт авч байрлуулсан, хэргийн газрын үзлэгийг гэрэл зурагт авагдсан замын хагарал зэрэгт үндэслэн А цэгийг авав. Бенз Атего маркийн автомашины зүүн дугуй зорчих хэсгээс гарсан гэх цэгийг А2 цэгээр тэмдэглэв. Зорчих хэсгээс ертөнцийн зүгээр хойд талын ирмэгээс Бенз Атего маркийн автомашины баруун дугуй гарсан цэгийг А1 цэгээр тэмдэглэв. А цэгээс А2 хүртэл хэмжихэд 2.05 метр, А2-А1 цэг хүртэл хэмжихэд 23.2 метр байв. Тоёота приус 11 маркийн, 50-71 УНТ дугаартай тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр зогсож байсан гэх цэгийг гэрч Н.Отгаар заалгаж 3 тоогоор тэмдэглэж, шинжээч ахлах дэслэгч Г.Цэндсүрэнгээр Никон маркийн аппаратаар 1 кадр зураг авав. 3 тоогоос А цэг хүртэл хэмжихэд 1.2 метр зорчих хэсгийн хойд ирмэг хүртэл 0.8 метр байв. Тоёота приус 11 маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зорчих хэсэг дээр зогсож байсан гэх цэгийг яллагдагч С.Багээр заалгаж, 4 тоогоор тэмдэглэж, шинжээч ахлах дэслэгч Г.Цэндсүрэнгээр Никон маркийн аппаратаар 1 кадр зураг авав. 4 тооноос А цэг хүртэл хэмжихэд 1.2 метр, 4 тооноос зорчих хэсгийн хойд ирмэг хүртэл 1.8 метр байв. Тоёота приус-11 маркийн, 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах байдлыг Г үсгээр тэмдэглэж, А цэг хүртэл хэмжихэд 7.02 метр, зорчих хэсгийн хойд ирмэг хүртэл хэмжихэд 1.08 метр байв. Зорчих хэсэг дээр байх ухарсан мөрний эхлэл хэсгийг 1 тоогоор тэмдэглэж, А цэг рүү хэмжихэд 5.08 метр, зорчих хэсгийн хойд ирмэг хүртэл хэмжихэд 1.04 метр, уг ухарсан мөрний төгсгөлийг 2 тоогоор тэмдэглэж, А үсэг рүү хэмжихэд 9.8 метр, зорчих хэсгийн хойд ирмэг рүү хэмжихэд 3.0 метр байв. Уг мөрний эхлэл, төгсгөлийг шинжээч, ахлах дэслэгч Г.Цэндсүрэн хэмжиж гэрэл зургаар бэхжүүлж авахад 4.0 метр урт байсныг бэхжүүлж авав. Гэрч Н.Отгаар машин өргөсөн байсан гэх цэгийг заалгаж, 6 тоогоор тэмдэглэв. А цэг рүү хэмжихэд 2.9 метр, зорчих хэсгийн хойд ирмэг рүү хэмжихэд 0.8 метр байв. Бенз Атего маркийн, 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогссон гэх газрыг яллагдагч С.Ба болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэргийг харьцуулан авч уг автомашины баруун хойд өнцөг байрлаж байсан цэгийг Е үсгээр тэмдэглэж, Е цэгээс зорчих хэсгийн хойд ирмэг хүртэл хэмжихэд 7.2 метр, зорчих хэсгийн өргөн 7 метр, нэг эгнээний өргөн 3.5 метр, зорчих хэсгийн шороон далангийн өргөн 68 см, шороон хөвөөний өргөн 1.7 метр байв гэсэн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

            ...2. 92-01 УНС улсын дугаартай, MERCEDES BENZ ATEGO маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ба нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.            12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            4. 50-71 УНТ улсын дугаартай, PRIUS-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.От нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            7. Явган зорчигч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн Хэнтийн аймгийн Замын цагдаагийн тасгийн 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

            Шүүгдэгч С.Ба би гэмт хэрэг үйлдээгүй, буруугүй гэж мэдүүлдэг боловч тэр 92-01 УНС улсын дугаартай, MERCEDES BENZ ATEGO маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна,

            12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан, ослын улмаас хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.Отг, Н.От нарын унаж явсан  автомашинд эд хөрөнгийн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

           

Тээврийн прокурорын газраас С.Багийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч С.Багийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Алтанцэцэг, Н.Нямбаяр нарын эрүүл мэндэд хүнд, Г.Маын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, иргэний нэхэмжлэгч, Н.От, Н.Отг нарын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирчээ.

 

            Шүүгдэгч С.Багээс ...хохирогч Н.Нямбаярын хууль ёсны төлөөлөгч Н.Мя 4 257 000 төгрөг, хохирогч Г.Ма 2 400 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Н.Отг  706 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.От 5 700 000 төгрөг тус тус нэхэмжилж байна.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Н.Нямбаярын эмчилгээний зардалд 4 257 000 төгрөг,

            хохирогч Г.Маын эмчилгээний зардалд 1 425 000 төгрөг гарсан нь нотлогдож байх тул С.Багээс мөрдөн байцаалтад Н.Нямбаярын эмчилгээний зардалд төлсөн 2 011 000 төгрөг, Г.Маын эмчилгээний зардалд төлсөн 1 010 000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй.

            Н.Отын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн тул С.Багээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөрийн хэмжээг бууруулж, төлбөрийн 70%-ийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Иймд Н.Нямбаярын эмчилгээний зардалд нотлох баримтаар гарсан 4 257 000 төгрөгөөс мөрдөн байцаалтад С.Багээс төлсөн 2 011 000 төгрөгийг хасахад 2 246 000 төгрөг байна. Үүний 70%  буюу 1 572 900 төгрөг,

            Г.Маын эмчилгээний зардалд нотлох баримтаар гарсан 1 425 000 төгрөгөөс мөрдөн байцаалтад С.Багээс төлсөн 1 010 000 төгрөгийг хасахад  4150 000 төгрөг  байна. Үүний 70%  буюу 290 500 төгрөг,

            иргэний нэхэмжлэгч  Н.Отгын Хьюндай Аксент маркийн, 57-75 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг  706 500 төгрөгөөр,

            “...Н.Отын Тоёота приус-11 маркийн, 50-71 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 4 014 000 төгрөгөөр Монголын Хөрөнгө, хохирол үнэлгээчдийн холбоо үнэлсэн тул Н.Отгт 706 500 төгрөгийн  70% буюу 494 550 төгрөг,

             иргэний нэхэмжлэгч Н.Отт 4 014 000 төгрөгийн 70%  буюу 2 809 800 төгрөгийг  тус тус гаргуулан шийдвэрлэлээ.

Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар үлдэх 30%-ийн хохирлыг Н.Отаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Хохирогч Н.Нямбаяр, Г.Ма нарын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирлын баримт нь бүдгэрч харагдахгүй болсноос зарим баримтыг шүүх үнэлэх боломжгүй болсон бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлэн урьд гарсан эмчилгээний зардал, хохирлоо, мөн цаашид өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн С.Багээс жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

            Шүүгдэгч С.Бад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүхийн завсарлага авч хохирогч Н.Нямбаярт 1 572 900 төгрөг, хохирогч Г.Мат 290 500 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Н.Отгт 494 550 төгрөг, иргэний нэхэмжлэгч  Н.Отт 2 809 800 төгрөг төлсөн, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар С.Багийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

С.Бад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих үндсэн болон нэмэгдэл ял нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасанд хамрагдаж байх тул өршөөн хэлтрүүлэв.

 

С.Ба, Н.От нарын  жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Ба, Н.От нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

            Дотоод хэргийн их сургуулийн шинжээч нарын  2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 202008,  ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн 2021 оны техникийн шинжээчийн 09/021 тоот дүгнэлтүүдийг яллах дүгнэлт үйлдсэн прокурор Ц.Оюун-Эрдэнэ хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй гэж нотлох баримтаар үнэлээгүйг шүүх хүлээн авч, мөн нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй. 

            Энэ хэргийн хохирогч Т.Алтанцэцэг нас барсан, хохирогч Н.Нямбаяр сэтгэцийн хувьд “хойдох ойгүйдлийн байдалтай /хам шинжтэй/ байгаа учир хэргийн талаар бодитоор илэрхийлэн мэдүүлэх чадваргүй болсон, хохирогч Г.Ма нь одоо хүртэл суга таягтай байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Тээврийн прокурорын газраас Н.Отт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ба-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар С.Багийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасаж,  2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч С.Ба-д онгогдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих үндсэн болон нэмэгдэл ялуудыг өршөөн хэлтрүүлсүгэй. 

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлын 30 хувийг  нотлох  баримтаа бүрдүүлэн Н.Отаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Хохирогч Н.Нямбаяр, Г.Ма нар нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар С.Багээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. С.Ба, Н.От нарын  жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг дурдсугай.  

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Ба, Н.От нар цагдан хоригдсон хоноггүйг  дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ба, От нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ба, Н.От нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН