Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч: *******, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ын *******т холбогдох эрүүгийн 2127000490050 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д хромын операторын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол *********** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ******* овогтой *******ын ******* /РД:************/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Сансар хорооны ************ тоотод хохирогч *******ын гэрт тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

 

            Хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:

            2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 11 цагийн үед ******* манай гэрт орж ирсэн. Би тухайн үед ханиад хүрсэн гал дээр архи халаагаад халуун перцтэй уух гээд байж байсан. Тухайн архийг ******* бид хоёр хувааж уусан. Тухайн архиа ууж дуусаад ******* дэлгүүр явж нэг шил архи, 2.5 литрийн пиво авч ирээд бид хоёр хувааж ууж байхдаа хөөрөгнөөс болж хоорондоо маргалдаж эхэлсэн. ******* маргалдаж байснаа ширээний цаанаас гэнэт боосож ирээд намайг гараараа нэг удаа цохисон. Бид хоёр хоорондоо харилцан зодоон хийсэн. Манай эхнэр босож ирээд *******ыг гэрээс хөөгөөд гаргасан. 15 минутын дараа ******* нь эргээд манай гэрт орж ирээд надтай дахин зодоон хийсэн. Манай эхнэр *******ыг баруун талын орон дээр дарж хэвтэж байгаад хүүхдээр цагдаа дуудуулсан. Удалгүй хоёр цагдаа манай гэрт ирээд бид хоёрыг эмнэлэг авч яваад *******ын хагарсан толгой болон миний нүдэнд боолт хийлгүүлсэн. Би эмнэлэг дээрээс шууд гэртээ ирсэн. Тухайн хоёр цагдаа хэлэхдээ маргааш хэлтэс дээр ирж хэргээ шийдүүлээрэй гэж хэлсэн. Миний нүд өвдөөд 3 сар гэртээ хэвтсэн. Миний нүдний хавдар арилахгүй байсан. 20 хоногийн дараа хавдар буутал миний нүд харахгүй байгааг мэдсэн. Тэгээд Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн нүдний эмчид үзүүлтэл яаралтай Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж 13А маягт хийж өгсөн гэв.

 

            Яллагдагч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би гэм бууруугаа ойлгож байгаа ийм айхтар болчихно гэж бодоогүй. Надтай бол утсаар ярьж эмчилгээ сувилгаа хийлгэх гэж байгаагаа хэлсэн ах дүүсийн хүмүүс болохоор ******* ахтай уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/,

 

Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Ямар ч байсан нэг өвөл ******* тархи толгойгоо хагалуулчихсан толгой хэсэгтээ боолт хийлгэсэн. Эмнэлэг дээр боолт хийлгэж оёдол тавиулсан гэж хэлж байсан. Тухайн үед гадаа цастай өвөл л байсан. Тэрний дараахан ******* Улаанбаатар хот руу явах гэж байгаагаа хэлсэн. Тэгэхээр нь очиж уулзаж 300 000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш нэг сар орчмын дараа утсаар ярьж байгаад хэдэн төгрөг явуулсан. Тухайн үедээ хэдэн төгрөг шилжүүлж байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би зүүн талынхаа орон дээр хүүхэдтэйгээ хэвтэж байтал тэр хоёр маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь босоод иртэл манай нөхөр орныхоо зүүн гар талын нүдээ алган дээрээ тавьчихсан байсан. Миний нүд рүү цохиод нүд бүлтэрчихлээ гээд сууж байсан. Тэгээд манай нөхөр нүдээ өөрөө буцаагаад хийсэн. Тэгээд би *******ыг яв гээд гэрээс хөөгөөд гаргаад явуулсан. Төд удалгүй эргэж орж ирээд гүйцээгээд хаячихая гээд манай нөхөр рүү дайрсан. *******ыг баруун талын орон дээрээ дарж аваад хүүхдээ цагдаа дууд гэж хэлсэн. Жижүүр эмчид манай нөхөр нүдээ үзүүлж боолт хийлгүүлсэн. *******ын толгойг мөн боолт хийлгүүлээд 2 цагдаа *******ыг аваад явсан. Тэр 2 цагдаа та 2 маргааш цагдаа дээр очиж асуудлаа шийдүүлээрэй гэсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний бие *******ын биеийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үзсэн. Тухайн үед ******* нь надад хэлэхдээ 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бусдад зодуулсан гэж хэлж байсан. Тэр үед нь би *******т 13А маягт хийж өгөөд Улаанбаатар хотод очиж үзүүл гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 дугаар хуудас/,

 

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний хүү ******* нь 1993 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй айлын ганц эрэгтэй хүүхэд байгаа юм. Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүүхэд байхдаа цэцэрлэг сургуульд явж байсан. Зан байдлын хувьд ерөнхийдөө гайгүй, хамт олонч хүнд тусархаг, ажил сайн хийдэг хүүхэд байгаа юм. Манай хүү тогтсон ажилгүй байж байгаад 2021 оны 03 дугаар сараас эхлэн “*******” ХХК-ийн хромын операторын инженер ажил хийж байгаа одоо эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 30 байрны 35 тоотод оршин суудаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/,

 

Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...******* нь миний найз байгаа юм. Бид хоёр цэцэрлэг сургуульд байхаас эхлэн найзлан нөхөрлөх болсон. Манай найз ******* зан байдлын хувьд багаасаа төлөв даруухан, сэргэлэн хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар  хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №183 дугаартай:

“...1. Үзүүлэгч ******* биед зүүн нүд сохорсон гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн буюу гараар цохих үед үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байж болох нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна.

4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байж болох нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна.

5. Нүд сохорсон гэх гэмтэл нь хүнд цохиулсны улмаас үүсэж болно.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохын 7.31.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулна.

7. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар Ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулж байгаа тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №390 дугаартай:

“...1. *******ын биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний шилэнцэрийн цус харвалт, гэмтлийн гаралтай нүдний алимны ширгэлт, эвэрлэг цайлт, зүүн нүдний хараагүйдэл гэмтэл учирчээ.

2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. *******ын биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтохын 7.31.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувийг алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №183 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 

6.*******ын биед толгойн КТГ-н зураг нэмэлтээр хийх үед зүүн талын хацар ясны нум дунд 1/3 хэсгээрээ цөмөрсөн бороолсон хуучин хугарал, зүүн талын нүдний ухархайн дотор хана 1.1 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.4 см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй, зүүн хажуу хана цөмөрсөн бороолсон хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдсон байх ба уг гэмтэл үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хх-ийн 42-46 дугаар хуудас/

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн бүртгэлийн хуулбар, *******ын бакалаврын дипломын хуулбар, “*******” ХХК-ийн тодорхойлолт, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, өмнө нь ял шийтгүүлж байсан талаарх хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд, хохирогчид хохирол төлсөн баримт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,103-106, 108-122, 130  дугаар хуудас/ зэрэг болно.

 

 Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Сансар хорооны 4-12 тоотод хохирогч *******ын гэрт тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогч *******ын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн болох нь

хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 65-71  дүгээр хуудас/, гэрч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 72-73 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №183 дугаартай: “...1. Үзүүлэгч ******* биед зүүн нүд сохорсон гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн буюу гараар цохих үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байж болох нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. 4. Дээрх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байж болох нь эмнэлгийн бичиг баримтаар тогтоогдож байна. 5. Нүд сохорсон гэх гэмтэл нь хүнд цохиулсны улмаас үүсэж болно. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоохын 7.31.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувиар алдагдуулна. 7. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар Ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр алдагдуулж байгаа тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т тодорхойлж хуульчилсан.

            Тухайн хэргийн нөхцөлд хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт ******* нь хохирогч *******т эмчилгээ үйлчилгээний зардалд нийт 1 000 000 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримт болон шүүгдэгч, хохирогчийн тайлбараар тус тус нотлогдсон.

            Хохирогч ******* нь шүүгдэгчээс эмчилгээний зардал, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул 10 000 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилдэг хэдий ч хэрэгт 164 000 төгрөгийн баримт авагдсан ба нотлох баримттай 164 000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс хохирогчид төлсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. Харин нотлох баримтгүй 9 000 000 төгрөгийг шүүхээс хэлэлцэхгүй орхиж энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн мөн цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

           

            Шүүх, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

           

            2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг  2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн үйлчлэл хамаарна” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/... ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан.

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хэргийн зүйлчлэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, цаашид хохирол төлбөр төлөхөө илэрхийлж хуралдаанд тайлбарлан хохирогчтой тохиролцсон зэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна гэж шүүхээс үзсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаас 02 жилийг хасч түүний биечлэн эдлэх ялыг 03 сарын хугацаагаар тогтоов.

 

            Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар *******т оногдуулсан 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаас 02 жилийн хугацаагаар хорих ялыг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 03 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар *******т оногдуулсан 03 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон энэ хуралдаанаар хэлэлцээгүй орхисон 9 000 000 төгрөгийн хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.САРАНТУЯА