Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар  2021/ШЦТ/1248

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,  

Улсын яллагч Д.Ууганцэцэг,   

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.М-т холбогдох 2108000001540 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баянхошууны ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мон-лааны ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Б-ийн М /РД: *******/,       

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :   

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 04-с 5-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мон-Лааны ** дугаар гудамжны ** тоотод эхнэр Н.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, металл хайрцаг шидэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 04-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Мон-Лааны ** дугаар гудамжны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Н.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар металл хайрцаг шидэж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан болох нь :   

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан...2021.10.04-05-наас шилжих шөнө СХД-ийн **-р хороо Мон лааны ** тоотод иргэн Н.М-ийг түүний нөхөр зодсон...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,       

- хохирогч Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн...2021 оны 10 дугаар сарын 04-ий орой 22 цагийн орчим ажлаа тараад хадам ах С-ын гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо Баянхошууны ** тоотод очиход манай нөхөр М тэнд архи уусан согтуу байдалтай байсан. Би бэр эгч Б-тай дарс хувааж уусан. Тэгээд  шөнө 00 цаг өнгөрөөгөөд нөхөр бид хоёр гэр лүүгээ явах замд тойргийн шатахууны  станцын тэнд явж байсан чинь машинууд чанга сигналдсан чинь манай нөхөр М тэр машинтай хүмүүс чамайг зогсоод авах байлгүй гэж хардаж...Миний нүүрний зүүн тал руу гараараа 3-4 удаа цохиод авсан...гэрийн хашаандаа орсон байхад М ахин уурлаад хэрүүл хийж байснаа хашаанд байсан молдокны  төмөр хайрцаг аваад шидсэн чинь нөгөөх нь миний зүүн гарын шууг оноод миний зүүн гарын шууны савхан яс хугарсан...М намайг урьд өмнө зодож байгаагүй...Нөхөртөө гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй /хавтаст хэргийн 7, 9 дүгээр хуудас/...би газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалж зээл авсан байсан, энэ асуудлаар маргасан тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

- гэрч Б.С-ын...тухайн өдөр манай ах дүү нар ирээд бид нар хоол унд идээд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай дүү М, эхнэр Н.М-ийн хамт ирээд орой гэр лүүгээ явсан, манай гэрээс гарахдаа ямар нэгэн хэрүүл маргаан огт хийгээгүй...Тэгтэл гэртээ харих замдаа маргалдаад М эхнэрийнхээ гарыг хугалчихсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,  

- шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг...Н.М-ийн биед зүүн богтос ясны хугарал, зүүн хацарт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Н.М-ийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уналтаас эсвэл цохилтоос үүссэн эсэхийг нарийн ялгах боломжгүй. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..../ хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/...Н.Мийн биед үүссэн зүүн богтос ясны хугарал нь хүндэвтэр зэрэгт хамаарна, зүүн хацарт үүссэн зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.../хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

 - гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл / хавтаст хэргийн 52-59 дүгээр хуудас/,

- шүүгдэгч Б.М-ын...2021 оны 10 дугаар сарын 04-с 05-нд шилжих шөнө төрсөн ах С-ын гэрт архи ууж, хоол унд идэж байгаад эхнэрийнхээ хамт гэртээ харих замдаа маргалдаж эхэлсэн. Учир нь би эхнэр Н.М-ийн нэр дээр газар авсан байсан чинь надад хэлэлгүй зарчихсан бас миний нэрийг бариад хүнээс зээл авсан асуудлуудаас болж миний уур их хүрсэн. Маргалдаад салхинд гараад тасарчихсан, уурандаа цохиж...ноцолдож байснаа санаж байна...би тэрхэн зуурын уурандаа болон уусан архиндаа болоод яг хаашаа яаж цохисон гэдгээ мэдэхгүй байна...Эхнэр гар өвдөөд байна гээд орилоод байсан удалгүй цагдаа нар ирсэн, эхнэрийн гар нь хугарсан байна гээд яс төлжүүлэх 2-3 эм авсан, дусал тариа хийлгэсэн байгаа, цаашид эмчилгээ хийлгэнэ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :     

1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.    

2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.  

3. Тус хэрэг үйлдэгдэхэд нөхөртөө мэдэгдэхгүйгээр зээл авсан гэх асуудлаар хохирогч ба шүүгдэгч нар өөр хоорондоо харилцан маргалдсан, түүнчлэн хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тус тус нөлөөлсөн,  шүүгдэгч урьд өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй байх тул “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр ялласан хэргийн зүйлчлэл зөв, тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаан, эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.          

Иймд шүүгдэгч Б.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тухай мэдүүлсэн /хавтаст хэргийн 7, 9, 69 дүгээр хуудас/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй.              

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхлэн гэр бүлээ тэжээн тэтгэдэг болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хавтаст хэргийн 31, 34-37, 38-40, 41-49, 66, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.    

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь : 

1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 650.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР