Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 735

 

С.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч С.С-гийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С-гийн гаргасан давж заалдах гомдлоор С.Сд холбогдох эрүүгийн 1804000750084 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овгийн С.С, 1974 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 17 тоотод оршин суух хаягтай,

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуульд хамрагдаж суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 86 дугаар захирамжаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: УГ74110215/,

 

С.С нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 17 тоотод байрлах өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан 70 настай, төрсөн эх Т.Хишгээ, 12 настай зээ дүү П.Анар нарын эсрэг байнга догшин авирлаж, агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг хагалж, эвдэлж, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, бүдүүлэг авир гаргаж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Багануур дүүргийн прокурорын газраас: С.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүүхэд, ахмад настны эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Олхонууд овгийн С.С-г 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.С-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.С-гийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдэлсэн ялд оруулан тооцож, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хишгээ, насанд хүрээгүй хохирогч Д.Анар нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.С шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 9, 11, 2 дугаар сарын 12-нд дүү Пүрэвжаргалтай маргалдсан. ...Би шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон. Шүүгч намайг өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэсэн боловч шүүх хурал дээр “чи өөрийгөө өмөөрөөд байна” гээд юм хэлэх боломж олгохгүй байсан. ...Яг хэдэнд, ямар аяга, таваг, сав суулга хагалж, хэмхэлсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. Манай сав суулга, аяга, таваг бүгд бүрэн байгаа. Пүрэвжаргалыг түлхэхэд л нэг аяга унаж хагарсан. ...Би 2018 оны 2 дугаар сарын 22-ноос хойш 2 удаа л гэртээ хувцсаа солих гэж орсон. Би гадуур найз нөхдийнхөөрөө хонодог байсан. Дүү Пүрэвжаргал 2017 оны 12 дугаар сарын 23-нд хотоос орой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Гэтэл манайхан “2018 оны 1 дүгээр сарын 9-нд ирсэн” гэж худал мэдүүлсэн. ...2018 оны 2 дугаар сарын 12-нд ээж Хишгээ нь “23 цагаас 05 цаг хүртэл шөнөжингөө агсам тавьсан” гэж мэдүүлдэг. Би тэр өдөр найз Хосбаярынд хоносон. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 6 сараас 2 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарагдаж байх бөгөөд тэрээр урьд нь 4 удаагийн ял шийтгэлтэй нь тогтоогдсон гэсэн. Гэтэл шинэ хуулиар өмнөх ял шийтгэлийг энэ хэрэгт хамаарахгүй гэж заасан. Намайг 4-н удаагийн ял шийтгэлтэй гэх үндэслэлээр хаалттай хорих байгууллагад ял шийтгэсэн. Энэ бүгдийг дахин нотлох баримттайгаар шалгуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу...” гэжээ.

 

Шүүгдэгч С.С-гийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцоогүй. Хүсэлт гаргаад шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан, хуралд нь оролцсон. Хэргээс харахад гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг айлган сүрдүүлж, амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэргийг С.С нь үйлдсэн байна гэсэн ерөнхий ойлголт авсан. Үүнтэй маргахгүй гэж бодож байна. Шүүгдэгч С.С хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Хаалттай хорих ангид ял эдлэх хэцүү байх юм аа гэсэн зүйл л яриад байдаг. Шүүгдэгч С.С 1 жил 6 сарын хугацаатай хорих ял шийтгүүлж байгаа учраас нээлттэй хорих ангид ял эдлүүлэх боломж байвал энэ талаар харгалзаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа” гэв.

 

Прокурор Б.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.С нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Багануур дүүргийн 3 дугаар хорооны 36 дугаар байрны 17 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан, 70 настай, өөрийн төрсөн эх Т.Хишгээ, 12 настай зээ дүү Д.Анар нарын эсрэг байнга догшин авирлаж, харгис хэрцгий хандаж байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

С.С нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 36 дугаар байрны 17 тоотод байрлах өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох ахмад настан 70 настай, төрсөн эх Т.Хишгээ, 12 настай, зээ дүү П.Анар нарын эсрэг байнга догшин авирлаж, агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг хагалж, эвдэлж, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван амьдрах нөхцлийг алдагдуулж, бүдүүлэг авир гаргаж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдлоо.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Хишгээ нь дээрх цаг хугацаанд шүүгдэгч С.С нь байнга бүдүүлэг, догшин авир гаргаж, тогтмол согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсам тавьж, гэрийнхээ эд зүйлийг хагалан эвдэлж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийг амгалан тайван амьдрах нөхцлийг нь алдагдуулж, хэл амаар доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар тодорхой мэдүүлсэн /хх-7-13/ байх бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч П.Анарын мэдүүлэг /хх-18/ болон аюулын зэргийн үнэлгээгээр “өндөр” гэж дүгнэсэн үнэлгээний маягт /хх-35-36/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, ярилцлагын тэмдэглэл /хх-46-53/ зэргээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч С.С гаргасан давж заалдах гомдолдоо: “Яг хэдэнд, ямар аяга, таваг, сав суулга хагалж, хэмхэлсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй. Манай сав суулга, аяга, таваг бүгд бүрэн байгаа. Пүрэвжаргалыг түлхэхэд л нэг аяга унаж хагарсан. ...Би 2018 оны 2 дугаар сарын 22-ноос хойш 2 удаа л гэртээ хувцсаа солих гэж орсон. Би гадуур найз нөхдийнхөөрөө хонодог байсан. Дүү Пүрэвжаргал 2017 оны 12 дугаар сарын 23-нд хотоос орой 18 цаг өнгөрч байхад ирсэн. Гэтэл манайхан “2018 оны 1 дүгээр сарын 9-нд ирсэн” гэж худал мэдүүлсэн. ...2018 оны 2 дугаар сарын 12-нд ээж Хишгээ нь “23 цагаас 05 цаг хүртэл шөнөжингөө агсам тавьсан” гэж мэдүүлдэг. Би тэр өдөр найз Хосбаярынд хоносон. ...Энэ бүгдийг дахин нотлох баримттайгаар шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.

Хохирогч Т.Хишгээ “...С нь 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед гаднаас согтуу орж ирээд гадаа хамт архи уусан хүмүүстэйгээ муудалцаж, уурласан уураа бидэнд гаргаж, дайрч давшилж, намайг яах гэж гаргасан юм бэ, одоо цагдаагаа дууд, мөнгө ихтэй авгай юм байна гэж доромжилсон. ...Пүрэвжаргал руу орилж хашгирч, дайраад, аяга таваг хагалаад, Пүрэвжаргалыг үсдээд барьж аваад зодсон...” /хх-7-13/,

мөн насанд хүрээгүй хохирогч П.Анар “...Сумъяа ах ...2018 онд маш олон удаа согтуу орж ирж, агсам тавьсан, бүр тоогоо алдсан. Эрүүл гэрт ирэх нь их ховор байдаг. Сумъяа ах архи уугаад ирэх болгондоо гэрт агсам тавьдаг, согтуу ирээд, эмээг янз бүрийн үгээр хэлж, орилж, хашгирч байгаад сүүлдээ сав суулга эвдээд хагалж шидээд байдаг. Намайг болон манай эгчийг та хоёр өнчин, миний ээж дээр байгаа шүү гэж хэлдэг, тэгээд хөргөгчинд байгаа хамаг юм аваад идчихдэг...” /хх-18/ гэж тус тус мэдүүлжээ.  

Хохирогч Т.Хишгээ болон насанд хүрээгүй хохирогч П.Анар нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч С.С-г гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч С.С-г хүүхэд, ахмад настны эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 1 жил 6 сар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. 

Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ