Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0208

 

Ч.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.П, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагч С.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарыг оролцуулан Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ч.П-ийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэрээр: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3-д заасныг тус тус баримтлан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 06/07 дугаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Пг өмнө эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч Ч.П нь түүнийг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн болон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Чг томилсон захиргааны актад холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн.

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:... 3.1.7-д “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэж заасан.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга нийтийн эрх зүйн албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "... сум...-ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга...-ыг төрийн улс төрийн албан тушаалтай адилтган үзэж болно” гэж заасны дагуу улс төрийн албан тушаалтантай адилтган үзэж болно.

Сонгуулийн тухай хуульд зааснаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн намууд оролцож, нэр дэвшүүлдэг. Улмаар сонгогдсон тохиолдолд нам, эвсэл нэр дэвшүүлэх эрхтэй байдаг. Хурлын даргыг өөрчлөх бүрэн эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18.1.1-ийн б-д заасны дагуу хуралд хадгалагддаг.

Өөрөөр хэлбэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчлөх асуудал нь улс төрийн шийдвэр гаргаж ажиллагаа тул Өвөрхангай аймгийн Баян- Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг өөрчилсөнтэй холбогдуулан гарсан эрх зүйн маргаан нь захиргааны хэргийн шүүхэд хамааралгүй.

Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж... гадагш чиглэсэн... амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Пг тус Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлсөн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Чг Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон хурлын шийдвэр нь гадагшаа бус байгууллага дотогшоо чиглэсэн эрх зүйн акт болно.

Гурав. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бусад тооцуулах” байсныг “хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Захиргааны акт “илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагад хугацаа хамаардаггүй. Харин “хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад хугацаа тоолдог болно.

Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14,3-т зааснаар 30 хоногт багтаан гаргадаг.

Гэтэл “хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад “...хуульд цаг хугацааны хязгаарлалтыг заагаагүй” үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-т нийцэхгүй байна.

Дөрөв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар захиргааны акт дараах тохиолдол нэг зэрэг хангагдсан тохиолдолд хүчингүй болгодог. Үүнд:

-захиргааны акт хууль бус

-захиргааны акт хууль бусын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх.

Гэтэл нэхэмжлэгч Ч.П-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг шүүх тогтоогоогүй.

Тав. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг буюу хурал дахь нам, эвслийн саналыг авсны үндсэн дээр хурлын даргыг өөрчлөх /чөлөөлөх, шинээр томилох/ асуудлыг шийдвэрлэх учиртай гэжээ.

Гэтэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх, шинээр томилох асуудлыг хурлын хуралдаанд оруулж батлуулаад хэлэлцэхэд Монгол ардын намын бүлэг хурлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж гарсан.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-т “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж заасан бөгөөд Монгол ардын нам буюу түүний бүлгийн Төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхээ эдлэхгүй хуралдааныг орхиж гарсан тул шүүхийн “хурал дахь нам, эвслийн саналыг авсан байх учиртай” гэсэн дүгнэлт нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй байна.

Иймд дараах гомдлын шаардлагыг гаргаж байна:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.П-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох,

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.П-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 60 хувийн саналаар “Ч.Пд итгэл үзүүлэхгүй” гэсэн хуралдааны шийдвэрийг үндэслэн 06/07 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пг үүрэг ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 06/08 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар С.Чг сонгожээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Ч.Пгээс “...Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, ээлжит хурлын товлон зарлахыг хэлэлцэж, 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар баталсан. Мөн тус хуралдаанаар 6 асуудлын хүрээнд хэлэлцэхээр тогтоол гаргасан. ...Хурлаар тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж төлөөлөгч С.Ч санал оруулсан. Уг асуудал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй” гэж, хариуцагчаас маргаан бүхий тогтоолуудын үндэслэлээ “...Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэсэн бүрэн эрхээ эдэлж Хурлын дарга Ч.Пд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх санал оруулахад хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхи дэмжиж асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн” гэж тайлбарлан тус тус маргасан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “сумын Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 22.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 24 дүгээр зүйл “Хуралд асуудал оруулах эрх”, 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж хуульчилжээ.

Гэтэл Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Ээлжит хуралдаан товлон зарлах тухай” 20 дугаар тогтоолоор “... сумын эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2018 оны эхний хагас жилийн биелэлтийн тухай, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодыг шинэчлэн байгуулах тухай, хүүхдийн хөгжил хамгааллын жилд хийж буй ажлын явц, үр дүнгийн тухай, улсын төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж буй ажлын явцын тухай, журмууд шинэчлэн батлах тухай, бусад асуудал” зэрэг нийт 6 асуудлыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр тус тус тогтоосон байхад уг хуралдаанаар “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх тухай” хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлуудыг хэлэлцсэн нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх, чөлөөлөх, шинээр сонгох асуудалд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг урьдчилан бэлтгээгүй, хуралдааны үеэр шууд санал гаргаж асуудлыг хэлэлцсэн болох нь тогтоогдож байна.

Иймд тус хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэнийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, хурлын үйл ажиллагааны журам, зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”-д тухайн шатны Хурал нь Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан хэдий ч мөн хуулийн 24 дүгээр зүйлд Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн тогтоох, Хурлын хуралдааны бэлтгэл хангаж, хэлэлцүүлэх асуудлын талаарх тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг Хурлын тэргүүлэгчдэд 1 хоногийн өмнө тараах, энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байхаар хуульчилсан байхад “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг уг 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэгч Ч.Пг үүрэгт ажлаас нь шууд чөлөөлж, дараагийн Хурлын даргыг сонгосон нь хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагчаас “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бусад тооцуулах” байсныг “хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн. Хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад уг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй...” гэж гомдлын үндэслэлээ тодорхойлон маргажээ.

Нэхэмжлэгч Ч.П нь 2018 оны 07 дугаар сарын 17-ний өдөр 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “С.Чг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдсонд тооцох тухай” тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Пг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” 06/07 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах ...” гэж өөрчилсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй” гэж хуульчилжээ. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.П нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан гэдэг нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүний дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсэгт маргааны үйл баримтад шууд хамааралгүй буюу сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн заалт хэрэглэснийг хасч шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 121/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “11 дүгээр зүйлийн 11.2” гэснийг хасч, “дугаарт” гэснийг “дахь хэсэгт” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ