Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2021       11           24                                     2021/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч П.Б, Ж.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт П-ийн Б,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ж-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2136666666 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Х аймгийн Г суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг “Баруун хашаат” гэх газар оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт П-ийн Б /РД: /.

2.Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ний өдөр Х аймгийн Б суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг “Баруун хашаат” гэх газар оршин суух, малчин, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Ж-ийн Н /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 01 дүгээр сард машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг "Зүүн тарганы уул" гэх газарт бэлчээрт байсан хохирогч П.Х-ын өмчлөлийн адуун сүргээс “Түвдийн ма” тамгатай хонгор үрээ, хээр үрээ, халтар үрээг буюу 3 тооны морийг хулгайлж, нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дүгээр сард Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн тарган” гэх газраас иргэн П.Х-ын 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 02 дугаар сард машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Талын худаг” гэх газраас хохирогч П.Б-ийн өмчлөлийн хонгор зүсмийн азаргатай 17 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч П.Б-д нийт 12.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2020 оны 10 дугаар сард Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Бамбарын сайн ус” гэх газраас машин механизм буюу "Хаожи" маркийн мотоцикль ашиглан хохирогч Э.Б-ын өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 22 тооны адууг хулгайлж, улмаар хохирогч Э.Б-т нийт 15.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Шүүгдэгч Ж.Н нь 2019 оны 2 дугаар сард “яллагдагч П.Б-ын машин механизм буюу  “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Талын худаг" гэх газраас хохирогч П.Б-ийн  өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 17 тооны адууг” мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн адууг эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор худалдан бусдад шилжүүлсэн, мөнгийг дансаар хүлээн авч, захиран зарцуулсан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан,

-2020 оны 10 сард ялладагч “яллагдагч П.Б-ыг машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан 2020 оны 10 сард Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Бамбарын сайн ус” гэх газраас хохирогч Э.Ба-ын өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 22 тооны адууг” мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн адууг эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор худалдан бусдад шилжүүлсэн, мөнгийг дансаар хүлээн авч захиран зарцуулсан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарыг  гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: 

Шүүгдэгч П.Б нь: 1.2019 оны 01 дүгээр сард машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн тарганы уул” гэх газарт бэлчээрт байсан хохирогч П.Х-ын өмчлөлийн адуун сүргээс “Түвдийн ма” тамгатай хонгор үрээ, хээр үрээ, халтар үрээг буюу 3 тооны морийг хулгайлж, нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-15 дугаар хуудас/

-Хохирогч П.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2019 онд Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг Зүүн тарганы уул гэх газарт өвөлжиж байсан. Тухайн жил бид малаа аваад Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу оторт явсан юм. Ингэж явахдаа хүрэн азаргатай 25 тооны адуугаа үлдээгээд явсан. Намайг явсан хойгуур манай гэрт байсан хүмүүс эргүүлж маллаж байсан. Ингээд оторт явж байхдаа Хүрэн азаргатай адуунаас 3 тооны адуу алдсан тухай мэдсэн. Тухайн үед адуугаа хайгаад олохгүй байна гэж байсан. Отроос ирээд алдагдсан 3 тооны адуугаа хайгаад сураглаад явахад ямар нэгэн сураг гарахгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 дүгээр хуудас/

-Хохирогч П.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би явахдаа эхнэртээ захиж үлдээгээд явсан. Манай хүрэн азаргатай адуу маань хол явдаггүй гэрийнхээ ойролцоо бэлчдэг байсан адуу юм. Намайг явсан хойгуур манай эхнэр хариулж байдаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38 дугаар хуудас/

-Гэрч О.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны өвөл манай нөхөр малаа аваад Дорнод аймгийн нутаг руу оторт явахдаа хүрэн азаргатай адуугаа үлдээгээд явсан юм. Хүрэн азаргатай адуу нь хол бэлчдэггүй гэрийнхээ ойролцоо байдаг байсан. 2018 оны 11 дүгээр сарын орчимд яваад 2019 оны 03 дугаар сарын үед ирсэн юм. Тэгээд хүрэн азаргатай адууг бүртгэж үзэхэд адуунаас хэдэн тооны адуу дутаж байсан гэж хэлж байсан. Яг хэдэн тооны адуу алдсан талаар би мэдэх зүйл байхгүй. Алдсан адууг нь манай нөхөр зүс тамгаар нь сайн мэдэж байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 дугаар хуудас/ 

-Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ХЦ21-06 дугаартай 4 настай хонгор зүсмийн үрээ 750,000 төгрөг, 4 настай халтар үрээ 750,000 төгрөг, 4 настай хээр үрээ 750,000 төгрөг нийт 2,250,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 66-68-р хуудас/

-Яллагдагч П.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх 2019 оны өвөл Х аймгийн Б сумын нутаг “Буян-Уул” гэх газар нутаглаж байсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын үеэр мөн өдрийг нь хэлж мэдэхгүй байна, манайхаас ойрхон “Тарганы уул” гэх газарт байсан хэсэг адууг дагаж явсан 3 тооны үрээг өөрийн “хаужин” маркийн мотоцикльтой тасалж хөөгөөд гэрийнхээ гадаа авчирч хашаад тухайн 3 үрээг маргааш нь үүрээр гэрийнхээ гадаа нядалж, 54-46 ХЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дээр махнуудыг нь ачаад хамтран амьдрагч Н-тай хамт аймгийн төв рүү зарахаар явсан. Тэгээд аймгийн төвд нэг ченжид зарсан яг ямар ченжид зарснаа санахгүй байна, тухайн 3 адууны мөнгийг өөрийнхөө .... тоот дансаар шилжүүлж авсан шиг санаж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93 дугаар хуудас/

2.2019 оны 01 дүгээр сард Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Зүүн тарган” гэх газраас иргэн П.Х-рын 2 тооны адууг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч П.Х-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх хүрэн азаргатай 25 тооны адуун дотроос 2019 оны 01 дүгээр сард Зээрд гүү, Хонгор гүү гэх бүгд /Төвдийн ма тамгатай/ адууг алдсан юм. Би тухайн үед алга болсон 2 тооны гүүгээ хайж нэлээн явсан боловч сураг гараагүй ээ би тэгээд тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Манай энэ хавиар цас их байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115 дугаар хуудас/

-Яллагдагч П.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 01 дүгээр сарын үеэр Х аймгийн Бсумын 1 дүгээр багийн нутаг “Баян-Уул” гэх газар нутаглаж байсан юм. Тэгээд 2019 оны 01 дүгээр сарын үеэр шиг санаж байна би яг хэдний өдрийг нь одоо санахгүй байна, өөрийн эзэмшлийн хар өнгийн “хаужин” маркийн улсын дугааргүй мотоцикльтойгоо Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Тарганы уул” гэх газраас 8-9 тооны адууг тууж өөрийнхөө гэрийн гадаа авчирж хашаад тухайн адуун дотроос хонгор зүсмийн, мөн хүрэн зүсмийн хоёр гүү барьж авч уяад бусад адууг нь хашаанаас гаргаад буцаагаад байсан газар руу нь хөөгөөд явуулсан, тэгээд барьж авч үлдсэн хоёр гүүгээ тэр өдрөө гэрийнхээ гадаа ганцаараа ажилласан, тэгээд тухайн махаа 54-46 ХЭА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл дээр ачаад аймгийн төв рүү махаа зарахаар явсан, тэгэхэд манай эхнэр Нарангарав хамт явсан. Тэгээд тухайн адууныхаа махыг аймгийн төв дээр авчирч зарсан тухай үед хэнд зарснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХ-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШД-32 дугаартай “...2 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,600,000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 136 дугаар хуудас/

3.2020 оны 10 дугаар сард Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Бамбарын сайн ус” гэх газраас машин механизм буюу "Хаожи" маркийн мотоцикль ашиглан хохирогч Э.Б-рын өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 22 тооны адууг хулгайлж, улмаар хохирогч Э.Б-т нийт 15.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Э.Б-рын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х аймгийн Г сумын Сангийн далай багийн “Олон шанд” гэх газар оршин суудаг бөгөөд 2020 оны 10 дугаар сарын       30-ны өдөр тус багийн “Бамбарын сайн ус” гэх газраас шарга зүсмийн азаргатай 22 тооны адуу алдаад 11 дүгээр сарын 03-ны өдөр эргэж олсон. Адуугаа бүртгэж үзэхэд шарга зүсмийн 7 настай азарга, хонгор зүсмийн 7 настай гүү, цавьдар халзан зүсмийн 7 настай гүү, хүрэн алаг зүсмийн 12 настай гүү, хул зүсмийн 12 настай гүү, нийт 6 тооны адуу дутсан байсан. ...Дутсан адуунууд бүгд ширээтэй чойндон тамгатай байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 184 дугаар хуудас/

-Хохирогч Э.Б-ын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х аймгийн Г сумын 4 дүгээр баг “Бамбарын сайн ус” гэх газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 22 тооны адуугаа алдаад олоход 6 тооны адуу дутуу байсан ба зүслэвэл: 1.Шарга зүсмийн 7 настай азарга, ширээтэй чойндон тамгатай 2.Хонгор зүсмийн 7 настай гүү, ширээтэй чойндон тамгатай 3.Цавьдар халзан зүсмийн 7 настай гүү, ширээтэй чойндон тамгатай, 4.Хээр зүсмийн 7 настай гүү, ширээтэй чойндон тамгатай, 5.Хүрэн алаг зүсмийн 12 настай гүү, ширээтэй чойндон тамгатай 6.Хул зүсмийн 12 настай гүү, ширээтэй чойндон тамгатай, 7. Цагаан гүү 14 настай гүү, ширээтэй чойндон тамгатай, 8.Нарийн хонгор халзан зүсмийн 6 настай гүү, тамгагүй, 9.Сартай зээрд зүсмийн 5 настай гүү, тамгагүй, 10. Хул 5 настай гүү, тамгагүй, 11.Саарал 4 настай үрээ, тамгагүй, 12.Хул зүсмийн охин даага, тамгагүй, 13.Шарга охин даага, тамгагүй, 14.Саарал эр даага, тамгагүй, 15.Шарга эр унага, тамгагүй, 16.Шарга охин унага, тамгагүй, 17.Шарга охин унага, тамгагүй,  18.Хар охин унага, тамгагүй, 19. Будан эр унага, тамгагүй, 20.Зээрд эр унага, тамгагүй, 21.Зээрд охин унага, тамгагүй, 22.Зээрд охин унага, тамгагүй адуунууд алдаж 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр олоход дээрх 6 тооны адуу дутсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185 дугаар хуудас/

-Гэрч Г.Э-ын 2021 оны 2 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х- аймгийн Б сумын 1 дүгээр баг Буян уулын баруун ард байрлах Мажигийн овоо гэх газарт манай хүү Э.Э эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед би тухайн газар ганцаараа малыг нь хараад хэд хоносон юм. Би өмнө нь П.Б-д бор халзан морь өгч байсан ба хөдөө очоод П.Б-д хандан “Ахын дүү нөгөө бор халзан мориныхоо өглөгөнд нэг идэшний адуу өгөөрэй” гэж хэлж байсан ба хэд хоногийн дараа буюу 2020 оны 11 дүгээр сарын эхээр П.Батжаргал нь адуугаа манай гадаа тууж ирээд хонгор гүү өгсөн. Тухайн үед нь сайн анзаараагүй. Тухайн хонгор гүүг авсан өдрөө П.Б-ын хамт ажиллаж идшиндээ хэрэглэсэн. Н бол надад адуу өгч байгаагүй. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй. Өөрийнхөө адуунаас барьж өглөө гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210 дугаар хуудас/

-Гэрч Э.У-ын 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай нөхөр адуундаа яваад ирлээ. Манай адуунаас азарга, 5 гүү хулгай авсан байна гэж над руу ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 221 дүгээр хуудас/

-Гэрч Р.Э-ийн 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Б нь 20 гаран тооны адуутай байх. 2020 оны 10 дугаар сарын сүүлээр шарга азаргатай 22 тооны адуугаа алдчихлаа гэж байсан бөгөөд хэд хоногийн дараа адуугаа олоход азарга, 5 гүүгээ хулгайд алдсан 5 унага нь үлдсэн байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 224 дүгээр хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШД-74 дугаартай “...22 тооны адууг 15.400.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт” гэх дүгнэлт /1-р хх-ийн 231-233 дугаар хуудас/

-Яллагдагч П.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх тухай үед Х аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг Баян-Уул гэх газар нутаглаж байсан юм, тэгээд 2020 оны 10 дугаар сарын сүүлээр шиг санаж байна тэр өдөр би адуундаа явж байгаад Г сумын 4 дүгээр багийн нутаг Сайн ус гэх газарт шарга азаргатай 10 гаран тооны адуутай таарсан, тэгээд мөн хулгай хийхээр тухайн адуунуудыг туугаад гэрийнхээ ойролцоо авчирсан. Тэгээд тухайн адуунуудыг өглөө нь хашиж байгаад 6 тооны адууг нь барьж аваад үлдсэн 6 тооны адууг нь хашаанаас гаргаад гэрээсээ 10-иад км орчим газар туугаад нутагт нь орхисон. Тэгээд маргааш нь шарга азарга, зээрд халзан гүү, хээр гүүнүүдийг нь гэрийнхээ гадаа ажиллаад махыг нь Нарангаравтай хамт аймагт авчирч зарсан. Тэгээд 2-3 хоногийн дараа хул гүү, хүрэн алаг зүсмийн гүүнүүдийг ажлаад мөн Нарангаравтай хамт аймагт авчирч зарсан, харин үлдсэн хонгор гүүг нь Э ахад адууны өглөгтэй байсан болохоор тэрэндээ өгчихсөн...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 12 дугаар хуудас/

4.2019 оны 02 дугаар сард машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Талын худаг” гэх газраас хохирогч П.Б-ийн өмчлөлийн хонгор зүсмийн азаргатай 17 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч П.Б-д нийт 12.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч П.Б-ийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х аймгийн Г сумын 4 дүгээр баг Таван уул гэх газраас газраас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд сартай хонгор азрагтай 17 тооны адуугаа хулгайд алдсан. Зүслэвэл: Сартай хонгор зүсмийн 7 настай азарга, зээрд зүсмийн 7 настай морь, зээрд халзан зүсмийн 8 настай гүү, зээрд зүсмийн 7 настай морь, зээрд зүсмийн 9 настай гүү, зээрд зүсмийн 7 настай морь, сартай зээрд зүсмийн хязаалан үрээ, зээрд халзан зүсмийн шүдлэн үрээ, зээрд халзан зүсмийн шүдлэн үрээ, шарга зүсмийн 5 настай гүү, бор шарга охин даага, бор охин даага, хээр охин даага, хүрэн зээрд зүсмийн 8 настай гүү, зээрд зүсмийн 9 настай гүү, дөрвөн хөл цагаан харлаг шүдлэн байдас, хадган хүзүүвчтэй зээрд шүдлэн байдас нийт 17 тооны адууг хулгайд алдаад олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66 дугаар хуудас/

-Гэрч Ж.Б-ийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын сүүлээр П.Б нь аймаг явах болоод адуугаа надад үлдээсэн. Тэдний хонгор азаргатай 17 тооны адуутай манай адуу хамт усанд ордог болохоор надад захиж үлдээсэн. Тэгээд уг адуу нь ус уугаад 1 хоног өнжөөд “Таван уул”-ын худаг дээр ирдэг байсан ба 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр услаад гаргахад бүрэн байсан бөгөөд түүнээс хойш 2 хоногийн дараа усандаа уг адуу ирэхгүй болохоор нь адууны эзэн П.Б-д утсаар залгаж хэлсэн. Түүнээс хойш П.Батцэнгэл адуугаа эрж хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/

-Гэрч Э.Э-ын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х аймгийн Б сумын 1 дүгээр багт Хаваржаандаа байхад гэрээр нь хэсэхэд П.Б надад өмнө нь манай 2 хүүхдэд адуу бэлэглэнэ гэж ярьж байсан. 2019 оны 03 дугаар сарын дундуур надад хүрэн халзан зүсмийн байдас /тамгыг нь сайн санахгүй байна/ надад өгөхөөр нь хазаарлаад хөтлөөд авч явахад П.Б нь тухайн адууг хулгайн адуу, буруу гарын адуу гэдгийг хэлсэн. Тухайн адуу нь одоо бол манай адуунд байхгүй. Тухайн үед хэрэглэсэн зарсан байх гэж бодож байна. Гэхдээ өөрсдөө хэрэглэсэн ч байж магадгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52 дугаар хуудас/

-Гэрч Б.Б 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны намар би гэрийн найр хийсэн юм. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын сүүлээр юм уу 3 дугаар сарын эхээр шиг санагдаж байна. Батжаргал надад найр хийсэн гэж бэлгэнд шарга зүсмийн охин адуу өгсөн. Ямар настай адуу байсныг би мэдэхгүй. Тэгээд тухайн үед тэр адууг аваад удаагүй байхдаа махалж зарсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52 дугаар хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШД-73 дугаартай “...17 тооны адууг 12.460.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт” гэх дүгнэлт /2-р хх-ийн 91-92 дугаар хуудас/

-Яллагдагч П.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Манайх тухайн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Баян-Уул гэх газар нутаглаж байсан юм, тэгээд 2019 оны 02 дугаар сарын үеэр шиг санаж байна тэр өдөр би 10 цагийн үед адуундаа мордоод гэрээсээ баруун тийшээ адуугаа бөөгнүүлэхэд манай адуунаас хэдэн үрээ харагдахгүй байсан юм, тэгээд хэдэн үрээгээ хайж яваад Галшар сумын нутаг Талын худаг гэх газраас хонгор азаргатай 10 гаран тооны адуутай таарсан юм, тэгээд тухайн адуунаас хулгай хийхээр болоод тухайн адуунуудыг бүгдийг нь хөөгөөд гэр рүүгээ явсан, тэгээд тухайн адуунуудыг гэрийнхээ ойролцоо авчраад орхисон, тэгээд маргааш өглөө нь нөгөө адуунуудыг хашиж байгаад дотроос нь хонгор азарга, зээрд моринуудыг барьж аваад тэр өдрөө ажилласан, тэгээд тэр өдрөө хамтран амьдрагч Н-тай хамт аймагт авчирч зарсан,  үлдсэн адуунуудыг нь өөрийнхөө адуунуудтай байлгаж байгаад тухайн адуунуудыг ганц нэгээр нь ажилласаар байгаад 2020 оны 08 дугаар сарын үеэр буюу хамгийн сүүлд үлдсэн сартай хүрэн үрээ, сартай хамар цагаан зээрд үрээнүүдийг ажиллаж тухайн хонгор азаргатай 15 тооны адуунуудыг ажиллаж дуусгасан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Н нь: 1.2019 оны 2 дугаар сард “яллагдагч П.Б-ын машин механизм буюу  “Хаожи” маркийн мотоцикль ашиглан Х аймгийн Г сумын 4 дүгээр багийн нутаг “Талын худаг" гэх газраас хохирогч П.Б-ийн  өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 17 тооны адууг” мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн адууг эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор худалдан бусдад шилжүүлсэн, мөнгийг дансаар хүлээн авч, захиран зарцуулсан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан,

2.2020 оны 10 сард ялладагч “яллагдагч П.Б-лыг машин механизм буюу “Хаожи” маркийн мотоцикль ашиглан 2020 оны 10 сард Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн нутаг “Бамбарын сайн ус” гэх газраас хохирогч Э.Б-ын өмчлөлийн олон тооны мал буюу шарга азаргатай 22 тооны адууг” мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж тухайн адууг эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор худалдан бусдад шилжүүлсэн, мөнгийг дансаар хүлээн авч захиран зарцуулсан, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Яллагдагч Ж.Н-ын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын үед би яг хэдний өдөр гэдгийн санахгүй байна, миний хамтран амьдрагч Б адуундаа явлаа гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Тэгээд намайг унтаж байхад шөнө ирсэн, өглөө босоход манай малын хашаан дотор 10 гаруй тооны адуу байж байсан болохоор би Б-аас юун адуу юм бэ гэж асуухад хүний адуу туугаад аваад ирсэн гэж хэлсэн. Тэгээд Батжаргал миний хамтран амьдрагч болохоор цагдаа энэ тэрд хэлж чадаагүй юм аа. Нийт 15 тооны адууг Б зарж борлуулъя гэхээр нь зөвшөөрөөд тэр өдрөө хоёр адууг нь ажиллаад Х аймгийн төв орж зарж борлуулсан. Үлдсэн адууг нь Б адуундаа хамт хариулж байгаад 2019 оны 08 cap хүртэл увуулж цувуулж махалж зарсаар дуусгасан. Адуу зарсан мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн зарцуулсан нийт хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 107 дугаар хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Ж.М-ы 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг тээврийн хэрэгсэл нь манай аав Ж-ийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө би зээл авах гээд барьцаа хөрөнгөгүй гээд аавын портерийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч байсан юм, уг тээврийн хэрэгсэл нь одоо миний нэр дээр явдаг ба одоо аавын хашаанд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 дугаар хуудас/

-Иргэний нэхэмжлэгч П.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө хулгай хийгээгүй, манай саахалт айлын Б гэх залуу тухайн үед намайг гуйгаад 2 адууны мах ачуулаад аймагт заруулж байсан. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191 дүгээр хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Г.М-ийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын үеэр шиг санаж байна, манайд ойрхон нутаглаж байсан Н, Б хоёр завтай бол машинаараа аймаг яваад өгөөч гэж гуйсан, тэгээд гэрт нь очиход гэрийнхээ гадаа эрээн юман дээр мах дэлгээд тавьчихсан байсан, арьс толгойг нь шуудайнд хийчихсэн байсан, тэгээд тэр хоёр миний машины ард адууны махаа ачаад аймагт ирж 4 дүгээр сургуулийн баруун талд Ө гэх ченжид зарсан. Надад тээврийн мөнгө гээд 30.000 төгрөг өгсөн. Би тэр махыг хулгайн мах гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195 дугаар хуудас/

-Гэрч Ж.Б-2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 адуу худалдаж аваад Н-ын өгсөн 5956102465 тоот дансанд 2.600.000 төгрөг шилжүүлсэн. Миний бүртгэлийн дэвтэр дууссан байсан тул цаасан дээр түр бичиж аваад түүнийгээ олохгүй байгаа юм. Ер нь арьсаа авчирч өгдөггүй арьс хямдхан байгаа болохоор бөөгнүүлж байгаад өгнө гэж хэлдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2 адуу надад зарсан уг 2 адууг нь 147 кг, 178 кг болж нийт 1.462.000 төгрөг болохоор нь Н надаас 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлсэн 300.000 төгрөгний өрөө суутгаад 1.000.000 төгрөгийг 5956102465 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд 2 цагийн дараа үлдэгдэл 162.000 төгрөгийн тухайн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200 дугаар хуудас/

-Шүүгдэгч П.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ мэдэж байна. Цаашид алдаа гаргахгүй амьдарч чадна.” гэв.

-Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харамсаж байна. Цаашид дахин хэрэг зөрчилд холбогдохгүй, алдаа гаргахгүй амьдарч чадна.” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бичгийн бусад  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х овогт П-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан”, шүүгдэгч Ж овогт Ж-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч П.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэргийн ангилалд, шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд тус тус хамаарч байна.

Гэмт хэрэг гарахад иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, хохирогч нарын хайнга, хариуцлагагүй байдал, малын гарал үүслийн бичиг олгож буй эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй, хяналтгүй байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас:

1.Хохирогч П.Х-т 5 тооны адуу  буюу 3,850,000 төгрөгний хохирол,

2.Хохирогч П.Б-д 17 тооны адуу буюу 12,460,000 төгрөгний хохирол,

3.Хохирогч Э.Б-т 22 тооны адуу буюу 15,400,000 төгрөгний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны орлогын мэдүүлэг “...Э-ын Б-т 5942033993 тоот дансанд 6,400,200 төгрөг” шилжүүлсэн баримт /193-р хуу/, хохирогч П.Х-ын “Миний бие 5 адууны хохирлыг П.Б-аас авсан тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй, миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй, П.Б-д хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /194-р хуу/, хохирогч П-ийн Б-д 5954244989 тоот дансанд 12,460,000 төгрөг шилжүүлж, ХААН банкны 20005-01 дугаартай тэмдэг дарж баталгаажуулсан “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт /200-р хуу/ зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Б, Ж.Н нар нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь “...Шүүгдэгч Х овогт П-ийн Б-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар  4 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Х аймгийн Б сумаас гарахгүй байхаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх саналыг, шүүгдэгч Ж овогт Ж-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг гаргав.

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “...Шүүгдэгч П.Б-ын учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, үйлдсэн гэмт хэргээ үнэнчээр мэдүүлж, хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал, хувийн байдал, хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Х аймгийн Б сумын хөдөө амьдардаг, ямар нэгэн хамаатан садан байхгүй тул Хэнтий аймгийн төвөөс гаргахгүй байх үүрэг хүлээлгэж өгөх, шүүгдэгч Ж.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч П.Б, Ж.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгч нар нь хохирогч П.Хадбаатар, Э.Б, П.Б нарын хохирлыг бүрэн төлсөн бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ...болно.” гэж заасан ба шүүгдэгч П.Б нь 4 удаагийн үйлдлээр, санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ялыг хөнгөрүүлж, 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, ...бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байна.

 Иймд шүүгдэгч Х овогт П-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг 2 жилийн хугацаанд шүүгдэгч П.Б-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “...Шүүгдэгч П.Б нь Х аймгийн Б сумын хөдөө амьдардаг, ямар нэгэн хамаатан садан байхгүй, түүний аав ээж нь Хэнтий аймгийн төвд оршин суудаг тул Хэнтий аймгийн төвөөс гаргахгүй байх үүргийг хүлээлгэж өгнө үү...” гэх саналыг гаргасан ба шүүгдэгч П.Б нь Х аймгийн Х сумын төвд хаана, хэнийд оршин суух талаар албан ёсны тодорхойлолт, лавлагаа хэргийн материалд авагдаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

           Шүүх шүүгдэгчийн оршин суух газрын нөхцөл байдал, тухайн газарт “Жи мобайлаас өөр үүрэн холбооны сүлжээ барьдаггүй” гэх шүүгдэгчийн мэдүүлэг, зорчих эрхийг хязгаарлах ялын үед хэрэглэх цахилгаан бугуйвчны сүлжээтэй холбоотой хэвийн ажиллагаа зэргийг харгалзан шүүгдэгч П.Б-д эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн тул улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч П.Б-д Х аймгийн Б сумаас гарахгүй байх үүрэг хүлээлгэх” саналыг мөн хүлээн авах боломжгүй байна.  

Шүүгдэгч П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлд “Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-ийг хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамруулахгүй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул улсын яллагчаас гаргасан  шүүгдэгч Ж.Н-ын үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж овогт Ж-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, түүний өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Н-т тайлбарлах нь зүйтэй.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүргийг шүүгдэгч П.Б, Ж.Н нарт хүлээлгэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Б, Ж.Н нарт анхааруулах нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Б, Ж.Н нарт оногдуулсан ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 5 м урттай мяндсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.  

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” №18, 25, 26, 46 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хаожи” маркийн мотоциклийг улсын орлого болгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан KMFXS7BP2U571359 арлын дугаартай, 2002 онд үйлдвэрлэсэн, 54-46 ХЭА улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ж овогт Ж-ийн М /РД: /-д, 78-70 ХЭА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Б овогт Г-ийн М /РД: /-д, 93-60 ХЭА улсын дугаартай “Ланд Круйсер Прадо” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Х овогт П-ийн Б/РД /-т тус тус буцаан олгох нь зүйтэй байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын прокурорын  2021 оны 5 дугаар сарын    03-ны өдрийн 37 дугаартай тогтоолоор яллагдагч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор П.Б-ын эзэмшлийн 28 тооны адууг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, хор уршгийг арилгасан тул 28 тооны адууг шүүгдэгч П.Батжаргалд буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул улсын яллагчаас гаргасан “...иргэний нэхэмжлэлийг хангахад зарцуулах” саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч П.Б, Ж.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овогт П-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан”,  шүүгдэгч Ж овогт Ж-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Х овогт П-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 (хоёр) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Ж овогт Ж-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 (зургаан) сарын хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 сарын 02-ны өдөр батлагдаж, 2021 оны 07 сарын 06-ны өдрөөс мөрдөж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Батжаргалд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг хугацаанд шүүгдэгч П.Б-ыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  П.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ж.Н-т анхааруулсугай.

7.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг шүүгдэгч П.Б, Ж.Н нарт хүлээлгэсүгэй.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.Б, Ж.Н нарт анхааруулсугай.

9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч П.Б, Ж.Н нарт оногдуулсан ял болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10.Шүүгдэгч П.Б, Ж.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 м урттай мяндсан бугуйлыг шүүхийн шйидвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

12.Шүүгдэгч П.Б, Ж.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч П.Б-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Хаожи” маркийн мотоциклийг улсын орлого болгож, 54-46 ХЭА улсын дугаартай “Хьюндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж овогт Ж-ийн М /РД:СЕ/-д, 78-70 ХЭА улсын дугаартай “Тоёото Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Бовогт Г-ийн М /РД: /-д, 93-60 ХЭА улсын дугаартай “Ланд Круйзер Прадо” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Х овогт П-гийн Б /РД: /-т, 28 /хорин найм/ тооны адууг шүүгдэгч П.Б-д тус тус буцаан олгосугай.

14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БОЛОР-ЭРДЭНЭ