Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/131

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2014/0220/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** , 1992 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улан-Үдэ зочид буудалд ресепшн ажилтай, ам бүл 3, эх, ах нарын хамт Дархан-Уул аймгийн 10 дугаар баг 5 дугаар хороолол *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, *** регистрийн дугаартай. 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч *** нь 2016 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 5-р байрны 3 тоотын урд иргэн М*** эзэмшлийн *** улсын дугаартай “Тоyota ractis” маркийн суудлын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2-т заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" заалтыг зөрчин хохирогч *** эзэмшлийн *** улсын дугаартай Hyundai Sonata5 маркийн авто машиныг мөргөж мөн дүрмийн 2-р бүлгийн 2.5.в-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягыг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх үүрэг хүлээнэ" гэснийг зөрчин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаан бусдын эд хөрөнгөд 240 000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Улаан-Удэ зочид буудалд ресепшн хийдэг. Манай буудалд Улаанбаатар хотоос өмнө нь надтай хамт нэг сургуульд сурч байсан ***  гэдэг эмэгтэй ногоон цай зарах ажлаар 2016 оны 4-р сарын 18-ны өдөр найз ***  хамт өөрийн *** улсын дугаартай машинтай манай буудалд ирж  байрласан. ***  Дархан хотыг сайн мэдэхгүй гэсэн тул ирдэг өдөр нь түүнтэй хамт өдөржингөө яваад үдээс хойш салсан. Тэгээд би ***  салаад гадуур найзуудтайгаа уулзаж явж байгаад мөн өдрийн 22 цагийн орчим эргээд ***  утсаар холбогдож намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн гаднаас ирж авсан. ...тэгээд намайг ажил дээрээ байж байхад ***  намайг буудлын гараашид чинь машин тавиад ирье гэхээр нь би түүнтэй хамт явсан. ***  машиныг би бариад *** хажууд суугаад хөдөлсөн. Тэгээд би 5/3 тоот байрны хажууд ирээд тус байрыг тойроод эргэсэн чинь Hyundai Sonata5 маркийн машин зогсож байсан тэгсэн чинь *** намайг тоормосоо дараарай гэсэн чинь би сандраад хаазаа дараад тухайн машиныг очоод мөргөчихсөн. Тэгээд бид хоёр машинаасаа буугаад жолоогоо солиод *** өөрөө машинаа бариад явсан. Тэр үед би маш их сандарсан байсан учир Цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй яваад өгсөн. Миний зүгээс уг хэргийн хохирогчид учирсан хохирлын бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,                                                                                                                                                                       
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим байрныхаа гаднаас автомашинаа унаад гадуур ажил хөөцөлдөж байгаад мөн өдрийн 16 цагийн орчим гэртээ ирээд байрныхаа урд талын зогсоол дээр машинаа байрлуулаад гэртээ орсон. Ингээд маргааш өдөр нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд манай хүүхэд хичээлдээ явж байхдаа машины ар талын гүүпэр хагараад машин урд талын 2 дугуйгаараа замын бордюр даваад зогссон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шөнө би унтахаасаа өмнө машинаа гэрийнхээ цонхоор хартал миний машин бордюр даваад зогссон байсан. Тэр үед би гэртээ нялх хүүхэдтэй байсан учир гэрээсээ гарч чадаагүй болохоор өглөө босоод нэг мөсөн машинаа харья гэж бодоод унтаад өгсөн.
... уг хэргийн холбогдогч талаас надад учирсан хохирлыг нөхөн барагдуулсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: Би Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "Цайны ертөнц" ХХК-нд худалдааны төлөөлөгч хийдэг. Би Дархан-Уул цай зарах ажлаар *** улсын дугаартай Тоyota ractis маркийн машинаар хамт ажилладаг Норжоо гэх эмэгтэйн хамт 2016 оны 4-р сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Дархан-Уул аймагт ирээд байх газар байхгүй учир МУБИСургуулийн биеийн тамирын ангид сурч байсан ***  гэх ангийн залуутай утсаар холбогдоод ***  ажилладаг буудал дээр байрлахаар болсон. Би Дархан-Уул аймгийг сайн мэдэхгүй учир ***  хамт Улаанбаатар хотоос ирсэн өдрөө Дархан-Уул аймгаар ногоо цай зарж гадуур явсан. ...намайг өрөөндөө байж байхад 00 цагийн үед *** анцаараа өрөөндөө ороод ирсэн. Бид хоёр унтаж амрахаар болж машин дотор бараа байгаа тул гарааш олж хийхгүй бол болохгүй гэж бодоод ганцаараа гараад машинаа гараашид тавих гэсэн чинь *** буудал дотор таарсан. Тэгээд би *** машинаа танай буудлын гарааш дотор тавих гэж байгаа талаар хэлэхэд *** миний машиныг бариад гарааш дотор тавья гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс –машин барьж чадах эсэх талаар асуухад тэр хөдөө зам дээр машин барьж байсан гэж хэлсэн. Ингээд *** машинаа бариулаад өөрөө түүний хажууд суугаад буудлын үүднээс хөдлөөд гарааш руу явсан. Тэгээд байрны дундуур явж байсан чинь огцом эргэлттэй зам гарч ирсэн. Тэгэхээр нь би сандраад *** зогсоорой гэсэн чинь *** машины тоормос дарах гэж байгаад хаазаа андуурч гишгээд урд зогсож байсан машиныг мөргөчихсөн. Тэгээд бид 2 машинаасаа буугаад солигдоод би машинаа цааш бариад явсан. Тухайн машин манай нөхөр *** эзэмшлийнх. Манайх тухайн машиныг "Бичил глобус" ББСБайгууллагын барьцаанд тавиад зээл авсан байгаа болохоор тухайн автомашин тухайн байгууллагын нэр дээр байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, 
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө байсан санагдаж байна. Тэр үед шөнийн 02 цаг болж байсан байх. Тухайн өдөр би найз ***  ахых нь гэрт зурагт үзээд байж байсан чинь гадаа юм мөргөх чимээ сонсогдсон. Тэгээд би найз *** хамт цонхоор харсан чинь байрны гадаа зогсоол дээр байсан Hyundai Sonata5 маркийн *** улсын дугаартай автомашиныг Тоyota ractis *** улсын дугаартай автомашин араас нь замын хашлага давтал мөргөчихсөн. Тэгээд *** улсын дугаартай автомашины зүүн гар талаас нь үл таних эрэгтэй хүн гарч ирсэн. Мөн зүүн гар талаас нь үл таних эмэгтэй хүн гарч ирээд эрэгтэй хүн машиныхаа зүүн тал билүү баруун талын их гэрэл нь хагарсан байхаар нь гэрлийнхээ шилний хагархайг бөөгнүүлж түүж аваад машин дотроо хийгээд эмэгтэй хүн нь машиныхаа баруун талд суугаад харин нөгөө эрэгтэй хүн нь машиныхаа зүүн гар талд суугаад эмэгтэй хүн цаашаа машинаа бариад Улан-Үдэ буудал чиглээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг ганцаараа өрөөндөө байж байхад Мөнхмаа гарч яваад 20 орчим минутын дараагаар ганцаараа орж ирээд “би машинаа мөргүүлчихлээ" гэж хэлсэн. Тэгээд би Мөнхмаагаас юу болсон талаар асуухад "*** машин барьж явж байгаад машинтай мөргөлдсөн" гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Гэрч *** /хх-ийн 28-р хуудас/, ***/хх-ийн 30-р хуудас/, *** /хх-ийн 31-р хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 5-р сарын 07-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт: “*** нь Тоyota ractis маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасан. Ослын дараа МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.в "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осол холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх" гэсэн заалтыг тус тус зөрчсөн болно гэжээ /хх-ийн 33-р хуудас/, 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7-р хуудас/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал /хх-ийн 8-11-р хуудас/, "Ашид билгүүн" ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-21-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 72-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн "уг хэргийн холбогдогч талаас надад учирсан хохирлыг нөхөн барагдуулсан учир одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй" /хх-ийн 24-р хуудас/ гэх мэдүүлгээр бусдад төлөх төлбөргүй байна үзлээ. 

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгч *** хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.  

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1.Шүүгдэгч *** зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  *** 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
                                                                                                                                                     3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *** оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан харгалзаж, хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

    5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
    
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 .1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Т.БАТЖАРГАЛ