Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0095/З |
Дугаар | 221/МА2019/0671 |
Огноо | 2019-12-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2019/0671
“Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор “Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “ Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцохгүйгээр, манай компанийн удаа дараагийн гаргаж байсан хүсэлтээс эрх зөрүүтэйгээр шийдвэр гаргаж, урьд нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар ашиглахаар шийдвэрлэгдсэн байсан 3515 м.кв газрын зориулалтыг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 тоот захирамжаар хүүхдийн цэцэрлэг болгон өөрчилсөн байна.
Уг захирамжийн дагуу Нийслэлийн газрын албанаас Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т заасан “Энэ хуулийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсний дагуу газар эзэмшигч “Б Х” ХХК-д захирамжийг танилцуулж, газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулаагүй бөгөөд манай компани энэ шийдвэрийг хэрэг маргаан анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж байх үед албан ёсоор мэдэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан билээ.
Нийслэлийн газрын албанаас нэхэмжлэгч “Б Х” ХХК-тай газар ашиглах гэрээг шинэлэн байгуулаагүй болох нь хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”-ний хуулбараас харагддаг бөгөөд манай компанийн хувьд эрх ашиг нь зөрчигдсөн дээрх шийдвэрийг мэдмэгц тухайн үед нь холбогдох журмаар гомдлоо гарган шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасны дагуу нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчээс “1/ Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2/ 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б Х” ХХК-д холбогдох газар эзэмших эрхийн зориулалтыг сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилсөн хэсгийг хүчингүй болгуулах, 3/ 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх шаардлага тус бүрд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Тодруулбал анхан шатны шүүхээс 1/ Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2/ Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, 3/ 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос үзвэл “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргаагүй харин “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт гомдол гаргасан гэж ойлгогдохоор байна.
Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн давж заалдах гомдлын дагуу хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Б Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 678 дугаар захирамжаар 15274 м.кв газрыг орон сууцны хорооллын зориулалтаар эзэмшсэн, уг 15274 мкв газарт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 3515 м.кв газар багтсан байна.
Нэхэмжлэгчид 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон 0001280 дугаартай газар ашиглах эрхийн нэг гэрчилгээ олгогдсон. Үүний дараа буюу 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаартай захирамжаар дээрх 15274 м.кв газрыг тухайн хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн тусад нь нэгж талбар бүрээр хуваан зориулалтыг заажээ.
Тухайлбал цахилгааны дэд станц барих зориулалтаар 143 м.кв, орон сууц барих зориулалтаар 669 м.кв, орон сууц барих зориулалтаар 2088 м.кв, орон сууц барих зориулалтаар 271 м.кв, орон сууц барих зориулалтаар 576 м.кв, орон сууц барих зориулалтаар 319 м.кв, орон сууц барих зориулалтаар 3406 м.кв, орон сууц барих зориулалтаар 452 м.кв, орон сууц барих зориулалтаар 3515 м.кв, орон сууц барих зориулалтаар 646 м.кв, хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар 3188 м.кв газрыг тус тус төлөвлөжээ.
Үүнээс үзэхэд эхнээсээ дээрх төлөвлөлт бүхий шийдвэрийн дагуу хотхон дотроо сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороололд орон сууцны зориулалтаар тусдаа нэгж талбарууд бүхий газрууд төлөвлөгдсөн байжээ.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжаар хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар олгогдсон 3188 м.кв газрын зориулалтыг орон сууцны зориулалттай болгож, харин орон сууцны зориулалтаар олгогдсон 3515 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгож өөрчилжээ.
Тодруулбал мэдээллийн санд нэгж талбарын 18640310922278 дугаартай бүртгэгдсэн 3515 м.кв газар нь байршил хэмжээ өөрчлөгдөөгүй бөгөөд 2016 оны А/562 дугаар захирамжаар түүний баруун талд байрших нэгж талбарын 18640310875272 дугаарт бүртгэгдсэн 3188 м.кв газартай ийнхүү зориулалтыг нь сольсон, энэ нь хотхон дотроо сургууль, цэцэрлэг бүхий орон сууцны цогцолбор хороолол байх төлөвлөлтийн хүрээнд байгаа болох нь тогтоогджээ. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч анхнаасаа цэцэрлэг барихаар олгогдсон 3188 м.кв газрыг орон сууцны зориулалттай болгосон хэсэгт гомдол гаргахгүй, түүний тухай дурдахгүй, харин орон сууц барихаар төлөвлөгдсөн байсан 3515 м.кв газрыг цэцэрлэг барихаар өөрчилсөнд гомдол гаргаад, өөрийгөө хохирсон мэтээр тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгч “Б Х” ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны цогцолбор хороолол хотхон дотроо цэцэрлэг, сургуультай байхаар төлөвлөгдсөн, цэцэрлэгийн зориулалтаар 3188 м.кв газар ашиглах эрх олгогдсон байсныг орон сууцны зориулалттай 3515 м.кв газартай зориулалтыг сольсон, энэ шийдвэрийг нэхэмжлэгч өмнө нь мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь “Б Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй болжээ.
Давж заалдах гомдолд ямар үндэслэлээр 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар өөрчлөхийг даалгах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй төдийгүй шүүхээс цуглуулсан нотлох баримт, талуудын тайлбараар ч гэсэн ийнхүү шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.
Хэрвээ 3515 м.кв газрын зориулалтыг орон сууц, цэцэрлэгийн зориулалтаар болгон өөрчлөх юм бол “шударга ёс”-ны зарчмын үүднээс одоо орон сууцны зориулалттай байгаа 3188 м.кв газрыг цэцэрлэгийн зориулалттай болгох нь болгох нь зүйд нийцнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2019/0528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР