Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/815

 

 

 

 

 

 

 

 

 

   

2021          12         08                                  2021/ШЦТ/815

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч С.Энхтуул /томилолтоор/

шүүгдэгч *******-

хохирогч Н.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2005023321670 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Баянхонгор аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ажиллаж байгаа гэх, ам бүл , дүүгийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дүгээр багт оршин суух хаягтай, одоогоор Баянзүрх дүүргийн  дугаар хороо, тоотод түр оршин сууж байгаа, урьд нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, /РД: /, *******-.

 

         Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

*******- нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэхэн цас” цайны газрыг Н.Т-д цайны газраа түрээслүүлнэ гэж хуурч, улмаар “Цантын гол” ХХК-ийн объект нь манай эцгийн эзэмшлийнх байгаа юм, би нэг давхар болон В1 давхрыг ажиллуулдаг юм гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдчилгаа төлбөр 1.000.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэв.

 

Хохирогч Н.Т- шүүх хуралдаанд “Тухайн үед би эхнэртээ цайны газар түрээсэлж өгье гэж бодоод цалингийн зээл авсан. Тэгээд *******- залилуулаад мөнгөө алдчихсан. Цайны газар ч үгүй, мөнгө ч үгүй болсон. Би хүнээс мөнгө зээлж цалингийн зээлээ төлж барагдуулсан. 700.000 төгрөгийг шүүгдэгч *******-гаас нэхэмжилж байна.” гэв.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

       

          Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд *******- нь “Цантын гол” ХХК-ийн объект болох “Шинэхэн цас” цайны газрыг өөрөө түрээслэн ажиллуулж байхдаа ашиг орлого муутай, түрээсээ төлөх боломжгүй болоод бусдад дамжуулан түрээслүүлэх эрхгүй атлаа тус цайны газрыг түрээслүүлэх зар facebook хаягт тавьж, зарын дагуу холбогдсон Н.Т-д “Цантын гол” ХХК-ийн объектыг манай аавын эзэмшлийнх, би В1-1 дүгээр давхруудыг хариуцан ажиллуулдаг гэж хэлж, Н.Т-д “Шинэхэн цас” цайны газрыг түрээслүүлэхээр тохирч уг цайны газарт засвар хийгээд  2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгнө гэж хэлж түүнээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт авагджээ.

 

Хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан  дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч  Н.Т- мөрдөн байцаалтанд “2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкийн цайны газар, паб түрээслүүлнэ гэсэн групп дээр Баянгол дүүргийн 20-р хороо Гурвалжингийн гүүрний баруун урд байрлалтай Вig худалдааны төвийн замын эсрэг талд байрлах “Цантын гол” компанийн 2 давхар оффисын В1 подвалд байрлах “Шинэхэн цас” нэртэй цайны газрыг түрээслүүлнэ гэж зар бичсэн байсан. Үүний дагуу 9951-5183 дугаарын утсаар холбогдоход өөрийгөө *******- гэж танилцуулан уулзахаар болж 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр уг цайны газарт очиж үзэхэд цайны газар ажлаад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ба орчин нь жоохон бохир байсан. *******- нь хэлэхдээ “Цантын гол” ХХК-ний объект нь манай аавын эзэмшлийнх байгаа юм би нэг болон В1 давхрыг ажиллуулдаг юм хоёрдугаар давхар нь өөр эзэнтэй гэж хэлсэн. Ингээд *******-тай ярилцаад цайны газрыг нэг сарын 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж эхний сарынхаа мөнгийг өгчихөө би энэ мөнгөөр засвар хийгээд орчныг нь янзлаад гоё болгоод өгье гэж хэлсэн. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны Эрдэнэтуяа овогтой *******- 5721353064 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. *******- нь хэлэхдээ 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр засварын ажлыг хийж дуусгаад надад хүлээлгэж өгнө гэж хэлсэн. Бид хоёр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, мөн би *******-гаас цайны газрын зөвшөөрөл хаана байгаа юм бэ гэж асуухад аавд байгаа удахгүй авч өгнө гэж хэлсэн. Би 1.000.000 төгрөгийг шилжүүлээд *******-гаар 1.000.000 төгрөгийг хүлээн авсан гэсэн бичиг хийлгүүлж авсан. 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр очиход цайны газар түгжээтэй байсан ба *******- байгаагүй, 2 давхарт нь засвар хийж байсан хүмүүсээс эзэн нь хэн гэж хүн байдаг юм бэ утасны дугаарыг нь өгөөч гэж асуухад энэ оффисын эзэн нь Эрдэнэбаяр гэж хүн байдаг утасны дугаар 9911-5246 гэсэн дугаарыг өгсөн. Эрдэнэбаяр руу залгаж асуухад би уг оффисыг Оюунчимэг гэх хүнээс худалдаж авсан. Оюунчимэгийг байх үед *******- гэх залуу түрээслээд ажиллуулж байсан мөн уг оффисын харуул манаачаар ажлаар ажиллаж байсан гэж хэлсэн. Оюунчимэг нь надад хэлэхдээ *******-г үргэлжлүүлээд түрээслүүлчих гэхээр нь манаачаар нь ажиллуулаад, В1 давхрын цайны газрыг түрээслүүлсэн боловч 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэж хэлсэн. *******- руу залгахаар утас нь холбогдохгүй, над руу хоёр удаа мессеж бичсэн байсан ба мөнгийг чинь удахгүй өгнө гэж бичсэн байсан. Ингээд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Гэрч Д.Э- мөрдөн байцаалтанд “Цантын гол” ХХК-тай ямар нэгэн холбоо байхгүй. Харин “Цантын гол” ХХК-ний Баянгол дүүргийн 20-р хороо Ажилчдын гудамж 38 тоот 3 давхар барилгыг 2020 оны дугаар сард “Цантын гол” ХХК-ний захирал Оюунчимэг худалдан авсан. 2-3 давхар нийтийн байр, нэг давхар нь хүнсний дэлгүүр, подвал нь цайны газар байсан. Би худалдаж аваад хүнсний дэлгүүр, цайны газрыг хэвээр үлдээгээд, 2-3 давхарт засварын ажлыг хийж байгаа. Подвалд байрлах цайны газрыг “Цантын гол” ХХК-ний захирал Оюунчимэг эгч *******- гэх хүнд түрээслүүлж байсан ба надад хэлэхдээ уг хүмүүсийг ажиллуулаад түрээсийн мөнгийг аваад явж байгаач гэж гуйсан болохоор нь *******-г манаачаар нь ажилуулаад цайны газрынхаа түрээсийн мөнгийг хасуулж байсан. 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр *******- нь гэр рүү бороо ороод ус орчлоо би явахгүй бол болохгүй нь гэж хэлээд ор сураггүй алга болсон. Маргааш өдөр нь ажил дээрээ ирэхэд цайны газрынхаа тоног төхөөрөмжийг ачаад хэл сураггүй алга болсон байсан. Би *******-г ажилдаа ирэх байх гээд хэд хоног хүлээсэн боловч ирээгүй. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй”. гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/

 

Гэрч Ц.О- мөрдөн байцаалтанд “2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай “Цантын гол” ХХК-ийн цайны газрыг тухайн үед А.Х-, *******- нар нь түрээсийн гэрээ байгуулж цайны газрыг түрээслээд 5 сар манайд ажиллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 20-нд Эрдэнэбаярт “Цантын гол” ХХК-ийг худалдсан. Худалдаж авах үед цайны газрыг үргэлжлүүлэн *******- 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилуулана гэж тохирч үлдсэн. *******- манайд цайны газрыг Хишигтогтох гэрээ байгуулж ажилуулаад манаач хийж байгаад сүүлдээ ажлаасаа гарсан. Харин цайны газрыг гэрээгээр түрээсэлж байсан зүйл байхгүй. Уг гэрээгээр дамжуулан түрээслэх талаар дурдаагүй *******- бусдад цайны газрыг түрээслэх ямар нэгэн эрх байхгүй. Сүүлд мэдэхэд Түвшинжаргал гэх хүнээс 1.000.000 төгрөг залилж авсан байсан. Ийм эрх *******- болон Хишигтогтох нарт огт байхгүй.’’ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

 

Гэрч А.Х- мөрдөн байцаалтад “Би *******-тай 2018 оны хавраас эхлэн хамтран амьдрах болсон. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, хүүхэд маань 2 сартай. 2019 оны 10 дугаар сараас эхлэн *******- бид хоёр БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цантын гол” ХХК-ний подвалд нь байрлах “Шинэхэн цас” гэх нэртэй цайны газрыг 1.000.000 төгрөгөөр түрээслүүлэн ажиллуулж байсан. 2020 оны 6 дугаар сар хүртэл бид хоёр ажиллуулсан. Тэгээд ажиллуулахдаа Би “Цантын гол” ХХК-ний эзэн болох Оюунчимэгтэй түрээсийн гэрээ байгуулж байсан. Тухайн үед Оюунчимэг нь 2020 оны 02 дугаар сарын орчимд өөрийнхөө “Цантын гол” ХХК-аа Эрдэнэбаяр гэх хүнд зарсан. Тэгээд бид хоёр Оюунчимэгийг Эрдэнэбаярт “Цантын гол” ХХК-ний объектыг зарсаны дараа Эрдэнэбаяртай яриад үргэлжлүүлэн ажиллуулж байсан. Тухайн үед Эрдэнэбаяр зөвшөөрч байсан. Эрдэнэбаяр бид хоёрт хэлэхдээ тухайн Оюунчимэгээс худалдаж авсан объектод засвар хийгээд өөр үйл ажиллагаа явуулж эхэлтэл *******- бид хоёрыг түрээсэлж бай гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр түрээсэлж байгаад сүүлдээ орлого муудаад түрээсээ өгч чадахааргүй болоод ирэхээр нь *******- бид хоёр 2020 оны 6 дугаар сарын орчимд ажиллуулахаа больсон.  *******- надад “Шинэхэн цас” гэх цайны газрыг ямар нэгэн хүнд түрээсэлж байгаа болон түрээслэх гэж байгаа талаар юу ч ярьж байгаагүй. Би өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******-г “Шинэхэн цас” гэх нэртэй цайны газрыг хүнд түрээслүүлнэ гэж хэлээд хүнээс 1.000.000 төгрөг авсан гэдгийг сонсож байна. Би одоо *******-тай хамт амьдрахгүй байгаа. Би 2021 оны 3 дугаар сарын эхээс *******-тай хамт амьдрахаа больсон. Би 2021 оны 8 дугаар сард төрсөн нэг хүүтэй болсон, *******-гын хүүхэд байгаа юм. Намайг жирэмсэн байхад *******- намайг хаяад явчихсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын эхээр намайг төрхөөс өмнө *******-гийн төрсөн ах Төгсбаяр нь надтай утсаар яриад *******-г өөр эмэгтэйтэй хамт амьдарч байгаа гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

 

Яллагдагчаар  *******-  мөрдөн байцаалтанд “Би Хишигтогтох гэх хүнтэй 2018 оны 4 дүгээр сараас эхлэн амьдрах болсон. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хишигтогтох бид хоёр 2019 оны 10 дугаар сараас эхлэн Оюунчимэг гэх хүний  гурвалжингийн гүүрний баруун талд байрлах “Шинэхэн цас” гэх нэртэй цайны газрыг түрээсэлж ажилладаг байсан бөгөөд энэ хугацаанд цайны газрыг орлого муутай болохоор нь түрээслэх гээд хүмүүс түрээслэхгүй байсан боловч Түвшинжаргал гэх хүн надаас энэ хавьд цайны газар түрээслэх газар байна уу гэхээр нь би энэ цайны газрыг түрээсэлнэ гэж хэлээд бусдаас өөрийн түрээслэн ажиллуулж байсан “Шинэхэн цас” нэртэй цайны газрыг үзүүлээд уг хүн нэг сарын түрээс нь 1.100.000 төгрөг гэж хэлсэн. Харин хэд хоногийн дараа Түвшинжаргал ирээд цайны газрыг түрээслэхээр болж тохиролцоод би Түвшинжаргалаас өөрийн 5721353064 дугаарын Хаан банкны данс руу 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч уг хүнтэй цаасан дээр гараар түрээсийн гэрээ хийсэн. Үүнээс хойш уг хүн цайны газраа ажилуулахаар орох талаар хэлэхэд нь би засвар хийж байна гэж хэлээд дахин залгахад нь мөн уг хариултыг хэлсээр байгаад утсаа салгаад Баянхонгор яваад тухайн утсаа дахин барилгүй хаячихсан. Үүнээс хойш уг Түвшинжаргал гэх хүнтэй огт холбогдож яриагүй. Би уг цайны газрыг ашиггүй болохоор нь бусдад түрээслүүлж, өөрийн алдагдлаа нөхөх гэж түрээслэх болсон. Мөн уг “Шинэхэн цас” цайны газар нь бусдад зарагдаж байсан. Харин тухайн үедээ Түвшинжаргалаас өөр түрээслэх хүн олдоогүй учраас түүнтэй гэрээ хийж мөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан. Түвшинжаргал уг “Шинэхэн цас” цайны газрыг ажилуулсан зүйл байхгүй би уг хүнийг цайны газрын талаар асуух болгонд засвартай байгаа гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 25/, *******-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-49/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгч *******- нь  “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтооход ач холбогдол бүхий баримтууд мөн гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан, цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Залилах гэмт хэрэг нь шунахай сэдэлтээр, санаатайгаар бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан шинжийг агуулдаг.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч *******- амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хохирогч Н.Т-ыг залилан мэхэлсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

            *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэг мөрдөн шалгагдах явцад 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө тус хуульд тусгайлан зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******-н үйлдсэн залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад  гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 4.2 дахь хэсэгт “энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******- нь залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Н.Т-д учруулсан 1.000.000 төгрөгийн хохирлоос мөрдөн байцаалтанд 300.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд шүүх хуралдааны явцад төлөгдөөгүй үлдсэн 700.000 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө амаар илэрхийлж байх боловч хэзээ, хэрхэн, яаж нөхөн төлөх бодит боломжийг илэрхийлж чадаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.

 

*******-н зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******-д анхааруулав.   

 

            Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай захирамжаар суллагдсан байна.

 

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар түүний баривчлагдсан нэг хоногийг эдэлсэнд тооцон хасаж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг  05 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас нийт 700.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Т-д олгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. *******-г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т хэсэгт зааснаар түүний баривчлагдсан нэг хоногийг эдэлсэнд тооцож, *******-н зорчих эрхийг хязгаарлах ялын  хугацааг  05 /тав/ сар 29 /хорин ес/ хоногоор тогтоосугай.

 

4. *******-н зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг  анхааруулсугай.  

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас нийт 700.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Т-д олгосугай.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ