| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2021/1220/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1242 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1242
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,
Улсын яллагч Х.Нарангуа,
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Т-д холбогдох 2108000001646 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4 эх, 2 ахын хамт, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян уулын *** тоотод оршин суух хаягтай, урьд: Дархан Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 758 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 248 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялаас хасаж ял эдэлсэнд тооцсон, Б овогт Н-ийн Н.Т/РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян уулын ** тоотод Э.М-ыг өмөөрч хохирогч Г.Б-гийн зүүн хонгонд хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян уулын *** тоотод хохирогч Г.Б-гийн зүүн хонгонд хутгалж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан...2021.10.29-ний өдөр иргэн Г.Б хутганы шархтай гэмтэлд хүргэгдсэн....гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,
- хэргийн газрын үзлэг хийсэн...хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо 84 айл ***дугаар гудамж ** тоот...шатны гишгүүрийн зүүн хэсэгт урсаж хатсан цус мэт хүрэн улаан өнгийн зүйл байх ба уг шатны дээд хэсэгт зүүн хэсэгт резинэн гишгүүр дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан, бохирлогдсон хэсгээс баруун тийш 60 см зайд хар цагаан алагласан бариултай ажлын хэсэг нь хар суурь өнгөтэй цагаан жижиг толбон өнгөтэй үзүүр хэсэг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/,
- хутганд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,
- хохирогч Г.Б-гийн...би Т, М, С нартай хамт 3-4 шил Тайга нэртэй архи уусан. 2021 оны 10 сарын 29-ний өдөр орой согтуу М-тай маргалдсан ба М-ыг өмөөрөөд Н.Т намайг зүүн өгзөгт нэг удаа хутгалсан, өгзөгнөөс цус их гарсан өөр маргаж зодолдсон зүйл байхгүй, хамт байсан хүмүүсээс түргэн дуудсан...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
- гэрч Э.М-ы...Би 2021 оны 10 сарын 28-ны орой 22 цагийн орчимд зүс таних дүү Тайвангийн гэрт буюу Сонгинохайрхан дүүргийн **дугаар хороо ** айлд очиход Т, С нар байхаар нь дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг аваад байж байтал Б хүрээд ирсэн. Тэгэхээр нь бид нар тэр авсан архи хувааж уугаад архиндаа согтоод би унтсан. Тэгсэн чинь 2021 оны 10 сарын 29-ний орой 22 цагийн орчимд сэрсэн чинь Б миний хажууд өмдөө доош шувтлаад бөгсөө гаргасан хэвтэж айхаар нь би юу болсон юм бэ гээд Б-гаас асуухад Т миний бөгс рүү хутгаар дүрчихлээ гэсэн...Удалгүй Б-гийн найз Б машинтайгаа ирээд Батзаяаг аваад эмнэлэг аваад явсан...гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
- шинжээчийн дүгнэлт...Г.Б-гийн биед зүүн хонгонд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
- 3126 дугаартай шинжээчийн дүгнэлт...шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөнд...30мм, 10мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдсэн гэмтлүүд байна.../ хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
- шинжээчийн 5017 дугаартай дүгнэлт...хэргийн газраас хураан авсан гэх цус мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна. Цус мэт зүйлээс цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов...гэх / хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,
- шинжээчийн 5018 дугаартай дүгнэлт...Хэргийн газраас хураан авсан гэх хутга нь шинжилгээнд тэнцэж байна. Хутганаас цус илэрч байна. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов...гэх / хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/,
- шүүгдэгч Н.Т-гийн... Би 2021 оны 10 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** айлын орчимд байдаг найз С-гийн хамт байж байтал М ирж хамт архи ууя гээд байхаар нь бид нар архи уухаар болоод дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад уугаад байж байтал Батзаяа ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс авсан архи хувааж уугаад байж байтал С, М бид гэрт үлдэж унтаад харин Б ах гараад явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчимд сэрээд дахиад дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг аваад М, С нартай хамт авсан архиа уугаад байж байтал гаднаас Б ах орж ирээд дахиад 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг дэлгүүрээс аваад хувааж уугаад байж байтал бүгд архиндаа согтоод би жижиг өрөө рүү ороод аягатай байсан архийг уугаад буцаад гараад иртэл Б ах М ахын дээр нь цохиод байхаар нь би салгах гэсэн чинь Б ах М ахын дээрээс нь өндийгөөд босохоор нь би М ахыг өмөөрөөд хажуу талд байсан тавиуран дээр хутга байхаар нь тэр хутгыг аваад Б ахын өгзөг хэсгийн орчимд нь хутгаар 1 удаа хутгалсан. Тэгсэн чинь Б-ийн өгзөг хэсгээс нь цус гарахаар нь би сандраад эмийн сан аваад шарханд түрхдэг эм, бент, наалт, зэргээр шархийг нь боож өгөөд гайгүй болчихоор нь Б ахыг хэвтүүлээд хэсэг унтуулаад байж байтал Б ахыг гаднаас Б ах ирж эмнэлэг аваад явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :
1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй байх бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан.
2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон.
Шүүгдэгч нь хохирогчийн зүүн хонгонд хутгаар 1 удаа хатгасан үйлдэл нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан байхаас гадна түүнийг алах сэдэлт, зорилготой байсан гэж үзэх үндэслэл, үйл баримтгүй байх тул тухайн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримт гаргаагүй боловч хохиролд 1.400.000 төгрөг төлөгдсөн гэх баримт /хавтаст хэргийн 101/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч урьд эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-57, 62-64, 66-68/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тус хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь нотлох баримтын эх сурвалжтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, “Д” ХХК-д барилгын туслах ажилтан ажилтай болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-48-53, 54-56, 103, 104-110, шүүх хуралдааны тэмдэглэл / судлагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэрэгт 1 ширхэг хутга хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Н.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР