| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/48 |
| Огноо | 2021-07-20 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч Х.Болдын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: Х.Болд, А.Аюушцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжийнхан овогтой Хэнмэдхэвийн Болд, Тайж овогтой Адъяасүрэнгийн Аюушцэрэн нарт холбогдох эрүүгийн 2127000080031 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, "Бургат" гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайжийнхан овогтой Хэнмэдхэвийн Болд /РД:***********/.
2. Монгол улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Авто доктор засварын төвд ажилтай малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, *********** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайж овогтой Адъяасүрэнгийн Аюушцэрэн /РД:*************/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Х.Болд нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “Бугат” гэх газрын ойд 22 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 40-11 УНҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 847 499 төгрөгний шууд хохирол учруулсан,
Яллагдагч А.Аюушцэрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагч Х.Болдын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 22 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 28-84 ӨВР улсын дугаартай Пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Х.Болд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би А.Аюушцэрэн ахыг нөхөрлөлөөс муу өмөгтэй мод ачсан байхаар нь өөрийнхөө түлэх гээд хашаандаа буулгасан байсан түлээний модыг ачиж өгөөд явуулсан. А.Аюушцэрэн ах зөвшөөрлийн бичигтэй байсан гэв.
Шүүгдэгч А.Аюушцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Би Өвөрхангай аймгаас Бат-Өлзий суманд Х.Болдын машиныг засаж өгөх гэж ирсэн. Би аймаг руу буцахдаа хоосон яваад яахав гэж бодоод нөхөрлөлөөс зөвшөөрөл авч мод ачсан байсан. Гэтэл манай дүү Х.Болд та нөхөрлөлийн муу өмөгтэй мод ачсан байна. Манай хашаанд байгаа модыг ачаад яв гээд надад тухайн модоо ачиж өгсөн гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байх ёстой. Тус хүн нь БОХ-ын улсын байцаагчийн гаргасан актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгалалттай газар нутагт ордоггүй. Орчны бүсэд хамаардаг юм ..." гэх мэдүүлэг /хх-ийн 71-78 дугаар хуудас/,
Яллагдагч Х.Болдын мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"...Эрхийн бичиг зөрчиж бэлтгэсэн энэхүү моднуудаа тээвэрлэхдээ би ямар нэгэн мал амьтан ашиглаагүй. Би нөхөрлөлийн талбайгаас өмнө 2020 онд мод бэлтгэхдээ Жаргал гэх хүний үхрийг ашиглаж тээвэрлэж байсан. Энэ шалгагдаж байгаа нойтон шинэс гэх модыг бол тээвэрлэхдээ 40-11 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн Даваадорж гэх хүний нэр дээр байдаг хүргэн Аюулгүйн худалдаж авсан нэрийг нь шилжүүлж аваагүй байгаа портерийг л ашиглаж тээвэрлэсэн. Би модоо хүргэний машиныг гуйж аваад ганцаараа бэлтгэсэн, тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/,
Гэрч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгээд орой нь Болд, Аюушцэрэн 2 над дээр ирсэн. Би тэр хоёроос юу болсон талаар асуухад Болд би таниас авсан модоо үлдээгээд өөрийнхөө хашаанд байсан түлээнээс ачсан ачихдаа надаас түлээний модоо буулгаад машины ачааны доод хэсэгт нь Болд өөрийнхөө бэлтгэсэн модыг ачаад дээрээс нь надаас авсан түлээний модоо ачсан гэж хэлсэн. Болдын машин доор ачсан моднууд нь миний өгсөн мод биш байсан. Миний өгсөн модоор машины дээд хэсэгт л ачсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/,
Гэрч Д.Борхулын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тиймээ би тус машиныг А.Аюушцэрэнд 2020 оны 08 дугаар сард 1 500 000 төгрөгөр худалдсан. Би тэр машиныг 2020 оны 08 дугаар сард Адъяахүү гэдэг хүнээс аваад 7 хоног болгоод А.Аюушцэрэнд худалдсан. Бичиг баримт нь миний нэр дээр байхгүй. Хэн гэж хүний нэр дээр байсныг мэдэхгүй байна. Адъяасүрэнгээс шилжүүлнэ гэхэд Адъяахүү миний нэр дээр байхгүй байна эзнийг нь олоод нэр шилжүүлнэ гэсэн. Одоо бол А.Аюушцэрэнгийн эзэмшлийнх...” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр хуудас/,
Гэрч Б.Адъяахүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Д.Борхул надаас машин авч байсан. Тэрнээс өмнө таньдаггүй байсан. Машин зарснаас хойш хааяа холбоотой байдаг болсон. Бичиг баримтны тухай ярьдаггүй хувийн асуудлаар л ярьдаг. Шилжүүлж өгөөгүй. Тухайн авто машиныг би авахдаа бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй байсан. Би Бат-Өлзий сумаас аваад 3 хоног л унасан тэгээл Борхул гэдэг хүнд зарсан. Борхул гэдэг хүн нь өөрөө ч бичиг баримтаа шилжүүлж авъя гэдэггүй байсан. Би өөрөө ямар хүнээс худалдаж авсанаа мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 195-196 дугаар хуудас/,
Гэрч А.Даваадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Би 40-11 УНҮ улсын дугаартай машиныг 2013 онд Б.Аюулгүй гэдэг хүнд зарсан. Одоо тус машин нь миний нэр дээр байгаа. Би машиныхаа бичиг баримтыг шилжүүлээгүй байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 199-200 дугаар хуудас/,
Гэрч Л.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Х.Болд нь миний хариуцсан багийн малчин иргэдийн нэг бөгөөд эхнэр 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Ариунаа нь эрхэлсэн тодорхой ажилгүй том хүүхэд нь оюутан баг 3 хүүхэд нь сургуулийн насны хүүхдүүд байгаа юм. Х.Болд өөрөө мөн адил ажилгүй, хөдөө мал маллаж амьдардаг сумын нэг гэр байдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, уриалагхан ажил төрөлд сайн сум орон нутагтаа нэр хүнд сайтай, элдэв янзын буруу зуршил байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа буюу баяр ёслолоор л бага зэрэг хэрэглэдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар хуудас/,
Гэрч Л.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Болд надаас 2 удаа манай мухар хар хайнагийн эр үхрийг мод цагаалж түлээ гаргаадхая гээд авч байсан. Би он сар өдрийг санахгүй байна. Эхнийх нь 2020 оны эхээр байх авсан дараачийх нь 2020 оны сүүлээр авсан шиг санагдаж байна. Эхнийх нь гаргасан түлшний модоо сумын төв рүү авч яваад хашаандаа буулгасан гэж Болдод надад хэлсэн. Сүүлд үхэр авахдаа түлээний мод гаргах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд Болд хар зүсмийн хайнагийг авч явсан. Тэгээд тэр өдрөө үхрээ авчирч өгсөн. Түлээгээ бэлдчихлээ баярлалаа гэж надад хэлсэн. Тухайн үед манай гэрээс Болдынх 2 к орчим зайтай байсан. Би Болдын ямар хийснийг нь мэдэхгүй очиж хараагүй ямар ч байсан үхрээ өгчих гэхээр нь өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай
“...Шинэс төрлийн мод байна. Босоо нойтон мод байна. Нийт 1 847 499 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шинжээчид эрх үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа, “Монгол санхүү” ХХК-ийн тээврийн хэрэгслийн үнэлгээ, Иргэний нэхэмжлэгч тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Орхоны хөндий байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, /хх-ийн 16-18, 19-23, 26-27, 46-51, 59, 71, 170 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн Засаг даргын Х.Болдын оршин суух болон эд хөрөнгийн талаарх тодорхойлолт, Х.Болдын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас шүүгдэгчийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллого /хх-ийн 101, 102, 103-104 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Болд нь 2020 оны 12 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн “Бугат” гэх газрын ойд 22 ширхэг нойтон шинэс мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 40-11 УНҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1 847 499 төгрөгний шууд хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Аюушцэрэн нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүгдэгч Х.Болдын зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн 22 ширхэг нойтон шинэс модыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сум руу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 28-84 ӨВР улсын дугаартай Пронтер маркийн автомашинаар тээвэрлэсэн үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч Х.Болд, А.Аюушцэрэн нар үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч Н.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, /хх-ийн 71-78, 81-82, 35-36 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.Болд, А.Аюушцэрэн нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Х.Болд нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн, А.Аюушцэрэн нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Х.Болд, А.Аюушцэрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Х.Болдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А.Аюушцэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 1 847 499 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1 847 499*3=5 542 497 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Х.Болд нь 5 542 497 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Х.Болдоос 5 542 497 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Х.Болд нь гэмт хэрэг үйлдэхдээ А.Даваадоржийн эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий Хьюндэй портер маркийн 40-11 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан, шүүгдэгч А.Аюушцэрэн нь гэмт хэрэг үйлдэхдээ Н.Ганзоригийн эзэмшлийн 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Кэй пронтор маркийн 28-84 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Борхул, Б.Адъяахүү, А.Даваадорж нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, “Монгол санхүү бүртгэл” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Х.Болдоос Хьюндэй портер маркийн 40-11 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 000 төгрөгийг, шүүгдэгч А.Аюушцэрэнгээс Кэй пронтор маркийн 28-84 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хууль бусаар бэлтгэсэн 110 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг нойтон шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хуулийн үйлчлэл хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Шүүгдэгч Х.Болд, А.Аюушцэрэн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хэргийн зүйлчлэл нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох заалтад хамаарч байгаа бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж баталгаа гаргасан зэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн шаардлагыг хангаж байна гэж шүүхээс үзсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Болд, А.Аюушцэрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжийнхан овогтой Хэнмэдхэвийн Болдыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн,
Шүүгдэгч Тайж овогтой Адъяасүрэнгийн Аюушцэрэнг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Болд, А.Аюушцэрэн нарт холбогдох эрүүгийн 2127000080031 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Болдоос ойн санд учруулсан хохирол 5 542 497 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Х.Болдоос гэмт хэрэг үйлдэхдээ ажигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 500 00 төгрөг, А.Аюушцэрэнгийн гэмт хэрэг үйлэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1 000 000 төгрөгийг, хууль бусаар бэлтгэсэн 110 000 төгрөгийн үнэлгээ бүхий 22 ширхэг нойтон шинэс модыг тус тус гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Болд, А.Аюушцэрэн нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА