Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Дд  холбогдох эрүүгийн 2135000000162 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 03-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Х овогт Бын Д /РД:ОВ82050313/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.20 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэж, ойн экологи эдийн засагт 47.223 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Д зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.20 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5-р тал тал/,

-  Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р тал/,

- Эд мөрийн баримтаар модон бариултай төмөр шаантагтай сүх 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 14-17,31-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 12-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пын мөрдөн байцаалтын өгсөн: “Би Улаангом сумын ЗДТГ-т байгаль хамгаалагч ажилтай. Би энэ мэргэжлээрээ нийт 7 дахь жилдээ ажиллаж байна. 2021 онд Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Долоогийн тохой, Улаан эрэг гэх нэртэй газруудад Түргэн сумын сум дундын ойн ангийн ажилчид талбай тусгаарлалт хийсэн. Улаангом сумын нутагт нийт 5 га талбайд талбайн тусгаарлалт хийсэн 2021 онд Улаангом сумын хэмжээнд нийт 120 куб метр бургас мод бэлтгэх эрхийн бичиг өгсөн юм. Б овогтой Д нь 2021 онд бургас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй юм. Хөндлөн гол гэх нэртэй газар нь Улаангом сумын 8-р багийн нутаг дэвсгэрт хамаардаг юм. Улаангом сумын 8-р багийн нутаг Хөндлөн гол гэх нэртэй газар нь орон нутгийн болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

гэрч Ч.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөн гол гэх нэртэй газарт мал хараад явж байтал манай гэрийн дээд талд манай авга ах Б.Д нь модон дотор хашааны сүлжээрийн мод ганцаараа тайрч байсан. Би тухайн үед Б.Бийн хамт явсан юм. Тухайн үед бид гурав модны захад сууж байхад морьт эргүүлд явж байсан цагдаа нар бид нар дээр ирсэн юм. Тэгээд Б.Ды бэлдсэн модыг хараад Б.Даас гарал үүслийн гэрчилгээ, гоожин байгаа эсэх талаар асуусан. Б.Д нь надад ямар нэгэн гоожин түрээс байхгүй гэж хэлсэн юм. Тэгээд цагдаа нар нь Б.Дтай уулзаад явсан. Б.Д нь бид хоёртой хамт манай гэр лүү явсан” гэх мэдүүлэг/хх-ийн 40-41-р тал/,

Гэрч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж Түргэн сумын 02 дугаар баг Улаангом сумын 08 дугаар баг, Сагил сумын Өндөр мод багийн чиглэлд морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр Улаангом сумын 08 дугаар багийн чиглэлд З.Бийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Хөндлөн гэх нэртэй газарт модны захад нэг мотоцикль байсан бөгөөд бид хоёр модруу явж ороход модон дотор Б овогтой Д. Л, Б нар сууж байсан мөн тэд нарийн хажууд сүх, нойтон бургас мод тайрсан байсан юм. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар асуухад Б овогтой Д хашаа барих зорилгоор бэлдсэн гэж хэлсэн юм. Тэгээд Даас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад Б.Дд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн юм. Мөн тухайн модыг хэн хэн бэлдсэн талаах асуухад Б.Д нь ганцаараа бэлдсэн гэж хэлсэн юм. Б.Д нь тухайн модыг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөнөөс эхлээд бэлдсэн байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

Гэрч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхэлж Түргэн сумын 02 дугаар баг Улаангом сумын 08 дугаар баг, Сагил сумын Өндөр мод багийн чиглэлд морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаангом сумын 08 дугаар багийн чиглэлд Э.Т хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Улаангом сумын 08 дугаар багийн нутаг Хөндлөн гэх нэртэй газарт модны захад нэг мотоцикпь байсан бөгөөд бид хоёр мод руу явж ороход модон дотор Б овогтой Д, Л, Б нар сууж байсан мөн тэд нарын хажууд сүх, нойтон бургас мод тайрсан байсан юм. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар асуухад Б овогтой Д хашаа барих зорилгоор бэлдсэн гэж хэлсэн юм. Тэгээд Даас мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэх талаар асуухад Б.Дд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэж хэлсэн юм. Мөн тухайн модыг хэн хэн бэлдсэн талаар асуухад Б.Д нь ганцаараа бэлдсэн гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний нөхөр Б.Д 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө Улаангом сумын 8-р багийн нутаг Бага нуур гэх нэртэй газарт байх гэрээсээ хашааны сүлжээр бургас бэлтгэх гэж ганцаараа явсан юм. Манай нөхөр яваад удалгүй би нөхөрлүүгээ залгаж ирэх болж байгаа талаар асуух гэж залгахад Би мод тайраад эхэлж байхад цагдаа нар ирээд би баригдчихлаа гэж хэлсэн юм. Б.Дд бургас мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй. Бид нар эрхийн бичиг авч мод бэлтгэдэг талаар мэдэхгүй. Өмнө нь хашаа барих зорилгоор модоо худалдаад авчихдаг байсан болохоор мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Шүүгдэгч Б.Ды мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Бага нуур гэх газарт өөрийн эзэмшлийн хавар, намарт буудаг малын хашаа нь эвдэрч, нурсан байдалтай байсан тул тус Хашааг засаж янзлах гэж тус багийн нутагт байрлах Хөндлөн гол гэх газраас бургас бэлтгэж байсан ба тухайн үед манай нутгийн залуу болох миний ач хүү болох Л хүргэн ах Б нар ирсэн тэгээд бид 3 тус бургас бэлтгэж байсан модны захад сууж байтал мотоциклтой 4 цагдаа нар ирж надаас уг бэлтгэж байгаа бургасны зөвшөөрлийн бичиг байгаа эсэх талаар асуухад нь би надад тийм зүйл огт байхгүй гэдэг талаар хэлэхэд намайг дахиж нэмж тайрч болохгүй гэдэг талаар мэдэгдэж миний тайрч тавьсан бургасны зургийг нь дарж, уг бургасыг байгаа газраас нь огт хөдөлгөж болохгүй талаар мэдэгдээд буцаад явсан. Тэгээд би тайрсан бургасаа тухайн газар үлдээгээд гэр лүүгээ харьсан. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Түргэн сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч А.А над руу 80757747дугаараас залгаж Түргэн суманд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ирж мэдүүлэг өгнө үү гэж дуудаж би очсон. Тэгээд намайг  очтол манай эхнэр болох Таас мэдүүлэг авч миний үйлдсэн хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай Увс аймгийн прокурорын газарт шилжүүлсэн талаар мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75, 76-77-р тал/ -үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Экологи эдийн засгийн шинжээчийн “1.     Увс аймгийн Улаангом сумын 8-р багийн нутаг Хөндлөн гэх нэртэй N50.23764 , Е92.02193 газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. 2.    Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. 3.            Мод 0.20 метр куб болж байна. 4.   Дээрх мод нь уламжлалт аргаар бэлтгэсэн хэрэглээний мод байна. 5.       Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 47.223/ дөчин долоон мянга хоёр зуун хорин гурван / төгрөг болж байна.” гэх 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-р тал/,

2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай “Б.Ды хууль бусаар бэлтгэсэн нойтон бургас 0.20м3 мод нь цаашид ургах чадвартай мод байжээ. Шүүгдэгч Б.Ды бэлтгэсэн 0.20 м3 модны экологийн эдийн засгийн үнэлгээ нь 47.223 төгрөг, мод бэлтгэсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болох нь тус тус тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг хуулиар мод бэлтгэх гэж байгаа иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Б.Д нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.20 метр куб хэрэгцээний нойтон бургас мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгчийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтээр 47.223 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохирол нь 47.223 төгрөг байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан тул ойн санд учирсан хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 141.669 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хохирол тодорхойлох зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д нь байгаль экологид учруулсан бодит хохирол 141.699 төгрөгийг Улаангом сумын Байгаль хамгаалах сангийн 100151955402 дугаартай дансанд төлж барагдуулсан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 103-р тал/-аар тогтоогдож байх тул уг 141.699 төгрөгийг Улаангом сумын Байгаль хамгаалах сангийн 100151955402 дугаартай данснаас гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь Байгал хамгаалах сангийн 100151955402 дугаартай дансанд 141.669 төгрөг төлсөн болох /хх-ийн 103-р тал/ нь хэрэгт хавсаргасан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн хуулгаар нотлогдож байх тул учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Ды түүний хувийн зан байдлын талаар Гэрч Б.Тийн өгсөн: “Б.Д нь миний нөхөр. Б.Д нь 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн ба эхээс 8 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд нь. Б.Д нь Улаангом сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 10-р анги төгссөн бөгөөд их сургуульд сураагүй. Б.Д бид хоёр 2006 онд гэр бүл болж 3 хүүхэдтэй мал маллаж амьдардаг. Манай том хүүхэд Д.Д /15 настай/, дунд хүүхэд Д.Баяржавхлан /7 настай/, бага хүүхэд Д.О /4 настай/ ба том хүү 9-р анги, дунд хүү 2 дугаар анги одоогоор Улаангом сумын 2 дугаар сургуульд сургуульд суралцдаг. Б.Д нь зан аашийн хувьд даруу төлөв, элдэв хорт муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд урьд өмнө нь архи ууж харагдаагүй, гэр бүлдээ хайр халамж сайн, амьдралын төлөө зүтгэлтэй хүн юм. Б.Д нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдож байгаагүй юм. Б.Д бид хоёр хууль ёсоор гэр бүл болсон эд хөрөнгийн хувьд Бонго пронтөр маркийн машин 1, НR\/ маркийн суудлын авто машинтай, мал Үхэр 96, Адуу 8 , хонь 145, ямаа 57 нь тооны толгой малтай. Гүйлгээ ухаан ой тогтоолт сайтай. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл, чийрэг биетэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/, Гэрч Б.Цгийн өгсөн: “Б.Д миний хамгийн бага дүү ба бид нар эхээс 8 уулаа буюу 8 хүүхдийн отгон нь юм. Д нь бага насандаа эцэг эхтэйгээ өсөж 8 настай сургууль суралцаж 10 дугаар анги төгссөн. Д нь 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Одоогоор өөрийн гэр бүлийн хамт Улаангом сумын 8 дугаар баг Хөндлөн гэх газар мал маллаж амьдардаг. Д нь 2006 онд Б.Т гэх хүнтэй гэр бүл болж тусдаа гарсан ба одоогоор ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг. Ды том хүүхэд Д.Д /15 настай/, дунд хүүхэд Д.Б /7 настай/, бага хүүхэд Д.О /4 настай/ ба том хүү 9-р анги, дунд хүү 2 дугаар анги одоогоор Улаангом сумын 2 дугаар сургуульд суралцдаг. Б.Д нь зан аашийн хувьд даруу төлөв, элдэв хорт муу зуршилгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй бөгөөд урьд өмнө нь архи ууж байгаагүй, гэр бүлдээ хайр халамж сайн, амьдралын төлөө зүтгэлтэй хүн мал маллаж амьдардаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р тал/ -үүд хэрэгт авагджээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Дд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгож гэмшсэн, ойн санд учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах  нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 0.20 метр куб бургас модыг хурааж, улсын орлого болгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр шаантагтай, модон бариултай сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болохоор шүүгдэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Бын Дыг  Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн  1-т заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 -т зааснаар шүүгдэгч Б.Дыг 800 /найман зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар  хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ды гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 47.223 төгрөгийн үнэ бүхий 0.2 метр.куб бургас модыг улсын орлого,  Улаангом сумын Байгаль хамгаалах сангийн 100151955402 дугаартай данснаас 141.699 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд тус тус оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Дд олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.                                          

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ