| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2021/0080/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/84 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/84
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овгийн Г-н Бд холбогдох эрүүгийн 2127000000092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг Зөрүүлэг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овгийн Г-н Б /РД: ***********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Тэмээн чулууны ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг нойтон, 2 ширхэг хуурай 2,4 м урттай 11 ширхэг шинэс мод бэлтгэж, 09-84 ӨВР улсын дугаартай Хюндэй портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “Тэмээн чулууны ам” гэх газар байгалын хүчтэй үзэгдэл болж, ойг цэвэрлэхээр тус газарт нөхөрлөл гарсан. Миний бэлтгэсэн мод нь салхинд үндсээрээ унасан моднууд байсан. Тухайн газраас 9 ширхэг нойтон, 2 ширхэг хуурай шинэс мод бэлтгэсэн” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г.Бд эрхийн бичиг өгсөн нь үнэн. Мод ачихад нь байгаагүй. Хэрэглээний мод бэлтгэж болохгүй. Түлшний модны стандартад заасны дагуу түлшний мод бэлтгэх ёстой. Хэрэглээний модны стандартыг хангаж байгаа бол хэрэглээний мод гэж үзнэ. Хэрэглээний модыг ойн ангийн тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэх ёстой байдаг. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-68 дугаар хуудас/
Гэрч Н.Загарзүсэмийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өмбөл гэх хүнсний дэлгүүрийн урд замын уулзвар дээр хяналт шалгалт хийж байхад өглөөний 11 цагийн үед 09-84 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашин өнгөрөөд явсан. Тэгээд тус машины араас очоод тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тэвш дээрээ 11 ширхэг бөөрөнхий хэрэглээний шинэс мод ачсан байсан. Жолоочийн бичиг баримтыг шалгахад Г.Б гэх иргэн байсан. Г.Баас тээвэрлэж яваа модныхоо бичиг баримтыг шалгуул гэхэд тус иргэнд модны бичиг баримт байхгүй байсан. Мөн тээвэрлэж яваа хэрэглээний мод нь ойн ангийн ямар нэг тэмдэг тэмдэглэгээгүй байсан тул тээврийн хэрэгслийг саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Гэрч Б.Чүнчигноровын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний машин бишээ Г.Бы эзэмшлийн машин байгаа юм. Би 2017 онд байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас зүс таних хүнээс худалдаж авч байсан. Одоо машин худалдаж авч байсан хүнээ санахгүй байна хаана байгааг нь ч мэдэхгүй байна. Тухайн үед машины бичиг баримтыг шилжүүлж аваагүй өөр хүний нэр дээр байгаа. Би тус машиныг өөр дээрээ 5 жил гаран унаад 2021 оны 08 дугаар сард байх Бат-Өлзий сумын иргэн Г.Б гэх хүнд худалдсан. Тухайн машинаа 800,000 төгрөгөөр худалдсан. Г.Б бид хоёрын дунд машин зарсантай холбоотой ямар нэг өр ширний тооцоо байхгүй. Г.Б надад өгөх ёстой мөнгө төгрөгөө бүгдийг нь өгсөн тул 09-84ӨВР улсын дугаартай автомашин бол Г.Бы эзэмшлийн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Гэрч Н.Орхонтуулын мөрдөн байцаалтад өгсөн: “Би ЕБС-ийн захирлын албан тушаал эрхэлдэг. Манай сургуулийн эзэмшлийн гаднах талбайн модон хайсыг шинэчлэх, зүүн талын гаднах нойлыг шинээр барих зорилгоор Их дөлгөөн ХХК-ийн нэр дээр сургуулийн хэсэг ажилчдын хамтаар сум дундын ойн ангиар талбай тусгаарлуулж мод бэлтгэлд гарсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ажилласан. Манай байгууллагын мод бэлтгэлийн ажилд ойгоос бэлтгэсэн модыг цагаалж /чирэх/ гаргах үүрэгтэй оролцсон. Манай байгууллагат ажилласан өдрийг нь нарийн сайн санахгүй байна гэхдээ бол 2021.09.04-2021.09.05-ны өдрүүдэд ажилласан байх гэж бодож байна. Манай байгууллагат 2 өдөр л ажилласан юм. Мод цагаалж өгсний ажлын хөлс болгож 2 метр урттай 10 ширхэг мод өгсөн. Тус 2 метр урттай 10 ширхэг модыг 2021 оны 09 сарын 10-ны өдөр Г.Бд өгсөн. Баярсайхантай хамт гарсан жолоочид мөн адил 2 метр урттай 10 ширхэг мод өгсөн. 2 жолоочид өгсөн мод нь эхлээд 4 метр урттай байсан бөгөөд жолооч нартаа модоо өгөхдөө голоор нь буюу 2 метрээр тайрч өгсөн юм тэдгээр мод нь нэг талдаа ойн ангийн тусгай тэмдэглэгээтэй мод байгаа Г.Б авсан модоо ачаад сумын төв рүү орж ирсэн. Манай байгууллага бас 2021 оны 09 сарын 10-ны өдөр мод оруулж ирсэн болохоор би санаж байна. Г.Б 2021.09.06-2021.09.07-ны өдрүүдэд ажиллаагүй. Тус өдрүүдэд манай байгууллага бэлтгэл модоо ойн ангиар тэмдэглүүлж байсан. Мод тэмдэглүүлж байхад Г.Б байгаагүй. Манай мод бэлтгэсэн талбайд өөр мод үлдээгүй бөгөөд бэлтгэсэн бүх модоо авчирсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ... солбилцол бүхий Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдахгүй болно” гэх 131 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №36 дугаартай дүгнэлтэд ... Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ: Бөөрөнхий нойтон мод нь: 0.9 шоо.метр х570216төг=513194x1.8=923749 /есөн зуун хорин гурван мянга долоон зуун дөчин есөн төгрөг/ Бөөрөнхий хуурай мод нь: 0.26 шоо. метрх168655 төг=43850х1.8=78930 /далан найман мянга есөн зуун гучин төгрөг/ нийт экологийн эдийн засгийн үнэлгээ 1002679 /Нэг сая хоёр мянга зургаан зуун далан есөн төгрөг/ /хх-ийн 13 дугаар хуудас/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндуламын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 15/04/336/13 дугаартай акт /хх-ийн 17 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж,тээвэрлэсэн гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Тэмээн чулууны ам гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 9 ширхэг нойтон, 2 ширхэг хуурай 2.4 м урттай 11 ширхэг шинэс мод бэлтгэж, 09-84 ӨВР улсын дугаартай Хюндэй портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 65-68-р хуудас/, гэрч Н.Загарзүсэм, Б.Чүнчигноров, гэрч Н.Орхонтуул нарын мэдүүлэг /хх-ийн 76, 77-78, 86-87-р хуудас/, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 131 дугаартай албан бичиг, хавсралт зураг /хх-ийн 42-44-р хуудас/, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндуламын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “нөхөн төлбөр тогтоох тухай” 15/04/336/13 дугаартай акт /хх-ийн 17-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.
Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Г.Бы үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Быг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
шүүгдэгч Г.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1,002,679х3=3,008,037 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.Баас 3,008,037 төгрөгийг төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын /100100351404/ дансанд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-84 ӨВР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Бы эзэмшлийнх биш болох нь тогтоодож байх тул 09-84 ӨВР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бы бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байгаа 11 ширхэг шинэс модыг улсын орлого болгов.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Г-н Быг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн Г-н Быг 245 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 09-84 ӨВР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 1,500,000 төгрөгийг шүүгдэгч Г.Баас гаргуулж улсын орлого болгох,
шүүгдэгчийн бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байгаа 11 ширхэг шинэс модыг тус тус улсын орлого болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 3,008,037 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын /100100351404/ дансанд олгосугай.
6.Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН