Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/847

 

 

 

 

 

 

 

 

  2021           12            16                                      2021/ШЦТ/847

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003800253 дугаартай  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл , эцэг, эх, эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо  дугаар хороолол  дугаар байрны  тоотод оршин суудаг, урьд нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нарын хяналтанд өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн, /РД: /, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2021 оны 8 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Номгон гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, цэвэр 6322.34 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, 10 хэсэг гялгар уут, оймс хуванцар саванд хийсэн, нийт 6322.34 грамм цэвэр жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 47 дугаар байрны 40 тоотод оршин суух гэртээ болон 41-50 УБА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******- шүүх хуралдаанд “Би энэ жилийн 8 дугаар сард хадам эгчийн хүүхдүүдэд хуучин хувцас хүргэж өгөх гээд Хөтөл явах болсон. Замдаа Номгонд нэг хоносон. Би урьд өмнө нь өвс гэх зүйлийн зургийг нь харж байсан. Ургамалыг Хөтөл гэх газар ургадаг гэдгийг нь олж мэдсэн. Тэгээд сонирхож үзээд түүсэн. Түүж авчирсан бодисоо шавар болгоод өөрийнхөө машинд хадгалсан. Мансууруулах бодисыг өмнө нь би сонирхолын журмаар хэрэглэж үзэхэд надад онц санагдаагүй юм. Сонирхож ийм зүйл болсонд харамсаж байна.” гэв.

Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 47 дугаар байранд үзлэг хийхээр тогтов...уг байрны 2 дугаар орцоор орж 5 дугаар давхарт гарч ертөнцийн зүгээр зүүн талд байх бор өнгийн номер дугааргүй хаалгаар ороход 3 өрөө бүхий зохион байгуулалттай байр байв...би сайн дураараа зааж өгнө гээд уг байрны хойд талын жижиг өрөөнд хар болон саарал өнгийн цүнхтэй зүйл гаргаж ирэв. Хар өнгийн цүнхийг нээж үзэхэд хөх өнгийн гялгар уутанд боосон 3 ширхэг өвс мэт зүйл гарч ирэв. Хар өнгийн цүнхнээс гарч ирсэн хөх өнгийн гялгар уутанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийг 5 гэж дугаарлан жинлэж үзэхэд 1.565 грамм, Хөх өнгийн гялгар ууттай өвч мэт зүйлийг 6 гэж дугаарлан жинлэж үзэхэд 1.380 грамм,  Хөх өнгийн гялгар уутанд боосон өвс мэт зүйлийг 7 гэж дугаарлан жинлэж үзэхэд 2.250 грамм,  Сааран өнгийн цүнхнээс гарч ирсэн цагаан өнгийн тортой өвс мэт зүйлийг 8 гэж дугаарлан жинлэж үзэхэд 764.2 грамм, Саарал өнгийн цүнхнээс гарч ирсэн хөх өнгийн тортой зүйлийг 9 гэж дугаарлав. 9 гэж дугаарласан торноос Voyage гэсэн бичигтэй 3 ширхэг усны саванд хийсэн өвс мэт зүйл байсныг 9-1 гэж дугаарлан жинлэж үзэхэд 213.7 грамм, 9-2 гэж дугаарласан өвс мэт зүйлийн жинлэхэд 107 грамм. 9-3 гэж дугаарласан өвс мэт зүйл 183.8 грамм, 6. Саарал өнгийн торноос гарч ирсэн өвс мэт зүйлийг 10 гэж дугаарлав. 10 гэж дугаарласан торноос гарч ирсэн бохирлогдсон 10-1 гэж дугаарлан, хар өнгийн оймсонд хийсэн өвс мэт зүйлийг 10-2 гэж дугаарлан жинлэж үзэхэд 119.6 грамм, саарал өнгийн уутанд хийсэн өвс мэт зүйлийг 10-3 гэж дугаарлан жинлэж үзэхэд 216.7 гр байсныг тус тус хураан авлаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14/

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл“...47 дугаар байрны ертөнцийн зүгээр урд талын зогсоолд байх зүүн тийш харсан хар өнгийн тоёота приус 20 маркийн 41-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийхээр...жолооч талын хаалганы хавтаснаас цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйл гаргаж ирснийг зиплок түгжээ бүхий гялгар уутанд хийж “1” гэж дугаарлаж жинлэж үзэхэд 2.4 грамм, жолоочийн эсрэг талын суудал байх бохирлогдсон цагаан өнгийн саванд хийсэн бор өнгийн шавар мэт зүйлийг “2” гэж дугаарлан, мөн суудал дээр байсан шар өнгийн аяга бор өнгийн зүйлээр бохирлогдсон “3” гэж дугаарлан, тээврийн хэрэгслийн багажаас шар өнгийн таганд хийсэн бор өнгийн зүйлээр бохирлогдсон зүйлийг “4” гэж дугаарлан тус тус хураан авлаа.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23/

 

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай “...THC хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4172 дугаартай дүгнэлт “шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл 7 гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “8” гэж дугаарласан цагаан өнгийн тортой хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, “9-1” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “9-2” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “9-3” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “10-1” гэж дугаарласан “Сосо Соlа” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, “10-2” гэж дугаарласан хар өнгийн оймс мэт зүйлд хийсэн хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “10-3” гэж дугаарласан цагаан өнгөтэй гялгар ууттай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол  илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1483,6 грамм, цэвэр жин нь 1435,6 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1433.7 грамм болов. “6” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 1359,0 грамм, цэвэр жин нь 1298,4 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 1297,0 грамм болов. “7” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2189,2 грамм, цэвэр жин нь 2142.7 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 2139,4 грамм болов. “8” гэж дугаарласан цагаан өнгийн тортой хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 748,3 грамм, цэвэр жин нь 687,9 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 686,7 грамм болов. “9-1” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 208,6 грамм, цэвэр жин нь 186,3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 184,3 грамм болов.“9-2” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 106,6 грамм, цэвэр жин нь 85,5 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 85,2 грамм болов. “9-3” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 170,4 грамм, цэвэр жин нь 154,3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 153,4 грамм болов. “10-2” гэж дугаарласан хар өнгийн оймс мэт зүйлд хийсэн хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 123,1 грамм, цэвэр жин нь 102,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 101,5 грамм болов. 10-3" гэж дугаарласан цагаан өнгөтэй гялгар ууттай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин нь 230,7 грамм, цэвэр жин нь 228,5 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 227,9 грамм болов.  Шинжилгээнд ирүүлсэн “5” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “6” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “7” гэж дугаарласан хөх өнгийн гялгар уутанд боосон хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “8” гэж дугаарласан цагаан өнгийн тортой хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, “9-1 ” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “9-2” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хуванцар савтай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “9-3” гэж дугаарласан Voyage гэсэн бичиглэлтэй хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “10-1” гэж дугаарласан “Сосo Cola” гэсэн бичиглэлтэй хуванцар сав, “10-2” гэж дугаарласан хар өнгийн оймс мэт зүйлд хийсэн хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл, “10-3” гэж дугаарласан цагаан өнгөтэй гялгар ууттай хар ногоон өнгөтэй, нойтон ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнид ирүүлсэн делта 9  тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-59/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4173 дугаартай  дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар тагтай шилэн сав, “3” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар улбар шар өнгийн аяга, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай бор өнгийн зүйлээр бохирлогдсон голдоо төмөртэй ногоон өнгийн таглаа зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан зиплок гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, “2” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар тагтай шилэн сав, “3” гэж дугаарласан бор өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар улбар шар өнгийн аяга, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай бор өнгийн зүйлээр бохирлогдсон голдоо төмөртэй ногоон өнгийн таглаа зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. “1” гэж дугаарласан зиплок гялгар ууттай цагаан цаасанд боосон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 2,4093 грамм, цэвэр жин нь 1,0482 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,9526 грамм болов..” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-68/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4174 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Мөнхдөл УШ98040233 09/09/21 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн Мөнхдөл УШ98040233 09/09/21 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцод багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн 752 дугаартай  дүгнэлт “*******- нь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. *******-д одоогоор сэтгэцийн өвчтэй болсон гэх шинж, баримт үгүй байна. *******- нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна. *******- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. *******- нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт одоогоор үгүй байна. Сэтгэц идэвхит бодисын хамааралтай этгээдэд Монгол улсад эмчилгээг хийх боломжтой, энэ төрлийн эмчилгээг сайн дурын үндсэн дээр СЭМҮТ-д хийж гүйцэтгэх боломжтой байдаг. *******-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-78/

        Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 124/

 

        Дамно ХХК-ийн автомашинд үнэлгээ хийсэн “...Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 6.230.920 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-85/

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би өмнөх мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байгаа. Би 2021 оны 8 дугаар сарын эхээр ганцаараа Дархан-Уул аймгийн ойролцоо Хөтөл сум руу өөрийн охиныхоо өмсдөггүй хувцсыг эхнэрийнхээ эгчийн хүүхдэд аваачиж өгөхөөр явсан. Тухайн үед ганцаараа өөрийн эзэмшлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинтай хотоос гараад явсаар байгаад Дархан-Уул аймгаас наана Номгон гэх газарт голын эргийн ойролцоо хоносон байгаа. Өглөө босоод Хөтөл рүү цааш явж байх замдаа бие засах үед зам дагуу хар тамхины төрлийн өвс байгааг олж харсан. Хар тамхины талаарх мэдээллийг хувцасны зураг, фейсбүүк, интернэтээс мэдээллийг хардаг байсан. Ингээд өөрийн саваагүй зангаасаа болоод сонирхож хэрэглэж үзэхээр өөрийн байнгын үүрч явдаг хар өнгийн үүргэвчээрээ дүүрэн өвс түүсэн. Ингээд Хөтөл суман дээр очиж өгөх ёстой юмнуудаа өгөөд хоол унд идээд Улаанбаатар руу хөдөлсөн. Ингээд гэртээ ирээд хадгалах газар байхгүй байхаар нь өөрийн гэр болох Баянгол дүүргийн 1-р хороо 47-р байрны 40 тоотод өөрийн унтлагын өрөөний шкафт хадгалсан. Манай гэрийн урд хуучны 2 давхар шар өнгийн байрны орцон дотор youtube-ээс бичлэг харж байгаад цүнхтэй өвснөөсөө жоохныг аваад бичлэг харж байгаад хэрэглэж үзсэн. Ингээд 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригдаад гэртээ хадгалсан өвсөө хураалгасан. Хэрэглэж үзэхдээ ашигласан хэрэглүүр шаврыг өөрийн эзэмшлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины урд талын суудлын голын хайрцаг доор тавьсан байж байгаад үзлэг хийх явцдаа хураалгасан. Би машинаараа борлуулагчийн ажлыг хийж эхнэр хүүхдүүдээ тэжээдэг, өөрийн саваагүй зангаасаа болоод ийм хэрэгт орооцолдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Дахиж ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй. Нийгмээс тусгаарлахгүй шийдэж өгөөрэй гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91/,  ял шалгах хуудас /хх-ийн 101/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч *******- нь 2021 оны 8 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Номгон гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, цэвэр 6322.34 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, 

улмаар 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, 10 хэсэг гялгар уут, оймс хуванцар саванд хийсэн, нийт 6322.34 грамм жинтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 47 дугаар байрны 40 тоотод оршин суух гэртээ болон 41-50 УБА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд тус тус хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******-ийн “...Өглөө босоод Хөтөл рүү цааш явж байх замдаа бие засах үед зам дагуу хар тамхины төрлийн өвс байгааг олж харсан. Хар тамхины талаарх мэдээллийг хувцасны зураг, фейсбүүк, интернэтээс мэдээллийг хардаг байсан. Ингээд өөрийн саваагүй зангаасаа болоод сонирхож хэрэглэж үзэхээр өөрийн байнгын үүрч явдаг хар өнгийн үүргэвчээрээ дүүрэн өвс түүсэн. Ингээд Хөтөл суман дээр очиж өгөх ёстой юмнуудаа өгөөд хоол унд идээд Улаанбаатар руу хөдөлсөн...2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хар тамхитай тэмцэх газрын цагдаа нарт баригдаад гэртээ хадгалсан өвсөө хураалгасан. Хэрэглэж үзэхдээ ашигласан хэрэглүүр шаврыг өөрийн эзэмшлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины урд талын суудлын голын хайрцаг доор тавьсан байж байгаад үзлэг хийх явцдаа хураалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 118-119/, хэргийн газарт үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-14/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 4172 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-59/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4173 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-68/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4174 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-73/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсаныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч *******- нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авсан, хадгалсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

      

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар  маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

Хяналтын прокуророос *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэж, улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

          шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “..зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.

 

         Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

         Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

 

          Иймд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

          Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай юм.

 

         Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаас тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /1/ нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

         Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү” санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

 

        Шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Бусад асуудлын талаар

         Улсын яллагчаас шүүгдэгч “*******-ийн эзэмшлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 1,0482 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг хураан авсан. Гэхдээ хураан авсан мансууруулах бодисын хэмжээ бага байх тул улсын орлого болгох шаардлагагүй гэж үзэж автомашиныг битүүмжлээгүй, харин үнэлгээ хийлгэсэн” гэсэн тайлбар хэлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжиж оролцов.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж заасан байна.

 

        Хавтаст хэргийн 124 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин *******-ийн эзэмшил өмчлөлийнх болох нь нотлогдсон байна. /хх-ийн 124/

 

        Энэ хэргийн хувьд *******- нь хууль бусаар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэж, олж авахдаа өөрийн эзэмшил, өмчлөлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр “Номгон” гэх газраас Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй, цэвэр 6322.34 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис ургамлыг түүж бэлтгэн олж авахдаа өөрийн эзэмшлийн автомашинаар явсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон.

 

       Түүнчлэн *******- нь өөрийн эзэмшил өмчлөлийн Тоёота приус 20 маркийн 41-50 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин нь 1,0482 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалж байсан нь тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4173 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-68/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 33/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул тухайн автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

 

        Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын явцад шүүгдэгч *******-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийн эзэмшил өмчлөлийн 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг битүүмжлээгүй  байна.

        Шүүхээс  шүүгдэгч *******-ийг 41-50 УБА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл гэж дүгнэсэн тул уг автомашины үнэ болох  “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр  тогтоосон 6.230.920 төгрөгийг *******-өөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

          Иймд улсын яллагчаас гаргасан “маш бага хэмжээгээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг автомашинд хадгалсан тул улсын орлого болгох шаардлагагүй” гэсэн санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй тул шүүх хүлээн аваагүй болно.

 

Хяналтын прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1 гэж дугаарласан зиплок гялгар уут цаасны хамт 2.2 грамм өвс, 2 гэж дугаарласан хуванцар тагтай шилэн сав, 3 гэж дугаарласан хуванцар улбар шар өнгийн аяга, 4 гэж дугаарласан зиплок гялгар ууттай голдоо төмөртэй ногоон өнгийн таглаа, 5 гэж дугаарласан шар ууттай 1.475 грамм өвс, 6 гэж дугаарласан шар ууттай 1.350 грамм өвс, 7 гэж дугаарласан шар ууттай 2.175 грамм өвс, 8 гэж дугаарласан шар ууттай 0.745 грамм өвс, 9 гэж дугаарласан шар ууттай 0.115 грамм өвс, 10 гэж дугаарласан шар ууттай 0.240 грамм өвс зэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдсан байна.

 

Эдгээр эд мөрийн баримтуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

Мөрдөн шалгах ажиллагаануудыг бэхжүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоов.

        Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. *******-ийг үргэлжилсэн үйлдлээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. *******-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. *******- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.  *******-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн  үнэ 6.230.920 төгрөгийг түүнээс албадан гаргуулж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан зиплок гялгар уут цаасны хамт 2.2 грамм өвс, 2 гэж дугаарласан хуванцар тагтай шилэн сав, 3 гэж дугаарласан хуванцар улбар шар өнгийн аяга, 4 гэж дугаарласан зиплок гялгар ууттай голдоо төмөртэй ногоон өнгийн таглаа, 5 гэж дугаарласан шар ууттай 1.475 грамм өвс, 6 гэж дугаарласан шар ууттай 1.350 грамм өвс, 7 гэж дугаарласан шар ууттай 2.175 грамм өвс, 8 гэж дугаарласан шар ууттай 0.745 грамм өвс, 9 гэж дугаарласан шар ууттай 0.115 грамм өвс, 10 гэж дугаарласан шар ууттай 0.240 грамм өвс зэргийг тус тус устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалт болон хэрхэн устгагдсан баримтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай. 

 

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ДАЙРИЙЖАВ