Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 809

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г.И, Л.Д, хариуцагч Ц.А, хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулан “А.И” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийв.

Гомдол гаргагч: “А.И” ХХК /РД: /

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын татварын улсын байцаагч Б.А, Ц.А

Гомдлын шаардлага: Татварын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “А.И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... “А.И” ХХК нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг бөгөөд тус дүүргийн хяналт шалгалтын байцаагч болох Б.А, Ц.А нар нь манай компанийн 2013-2017 онуудын үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулсан. Энэхүү шалгалтаар “А.И” ХХК нь 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах үүргээ биелүүлээгүй, татварт ногдох орлогоо тайлагнаагүй, төлөөгүй, зардал өсгөсөн гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74,1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19, 11.4 дэх заалтын дагуу шийтгэл оногдуулсан.

Улмаар зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй тул Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар бүхий актыг гаргаж 103,415,925 төгрөгөөр торгох, хохирлын 344,719,753 төгрөг, нөхөн төлбөрийн 50,400,877 төгрөг, нийт 498,536,556 төгрөгийн шийтгэл ногдуулсан.

Манай компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн гадна фасадын угсралтыг хийж гүйцэтгэсэн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжинд байрлах “Г Т” барилгын ажлын хөлсөндөө тооцож авсан давхруудаас борлуулалтын орлого хийсэн үйл ажиллагаанд дээрх шийтгэлийг оногдуулсан юм. Гэтэл хамгийн сүүлд борлуулсан 9 дүгээр давхрын төлбөр нь он дамжин төлөгдсөн бөгөөд хамгийн сүүлийн орлого 2018 онд орж ирсэн юм. Гэтэл 2013-2017 онуудад хийгдсэн татварын хяналт шалгалтад энэхүү орлогыг хүртэл хамруулан хийсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “ Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.12.... дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Бидний зүгээс татварын тайлангаа үнэн зөв гаргаж хуульд заасан журмын хүрээнд татварт ногдох орлогоо үнэн зөв тайлагнаж ирсэн бөгөөд энэхүү татварын хяналт шалгалт хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэхгүй байгаа тул татварын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар бүхий актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.А, Ц. А нар Татварын Ерөнхий Газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/56 дугаар тушаалаар баталсан татварын албаны 2018 оны сүүлийн хагас жилийн “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ыг үндэслэн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, 55942.. тоот регистрийн дугаартай, “А.И” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23181000475 тоот томилолтоор тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоос тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татвараа төлсөн боловч тайланд дутуу тусгасан, үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд нь 344,719,753.1 төгрөгийн нөхөн татвар /хохирол/ 50,400,877.3 төгрөгийн алданги, хүү /нөхөн төлбөр/, 103,415,925.9 төгрөгийн торгууль /шийтгэл/ нийт 497,536,556.3 төгрөгийн төлбөр тавигдсан.

“А.И” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Galaxy tower барилгын 5, 7, 8, 9 давхар болох 3140 м.кв талбай бүхий ажлын байрыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу авсан болно. 2017 онд үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараа Хан-Уул дүүргийн татварын дансанд шилжүүлсэн боловч татварын тайландаа үйл ажиллагааны орлогоо дутуу тооцсон болно. 2016 он, 2017 онд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоо тайланд дутуу тусгасан нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д «Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө... » гэж заасны дагуу акт тавьсан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А.И” ХХК-иас “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргасан.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нараас “... Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/56 дугаар тушаалаар баталсан татварын албаны 2018 оны сүүлийн хагас жилийн “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ыг үндэслэн ... “А.И” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар, ногдуулалт төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийх 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 23181000475 тоот томилолтоор тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, компанийн харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл, холбогдогчийн мэдүүлэг зэрэгт үндэслэн Татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн...” гэх тайлбарыг хийсэн бөгөөд энэхүү үйл баримттай гомдол гаргагчаас маргаагүй.

Гомдол гаргагч шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамжид байрлах “Г Т” барилгын ажлын хөлсөндөө тооцож авсан давхруудаас борлуулалтын орлого хийсэн үйл ажиллагаанд дээрх шийтгэлийг оногдуулсан. Гэтэл хамгийн сүүлд борлуулсан 9 дүгээр давхрын төлбөр нь он дамжин төлөгдсөн бөгөөд хамгийн сүүлийн орлого 2018 онд орж ирсэн юм. Гэтэл 2013-2017 онуудад хийгдсэн татварын хяналт шалгалтад энэхүү орлогыг хүртэл хамруулан хийсэн” гэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...тус компанийн 2013-2017 онуудын үйл ажиллагаанд татварын хяналт шалгалтын ажиллагааг явуулж, 2013-2017 онуудад татвараа үнэн зөв тодорхойлж тайлагнах үүргээ биелүүлээгүй, татварт ногдох орлогоо тайлагнаагүй, төлөөгүй, зардал өсгөсөн гэж үзэн 2015 онд хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн холбогдох заалтуудаар 2019 онд шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан бөгөөд шүүх гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэж дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хяналт шалгалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоос тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татвараа төлсөн боловч тайланд дутуу тусгасан, үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчилд нь 344,719,753.1 төгрөгийн нөхөн татвар /хохирол/ 50,400,877.3 төгрөгийн алданги, хүү /нөхөн төлбөр/, 103,415,925.9 төгрөгийн торгууль /шийтгэл/ нийт 497,536,556.3 төгрөгийн төлбөр тавигдсан байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд[1] “А.И” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Ш  2013 онд 81,138,113.7 төгрөг, 2016 онд 178,221,410.2 төгрөг, 2017 онд 1,511,744,041.8 төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчлийн талаар “... 2013 оны 81,138,113.7 төгрөгийн зөрчлийг сайн мэдэхгүй байна. 2016, 2017 оны орлогын хувьд бол манай компани тухайн борлуулалтыг урьдчилж төлсөн орлого дансандаа тусгаад явсан...” гэж, 2016 онд 8,876,000.0 төгрөг, 2017 онд 3,140,510,494.6 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогоос тусгай хувь хэмжээгээр төлбөл зохих татвараа төлсөн боловч тайланд дутуу тусгасан зөрчлийн тухайд “...энэ зөрчил нь мөн адил орлогыг урьдчилж төлсөн орлого дансанд бүртгэсэн тул хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараа төлсөн боловч тайландаа тусгаагүй байсан юм. Энэ нь дутуу тайлан гаргасан болоод байна...” гэж, 2016 онд 8,876,000.0 төгрөг, 2017 онд 2,727,306,123.0 төгрөгийн үндсэн үйл ажиллагааны орлогоос НӨАТ-ийг дутуу тайланд тусгасан талаар “...Тийм ээ мөн адил дээрх урьдчилж төлсөн орлогын зөрүүнээс тусгаагүй зүйл л явж байна. 2016 онд гэрээний үнийн дүнгээр орлогоо тусгалгүй дансаар орж ирсэн төлбөрөөс хийсэн байна. Нэгэнт хуулийн мэдлэг муугаас ийм алдаа гарсан байна. Гарсан зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид татварын хууль дүрмээ сахиж ажиллах болно” гэж тус тус мэдүүлсэн байна.

Энэ нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого”, мөн хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж заасныг, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэгэнт “А.И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Ш ээс гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч, энэ нь компанийн санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга зэргээр нотлогдсон гэх үндэслэлээр хариуцагч нар зөрчлийн хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн  аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 4-т “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж заасныг зөрчөөгүй байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3-д “Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.1.4-д “Тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.11-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй...”, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн/ 1 дүгээр зүйлд “Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлийн доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.”, 74 дүгээр зүйлд “Төлөөгүй татварт ногдуулах алданги”, 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж өөрчлөн найруулж, Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан байх бөгөөд “А.И” ХХК-ийн 2013-2017 оны санхүүгийн баримтын шалгалтаар илэрсэн зөрчлийн холбогдох хэсэгт тухайн үед дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ хариуцлага тооцох холбогдох зүйл, заалтыг хэрэглэснийг буруутгах боломжгүй тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. 

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор”, 1.1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.2-т “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн” 2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 4-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” /Тайлбар: Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна/ гэж тус тус заажээ.  

Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.” 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг тус тус баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

“А.И” ХХК-иас шүүхэд гаргасан гомдолдоо хариуцагчийн хийсэн татварын тооцооллыг үгүйсгэсэн байдлаар гомдлын үндэслэлээ тодорхойлоогүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ч мөн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад татварын тооцоололтой маргаж, үгүйсгээгүй, зөвхөн 2019 оны шийтгэлийн хуудсанд эрх зүйн үйлчлэлгүй, хүчингүй болсон Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн тул түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлээр маргасан. Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчаас “... гомдол гаргагч компанийн захирал нь хятад хүн байдаг, гүйцэтгэх захирал Г.Ш захиралтайгаа ярилцаад татварын тооцооллыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан учраас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн...” гэсэнтэй холбогдуулан тодруулахад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...гүйцэтгэх захирал нь тухайн үед асуудлыг сайн ойлгохгүй гарын үсэг зурсан байсан, яг одоо тооцооллыг хэлэх боломжгүй байна, хүчингүй болсон хуулиар тавьж байгаа актыг бид зөвшөөрөхгүй ...” гэх тайлбар хийснийг дурдах нь зүйтэй.    

Иймд дээрх үндэслэлүүдээр “А.И” ХХК-ийн татварын улсын байцаагч Б.А, Ц. А нарт холбогдуулан гаргасан “Татварын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.2  дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “А.И” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.А, Ц.А нарын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0291667 дугаар актыг хүчингүй болгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                                             

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН


[1] Хавтаст хэргийн 57 дахь тал