| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2021/0787/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/836 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/836
2021 12 14 2021/ШЦТ/836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******айрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн
улсын яллагч М.Анхбаяр /томилолтоор/
шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105021401914 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д механикч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Салхитын дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: /, *******-.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн Эрдэнэ” хотхоны хашаанд гээгдүүлсэн хохирогч М.Б- эзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг ломбарднаас авч хохирогчид хүлээлгэж өгсөн. Ломбардын 500.000 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэргээс хохирогч М.Б- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хороо Есөн Эрдэнэ хотхоны өргөтгөлийн барилга дээр хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ архи уусан юм. Тэгээд орой 20 цагийн үед барилгын хашаанаас гараад өөрийн утсаа үзтэл миний утас байхгүй байсан. Тэгээд эргээд орох гэсэн боловч хашааны хаалга нь онгойхгүй цоож нь гацаад байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утас руу залгасан боловч дуудаад байсан. Тэхээр нь би архи ууж байсан континар дотор үлдээсэн байх өглөө ирээд авна гэж бодоод гэр рүүгээ явсан. Тэгээд би маргааш нь өглөө 08 цагийн үед ирэх үед надаас өөр хүн ирээгүй байсан. Тэхээр нь харуулд хэлж байгаад нөгөө хаалгаа онгойлгоод утсаа үлдээсэн гэсэн газраа үзэх үед миний утас байхгүй гар утас холбогдохгүй байсан. Хамт архи уусан Мөнхтөр, Батцэнд, Око нараас асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Миний алдсан гар утас самсунг А72 маркийн хар өнгийн гар утас байсан би тухайн гар утсаа хороололд байрлах мобикомоос 2021 оны 08 сард 1.360.000 төгрөгөөр худалдан авсан гар утас байсан юм. Миний гар утсанд ямар нэгэн содон шинж тэмдэг байгаагүй хөх хавтастай гэртэй дотор талд нь Хаан банкны карт автобусны карт зэрэг эд зүйл байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч С.Э- мөрдөн байцаалтанд “2021 оны 10 сарын эхээр манай нөхөр *******- нь орой ажлаасаа 23 цагийн үед ирээд би Баянгол дүүргийн 03 дугаар хороо “Есөн-Эрдэн” хотхон дээр ажиллаж байсан газрынхаа хашааны гадна талаас гар утас олсон гээд авчирч өгөөд намайг тухайн утсыг ашиглах уу гээд надад гар утсыг өгөхөд асаалттай байсан. Сим карт бол байхгүй байсан. Нөгөө утсыг гэртээ хэд хоног байлгаж байгаад мөнгөний хэрэг гараад уг утасны дэлгэцийн кодыг Цайз 16-р хорооллын ойролцоо байрлах газар 50.000 мянган төгрөгөөр гаргуулсан юм. Тэгээд уг утсаа ломбардад 500.000 төгрөгөөр тавьсан юм. Уг гар утас шинэвтэр гар утас байсан харин шилэн наалт нь хагарсан байсан юм. Гар утсыг ломбардад тавьсан бичиг нь байгаа.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/
Эд зүйл хүлээлгэн өгсөн “С.Э-оос гаргаж өгсөн Самсунг А-72” маркийн нэг ширхэг гар утсыг хураан авч М.Б-д хүлээлгэн өгсөн” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/,
“Кости Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-72” маркийн гар утас 1.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 30-31/,
Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны барилгын ажил явагдаж байсан бөгөөд би тухайн хотхоны барилга дээр ажиллаж байсан. Би 23 цагийн үед ажлаа дуусаад “Есөн-Эрдэнэ” хотхоны барилгын хашаанаас гартал газар хар өнгийн гэртэй гар утас хэвтэж байсан бөгөөд би тухайн гар утсыг өөрийн 38-11 тоёота витз загварын тээврийн хэрэгсэлдээ байлгаж байгаад өөрийн эхнэр С.Э-ыг ашигла гэж хэлээд өгсөн бөгөөд тухайн гар утас манай гэрт байж байсан ба манай эхнэр кодыг нь гаргуулаад ломбардад тавьсан байсан. Би гэхдээ тухайн гар утсыг эргүүлээд эзэнд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй хүлээлгэж өгсөн. Би тухайн гар утсыг бусдын эзэмшлийн гар утас гэдгийг мэдэж байсан бөгөөд тухайн гар утас намайг олох үед 20 орчим хувийн цэнэгтэй байсан. Тэгээд тухайн гар миний машинд хэд хоносон нэг харсан чинь унтарсан байсан. Тухайн гар утас руу хүн залгахгүй байсан. Тэгээд гар утсыг асаатал нууц үг нэхээд байхаар нь эхнэртээ ашигла гэж хэлээд өгсөн...Надад гаргах санал хүсэлт байхгүй бөгөөд тухайн гар утсаа эргүүлээд эзэнд нь өгсөн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******- нь 2021 оны 10 дугаар сарын 08-нд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Есөн-Эрдэнэ” хотхоны хашаанд гээгдүүлсэн хохирогч М.Б- эзэмшлийн “Самсунг А-72” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ын “...Есөн-Эрдэнэ” хотхоны барилгын хашаанаас гартал газар хар өнгийн гэртэй гар утас хэвтэж байсан бөгөөд би тухайн гар утсыг өөрийн 38-11 тоёота витз загварын тээврийн хэрэгсэлдээ байлгаж байгаад өөрийн эхнэр С.Э-ыг ашигла гэж хэлээд өгсөн бөгөөд тухайн гар утас манай гэрт байж байсан ба манай эхнэр кодыг нь гаргуулаад ломбардад тавьсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44/, хохирогч М.Б- “...миний утас байхгүй гар утас холбогдохгүй байсан...” /хх-ийн 16-17/, гэрч С.Э-ын “...Есөн-Эрдэнэ” хотхон дээр ажиллаж байсан газрынхаа хашааны гадна талаас гар утас олсон гээд авчирч өгөөд намайг тухайн утсыг ашиглах уу гээд өгсөн...уг утсыг ломбардад 500.000 мянган төгрөгөөр тавьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******- нь “Есөн Эрдэнэ” хотхоны барилга дээр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн үед “Есөн Эрдэнэ” хотхоны барилгын хашааны гадна талд газарт байсан Самсунг А-72” маркийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө завшиж улмаар захиран зарцуулах, дамжуулах эрхгүй атлаа эхнэр С.Э-д ашигла хэмээн дамжуулан өгсөн хэргийн үйл баримт авагджээ.
Улсын яллагчаас *******-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.
Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /дөрвөн зуун тавин нэгжтэй/ тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******-ад танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч *******- нь хохирогч М.Б- эзэмшлийн “Самсунг А-72” загварын 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-ыг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *******АЙРИЙЖАВ