| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/0059/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
ГЭХ Т
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ын Э-д холбогдох 214.... тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын 01-ний өдөр Х. аймгийн Г. суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Х. аймгийн Г. сумын 6 дугаар баг Ц.д оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.овогт Г-ын Э. /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 11 сарын 27-ны өдөр 19 цагийн үед Х аймгийн Г сумын 6 дугаар багийн Ц-ы гудамжинд оршин суух И-ийн гэрт согтуугаар өөрийн хамтран амьдрагч П.Ч-тай маргалдаж улмаар толгойн хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
-Хохирогч П.Ч-ы “...Би Х аймгийн Г сумын 6 дугаар баг Цд нөхөр Г.Э, 3 хүүхдийн хамт амьдардаг. Би нөхөртэйгээ 2021 оны 11 сарын 27-ны өглөө 09 цагийн үед хөдөө явна гэхээр нь явуулахгүй гэж маргалдсан. Манай нөхөр надтай маргалдаад уурлаад гэрээсээ гараад явчихсан. Г.Э гэрээсээ гараад явчихаар нь араас нь гараад М гэдэг айлын гэрт очсон. Тэдний гэрт очоод "Хараа" нэртэй 0.5 литрийн савлагаатай архийг Май хувааж уусан. Архиа ууж дуусаад оройхон М-ын гэрээс гараад И-ийн гэрт очсон. Би тухайн үед цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна, харанхуй болчихсон байсан. И-ийн гэрт ороод сууж байсан манай нөхөр Г.Э гаднаас орж ирээд гэртээ харья гэхээр нь харихгүй гэсэн чинь миний толгойн ар хэсэг рүү нэг удаа цохиод бугалганаас татаад байхаар нь би үгүй, харихгүй гээд арагшаа ухарсан. Миний толгой руу миний нөхөр Г.Э удаа цохисны дараа толгойн дагзны зүүн хэсгээс цус гараад байсан. Би тэгээд тэрнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй байна. Би нэг ухаан орсон эмнэлэгт ирчихсэн байсан... Уг гэмтлүүдээс толгойн хуйхны зүүн хажуу ар хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн, баруун бугалганы хэсгүүдийн цус хуралтыг манай нөхөр Г.Э хэрэг учрал болох үед миний толгой руу нэг удаа цохиж, бугалганаас татаж учруулсан. Хамрын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх нь би тухайн үед цохиулахдаа модон орны өнцгөнд зүсэгдсэн юм. Би зүүн нүдээ өмнөх өдөр нь бүжгэнд орж байгаад хальтарч унаад гэмтээчихсэн байсан юм... Бид хоёр гэр бүлийн баталгаагүй, Бид хоёр хамт амьдраад 10 жил болж байна...Миний биед өмнө нь халдаж байгаагүй... Дундаасаа 3 хүүхэдтэй, том хүүхэд Э.Ж 10 настай 5 дугаар ангид суралцдаг. Дунд охин Г.Ж 7 настай 2 дугаар ангид суралцдаг. Бага хүү Г.Ж 4 настай цэцэрлэгт явдаг. Г.Э эрхэлсэн тодорхой ажилгүй, өвөл айлууд идэш, мал хийх үеэр малын бой хийж мөнгө олдог. Энэ нь тогтмол биш, мал хийлгэх хүн байхгүй бол ажилгүй байдаг. Манайх сардаа 96.000 төгрөгний хүнсний талон авдаг, дээрээс нь 3 хүүхдийн хүүхдийн мөнгө авдаг, Өөр тогтсон орлого манайд байхгүй. Г.Э түргэн ууртай, уурлаагүй үедээ сайхан ааштай байдаг. Гэхдээ миний биед халддаггүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл заримдаа хэрэглэдэг..” /хх-ийн 39-41-р ху/
-Гэрч П.А-ийн өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр би манай ;нөхөр болох Идэрээ, нөхрийн дүү болох А бид хэд гэртээ байж байтал Угтахбаяр орж ирээд А-ыг хөдөө яваад ирье гээд аваад явсан. Тэгээд байж байтал Эрдэнэболд орж ирээд сууж байсан би аавынхруу ороод гэрт-ээ буцаад ороход манай нөхөр И Э хоёр 0,75 грамын 1 шил “Соёрхол” архи уугаад сууж байсан. Архиа ууж дуусаад Э гараад явсны дараа Э-ын эхнэр Чаминчулуун манайд ирсэн. 1 цагийн дараа Э орж ирээд харих уу гээд ярьж байснаа удалгүй гараад явсаны ар дээр А У 2 ирээд хонь ажилласан. Би хониныхоо гэдсийг арилгаад дуусаж байтал Эрдэнэболд орж ирсэн. Ирэхэд нь манай нөхөр Идэрээ унтаж байсан. Э эхнэрээ гэртээ харьяа гэж хэлж байх шиг байсан. Би тухайн үед гэртээ орны доогуур юм авах гээд ухаж байсан болохоор өөр юу ярьж байгааг нь сонсож чадаагүй ээ. Тэгтэл час гээд юм дугарах шиг болохоор эргээд хартал Э гараад явж байсан. Ч Х эгчээ энийг хардаа гэж хэлэхэд нь толгойных нь ар талаас цус гоожиж байсан. Манай нөхрийн дүү болох А орж ирэхээр нь охиныг нь дууд гэж хэлсэн. Тэгтэл удаагүй цагдаа эмч нар ирээд Ч-ыг эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р ху/
-Гэрч М.О-гийн өгсөн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр жижүүрийн сувилагчаас зүүн байрнаас Ч нөхөртөө зодуулсан дуудлага ирлээ гээд сувилагчаа дагуулаад хүний машин гуйгаад дуудлаганд яваад очсон. Ч-ы охин Ж байсан. Ч гэрийнхээ зүүн талд толгойн урагшаа чигтээ дээшээ хараад хэвтэж байсан. Толгойноос нь цус гарсан хувцас хунар нь нил цус болсон нүүр ам нь хавдаж хөөсөн, зүүн нүд нь хөхөрсөн зүүн хөмсөгнийхөө дээд цохиулсан байдалтай улайсан байсан. Толгойных нь зүүн хажуу хэсгээс нэлээн их цус гарсан цусан дээрээ хэвтсэн, баруун хамрых нь хажуу дээр нь 1-З см зүсэгдсэн байдалтай байсан хувцас хунар нь дээшээ сөхөгдсөн хэвлий гэдэсний хэсэг гарсан нэлээн хүнд байдалтай байсан. Өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай амнаас үнэртэж байсан. А Ж хоёроос асуухад нөхөр нь архины шилээр толгойг нь цохичоод гараад яваад өгсөн. Өмнө нь хэд хэдэн удаа зодсон. 11 сарын 26-ны орой зангидсан гараараа зүүн нүд рүү нь цохисон гэж охин нь хэлсэн. Тэр шөнөө 3 цаг өнгөрөх үед төрсөн охиныдоо очиж хоносон. 11 сарын 27 өглөө 9 цагийн үед сандлаар зүүн гар луу нь цохисон дахиж 11 цагийн үед хүзүүний ар тал руу нь цохисон орой 18цаг 30 минутын үед архиний шилээр толгойн ар хэсэгт цохисон, тэр үед нэлээн их цус гарсан болохоор сумын түргэн тусламж дуудсан дуудлагын дагуу анхны тусламжийг үзүүлж эмнэлэг рүү авчирч хүлээн авах яаралтай тусламж руу авч орж байхад хоёр хөл нь суларч муужралд ороход нь орон дээр хэвтүүлж цээжин дээр иллэг, хийж хүчилтөрөгч залгаад өвчний түүх нээгээд эмчилгээ эхэлсэн. Дуудлагын дагуу очоод толгойг нь нэлээн сайн шампунаар угааж шархыг нь шалгасан толгойны оройн зүүн хажууд нэлээн цус хуралтай язарсан байсан. Язарсан хэсгээсээ гадагшаа нэлээн цус гарсан доторт хэсэгтээ цус хурсан толгой маш их өвдөлтэй байсан өвчин намдаах хоёр төрлийн тариа цус тогтоох тариа хийж намдаасан. Шаардлагатай олдохгүй байгаа тариануудыг нь ар гэрт нь захиж авчруулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р ху/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №03 тоот шинжээчийн “1.П.Ч-ы биед толгойн хуйхны зүүн хажуу ар хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний хэсэг болон баруун, зүүн бугалганы хэсгүүдийн цус хуралт бүхий бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй болон мохоо хүчин зүйлүүдийн 1 ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 21-22-р ху/
-Шүүгдэгч Г.Э-ын “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 49-р хуудас/
-Шүүгдэгч Г.Э-ын “Ам бүлийн болон оршин суугаа газрын тодорхойлолт, Э.Ж, Э.Ж, Ч.Ж нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд” /хх-ийн 70-73-р хуудас/,
-“Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 69-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 11 сарын 27-ны өдөр 19 цагийн үед Х аймгийн Г сумын 6 дугаар багийн Цамбацагааны гудамжинд оршин суух И-ийн гэрт согтуугаар өөрийн хамтран амьдрагч П.Ч-тай маргалдаж, улмаар толгойн хэсэгт гараараа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Э-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувийн зан байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц овогт П-ын Ч /РД:........./-ы биед шинжээчийн дүгнэлтээр “П.Ч-ы биед толгойн хуйхны зүүн хажуу ар хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын баруун хажуу хэсгийн зүсэгдсэн шарх, зүүн нүдний хэсэг болон баруун, зүүн бугалганы хэсгүүдийн цус хуралт бүхий гэмтэл учирч, хөнгөн хохирол” учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...П.Ч би өөрийн нөхөр Г.Э-ын гэр бүлийн хүчирхийлэл гаргасан үйлдэлд гомдолгүй болно.” гэсэн өргөдлийг нотариатаар гэрчлүүлэн /хх-75ху/ хэрэгт хавсаргасан ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэснийг дурдах нь зүйтэй.
Иймд хохирогчийн “...гомдолгүй” гэх мэдүүлэг, өргөдөл зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн гомдолгүй гэснийг харгалзан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд гурав хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х-овогт Г-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-овогт Г-ын Э-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд гурав хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Г.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ