| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/0039/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
2021 10 25 2021/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Ш.Дамдинбазар
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ийн Б-д холбогдох 214... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 09 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Х. аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, бутлагч мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт бутлагч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, 2 хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Б-. /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 сарын 08-ны орой Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-ын 00 тоотод П.О-г толгойн тус газар нь хүрэн өнгийн сандлаар цохиж улмаар толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манай найз О Г-ийн хамт манай гэрт /712 тоотод/ орж ирээд 0,75 граммын архи уусан. Би архинаас уугаагүй. Архи ууж байхдаа О Г-ийг бас хэл амаар доромжлоод, намайг бас доромжилсон. Мөн манай гэрийн тавилгыг өшиглөөд, зурагт унагаах гээд байхаар нь зурагтаа түших гээд очиход барьж байсан сандлаар намайг цохих гэхээр нь сандлыг булааж аваад сандарсандаа сандлаар О-ыг толгой руу нь нэг удаа цохьсон. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Уул нь цохихгүйгээр тухайн нөхцөл байдлаас гарах боломж байсан байх. Тухайн үед би сандарсан юм. О бид хоёр найзууд юм. О эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн. Би гэхдээ биеийг асууж лавласан. Саяхан бид хоёр уулзсан. Одоо шинэ үйлдвэрт ажлаа хийгээд биеийн эрүүл мэнд нь сайн байгаа. Манай гэрийн зурагт гэмтсэн, гэхдээ бид найзууд тул хоёр биенээсээ нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
-Хохирогч П.О-ын “....Би Х аймгийн Б сумын 3 дугаар баг Ж-ын 712 тоотод Г гэдэг хүний хамт 2021 оны 08 дугаар сарын 08-ны 18 цагийн үед очсон. Ж-ын 712 тоотод миний багын найз Г-ийн Б-ы гэр байдаг юм. Тэдний гэрт ороод авч очсон "Хараа" нэртэй 0.75 литрийн нэг шил архиа гаргаад найзтайгаа хамт ууя гэсэн ажилд гарах гэж байгаа гээд Б уугаагүй. Г.Б гэртээ ганцаараа байсан. Би Гахын хамт хуваагаад уусан. Би архи уугаад сууж байсан тасарчихсан байсан. Ямар шалтгаанаар Г.Б-тай муудсан талаараа мэдэхгүй байна. Нэг сэргээд харсан цагдаагийн жижүүр дээр сууж байсан. Миний толгой ярагдсан өөр гэмтэл шарх учраагүй. Уг гэмтлийг Г.Б намайг гэрт нь агсан тавиад байхаар эдвэрхий сандлаар цохисон гэж өөрөө хэлсэн. Би учруулсан үеийг нь санахгүй байна. Би толгойдоо 4 оёдол тавиулсан байсан... Намайг архи уухаараа агсан болчихдог гэж хүмүүс хэлдэг. Би амархан тасарчихдаг юм...Би 8 настайгаасаа хойш найзалж байгаа. Миний багын найз байгаа юм. Г.Б н архи согтууруулах ундааны зүйл бараг хэрэглэдэггүй, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Ааш зан давгүй, янз бүрийн ааш байхгүй гайгүй залуу байгаа юм...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07-р ху/
-Гэрч П.Б-гийн “...Би 2021 оны 08 сарын 08-ны 17 цаг өнгөрч байхад Х аймгийн Б сумын 3 дугаар баг Ж-ын 910 тоотод хадам аав П-ийн гэрт очсон. Тэдний гэрт байж байгаад хүүхдээ аваад өөрийнхөө гэрлүү алхсан. Гэрлүү алхаж байх үед миний төрсөн ах П.О гудманд цустайгаа холилдчихсон шал согтуу байж байхаар нь өөрийнх нь гэрт хүргэж өгөх гэсэн дийлдэхгүй байсан. Тэгэхээр нь Б ах руу залгаад би ганцаараа гэрт нь хүргэж өгөх гэсэн дийлдэхгүй байна, цуг гэрт нь хүргээд өгөөч гээд цуг гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед болсон асуудлыг манай ах санахгүй байна лээ. Намайг очих үед цус нь гойжчихсон, толгой нь язарсан байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Тухайн үед ганцаараа явж байсан. Надад тэр гэмтлийг хэн учруулсан тухай юм хэлээгүй. Тасарчихсан согтуу байсан....Архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэдэг, архи уухаараа их агсан, архи уусан үеэ дараа нь санадаггүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-р ху/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №393 тоот шинжээчийн “1.П.О-ын биед толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх толгойн хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түх хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 16-17-р ху/
-Шүүгдэгч Г.Б-ны “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 48-р хуудас/
-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, /хх-ийн 49-р хуудас/,
-“Монголросцветмет” ТӨҮГ-ын Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1043 дугаартай “...фабрикийн бутлагч албан тушаалтай Г.Б нь сарын 2,853,000 төгрөгийн дундаж цалинтай болно.” гэх тодорхойлолт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 08 сарын 08-ны орой Х аймгийн Б сумын 4 дүгээр баг Ж-тын 000 тоотод буюу өөрийн гэртээ П.О-ыг толгойн тус газар нь хүрэн өнгийн сандлаар цохиж улмаар толгойн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын зан байдал, хууль эрх зүйн мэдлэг дутагдалтай байдал, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х овогт П-ын О /РД:........./-ын биед шинжээчийн дүгнэлтээр толгойн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл учирч, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...нэхэмжлэх зүйлгүй” /хх-09ху/ гэж мэдүүлсэн ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн болно.
Иймд хохирогчийн нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлан анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн, эвдэрхий, хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г-ийн Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн, хуванцар нэг ширхэг эвдэрхий сандлыг устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
7.Шүүгдэгч Г.Б-д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ