Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/816

 


 

 

 

 

 

 

 

 

  2021          12          08                                   2021/ШЦТ/816

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Энхтуул

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105020851886 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Төв аймгийн Архуст суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл ганцаараа, Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Шарын  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүжин” төв дотор байрлах караокегоор үйлчлүүлээд гарах үедээ текен дээрээс Б.О- эзэмшлийн Huawei pi40 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 515.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

          Хавтаст хэргээс хохирогч Б.О- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн үед дүүргийн 19 хороо Бүжин төвийн Б1 давхарт байрлах караокед ажилладаг найз Э дээр ирэхэд найз нь ганцаараа байна жоохон туслаад өгчих гэхээр нь найзынхаа ажилд тусалж байгаад би гар утсаа уг караокены текэн дээр тавиад хүмүүст үйлчилж байгаад сүүлийн өрөөний хүмүүсийг 23 цаг 30 минутад гаргачихаад байж өөрийнхөө гар утсыг текэн дээрээс авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Huawei pi40 маркийн гар утас байсан. Би гар утсаа 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 600.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

Бичлэгт үзлэг хийсэн “Э өгсөн 1 ширхэг хатуу диск бичлэгт 2021.10.06-ны өдөр тус дүүргийн 19 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн өрөөнд өөрийн самсунг маркийн иж бүрэн компьютерт хийж бичлэг үзэхэд бичлэгт ямар нэгэн он сар байхгүй тухайн бичлэг нь 00:19 секунд үргэлжлэх тус бичлэгт Бүжин төвийн караокены коридор харагдах бөгөөд хар өнгийн хантааз, саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн цагаан судалтай пүүз, хар өнгийн бэлтгэлийн өмд өмссөн эрэгтэй шилэн аяган дахь шингэн зүйлийг ууж дуусаад тухайн газрын тэкэн дээр аягаа тавиад буцахдаа өөр нэг эд зүйл аван хантаазны баруун халаасанд хийгээд явж байгаа нь бичигдсэн.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн  “ *******-аас Huawei pi40” маркийн нэг ширхэг гар утсыг хураан авч Б.О-эд хүлээлгэн өгсөн” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 33/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний “Huawei pi40” маркийн гар утас 515.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 14-15/,

 

        Яллагдагч *******- мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин төвийн” Б-1 давхарт байрлах караокед найз Алтаншагай болон түүний хоёр найзтай нь орж тухайн газраар үйлчлүүлсэн. Тэгээд бид дөрөв караокед орж нэг шил 0.75 литрийн архи хувааж уучихаад 23 цагийн үед караокеноос гарахаар болоод тооцоогоо хийгээд гарахдаа текэн дээр байсан гар утсыг аваад гарчихсан. Миний караокеноос авч гарсан тухайн гар утас Huawei pi40 маркийн гар утас байсан. Тухайн гар утсыг би ломбардад тавьсан байсныгаа аваад эрүүгийн мөрдөгч дэслэгч Хэнчбиш гэх хүнд өгсөн. Надад дараа нь эзэнд нь хүлээлгэж өгсөн гэж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тухайн гар утсыг караокеноос авч гарснаа өглөө нь санасан. Надад ямар нэг зорилго байгаагүй. Учир нь би гар утсыг найзынхаа утас байна гэж бодсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би маргааш өглөө нь сэрээд мэдсэн. Тухайн үед бие өвдөөд тэнхэлгүй байсан. Тэгээд зав гарч өгөхгүй байсаар байгаад мөнгөний хэрэг гарахаар нь ломбардад тавьчихсан юм...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 44/,

 

        Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүжин” төв дотор байрлах караокегоор үйлчлүүлээд гарах үедээ текен дээрээс Б.О- эзэмшлийн Huawei pi40 lite загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 515.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ын “...гарахдаа текэн дээр байсан гар утсыг аваад гарчихсан. Миний караокеноос авч гарсан тухайн гар утас Huawei pi40 маркийн гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, хохирогч Б.О- “...сүүлийн өрөөний хүмүүсийг 23 цаг 30 минутад гаргачхаад байж өөрийнхөө гар утсыг текэн дээрээс авах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас Huawei pi40 lite маркийн гар утас байсан...” /хх-ийн 26-27/, Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 14-15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.    

 

Шүүгдэгч *******- нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан болох нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч *******-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх-ийн 70/ шүүгдэгч нь хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

*******-т зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-т анхааруулав.   

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33/-р талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

        

         Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                                                                   ТОГТООХ нь:

         1. *******-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

          2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

 3. *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.

 

         5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ