Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1785

 

К.Батыхагийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К.Батыха,

Хариуцагч Д.Нэргүйд холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч К.Батыхагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сард 3 хороолол, Бичил хороолол 33 дугаар байранд Мөнхжил гэх нэртэй хүнсний дэргүүрийг түрээсэлж ажиллуулж байсан. Би 2015 оны 03 дугаар сард дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг Д.Нэргүйд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн өдрөө 400 000 төгрөг авсан. Маргааш нь ирэхэд Д.Нэргүй “эгчээ би мөнгөгүй болчихлоо, 1 сарын дараа мөнгийг өгье” гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Мөнхжил дэлгүүрийн хажууд байдаг эмийн санд сууж байсан охин надруу залгаад “таны барааг хүн ачуулаад яваад” байна гэхээр нь очиход Д.Нэргүй миний барааг ачаад явчихсан байсан. Үүний дараа би утсаар залгаж холбогдоход би таныг юу гэж хуурах вэ гэсэн утга агуулгатай зүйл хэлсэн. Гэтэл утсаа салгаад алга болсон. Регистрийн дугаар нь надад байсан учир би хаягийг нь тодруулж Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад оршин сууддаггүй гэсэн тул хаягийг тодруулахаар эрэн сурвалжлуулсан. Иймээс бараа бүтээгдэхүүний төлбөр 624 000 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие бараа бүтээгдэхүүнийг хүлээж аваагүй, тооцоо нийлсэн акт баримт юу ч үйлдээгүй. Хүнсний дэлгүүрт гэрээ байгуулсан хүн л энэ асуудлыг хариуцах байх. Надад эхэлж хэлэхгүй шууд цагдаагийн байгууллагаар намайг эрэн сурвалжлуулсан байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нэргүйгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 624 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч К.Батыхагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч К.Батыха давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2016 оны 03 дугаар сард 3 хороолол, Бичил хороолол 33 дугаар байранд Мөнхжил гэх нэртэй хүнсний дэргүүрийг түрээслэхээр зар тавьсны дагуу Д.Нэргүй нь дэлгүүрийг түрээслэхээр надтай ирж уулзсан бөгөөд уг дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг Д.Нэргүйд хүлээлгэж өгсөн. Гэтэл барааны үнэд 400 000 төгрөг өгч, үлдэгдэл 624 000 төгрөгийг дараа өгье гээд өгөөгүй тул уг төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хэргийг үнэн зөвшөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч К.Батыха нь Д.Нэргүйд холбогдуулан 624 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Нэхэмжлэгч нь “Мөнхжил” хүнсний дэлгүүрийг түрээсэлсэн түрээсийн хугацаа дуусахад үлдэгдэл барааг Д.Нэргүйд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгч, 400 000 төгрөгийг охиноор нь дамжуулж авсан, харин үлдэх 624 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй гэж нэхэмжлэлээ үндэслэсэн байна.

            Хариуцагч Д.Нэргүй нь К.Батыхагаас ямар нэгэн бараа хүлээж авч байгаагүй гэж маргасан ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар бараа хүлээлгэн өгсөн гэх тайлбараа нотлох үүрэгтэй.

Гэвч 624 000 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн талаарх болон ийм хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, хэргийн 5-14 дүгээр талд авагдсан тооцооны дэвтрийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс барааг Д.Нэргүйд хүлээлгэн өгсөн тул үнийг төлүүлнэ гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үнийг төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй, нэхэмжлэгч хариуцагчаас үүрэг  шаардах үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн зохигчдын нотлох баримт гаргах, мэтгэлцэх боломжийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2017/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.НАРМАНДАХ

 

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ