Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

ТГЭХ ТОГТООЛ

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ын Б-д холбогдох 214.... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, гагнуурчин  мэргэжилтэй, “А” ХХК-нд ковшны жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 2-12 насны 3 хүүхдийн хамт, Х аймгийн Б сумын 1 дүгээр баг Нийтийн байрны     0000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, бие эрүүл гэх, Б овогт Д-ын Бттулга. /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байх үед Б сумын 1 дүгээр баг нийтийн байр 2-33 тоотод буюу гэртээ эхнэр Н.Э-ийн нүүрэн тус газар 1 удаа цохиж, улмаар зүүн гуян тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гуяны гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.  Үүнд:

-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

-Хохирогч Н.Э-ийн “...Би Х аймгийн Б сумын 1-р баг нийтийн байр ... тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тараад 17 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Б гэрт танихгүй нэг залуутай найз нь гээд хамт пиво уугаад сууж байсан. Намайг орж ирэхэд 3 том пиво уучихсан сууж байсан. Би гэрт орж ирээд хоолоо хийхээр махаа гаргаад сууж байтал нөхөр Баттулга найзыгаа гаргаж өгнө гээд гэрээс 20 цагийн үед найзтайгаа гарсан. Тэгээд гараад удалгүй 15 орчим минутын дараа гэрт орж ирээд хоолоо хийсэнгүй гээд уурлаад, унт гэхэд унтахгүй хэрүүл өдөөд суугаад байсан. Тэгээд босож ирээд миний нүүр рүү 1 удаа гараараа цохьсон. Тэгэхээр нь би уурлаад өөдөөс нь цохьсон. Тэгтэл Б нэлээд уурлаад гарлаа гээд гарах гээд зогсож байснаа хаанаас ч юм 1 хутга гаргаж ирээд дүрнэ шүү гээд байхаар нь би чи болиоч гээд хутгыг нь булааж аваад шидчихсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд нөхөр гэртээ байсан. Тэр хутгыг нь би аваад хаашаа шидсэнээ мэдэхгүй байна. Одоо болтол гэрээс олдохгүй байна. Жижиг улбар шар бариултай хутга байсан. Би гэртээ шорттой байсан чинь зүүн хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэгдсэн. Баттулга уурлаад дүрнэ гээд байхаар нь би хутгыг нь булааж авах гэтэл миний зүүн гуя хэсэгт зүсчихсэн. Хөл зүсчихээр нь би хутгыг нь булааж аваад шидчихсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлчихээд боолт хийлгээд гэртээ орж ирээд унтсан. Миний нүүрэнд болон биеийн бусад хэсэгт ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би Б-ай хамт амьдраад 14 жил болж байна. Манай 3 хүүхэд бүгд Б бид хоёрын хүүхдүүд байгаа. Урьд нь муудалцаад хааяа гар хүрдэг байсан ба цагдаад шалгуулж байгаагүй.” /хх-ийн 08-09-р ху/

-Хохирогч Н.Э-ийн дахин өгсөн “...Б бид 2 гэр бүл болоод 14 жил болж байна. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй, манай том хүүхэд 12 настай, дундах нь 4 настай, бага нь 2 настай. Бид 2-ын дунд гэр бүлийн асуудлаар хоорондоо хэрэлдэж маргалдах зүйл байдаг. Хэрэлдэж маргалдаж байхдаа Б миний биед ганц нэг удаа гар хүрч байсан удаа бий. Гэхдээ гэмтэл учрахаар зодож байсан удаа байхгүй. Миний бие рүү гараараа цохих, түлхэх зэргээр нилээн хэдэн жилийн өмнө гар хүрч байсан. Харин 2021 онд миний биед гар хүрээгүй, цохиж зодоогүй. Манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлддэггүй...Тухайн үед хоол хийх гээд мах гаргасан байсан. Б намайг хоол хийсэнгүй гэж уурлаж байгаад өөрөө хоолоо хийнэ гээд шар өнгийн иштэй жижиг шар хутгаар махаа хэрчсэн. Max хэрчиж байхаар нь би очиж Баттулгатай хэрүүл хийсэн. Намайг хэрүүл хийж байхад миний нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Б-ыг гэрээс яв гэж хэлэхэд мах хэрчиж байсан хутгаа бариад үүдний хэсэгт очихоор нь явуулахгүй гээд зууралдсан. Тухайн үед Баттулга гутлаа өмсөх гээд тонгойгоод байж байсан. Тэгэхэд гарт нь мах хэрчиж байсан хутга байхыг нь хараад би хутгыг нь булааж авах гэтэл хутгаа надад өгөхгүй гээд, намайг цаашаа бай гээд түлхэхдээ миний зүүн гуяыг хутгалсан. Энэ хутга одоо манай гэрт байхгүй. Тэр хутгыг гэрийнхээ хогнуудтай хамт уутанд хийгээд Бор-Өндөр хот тохижуулалтын хог ачдаг машинд өгч хаяулсан... Баттулга бид 2 хоорондоо хэрэлдэж маргалдах үед манай 3 хүүхэд байсан, гэхдээ жижиг өрөөнд байсан. Бид 2-ын юу болсоныг хараагүй, жижиг өрөөндөө ор гэж хэлээд оруулсан байсан юм... Би Бай анх 2008 онд танилцаж гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Б бид 2 гэрлэлтийн баталгаагаа 2020 онд батлуулсан. Ерөнхий боловсролын сургуульд манай нөгөө анги байсан. Зан байдлын хувьд даруухан дөлгөөн, томоотой. Хүн харахад хурц ширүүн харцтай, ууртай юм шиг байдаг боловч даруухан. Архи согтууруулах ундаа хэрэглэдэг, архи уусан үедээ хэрүүл хийх гээд байдаг, тэрнээс биш архи уугаагүй үедээ амьдралын төлөө хүн. Одоо Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг "Алтайн цаст уул" ХХК-ны ковшны оператор хийж байгаа. Архаг хууч өвчин байхгүй, сэтгэцийн өвчин эмгэг байхгүй. Манай нөхөр цэргийн алба хааж байсан. Найз нөхөд дундаа нэр хүндтэй. Улсаас авсан гавьяа шагнал байхгүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээтэй холбоотой гарсан зардал, баримт байхгүй. Нөхөр бид 2 учраа олж эвлэрсэн... гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р ху/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №02 тоот шинжээчийн “1.Н.Э-ийн биед зүүн гуяны гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 15-16-р ху/

-Шүүгдэгч Д.Б-ын “Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Э.О, Э.Э, Э.А нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд” /хх-ийн 41-44-р хуудас/

-Шүүгдэгч Д.Б-ын “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн          47-р хуудас/

-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 61-67-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байх үед Б сумын 1 дүгээр баг нийтийн байр 2-33 тоотод буюу гэртээ эхнэр Н.Э-ийн нүүрэн тус газар 1 удаа цохиж, улмаар зүүн гуян тус газар хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гуяны гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Б-гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэр бүлийн гишүүд болох нөхөр, эхнэрийн хоорондын харилцаа, хандлага  зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт  хэргийн улмаас хохирогч Б овогт Н-ийн Э/РД: /-ийн биед шинжээчийн дүгнэлтээр зүүн гуяны гадна доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирч, хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй”  /хх-36ху/ гэж мэдүүлсэн ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэснийг дурдах нь зүйтэй.

Иймд хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг үндэслэн  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болон  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдолгүй гэснийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд гурав хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баттулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

 

1.Шүүгдэгч Б овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д-ын Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд гурав хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Д.Б-йд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ