| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Уртнасан |
| Хэргийн индекс | 138/2017/00488/и |
| Дугаар | 138/ШШ2017/00658 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2017/00658
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан би *******д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах тухай *******ын нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 13-22 тоотод оршин суух ЖН79080889 регистрийн дугаартай, Хотгойд овогт Дансрангийн Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******тэй 2005 онд танилцаж 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 12 сарын 28-нд хүү Л.Эрдэнэбаярыг төрүүлсэн. Бидний хамтын амьдрал эхний жилүүдэд сайн сайхан байсан боловч сүүлдээ зан ааш нь эвдэрч салъя гэх болсон. Бид хөдөө 5 дугаар багийн нутаг Дэхт гэх газарт мал малладаг байсан. Бид 2015 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулах талаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан. ******* нь эвлэрүүлэн зуучлагчид өгсөн тайлбартаа бидний амьдарч байсан 5 ханатай эсгий гэрийг надад өгч, хүүгээ өөрийн асрамжинд авч надаас тэтгэлэг авахгүй гэсэн байна. Бид цаашид нийлэх боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүгээ эцгийнх нь асрамжинд үлдээж байна. Шүүхийн зүгээс шийдвэртээ 5 ханатай эсгий гэрийг миний өмчлөлд үлдээх талаар дурдаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг хэргийн хариуцагч ******* нь 2017 оны 05 сарын 14-ний өдөр зуурдаар нас барсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь уг хэргийн хариуцагч ******* нь 2017 оны 05 сарын 14-ний өдөр зуурдаар нас барсан учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх тайлбарыг ирүүлжээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж болох бөгөөд уг татгалзал нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.УРТНАСАН